Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

IQ “сайтай” хүн усаа татдаггүй

10 жилийн өмнө
Шинэхэн ашиглалтад орсон есөн давхар орон сууцны орох хаалганы дэргэдэх хог хаягдал хадгалах зориулалтын өрөө. Орчны эрүүл ахуйч их эмч сэтгүүлч бүсгүйтэй ярилцаж зогсоно. Айлууд төмөр хоолойгоор дамжуулан хогоо доош хаяхад энд байрлуулсан том төмөр саванд хог орно.Дүүрмэгц таглаад дараагийн савыг тавина, хогны машин төмөр торхоо солиод ачиж явна. Харин байрны үйлчлэгч өрөөг хлорын уусмалтай даралтат усаар шүршиж угаана. Ариутгаж цэвэрлэсэн ус шууд доошоо бохирын шугам руу орно.Энэ өрөө цэвэр байх юм бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй хэмээн мэргэжлийн хүний хувьд олон сайхан зүйл ярьж,биеэр зааж, хийж үзүүлж байна. 
Энэ бол 30-аад жилийн өмнө радиогийн сурвалжлагчид өгч байсан ярилцлага.
Тэр цагаас энэхүү хогийн цэг их олон “менежмент”-ийн туршлагын туулай болсон доо.Гаднаас нь цоожилж нэг үзсэн, торлож,янз бүрээр оролдсон. Гэвч хүн нохой хоёр хог ухаж, уг өрөөнд орж “хүндэрч”, согтуу нэг нь тэнд хоног төөрүүлж, айлууд хонины сэвс,өмхийрч муудсан хоол, ер нь хаяхгүй зүйлгүй. Ингээд нөгөөх хлоржуулсан даралтат усаар цэвэрлэх технологи үлгэр болон үлдсэн. Есөн давхрын орон сууцны бараг бүх нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашигладаг болсон. Гэвч нийтийн “ОО” –ийн асуудал шийдэгдээгүй хэвээр. Урт цагаан, орон сууцны булан тохой хүн явахын аргагүй хөлдүүс болсон шээс.Нийтийн бие засах газар байхгүй болохоор тэвчээргүй нэг нь ил задгай “морь харж”,тэр нь хүмүүсийн нүдэнд байж л байдаг, болдог л нэг хэвийн үзэгдэл шиг дасал болжээ.

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн “ОО” барих гэж байгаа нь сайн хэрэг.”Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг дээ. Удахгүй буй болох нийтийн бие засах газартаа соёлтой үйлчлүүлж сурах нэг том ажил байна. Иймд одооноос иргэдийнхээ чихэнд “ном” сонсгож,хонх уяхад илүүдэх юун.

Нийтийн “ОО”-д соёлгүй үйлчлүүлэгчдэд зориулж зарим байгууллага ухаалаг арга хэмжээ авч байгаа нь сонирхол татсан юм.Улсын Их Дэлгүүрийн “ОО”-ийн хаалганы дотор талд “ IQ / Сэтгэх чадвар/ нь 50-иас доош орсон хүн бие зассаныхаа дараа усаа татдаггүй” гэж бичсэн бол Монгол- Туркийн хамтарсан сургуулийн “ОО”-ийн хаалганд “ IQ нь 8 хувиас доош орсон хүн усаа татдаггүй” гэж бичгийн цаасны хэмжээтэй томоор бичиж наажээ. Магадгүй бусдад тэнэг биш гэдгээ харуулах гэж усаа хоржигнуулдаг татдаг нэгэн байхад, өөрийн хэрэг бүтсэн бол бусад нь хамаагүй гэсэн шиг усаа ч татахгүй, түүндээ ичиж зовохгүй гараад явах нэгэн байх юм. Хүмүүсийг нийтийн бие засах газарт зөв, соёлтой үйлчлүүлээсэй гэхдээ бодож гаргасан энэхүү энгийн логик гаргалгаа үр дүнгээ бага ч атугай өгч байгаа гэдэгт итгэе.

Албан байгууллага,аж ахуйн нэгж,ялангуяа томхон үйлчилгээний газрууд энэ онд “ОО”-доо хувьсгал хийх гэж оролдоод үзээч. Аливаа байггуллагын ажил төрлийг дүгнэхдээ “ОО”-ийн өрөөнөөс эхэлж үнэлэхэд болохгүй нь юу байхав. Нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ та өөрийнхээ IQ- ийн тухай тунгааж нэг бодоорой доо.

 Үргэлжлэл бий.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна