Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Баярын бичиг, барааны савангаа далд хий. Амьдрал бол Шагнал

10 жилийн өмнө
Намайг 10 дугаар ангиа төгсдөг жил монгол хэлний шалгалтад “Шагнал” гэдэг сэдвээр зохион бичлэг бичүүлж билээ. Тэр үед нэгэн сурагч их гоё санаа гаргасан байдаг. “.... Хонхны баяраар сургуулийн захирал, багш нар шилдэг сурагчаа шалгарууллаа. 10 жилийн хугацаанд маш сайн суралцсан сурагчдын нэрсийг дуудаж “Онц төгслөө” гэсэн баярын бичиг, улаан тууз өгч байсан юм. Гэтэл Жаргалын Бурмаа гэж дуудах шиг болов. Хүүхдүүдийн шуугианд би андуурсан юм болов уу гэж бодоод тоосонгүй. Тэгтэл дахиад Жаргалын Бурмаа 10 Г ангийн сурагч наашаа ирнэ үү гэв. Манай ангийхан –Хүүе, Бурмаа чамайг дуудаад байна. 10 Г анги гэнэ. Чи биз дээ. Манай ангид чамаас өөр ийм нэртэй хүн байхгүй. Чи шилдэг сурагч болсон байна. Очиж шагналаа аваач гэж ангийхан шуугив. Би арай ч үгүй байлгүй дээ гэж бодоод зогсоод л байлаа. Тэгтэл дахиад 10 Г ангийн сурагч Жаргалын Бурмаа ирж шагналаа аваарай гэж чанга яригчаар зарлахад манай ангийн багш, захиралтай хамт тайзан дээр зогсож байлаа. Яагаад намайг шилдэг сурагч болгож шагнаж байгаа юм болоо. Би матетматик, физик, геометр гээд тооны хичээлдээ муу шүү дээ. Юун 10 жил онц сурах. Арай гэж 3-н дүн авдаг байсан сурагч шүү дээ. Гэтэл намайг “10 жил онц сурсан шилдэг сурагч”-аар тодорхойлчихож. Нөгөө Сайхнаа, Батаа, Чимгээ нар яагаад шагнал аваагүй юм бол. Тэд чинь улсын олимпиадад оролцдог мундаг хүүхдүүд. Гэтэл би төгсөх шалгалтаа яаж давна даа гэж бодож байхад шүү. Ийн гайхсаар би тайз руу очлоо. Нэээрээ намайг шагналаа. Энгэрт минь “Онц сурсан” гэсэн улаан тайз уялаа. Нүүр улайгаад, уйлмаар ч юм шиг. Гэхдээ яг тэр үед энэ шагнал “Шийтгэл” мэт санагдаж билээ. Намайг бүтэн 10 жил яагаад хичээж сурсангүй вэ гэсэн асуулт нэхсэн энэ шагнал 18 насанд минь тохиолдсон хамгийн том Шийтгэл байв. Яг тэр мөчөөс эхэлж би үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарласан юм. Манай ангийн багш намайг сайн сургах гэж хичээгээд арга бараад ийм арга сэдсэнийг сүүлд мэдэж билээ.” Энэ зохион бичлэг миний санаанаас огт гардаггүй юм. Оюутны ширээнээс ажлын ширээ рүү шилжих тэр мөчид ч “Шагнаж шийтгэсэн” энэ аргыг хэн ч хэрэглэсэнгүй. Харин өөрөө, өөрийгөө шагналд тодорхойлох хүмүүс л эсэргээрээ нэмэгдлээ. “Оны шилдэг”, “Оны онцлох”, “Оны бүтээлч”, “Есөн алдартан”, “Элбэрэлт ээж”, “Буурай аав” ч гэх шиг. Яагаад ч юм бид 14 жилийн өмнөх сурагчаас ч долоон дор сэтгээд байх шиг. Шагналд хандах хандлагаа өөрчлөхгүй бол монголын 2 сая хүн бүгдээрээ “Шилдэг” болж хувирах нь. Дээрээс нь шагнуулахыг огт хүсээгүй байхад Шагналын шалгаруулалтад нэрсийг нь оруулчихаад тухайн хүнийг ч эвгүй байдалд оруулж байна. Үйлдвэрийн аварга болсон нэгэн ажилтан хэлэхдээ, “Би ичиж байна. Утас дуугараад л Баяр хүргэе. Оны шилдэг болсон гэл үү” гээд л. Шагнахгүйгээр баярлаж болдоггүй юм байх даа гэж билээ. Шагнаж, шагнуулахын дон туссан энэ тахал хэзээ намжих вэ.

Дээрээс нь шагналын ачаар олон хүний мөн чанар бас танигдана. Тэгэхээр шагналын ач бас байна аа. Шагнуулсан нь аархаж, шагнуулаагүй нь муу үг чулуудана. Тэр олон жил ажилласан юм чинь шагнахгүй бол болохгүй гээд л . Нөгөөдөх нь миний энэ шагнал бол манай хамт олны хүч юм гээд л. Угтаа хүн бол хувиа хичээгч амьтан. Ямар ч шагналыг өөрийн өмч гэж үздэг болохоор шагналаа тэврээд л гэр лүү харьдаг. Хэрэв хамт олны өмч юм бол яагаад баярын бичиг “барааны саван”-аа ажлынхаа өрөөнд үлдээж дагалдаж ирсэн мөнгийг нь тараачихдаггүй юм. Тиймээс л шагнал хүний мөн чанарыг харуулдагаар сайн гэсэн нь энэ юм. Мөн тэрийгээ шагнуулах гэсэн юм гээд бас лоббидоно. Үнэндээ залхмаар. Шинэ жил, Цагаан сар, Мартын 8, Цэргийн баяр, Эх үрсийн баяр. Бүгд шагнал гэдэг бонустай. Гэтэл АМЬДРАЛ БОЛ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ ГЭДГИЙГ АНЗААРАХ СӨХӨӨ БИДЭНД ДААНЧ АЛГА. Хүн бүр энэ хорвоод өөрийн зорилготой ирдэг. Бас гэгээрэх үүрэгтэй байдаг. Даанч алт, мөнгө, эд баялаг, шагнал, урамшуулалд умбаад зорилгоо мартсаар. Тиймээс Амьдрал хэмээх энэ Шагналд шунацгаая. Түүний төлөө ажиллъя. Бид амьд байна. Бас эрүүл байна. Ажилтай байна. Гэр бүлтэй байна. Дуртай зүйлээ хийх эрх чөлөө байна. Энэ шагналын төлөө, амьдралын төлөө, бас яг энэ цаг мөчид сэтгэл ханамжтай байхын төлөө л амьдарцгаая. Баярын бичиг, барааны савангаа цааш нь хийцгээ.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна