Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

“Хараагдсан” Монгол эмч

10 жилийн өмнө
Өнгөрсөн өдрүүдийн хамгийн дуулиант мэдээллээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан эмч нар тодорч байх шиг. Хараал идсэн эмч нар үхсэн хойно нь ч мөнгө “хийж” чадаж байна хэмээн хотлоороо шуугиж байна. “Эмч” гэдэг алдар “Чөтгөр” гэдэг үгтэй ижил дуудагдаад ч байх шиг. Оны сүүлчийн өдрүүд болоод ч тэр үү, ёлка үргэлжлээд ч тэр үү эмч нар бүгд л ачаалалтай. Тэр тусмаа гэмтэл, дотор, мэдрэл, зүрх судас, элэг, нойр булчирхайн эмч нарын үүдэнд хүмүүс дүүрчээ. Нэг эмчийн үүдэнд 25-30 хүн дугаарлан зогсоно. Бас дугаараа булаацалдан хэрэлдэнэ. Бас ч үгүй хорон муу үгээр бие биетэйгээ хэмлэлдэнэ. Дугаарлалтаа зохицуулсангүй, хурдан түргэн үзсэнгүй, хүнд сурталтай, цадчихсан хэдэн эмч нар гэх мэтээр ам амандаа эмч нараа муулцгаана. Ээлж нь болоод орохдоо “Эмчээ” хэмээн хуурамч инээд завьжиндаа тодруулан, царайчилсан дууны өнгөөр мэндлэн орно. Үзлэгээс гарч ирээд үргэлжлүүлэн уурлана, гомдоллоно. Үүд хаалга нь онголзоод үзлэг нь санаанд хүрсэнгүй. Үнэтэй эмнүүдийг өөрийн гэрээт эмийн сангаас шахлаа. Хэдэн ширхэг уухаар эм бичлээ. Өөр газар очиж дахин үзүүлэхээс. Хэвтэж, хэдэн дусал, витамин хийлгэхгүй бол болохгүй болсныг энэ “Малын эмч” мэдэхгүй байна хэмээн эрээ цээргүй мугуйдлана. “Хүний” эмчийн эрэлд гарч хаана ямар “Сайн эмч” байгааг битүүхэн сураглана. Монгол улсын эрүүл мэндийн асуудлаарх эрх мэдэлтний аманд уяатай байдаг хэлц үг нь “Таны үйлчлүүлдэг эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан, ээлтэй, нээлттэй, эерэг хандлагатай эрүүл мэндийн байгууллагыг бий болгож өгнө” ,”Намайг дэмжээрэй, хамтран ажиллацгаая. “ болоод удаж байна. Эрхэм гишүүнд нэр дэвшигч, эрхэм сайд, дарга нар бүгд ингэж амлацгаана. Гэвч шүүмжлэл, гомдол буурч байсан удаагүй. “Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн”, “Эм тарианы хангалт энэ ондоо хүрэлцээтэй”, “Боловсон хүчнээ сургаж бэлтгэж авсан” гэж хэвлэл мэдээллээр тууз хайчлан рекламдаж,өргөмжлөл нэртэй өнгөтэй цаас, гялгар тэмдгээр өөд уруугүй урамшуулсан ч үйлчилгээ засрах нь үгүй. . Аманд багтахгүй үнэтэй тоног төхөөрөмж нь арав хонолгүй эвдэрч ,”Хуучин багажийг хуулийн цоорхойгоор шахсан байжээ” хэмээн үзсэн мэт нотолж, үг амаараа цуурна . Удалгүй намжина. Хэмхэрсэн тоног төхөөрөмжүүд сэлбэггүй болж зай эзлэн хүйтэн өрөөнд ханхайна. Багажгүй болсон буруутнаар хөөрхий эмч тодорч чагнуур, даралтны аппарат хоёртойгоо цаг нөхцөөж, карт бөглөн шинжилгээ зааж, эмнэлгийн үйлчилгээний “Хагас дамжуулагч” болон хувирна. Ёстой л “Морьтой ч болоосой” гэж энэ . Өөрчлөлт шинэчлэлийн “БАЙ” хэмээн өргөмжилж хөөрхий эрүүл мэндийн салбарыг тодорхойлно, бас засаж сайжруулахаар амлалт авна.Сонгуульт хугацаа дуусахад үр дүн үгүй. Өгөх мөнгө нь нүд хуурсан жаахан. Өнгөн дээрээ өөрсдийгөө л рекламдана. Үр дүн нь засал авдагүй мөхсөн салбар гэж үнэлнэ. Сайд нь намын даргадаа зориулж эмнэлгийг шорон болгон хувиргаж чадаж байхад шинэчлэл өөрчлөлт мэт нь жирийн эмч нарт алс холд хуцах тэнэмэл нохойн чимээ мэт санагдана. “Тангараг өргөсөн биз дээ чи” гэж омогтой нэгэнд нь аашлуулж, төрийн албан хаагч гэж толгой түрүүгүй буруутгагдаж, ажиллаж чадахгүй бол ард чинь хүн бий шүү гэх ажил олгогчийн сүрдүүлгэнд хоногийн нойргүй жижүүрлэж, хоосон хоночилгүй цалинжиж, ажил, хувийн амьдралын ялгаа нь бараг арилсан хэсэг бүлэг хүмүүсийг эмч нар гэнэ. Сурсан эрдэм, хөдөлмөр нь хэзээ нэг цагт, үнэлэгдэх сайн цагийг хүлээн шүд зуун ажиллах хөөрхий хүний үрс. Шил архи, ширхэг набор, хоолны мөнгө тэргүүтнийг сэтгэлийн харамжинд авсандаа интерполоор эрэн сурвалжлагдах авилгачаар тодорно. Төрсөн тэлснээс нь дутахааргүй сэтгэл гарган үйлчилсний хариуд шүүмлэл, доромжлол тэднээс салахгүй. Эм тариа нь хүрэлцдэггүй,даатгалын байгууллага, төрийн тогтолцооны гажуудлын бурууг тэд хүлээнэ. Эрүүл мэндээ тоодоггүй, энэ биеэ үнэлдэггүй өвчилсөн хойноо буруутгадаг эгэлгүй мунхаг хүмүүний үйлийн үрийн буруутан нь эмч. Мэдлэг чадварын дутагдал, менежментийн бурууг ч тэд л үүрнэ. Улс төрийн золиос, үзэл бодол, нийгмийн хандлагын хоцрогдлын тод жишээ эмч. Олны өмнө улалзалж, орчлонд төрсөндөө гутрахаар доромжлуулавч өргөмжлөл, энгэрийн тэмдэгт хууртагдан энэ насаа элээнэ. Өөр орны ижил мэргэжилтний цалингийн тоог сонсоод цагаан атаархал төрөвч шоронд явуулчихгүй л бол цалин ч дүүрчээ гэж өөрийгөө хуурч сэтгэлээ зогооно. Шинэхэн авсан машиныхаа тос маслыг цагт нь сольж, харагдах төдий зураасны төлөө хагартлаа уурлах монгол хүн та гишгэсэн мөрөө эргээд нэг хар. Ходоодоо тэлтлээ идэж, хордож үхтлээ архи ууж, зовлонгоор жаргал хийж эрүүл биеэ зэмдэг болгочихоод эрхэм эмчийг доромжлох хэрэг юун. Эд хөрөнгөө гамнахдаа эзний сэтгэл гаргах атлаа, төрсөн биений чинь амийг бөхлөх хүндтэй тэр хүнд гар татаж, гоочлохын хэрэг юун. Би таны амины үнийг хэлээд өгье. Ойлгож мэддэг мөнгөөр тань илэрхийлээд өгье. Нэг эмч сард 350- 550 мянга төгрөгөөр цалинждаг. Сард 8-10 удаа жижүүр хийвэл сая төгрөгний цалин авах нь бий . Нэг амбулаторийн эмч өдөрт 25 хүн үзэж оношлох нормтой. Гэхдээ манайд 50 - 60 хүнд үйлчилдэг. Дундажаар сарын цалинг 450 мянган төгрөг гэж тооцвол нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 21000 төгрөг, нэг хүн үзэх ажлын хөлс 818 төгрөг. Ширхэг талхны үнэ хүрэхгүй үнээр таны амийг төр үнэлж байна. Өдөр бүр нормоос илүү хүнд үйлчлэх тусам таны амины үнийн ханш унана. Та ийм хөлсөөр нэг хөл нь шоронд, нөгөө хөл нь наранд байдаг ажлыг насан туршдаа хийх үү ? Та одоо ч эмчийг буруутгасаар л байна уу ? Шинэхэн машин аваад чанарыг нь шалгаж байна хэмээн ус, шавар туулаад, донсолгоо гаргалгүй давхиад замын хаалт мөргөөд өдөр бүр моторонд нь атга шороо нэмээд байдаг уу? Эсвэл та дардан зам, гэрлэн дохио хүсдэг үү? Тэнэг жишээ мэт санагдана уу?

Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл өвчилсний дараах тусламж үйлчилгээг социалист уламжлалаараа үргэлжлүүлсээр байна. Дэлхий нийт өвдөхөөс урьдчилан сэргийлэхийн төлөө хөрөнгө зардаг бол манай төр өвчилсний дараах “Хүн засварын газар” /эмнэлэг/ байгуулахад, тоног төхөөрөмж авахад төсвийн хөрөнгийг зарцуулж байна. Хэрэв эрүүл мэндийн тогтолцоо төгс сайжирч орхивол улс төрчид хуучин тоног төхөөрөмж,хугацаа дууссан бэлгэвч, үйлчилдэгүй вакциныг улсын хөрөнгөөр худалдан авч “нухаа” гаргадаг бизнесгүй болчихно. Бас бурхны, аврагчийн дүрд тоглож рейтингээ өсгөж зөөлөн суудлаа бөхөлдөг башир арга нь илэрнэ. Даатгалын тогтолцооны гажуудал ч бүдрэхэд түлхэж, хахахад нудрахтай агаар нэг болж байна. Насаараа төлнө. Аз нь таарч тэтгэвэрт гарвал цайны сүүний үнэ хүрэхгүй тэтгэвэр авна. Харин цагаасаа эрт хорвоог орхивол 180 000 төгрөгийг оршуулгын зардалд өгнө. Арай дээр гэж үзэж байгаа нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хөнгөлөлт эдэлнэ, харамсалтай нь түүнийг хүртэнэ гэдэг тэнгэрийн умдаг атгахаас хэцүү. Эрүүл мэндийн салбар хэзээ хөгжих вэ? гэсэн асуулт үлдлээ. Монгол хүн та өөрийн амийг хэрхэн үнэлснээс дараагийн үр дагавар үүснэ. Манайхаас бусад бүх оронд эрүүл мэндийн салбар бизнес хэмээн бүрэн зөвшөөрсөн. Харин бид буяны ажил гэж ойлгоно. Тэгсэн мөртлөө хариуцлага тооцож хэнхэглэнэ. Өөрийн хийхийг бус бусдын хийхийг зааж мэдэмхийрнэ. Өөрийн биеийг гамнахгүй атлаа өвдсөний дараа бусдад бурууг тохож, эдийн засаг, бие сэтгэлийн хохирлоо бусдаар төлүүлж түүнийгээ ингэх ёстой хэмээн ухамсарлахаа зогсооё. Эрүүл мэндийнхээ өмнө хувь хүн өөрөө л хариуцлага хүлээж суръя. Бусдаас дутахгүй чадвартай, зарим талаараа илүүрхэх монгол эмч нартаа итгэл өгч хийдэг ажлыг нь бодитоор үнэлье. Эрүүл мэндийн тогтолцоог зах зээлийн тогтолцоонд шилжүүлж өрсөлдөөнийг бий болгоё. Үнэ чухал биш үйлчилгээ нь төгс байх ёстой шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөн дэлгэрүүлье. Өвдсөний хойно биш өвдөхийн өмнөх тусламж үйлчилгээг төрийн үйлчилгээ болгоё. Төрийн хүрч чадахгүй байгаа үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд үүрүүлье. Төр стандартыг баримтлуулж хяналтаа тавь, үнэлгээгээ өг. Өрсөлдөөний шууд үр дүн чанартай үйлчилгээ сэтгэл ханамж. Энэ бол зах зээлийн хууль. Хүн бүр сонгох эрхтэй. Бид үхэл ирэх өдрийн хугацааг ч ухамсаргүйгээр сонгож байдаг шүү дээ. Бодол, үйлдэл бүр тань бусдыг буруутгахад чиглэвэл болгоомжгүй үйлдэл бүр тань өвчин, үхлийг даллаж байдаг шүү. Бурхны зарлигтай, итгэлийн шүншигтэй эмч нарыг хэзээ ч муу хэлж муухайгаар битгий хараа. Хорвоод таныг ирэхэд эмч л тосож авдаг хорвоогоос буцаад явахад эмч таныг үддэг.
Таалагдаж байна 2
0 Таалагдахгүй байна