Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Насны хязгааргүй цорын ганц үйлчилгээ

10 жилийн өмнө
Энэ гарчиг магадгүй зарим нэгэн хүнд этгээд санагдаж болох. Нярай болон бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,ахмад настанд зориулалтын “ОО” бүхнээс чухал. Эхчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн живх буй болсноор эх, хүүхэд аль алиндаа ариун цэвэр,эрүүл ахуйн хувьд дэвшил гарсан. Харин манайд тусгай зориулалтын ийм өрөө байдаг билүү?.
Томоохон дэлгүүр, зоогийн газар, хүүхдийн тоглоомын төв,эмнэлэг зэрэг үйлчилгээний газарт хүүхэд хуурайлах өрөө,тусгай шат үнэхээр үгүйлэгддэг. Гадаадын орнуудад байдал өөр. Нисэх онгоц, галт тэрэг,метро, дэлгүүр,зоогийн газар, кино театр хаана ч байсан “Эх хүүхдийн өрөө “ заавал байна. Тэнд хүүхдийн ор,хуурайлах тавцан, солих шинэ живх, буйдан сандал, угаалтуур, суултуур, бүгд байна. Тааламжтай сайхан орчин бүрдүүлсэн байх тул ээж нь хүүхдээ хөхүүлж, хооллож хоёулаа хэсэгхэн зуур амраад гарна.
ХБНГУ-д гэхэд зарим том дэлгүүрийн гадна тусгайлан барьсан эх хүүхдийн амрах байр ч байдаг.Хүүхдээ асран гэртээ сууж байгаа эхчүүд дэлгүү р хэсэхэд ямар нэгэн асуудал байхгүй.Том тэрэгтэй явсан ч түүртэхгүй.Учир нь дэд бүтэц шийдэгдсэн. Автобусанд ороход гишгүүр нь замын хашлага руу налж тэрэг түрж орох боломжтой болно.Ороод хүүхдийн тэрэг тавих зориулалтын талбайтай суудалд сууна, хэн ч тэр суудалд дураараа суухгүй. Дэлгүүрт явж байхад хүүхдийн тоглоомын өрөө,амралтын өрөөтэй тул асуудал байхгүй. Лейпциг хотын Их сургуулийн хичээлийн байрны “ОО”-ийн өрөөний дэргэд хүүхэд хуурайлах зориулалтын өрөөтэй,оюутны гуанзанд нь хүүхдийн ширээ,тоглоом байсан нь сайхан санагдаж,манайх мөдхөн ийм болохсон гэдэг бодол сэтгэлдээ тээж билээ. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө анхаарал сайн тавьдаг.
Хаа холын хөдөө тосгон ч бай, нийслэл Токио ч байсан явган хүний шар өнгийн хавтан замтай: Уг зам товгор тул хөлөөрөө мэдрэх боломжтой. Бас зам хөндлөн гарахад тусгай дуут дохио дуугарна. Тэргэнцэртэй хүн метронд орох,буухад үйлчлэгч нар тусгай тавцан бэлтгэж өгнө. Газар доорхи хонгилоор явахад ч тусгай зориулалтын цахилгаан шаттай. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хэнд ч ямар ч асуудал гарахгүй.

ХБНГУ-ын Лейпциг хотын нэгэн дэлгүүрийн хүүхдийн өрөө
Нийтийн бие засах газарт хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан өрөө заавал байна.Тэнд тэргэнцэртэй хүн тайван орж гарч яваа харагддаг.Зарим газарт далайн эргийн наран шарлагын газарт ч тусгайлан шат гаргасан зөөврийн “ОО” байдаг гээд бодохоор хүний төлөө яаж анхаардаг нь ойлгомжтой. Японы ахлах сургуульд ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх хичээл орж, дадлага хийдэг. Ахмад настанг усанд оруулахаас эхлээд анхан шатны тусламж хэрхэн яаж үзүүлэхи йг заадаг нь хүүхдэд зөв мэдлэг дадлага олгохоос гадна хүнийг хайрлаж, туслах сэтгэлтэй болгож хүмүүжүүлдэг.

Японы ахлах сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан “ОО”
Улсын эдийн засаг дээшилж,хөрөнгө мөнгөтэй болсон энэ үед төр,хувийн хэвшил гэлгүй тохилог орчин бүрдүүлсэн “ОО”-той болох асуудлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлээсэй гэсэндээ гурван цуврал нийтлэл бичиж танд хүргэлээ. www.Erdenetinfo.mn сайт болон Эрдэнэтийн сэтгүүлчид нийгмийн эрүүл мэндийн чухал сэдвийг хөндөж, шийдвэр гаргагчдын анхаарлыг энэ зүгт хандуулах алхам хийлээ. Иргэд олноор орж гардаг Нутгийн удирдлагын ордны “ОО”-ийн өрөөний талбайг танаж амралтын өрөөгөө томсгосон буруу шийдвэрийг өөрчилж, орон нутгаас хөрөнгө гарган засвар хийх болсон аймгийн удирдлагуудад энэ дашрамд талархал илэрхийлж,амжилт хүсье.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна