Нийтлэлч
Нийтлэлч Д.Цэнд-Аюуш

ТӨР ТӨМБӨГӨР, ЁС ЁМБОГОР

10 жилийн өмнө
Ёстой “хэлэх ч үг олдохгүй” гэгчээр шашин төрийн харилцаа “жонхуу” болчихсон үед Батаа эмч маань нэгэн сэдэв хөндөж “загатнасан газарт маажив”. Гэхдээ зүгээр л “маажаад” орхичихож ээ. Батаа эмчийн хэлсэн үнэн. Шашин бол хүн төрлөхтөн бандааш өмсөхөөс өмнө үүсэн эд байгаа юм уг нь. Бидний өвөг дээдэс хүртэл өвөл нь өнтэй, зун нь дэлгэр, газраа хөдөлгөхгүй, үе усны аюул болгохгүй, аянга цахилгаан буулгахгүй байхаас өгсүүлээд ан авд мордохдоо олз омогтой байлгаж өгөхийг хүсэн уул овоо, тэнгэр хангайдаа тахил өргөн ”авилгаддаг” байснаас үүдэлтэй. Хүй нэгдэл, хүрэл, чулуун зэвсгийн үеэс эхэлж эхийн эрхэт овгийн үед хүчээ авсан сүсэг бишрэл гэдэг юм бараг л хүнтэй хамт үүссэн гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Харин хүн үүсээд олон мянган жилийг ардаа үдэж бандааш өмсөх нь байтугай одон гаригсын хооронд сансарын хөлөг хөөргөж байгаа өнөөг цаг үеийг хүртэл шашин шүтлэг хүн төрлөхтнийг сүүдэр шиг дагасаар иржээ. Хүн төрлөхтний соёлын түүхэнд шашин өөрийн үүргээ ч гүйцэтгэсэн, бас шашны гаргасан мөрөөр урссан цус ч чамгүй бий. Та нар мэднэ дээ, Монголын уран сайхны “Хатанбаатар” кинон дээр Банданов “Наадхынхаа зүрхийг сугалж, туг тахь” гээд л орилж байдаг хэсгийг. Саяханыг хүртэл нээрээ л амьд хүний зүрхийг сугалж туг тахиж байсан юм шүү. Дэлхийн өнцөг булан бүрт саяханыг хүртэл амьд хүнээр тахил өргөж “бурхан багшаа” аргаддаг ёсон байсан л юм даа. “За тэр улирсан баларсан шашны элдэв зан үйл маньд ямар падлий байхав” гэсээр явтал шашин, мухар сүсэг дагасан харанхуйлал соёлт хүн төрлөхтний дунд эргэн сэргэж эхлэв, ялангуяа Монголд. Шашны тэнэг зан үйл явуулж байгаад хүний аминд хүрсэн явдал ч гарлаа. Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний л хэрэг. Би хүртэл сар шинээр зүг мөрөө гаргаж, ламаар хийморийн сам тавиулчих хэмжээний шүтлэгтэй. Буддын гүн ухааныг сонирхож, “Их бодь мөрийн зэрэг”-ийг ширээн дээрээ тавиад уншдаг хүн. Дорно дахины гүн ухааны цөм нь Буддын гүн ухаан. Буддын гүн ухааны “Библи” нь “Их бодь мөрийн зэрэг” болохоор уншихгүй байхын аргагүй. Нэвтэрхий судласандаа ч биш буддын шашины бас нэгэн гол судрын нэг болох “Бурхан багшийн сургааль”-ийг адгийн тэнэг уншаад үзэхэд л хорвоогийн мөн чанар нь хүн та өөрөө юм гэдгийг хэлээд өгнө. Өөрөөр хэлбэл үнэнд хамгийн ойр, хамгийн шинжлэх ухаанч шашин бол буддын шашин. Харин шашныг “өөх ч биш булчирхай ч биш” болгодог хүмүүс, урсгал чиглэл түүний дунд бас байдаг юм. Буддын гүн ухаанд хүн өөрийгөө танин мэдэх, улмаар өөрийгөө зөв зохиостой жолоодох, амьдралаа ч мөн ийнхүү зөв замаар удирдах талаар сургадаг бол зарим урсгал чиглэл, шашинд мөнөөх л мухар сүсэг, элдэв ид шид, хараал, ерөөл, вивангардич нарын тухай ярьж, замруулж өгдөг. Уг нь шашин хамгийн энгийн үгээр хэлбэл зөв амьдрах хэм хэмжээ юм шүү дээ. Монголын нууц товчоонд “Бөөр нь бөгсөндөө, Цэр нь цээжиндээ” гэж нэг үг бас бий шүү. Байх ёстой зүйл байх ёстой байрандаа байхыг хэлж буй хэрэг. Түүнээс бус өнөөгийн Монгол төр шиг шашны ёслол үйлдэж, элдэв шидтэн, зөнч, вивангардич, бөө, үзмэрч, лам хуврагуудаар хэрхэн төр барихаа заалга гэсэн хэрэг биш. Эцэстээ төрийн ордонд гал тахиж, гал тахиснаас болж “Чингис” бонд бүтлээ хэмээн Монгол төрийн түшээ алиалагч, эсвэл гэнэн хүүхэд мэт аашлах нь Монгол төрийн нэр хүнд, түшмэл ухаан, төрийн ноён нуруунд цав суулгасан хэрэг боллоо. Хүчирхэг ухаантай төрийн түшээтэй улс орон л хүчирхэг төртэй байдаг. Хүчирхэг ухаан гэдэг нь явж явж Монгол эр хар ухаан юм уу даа. Зовлон жаргалд нэг л өнгөтэй байж чаддаг тэвчээр, хүүгийнх нь толгойг таслаад царан дээр тавиад ирсэн ч өмөлзөж, өрвөлзөж муугаа хүнд харуулдаггүй тэвчээр, төрд байх гүдэс хатуу зан чанар, басхүү зөөлөндөө зөөлөн байж өршөөж чадах өр нимгэн ухаантай байхын нэгэн үзүүрт сэтгэл юм болов уу. Түүнээс бус гадаад хатагтай айлчиллаар ирэхэд хөл алдан бөхөлзөж, улыг нь долоох шахан гүйж яваа хүн яаж ч төр барих билээ дээ. Өнөөдөр гэр барьж ч үзээгүй шалдан бацаанууд төр барих гэж шарлааж байгааг харахгүй юу. Монгол төрийн өмхрөл өнөө цагаас эхэлж буй юм биш байгаа гэх хүйтэн ёр үе үе бодогдох болов. Үүнийг гэрчлэх мэт сүүлийн он жилүүдэд төр ихэд шашинжих болов.

Авгай хүүхдээ савгартал дагуулсан төрийн хар хүн шалчиганатал алга хавсран шанам малгайтай ламтны өмнө бөөвийтөл бөхийж зогсохыг харахад тийм ч сайхангүй. Манжийн дарлалд нухчуулж байх тэр он жилүүдэд хүртэл Монгол ноёд маань отго жинст малгайгаа түшиж ёслодог байсан юм шүү. “Харуул занги” кинон дээр хүртэл чулуун жинсэн дээр нь гамин цэргийн дарга өндөг хагалах гэхэд толгой дээрээ хагалуулж байгаа талаар ухаант өвгөдийн тухай өгүүлдэг. Төрөө доромжлуулахгүй гэсэн санаа л даа. Хаа очиж 8 дугаар богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон барьж байсан ч төр, шашны хэргийг тусад нь явуулах гэсэн чин хүсэлтэй байжээ. Тэрээр “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-тээ “Улс төрийн ёсонд хичээнгүйлэн тэнгэр газар, өвөг сүм, шорооны эзэн, тариалангийн эзний их мандалд өчин тайх ёслол бүхийг нь олон харъяат газрын язгуураас явж ирсэн хуучин суртал ёсыг дагаж явуулагтун” гэж хуульчилсан байдаг. Үүгээр уул овоо, тахилга тайлгыг төрөөс тахиад бай гэж хэлээгүй байгаа биз дээ. Төр шашныг хослон баригч, хэмжээгүй эрхт Богд хааны үед Отгонтэнгэр, Хан Хэнтий, Богд хан гэсэн 3-хан уул тахидаг байсан бол Ерөнхийлөгч Н. Энхбаярын үед 8 болж манайд шашин бараг гурав дахин ихээр мандсан болж таарч байна. Түүнээс Монгол төрийн уул овоо тахих явдал замбараагаа алдсан. Одоо бол бараг л овойж товойсон нохойн жогорхойг хүртэл тахих шахав. Манай улсын төрийн тэргүүний өмсөж байгаа малгай хувцас нь хүртэл Богд хааныгаа дуурайгаад нэг л шашинжирхуу. Бидний үе ч шашныхаа замаар мунхраад дуусаг ээ гэтэл дуугарахаас өөр аргагүй тэнэглэлүүд ар араасаа хөвөрч эхлэв. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдэд Буддизмын тухай хичээлийг иргэний боловсролд оруулах тухай ярих нь тэнэглэлийн дээд явдал болно. Миний бодлоор бол хар нь харынхаа замаар, шар нь шарынхаа замаар явбал хэн хэндээ хал балгүй баймаар. Төр нь ийнхүү шашинжаад ирэхээд сүүлийн үед шинжлэх ухаан нь хүртэл дагаад шашинжаад эхлэв. Зарим төрлийн шашинлаг хэв шинж хүртэл өөрсдийгөө тун ч зоригтойгоор “шинжлэх ухаан” хэмээн нэрийдэх боллоо. Хүний биед хэрэггүй болоод гадагшилж байгаа химийн нэгдэл болох шээсийг зарим эмнэлгүүд “хэрэгтэй” хэмээн уулгаж эхэллээ. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар гуай “Шашин гэдэг бол төр тогтож, улс байхын үндэс” хэмээн зоригтойгоор мэдэгдэв. Шашингүй л бол Монгол байхгүй болно гэх ухааны үг л дээ. Улс төрчид шашинлуу гүйгээд байгаа шиг зарим ламхай нар орхимжоо дэрвүүлээд л улс төрлүү харайлгаж явдаг болсон. Төрийн ордонд лүйжин тавьбал би л лав гайхахгүй. Хэдийгээр хүний сонгох, сонгогдох эрх нээлттэй ч манай аймгийн Гандан хийдийн Хамба лам нь хүртэл өнгөрөгч орон нутгийн сонгуулиар “санал гуйгаад” л цохиж явна лээ. Зохих уу ер нь. “Зам замаараа, зараа нүхээрээ” гэдэг л байвал сайхан. Уул овоо тахих, сүлд цэнгүүлэх, гал тахихад төрийн өндөрлөгүүд нь салбаганаж явдаг, өч төчнөөн төсөв хөрөнгө гаргаж, шатахуун тос зарлагадаж, нисдэг тэргээр морилж, өнжин хонон найрлаж, наадамлаж, хэдэн бөх “нүцэглээд” шагналд нь машин тэрэг өгдөг атлаа улсынхаа ганц Шинжлэх ухааны академийг ямар төсөв авдгийг мэдэх үү ер нь. Шинжилгээ судалгааны ажилд гар татаж “наадах чинь ер бүтэх юм уу, наад туршилтаа боль” гэж хэлж мэдэх л дамшигууд. Эдисон гэрлийн чийдэнг 2000 гаруй удаагийн туршилтын дараа бүтээжээ. Нэгэн сурвалжлагч түүнээс ийм олон удаа бүтэлгүйтэж, алдахдаа цөхөрч байсан уу гэж асуужээ. Харин Эдисон "Огтхон ч цөхөрч байгаагүй. Учир нь би гэрлийн чийдэнг зохион бүтээснээс гадна гэрлийн чийдэн хийж болохгүй 2000 аргыг мэдсэн шүү дээ гэжээ. Тэгвэл шинжлэх ухааны нээлтүүд ийм л өртөг өндөртэйгээр явагддаг. Эрдэмтэд нь туршилтын мөнгөгүй байхад төр нь лам, бөө нартайгаа нийлчихсэн уул ус тахиж явах нь хэр зохимжтой вэ? Төр, шашин хоёр “сүүлэрч” байх хойгуур Монгол эрдэмтэд хорт хавдрын эсрэг эм бүтээж, шохойн чулуунаас алмаз гаргаж, хэсэг залуус орон зайн цэнэглэгч бүтээв. Д.Баяраа гэх залуу Монголын эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж дутагдалтай, өндөр үнээр гадаадаас худалдан авдаг, хүртээмж муу зэргийг судалж умайн хүзүүний дуран, ангиографикийн төхөөрөмж гэх мэт 21 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн байна. Японы алдарт ТOYOTA корпораци “Crown Athlete” хэмээх шинэ загвараа танилцуулсан. Энэ автомашины загварыг О.Энхжин хэмээх Монгол залуу зохиов. Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олчихож. ШУТИС-ийн технологийн багш Э.Бат- Эрдэнэ хаягдал зүү, тариураас бензин гаргаж авах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Англи, Япон, Тайван зэрэг улс оронд ажиллаж байгаад ирсэн Б.Алдар гэх Монгол эрдэмтэн 2000 онд ДОХ-ын эсрэг бэлдмэл гарган авч түүнийгээ Тайландад туршсан аж. Туршилтад хамрагдсан хориод хүн эдгэрсэн талаар дэлхий шуугиж байна. Монгол эрдэмтдээс энэ байтугай нээлт, бүтээлүүд гарна л даа. Гэхдээ төсөвтөө гол нь биш ШУ-ны салбарт сайн ламаар засал хийлгүүлчихвэл болох гээд байгаа бололтой. Уг нь Монголын төр уул, овоонд хадаг самбай өлгөж, гандан хийдээр ном уншуулж, бөө нараар мэргэлүүлж явахын оронд Шинжлэх ухааны салбараа анхаармаар юм. Төр шашин хоёр холилдоод ирэхээрээ “ээдэм” болдог. Үүнийг түүх гэрчилнэ.

ТӨР ТӨМБӨГӨРӨӨРӨӨ, ЁС ЁМБОГОРООРОО БАЙВАЛ САЙХАН...
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна