Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Хэдий болтол бид ялгадсаа буцааж залгихав?

10 жилийн өмнө
Орон сууцны нэгдүгээр давхрын тагтны дор “ морь харж” буй хэн нэгнийг харах бүрийд цаад айлд нь ямар хэцүү байдаг бол гэх бодол төрдөг юм.Ядаж байхад хүнс,барааны захын урсгал болох явган хүний зам араар нь өнгөрдөг. Орой өглөөдөө халамцуу хүмүүс хажуугийн хүүхдийн тоглоомын талбай дээр сууж байгаад шил юмны бөглөө мулталж,бэлэн ил жорлон байна гэж эндүүрдэг бололтой тэнд “морь харна”. Саяхны нэг өдөр дээл хөөргөж бүсэлсэн залуу харсаар байтал “морь харчихаад” санаа зовсон шинжгүй дэргэдүүр зөрөх юм.Яагаад эрчүүд ингэж дуртай газраа сарьж явдаг байнаа,хаанаас, хэнээс сурсан байхав гэж бодлоо. Явж явж ээжүүдтэй ч холбоотой юм шиг.Нялх хүүхдээ таарсан газраа тосож шээлгэнэ,жаахан ухаан оронгуут ил задгай бие засаж болохгүй гэхийн оронд юу ч бодолгүй тоглож байгаа газарт нь шээлгэж л байдаг.Өнөөх хүү насанд хүрээд ээжийн сургаалаар хүссэн газартаа бүр төв зам дээр машиныхаа хажууд,зарим нь дугуй руугаа сэмхэн “авна”. Хүүхэд нь ааваа дуурайна. Ийнхүү амьдралынхаа нэгэн дадал хэвшлийг өөрийн биеэр үр хүүхэддээ өвлүүлнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө шинэлж явсан залуу гэр бүлийг хараад үнэхээр гайхаж билээ. Нялх хүүхдээ тэвэрч,бас нэгийг хөтөлсөн эхнэрийнхээ дэргэд олны хөл газар уур савсуулан шээж зогссон залууг харахаас ой гутмаар.

Уг нь ухаантай эхнэр бол нөхрөө хориглоход болохгүй зүйлгүй баймаар. Гадна дотны хүмүүстэй эх орондоо холын замд явж байхад нүүр улайлгадаг зүйл ОО-ийн асуудал.Тэд адилхан л хүн юм чинь замдаа цэвэр ус уух хэрэгтэй, түүнийгээ яаж гадагшлуулахав гэдэг харин том асуудал.Улаанбаатар-Эрдэнэтийн хооронд зогсохгүй шиг явахыг бид хүсдэг. Гадаадын орнуудад машинтай явахад тодорхой замыг туулаад амрах буудал, хоолны газрууд байдаг, тэр нь цогц үйлчилгээтэй.Энэ нь зорчигч төдийгүй жолоочийн ажиллах нөхцөлийг оновчтой шийдсэн бодлого юм. Зарим албан байгууллага,үйлчилгээний газарт ОО хаана байгааг асуултгүй, шууд үнэрээр нь олдог гэвэл хилсдэхгүй. Төлбөртэй ОО ч ялгаагүй,ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байдаг атлаа мөнгөө харин ичихгүй нэхнэ. 2006 онд боловсролын удирдах ажилтан бидний найман хүн Япон улсад сургалтанд хамрагдсан юм. Далайн уур амьсгал нөлөөлдөг үү, Осака хотод өвөл нь хүйтэн, гадаа удаан явахад жиндүүлнэ.Галт тэргээр явж Киото хотын Багшийн их сургууль дээр дараалан гурван өдөр лекц сонсож,бас тосгоны бага сургуультай танилцсан билээ. Гадаа хүйтэнд алхсаар даараад чухал хэрэгцээт газар таарахаар нь бид түр саатаад орсон хойноо үнэхээр биширсэн юм. Дороосоо халдаг суултуур, хана дагуулан ирийтэл өрсөн ариун цэврийн цаас,гар ариутгах уусмал,шингэн саван,тэгээд агааржуулалтын шийдэл нь тун тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн юм. Бидний сургалтын байрны ОО-ийн өрөөнд ороход дандаа симфони,эстрад хөгжим эгшиглэж, сэнгэнэсэн гоё үнэртэй.Метро,зоогийн газар зэрэг нийтийн үйлчилгээний газрын ОО нь цэвэр цэмцгэр,түүнээс гадна хаалган дээр япон, европ загварын гэсэн таних тэмдэгтэй. Япон ОО гэдэг нь намхан,гишгүүртэй ,европ нь суух зориулалттай гэсэн үг. Боловсон үйлчилж, үйлчлүүлж суртлаа бид Япон загварын ОО ашиглах нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой санагдана.Гишгүүртэй,тэгээд автоматаар бохиры нь зайлуулдаг бол болж байнаа. Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнийн “Ёслолын туузтай,Япон санхүүжилттэй монгол жорлон”,”Бэлтэй нь бэлээ гайхуулж,бэлгүй нь булан хайдаг байдал хэзээ арилах бол” нийтлэл, “Номин” телевизийн сэтгүүлч Т.Атарбаярын гэр хорооллын айл өрхүүдийн жорлон,муу усны нүх хөрс агаар бохирдуулж байгаа тухай асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг шийдвэр гаргагчдад нэгийг бодуулж,хоёрыг сануулсан гэдэгт итгэж байна. Барилгачдын талбай дээр байрлуулсан түгжээтэй төмөр жорлон хэзээ хаалгаа нээхийг, наадамчин олон Цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах өндөр үнэтэй боловсон ОО-оор үйлчлүүлэхийг мөрөөдсөөр. Уг нь томоохон дэлгүүр худалдааны төв хүний төлөө үйлчилдэг ОО, нялх хүүхдээ хуурайлж хөхүүлэх “Эхчүүдийн өрөө”-тэй болох нь холын мөрөөдөл биш хийж болох л ажил. Иргэдийн тусын тулд,ирээдүйдээ санаа тавьж, халдварт өвчнөөс тэднийгээ хамгаалахын тулд боловсон ОО олныг ажиллуулмаар санагдана.Эс тэгвээс дуртай газраа “морь харж”, дээгүүр нь хөгшин залуугүй алхахдаа гутлынхаа уландаа нааж, элдэв өвчний нян гараас ам,амнаас ходоодонд дамжин орж байна. Өвчилсөн хойно нь сая саяар мөнгө урсгахгүйн тулд бие засах газар буюу ОО-ийн асуудлаа шийдье. Энэ онд хотынхоо нийтийн эзэмшлийн хүн олноор явдаг газар,үйлчилгээний том цэгүүдэд боловсон ОО-той болъё. Харин дараагийн алхам нь тэндээ соёлтой үйлчлүүлж суръя. Үргэлжлэл бий.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна