Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Дэлхийн багш нартай эн зэрэгцэнэ

10 жилийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар Монголын багш нарт таатай шийдвэр гаргасанд олон хүн талархаж байна. Манай улсад 50 шахам жилийн хугацаанд багш нарын мэргэжлийн баярыг их жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөртэй давхцуулан Сар шинийн босгон дээр тэмдэглэж ирсэн. Жил бүрийн хоёрдугаар сарын эхний 7 хоногт тэмдэглэдэг энэхүү баяр нь цаг хугацааны хувьд зохицол тааруу байсан юм. Багш нар баяраа угтаж ажлаа дүгнүүлэх,тайлан тодорхойлолт бичих,уралдаан тэмцээнд оролцох гээд уламжлалт ажлууд ар араасаа хөврөөстэй. Баярын концерт хариуцсан сургууль,цэцэрлэгийн хувьд бүр ч ачаалалтай байж, сар шахам хичээлийн хажуугаар дуу хөгжим,бүжгийн сургуулилттай. Гэвч багш нар маань хичнээн завгүй ч хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ард нь гардаг. Эмэгтэй багш нарын хувьд арай өөр. Тэд энэ их ажлын хажуугаар бууз баншаа чимхэх,орон гэрийнхээ тоосыг гүвэх,зах зээлээр явж бэлэг сэлтнээс эхлээд сар шинийн бүхий л бэлтгэлээ базаана.Зэрэгцүүлж бүгдийн араас гүйсээр тэд мэргэжлийн баяртайгаа золгодог. Уг нь дэлхийн 100 гаруй улс хичээлийн шинэ жилээ эхлүүлж,ажил жигдэрсэн, намрын их ажил дууссан налгар цагт багш нарын өдрөө тэмдэглэж ирсэн. НҮБ-ын боловсрол,соёл, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО –гоос Дэлхийн багш нарын өдрийг дэмжиж, хориод жилийн өмнөөс тодорхой нэг уриан дор тэмдэглэх болсон билээ. ЮНЕСКО-гийн шийдвэрийг дэмжиж аймгийн Боловсрол, соёлын газар жил бүрийн 10 сарын 5-нд шинээр их дээд сургууль төгссөн багш нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, аймгийнхаа боловсролын салбарын ажилтай танилцуулж хэвшсэн. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын боловсролын байгууллага болох 19 дүгээр сургууль, “Катюша” цэцэрлэгтийн багш нарт баяр хүргэж тэдний зохион байгуулсан олон арга хэмжээнд оролцож ирсэн түүхтэй. Засгийн газраас ирэх хичээлийн жилээс эхлэн Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган Монголын багш нарын өдрийг 10 сарын 5-нд тэмдэглэхийн давуу талыг товчхон ч гэсэн тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын боловсролын салбар нь ажлаа төлөвлөх,гүйцэтгэх,дүгнүүлэхдээ хичээлийн жилээр тооцдог. Энэ нь сургууль багш нарт хүндрэлтэй байсан.

Багш нарын баяр хичээлийн жилийн дундуур болдог тул өнгөрсөн хичээлийн жилээр нь тооцох уу,аль эсвэл хуанлийн буюу санхүүгийн жилээр нь дүгнэх үү гэдэг төвөгтэй.Харин намар тэмдэглэхэд хичээлийн жилийн зорилтын биелэлтдээ дүн шинжилгээ хийчихсэн, сургууль багш нар дараагийн хичээлийн жилдээ ороод ажил нь жигдэрсэн үе таарч байна. Хуанлийн хугацаатай холбоотой бас нэгэн нааштай зүйл нь гавьяаныхаа амралтад гарах багш нар хичээлийн жилээ дуусгаад,ээлжийн амралт бусад тооцоогоо хийх боломжтой. Өнөөдрийн амьдралд цөөн гэлтгүй байгаа хөхөө өвлийн хүйтэнд санхүүгийн жил дууссанаар далимдуулан ялангуяа эмэгтэй багшийг тэтгэвэрт гаргаж, гомдоодог үзэгдэл арилна. Олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэж, туршиж, гадаад дотоодод багш солилцуулж,боловсролын салбарын чиг хандлагыг өөрчлөх оролдлого хийж байгаа энэ цаг үед багшийн нийгэм сэтгэл зүйд нааштай алхам болсныг шийдвэр гаргасан хүмүүст “Баярлалаа” гэж хэлье. Мэргэжлийнхээ баярын өдрийг хамтдаа тэмдэглэх болсон багш нар та бүхэн дэлхийн багш нартай хөл нийлүүлэн толгой өндөр, хараа дээгүүр эн зэрэгцэн алхаж байна гэж өөрийгээ төсөөлөн бодоорой. Сайхан мэдрэмж төрөх буй заа.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна