Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Дурсамж дүүрэн шинэ жил

10 жилийн өмнө
1960,70-аад оны хүүхдүүд бид шинэ жилийн баярыг тэсч ядан хүлээдэг, түүнээс гоё баяр байхгүй юм шиг баярладагсан. Одоогийнх шиг дэлгүүрээс бэлэн аваад өмсөх гоёлын хувцас, шинэ жилийн чимэглэл хомс. Хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн бүтээлээрээ анги танхимаа гоёно. Цагаан цаас будаад хэн нэгний гэртээ буцалгаж авчирсан жонхуугаар нааж урт гэгчийн гинж, хил, цацаг хийнэ. Тэр үед хятадын боронзтой цаасан будаг, цэцэг хайчилдаг хуниастай өнгийн нимгэн цаас хэдий ховор ч олддогсон. Охид цасан охины бүжигт орох бөөн мөрөөдөл. Метрийн самбай даавуу авч түүнийгээ төмсний гурилаар цардан хормойг нь дэрийлгээд даашинзаа өөрсдөө урлана. Хөвгүүд ямар нэг амьтан, баатрын дүрд хувирч багт наадамд бэлдэнэ. Танхимын голд байрлуулсан том гэгчийн гацуураас шинэхэн шилмүүсний үнэр хамар цоргино. Шинэ хуучин он, 12 жилийн амьтад, бас нэг гол үүрэг гүйцэтгэдэг алиалагч шинэ жилийн баярын хөтөлбөрт заавал байна. Алиалагч том дурангаараа дурандаж, сургуулийн амжилт ололт, онц сурлагатан, авьяаслаг сурагчдын тухай ярьж,доголдолтой зүйлийг жижигхэн ч гэсэн “чимхэж”,ирэх онд сайжрахыг хүснэ. Ангиуд уран зохиолын номоор багт наадамд оролцож “Мандухай цэцэн хатан”, “Шадар гурван цэрэг”, “Үлмэдэх ба түүний нөхөд” ,бас уран сайхны киноны дүр бүтээнэ. Багш нар,ахлах ангийнхан үлгэрлэн шинэ жилийн вальс бүжиглэнэ.Хөгжим нь баян хуур,гэвч ямар гоё тоглодог,яасан ч тод сонсогддог байсан юм бэ дээ. Манай Булганы 10 жилийн багш нар үнэхээр авьяастай хүмүүс. Сургуулийн захирал Дарьсүрэн багш маань хөтлөгч хийж,шүлэг уншина,Бадамсэд багш,Рэгзэдмаа багш хоёрын хөл нийлэхийг яана,цэмцгэр бөгөөд жинхэнэ номоор нь бүжиглэж, бид хэзээ ингэж бүжиглэж сурна даа гэж сүүрс алдан суудагсан. 1971 он гардаг жилийн сургуулийн сүлд модны наадам миний сэтгэлд дурсамж болон үлдсэн юм.Сурагчдын урлагийн тоглолтод нэлээд хэдэн үүрэгтэй оролцож билээ.Хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн цалин мөнгөн сахалтай өвлийн өвгөн аав цасан охид,амьтдаа дагуулан баярт хүрэлцэн ирлээ. Цасан охид гацуур тойрон бүжиж,12 жил дуугаа дуулж,бусад амьтад алиалагчийн хамт хүүхдүүдийн дунд орж наадан хөгжилтэй байлаа. Өвлийн өвгөн аав шилдэг тэргүүний сурагчдад бэлгээ гардуулж эхэллээ. Намайг овог нэрээр минь дуудахад өвлийн өвөөгийн дуу чихэнд нэг л танил сонсдов. Тэгсэн урлагийн тоглолтод оролцож байсан ах эгч нар,-Ариунаа ахыгаа таньсангүй гэх яриа чих дэлсэв. Бэлгээ тэврээд ах маань өвлийн өвгөн болсон байна шүү дээ гэхээс нэг хэсэг тээ балмагдан сандарч, бас жигтэйхэн баярлаж бушуухан гэрийнхэндээ энэ сонинг дуулгахыг хүсч билээ. Тэр жилийн өвлийн өвгөн болсон миний төрсөн ах Эрдэнэ 10 дугаар ангид сурдаг, өндөр нуруулаг,дуу хоолой сайтай, Д.Мандахсан багшийн “Уран өд” дугуйланд явдаг, сурлага сайтай хүүхэд байсан юм. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай алба хашиж,эдүгээ гавьяаны амралтад суусан. Бидний багад шинэ жилийн баяр сургуулийн танхимд,аймгийн “Сүлд модны наадам” Спорт хорооны зааланд болж элдэв нийллэг цайллаг хийхгүй амар байсан юм. Онц сурч өвлийн өвгөн ааваас бэлэг авах нь хүүхэд бүрийн чин хүсэл.Энэ хүслээ биелүүлэх гэж хүүхдүүд хичээлдээ шамдаж,бие биендээ тусалж, их л хичээдэгсэн. Хожим би ээж болоод хүүхдүүдээ баярлуулах гэж 12 сарын 31-ний шөнө янз бүрийн арга сэднэ.Оймс, шаахай, дэр, гацуурын дор дуртай бэлгий нь нууна. Хүүхдүүд маань шинэ жилийн өглөө сэрээд бэлгээ хайж олоод бөөн баяр болдогсон. Ер нь шинэ жилийн баяраар хүрэлцэн ирдэг өвлийн өвгөн аавыг уншдаг шүлэг, хэлдэг үгээр нь гурвалсан морьд хөллөсөн чарган дээр суугаад биднийг яаран ирж бэлгээ тараагаад дараагийн хүүхдүүд рүү яаран оддог юм байна хэмээн оюундаа төсөөлөн бодно. Олон жил энэ бодолдоо итгэж баясаж явсан даа. Шив шинэхэн цас хаялсан үед хотын гудамжаар алхахад толгой сэргэж, шинэлэг бодол санаа хөврөн ирнэ... Ачуутын голын эрэг дээр зэрэгцэн байрласан хүрэн дүнзэн байшинд хичээллэж,шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж ангидаа цуглаад ханын сонин гаргаж,багт наадамд бэлтгэж, ангийн самбар хана туургаа өөрсдийн гараар урласан чимэглэлээрээ гоёж явсан бага нас минь юутай жаргалтай. Айл гэр бүлд аз жаргал авчрах шинэ он айсуй.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна