Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Сохрын газар нүд хэрэггүй

10 жилийн өмнө
“Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв” гэж аргагүй үнэн хэлжээ. Аливаа баяр цэнгээн хүндэтгэлийн арга хэмжээнд , өндөр ач холбогдол өгч “тансаг” тэмдэглэн өнгөрүүлэх сэтгэлгээний моод дэлгэрээд олон жилийг ардаа орхилоо. Түүний нэг тод жишээ нь “ЦАГААН САР”. Илүү сайхан, чинээлэг амьдарч байгаа гэдгээ бусдад харуулах аархуу баярхуу хүсэл, хүний дор орж доошоо орохгүй юм шүү гэсэн омголон шазруун тачаал хоёр “уламжлалт баяр, билэгдэлт ёс заншил” нэрийн дор халхлагдан, эд хөрөнгө, эрх мэдэл, зангаргаа харуулахыг хичээсэн сэтгэл зүйн гадаад илрэлийн “цусгүй дайныг” өдөөж байна. “ШИНЭ МОНГОЛ”- /ямар нэг аргаар богино хугацаанд хөрөнгөжиж чадсан монгол хүн/ шинийн нэгний өглөө өмсөх, гоёлынхоо талаар хэвлэл мэдээлийнхэнд зориулан “ам алдана”. Түүнийг хачирлан, давслан шар сонингууд тараана. Халаас нь нимгэн ч атаархуу сэтгэл нь зузаан “ХУУЧИН МОНГОЛ” - /сэтгэлгээний хувьд төрөөс хараат, цалин төдий орлоготон/ хэрэндээ доошоо орохгүйн тулд цалингийн зээл авч сар шинэдээ бэлдэнэ. Шинийн нэгний өглөө золголт. Үндэсний хувцсаараа гоёж, уламжлалт зан үйлээрээ бахархах тэр сайхан агшинд, өмссөн дээлэндээ түүртэж, хөлс нь цувах нэгэн, хормой гутландаа орооцолдон бүдэрч унах нэгнийг харж зогсох ч бас таатай. Нар мандаж, овоо тахиж, мөр гаргаж, жилийн даатгалаа хийнэ. Үнэ хайрлахгүй авсан шинэхэн дээл сүү, цай, архины дээжинд будагдан хээ нь ялгархаа болино. “Юм үзэж нүд тайлсан” монгол хүн түүнийг үл тоон ёс заншлаа гүйцээгээд овоон дээр унаж ирсэн төмөр хүлгээ асаан тоос татуулан гэрийн зүг одно. Насны тоо, хөрөнгө чинээг илтгэх хамгийн том үзүүлэлт бол хонины ууц, ул боовоор өрж хийсэн тавагтай идээ. Идэх гэж биш харах гэж тавьсан гэлтэй шинийн гурван хүртэл хөдлөх ч үгүй хорогдох ч үгүй байж л байна. Дөрвөн хуруу өөхтэй “тавын данх” шиг сүүлтэй ууц хүндэтгэлийн зоог. Түүнийг шинийн нэгэн болохоос 1-3 түүнээс дээш хоногийн өмнө чанаж жигнэж бэлэн болгодог. Шинийн гурван дуустал ширээн дээр хадгалагддаг. Өөх идэж чаддаг монгол байхгүй болсон ч тавьсаар л. Гол нь ёс заншил, уламжлал шүү дээ гэж цэцэрхэнэ. Үлдсэнийг та мэдэж байгаа ш дээ. Шинийн хоол “шингүүртэй” гэж бие биенээ дөгөөгөөд л ходоод гэдсээ хагартал, идэж, хордож үхтлээ архи, айраг ууцгаадаг. Шахуулж, шаардуулж, гомдол тунирхалын “хачир”-тайгаар өглөөнөөс, үдэш хүртэл айл “хэсэж” зоог барина. Харин одоо шинийн гурванаас хойшхи амьдралын талаар хэдэн үг хэлье. Хамгийн багадаа л хагас жил өр төлнө. Бидний ихэнхи нь биелэгжүү харагдах гээд сар шинийн зориулсан цалингийн зээл тавьчихсан шүү дээ. хөгшчүүд бүүр зургаан сарын тэтгэврийн зээл авчихсан. Бас дунд нь мартын 8, цэргийн баяр, намын баяр, төрсөн өдөр гэх мэт яршиг төвөгтэй албан ёсны бус ч албадлагаар тэмдэглээд сурчихсан их архидалт хүлээж байгаа. За тэгээд хоносон хоол идэж сар хагас сарыг барна.


Дөрвөн хуруу өөхтэй зузаан сайхан ууц маань гурав хоногт дулаан газар байхдаа хөгцөрч, бактертаж бохирдсон байгаа. Түүнийгээ л шөлөнд хийгээд л чанаж идээд байна шүү дээ. Шүдлэн нохой даахгүй болтлоо хатсан ул боовоо баахуу цайндаа дэвтээгээд л мэрээд байна даа. Хоол хүнс авахгүй амар шүү гэж ярихдаа хор идэж байна даа гэж сэтгэж ер чадахгүй. Аархуу шаралхуу зан, үр дагаварыг нь боддогүй сэтгэлгээ минь биднийг хоосон ядуу, сэтгэлийн стресстэй болгон хувиргаж байна. Өөрийнхөөрөө байж чаддагүй зан жилийн хагаст өр төлөх үйлийн үрийг бүтээж байна. Хүндэтгэл үзүүлэх гэдэг хүүдэгнэн цамаархаж, хоосон цээжээ дэлдэн баярхах гэсэн үг биш гэж ухаарнам. Зовж олсоноо зорилгогүй үрж, зогсолтгүй үргэлжлэх сэтгэлийн шаналгааг бид өөрсдөө л үүсгэж байна. Ёс заншил, уламжлалыг хүн бүтээсэн юм бол бид ч бас хүн биш юм уу. Яагаад соёл иргэншсэн, байдлаар тэмдэглэн, өөртөө болон бусдад төвөг болохгүй баярлаж болдоггүй юм бэ. Зугаа цэнгэлийн золиосонд монголчууд бид “хойд хормойгоогоо авч урд хормойгоо нөхөв” гэгчийн үлгэрээр амьдарсаар л байна биш үү.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна