Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Мунхран гэгээрэхүйн нууц шашдир

10 жилийн өмнө
“Машин дээрээс минь сүү битгий өргөөч” гэж хичээнгүйлэн гуйсан бичиг хараад “Аргаа барсан хүний ажил шүү” гэсэн юм бодоод хэд алхтал толгой дээр минь “цацал” буух нь тэр. Гайхаш төрж дээш харвал гурван давхрын бүсгүй цайны халбагаар /жижиг шанага шүү / тетрафакаар савласан сүүг чадлаа мэдэн цацаж дуусаад санд мэнд гэртээ “зугатан” орлоо. Дутуу хаагдсан цонхоор хэнгэрэг цан нүжигнэж байлаа. “Ай хөөрхий засуулж байна даа хө” гэсэн юм бодоод цааш алхтал орцноос хижээл насны эр дайрчих шахан гарч ирснээ гартаа барьсан балингаа санд мэнд шидээд эргэж ч харалгүй гарч ирсэн газар руугаа гүйн орлоо. Юутай ч энэ айлын бузар нь арилж ,золбин нохой замбай гурилан балинтай, миний бие сүүний толботой малгай, хүрэмтэй болж байгаа нь тэр. Сэтгэцийн эмч мөхөс миний бие шашины зан үйлийн талаар мэдлэг хомс ч үйлийн үр хийгээд явдал мөр гэж юуг хэлээд байгааг гадарлах насанд очсон гэж өөрийгөө үнэлж байгаа тул шүтэх эс шүтэх асуудлаар өөрийн саналыг хуваалцах гэсэн юм. “Ёс ихэдвэл ёр дуудна” гэж та хэзээ нэг цагт дуулж байсан уу? “ Шашны фанат” гэдэг хэлц үгийг шашны хэт үзэлтэн, шашны хэнээтэн, даган баясагч мухарлан шүтэгч, хоосон шажинтан гэх мэтээр орчуулж болох болов уу. Иймэрхүү ааш араншинтай хүмүүс сүүлийн үед хэт ихэссэнээс гарч буй сөрөг үр дагавар, хэрээс хэтэрч нүгэл буян, зовлон жаргал, итгэл үнэмшил, ариун нандин хүндэтгэл гэдэг зүйл утгаа алдаж эхэллээ. Хүний итгэл үнэмшил, шүтэх эс шүтэх эрх нь айдас болон хувирч, хэм хэмжээнээсээ хэтэрсэн улигт үйлдэлд төөрөлдөн мунхарч байна. Тангад номны таван шад цээжилсэн хүн лам болж яс барьж, сүнс аргадах нь хэтэрхий өрөвдөлтөй. Хүний сэтгэлийн далд айдас, сэтгэл түгшилт, шийдэж чадаагүй сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд дээр дөрөөлөн “зовлонгоор жаргагчид” борооны дараах мөөг шиг олширсоор л. Сэтгэл судлалд улигт бодол, улигт үйлдэл гэж нэг ойлголт байх. Хүний амьдралд тохиолдсон бүтэлгүй үйл явдал, дурсамж эсвэл ирээдүйд тохиолдож болох муу зүйлийг зөгнөн бодож ёрлон сэтгэх замаар олж авсан сэтгэл түгшээсэн, айдас үүсгэсэн бодлууд нь сэтгэлд нь эргэлдэж энэ бодол дурсамжиндаа шүүмжлэлтэй хандаж болихыг хүсэвч, ач холбогдолгүй, хэрэггүй зүйл гэж үнэлэвч байн байн оюун санааг нь зовоохыг улигт бодол гэнэ. Улигт бодол орж ирэх бүрд тухайн хүн бие сэтгэцийн хувьд хөөрөлд орж, зүрх нь дэлсэх, даралт ихсэх, амьсгал давчдах, ходоод хорсох, уур хилэн,айдас, гомдол үзэн ядалт гэх мэт бодлын агуулгад тохирсон сэтгэл зүйн өөрчлөлтийг мэдэрнэ. Улигт бодлоо алга болгохын тулд тоо тоолох, маань унших, ямар нэг шашны / сүү өргөх, хүрд эргүүлэх, даллага авахуулах, засал хийлгэх азын машины номер харах, гэх мэт/ улигтай үйлдэлтэй болно. Улигт үйлдлээ хийхээр тайвширна, бодол нь түр замхран алга болно. Энэ байдлыг улигт байдлын невроз гэх бөгөөд ийм байдалтай хүмүүс сэтгэл байнга түгшиж, айж байдгаасаа болж бие нь байнга өвддөг өвчирхөх хам шинж, сэтгэл түгших, гутрах, айдсын өвчтэй болж хувирдаг. Энэ байдлаа алга болгохын тулд ид шидийн арга хайж эхлэх бөгөөд энэ сэтгэлийн сул орон зай дээр нь “эмгэг зан төрхтнүүд” амжилттай тоглож хөлждөг. Эмгэг зан төрх гэж бие хүний өвөрмөц эмгэг бөгөөд зан төрхийн өвөрмөц өөрчлөлт, этгээд араншин, биеэ авч явах байдал, сэтгэлийн цочролд өгч буй сэтгэлийн хариу урвал нь нийгэм хүлээн авахад төвөгтэй байдлаар илэрхийг хэлдэг. Энэ нь сэтгэцийн маш олон хэлбэр байдаг бөгөөд шашинтай холбоотой зонхилон тохиолддог хэлбэрийн талаар товч дурдъя Бие хүний жүжиглэх эмгэг Энэ эмгэг нь олонд нэртэй байх /тоогдох/ байнгын хүсэл, бусад хүмүүсийн анхаарлын төвд байхыг эрмэлзэх гэсэн хоёр хэлбэрээр илрэх бөгөөд бусад хүмүүст тоогдох үнэлэгдэх, сайшаагдах, магтагдах, гэсэн мөнхийн хүсэл эрмэлзлэлд хөтлөгдөнө. Энэхүү хүсэл нь хэрэгжиж байвал сэтгэл өег явна, эс бүтвээс бачимдана. Хэн өөрийг нь магтана тэр сайн хүн хэмээн магтаж хэн өөрт нь шаардлага тавина түүнийг муу хүн гэж дүгнэнэ. Аливааг ухаарлаар биш сэтгэлдээ таарсан эсэхээр үнэлнэ. Үүнээс гадна бусдын анхаарлыг татаж байхын тулд тод өнгийн этгээд чамин хувцас өмсөж дэгжирхэнэ, эрээн мяраан чимэг зүүлт зүүж, цагийн аясыг дагаж дуурайж чамирхана. Үзэгдэл юмсын гадаад өнгөн талыг шохоорхож, дотоод мөн чанарыг огоорч нүд хуурсан зүйлийг хэрэглэх буюу сонирхоно. Истерийн фантаз. Жирийн амьдралд тохиолдох боломжгүй ер бусын үйл явдлыг санаанаасаа дүрслэн ярина. Юуны тухай зохион ярих буюу ямар агуулгатай зүйлийг дүрслэн бодох нь тухайн цаг үе болон нөхцөл байдлаас хамаарна. Истерикүүд өөрийн дүрслэн бодсон зүйлдээ чин сэтгэлээсээ итгэнэ, сүжиглэнэ.

 Чингэвээс тэдний санаа сэтгэлд оршин буй тэдгээр хий хоосон бодлууд хийгээд зохиомол дүрүүд “амилж” биет зүйл болон хувирч нүдэнд нь харагдаж чихэнд нь сонсогдож гарт нь мэдрэгдэнэ. Учир иймд ид шидийн ертөнцийг ” Өөрийн биеэр туулсан”, “Үзсэн”, “Сонссон” хэмээн итгэл үнэмшилтэйгээр зураглан ярина. Өөрийгөө ер бусын “Ид шидтэн”, “Дарь эх”, “Хувилгаан”, “Онцгой увьдастан”, “ Амин гүйдэлтэй хүн” /био энергитэй хүн/, “Мэргэн хүн “, буюу бусад ид шидтэй хэмээн өргөмжилнө. Нийгмийг шуугиулан байгаа зүйлийг даган дуурайна. “ Гал гаргана”, “Харь гаригийнхантай уулзана”, “Бурхнаар бөөлжинө”, “Үхэгсдийн ертөнцийнхөнтэй холбогдоно” бөө, удган болж өөрийгөө тодруулна. Алдар хүндийн оргилд хүрэхийн тулд хамаг чадлаа зориулна. Өөртэй нь ижил истери өвчтэй хүмүүсийг ашиглаж алдар хүндээ өргүүлнэ. Өөртэй зориулан янз бүрийн цол гуншин өгнө. Өрөвдөх сэтгэлгүй психопати Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд, эд баялаг, хөрөнгө зоорь хураахын тулд яахаас ч буцахгүй авирлах, өөрийн хүсэл шуналыг биелүүлэхийн тулд ямарч дүр, сэтгэлийг гаргаж чаддаг араншинг өрөвдөх сэтгэлгүй психопати гэнэ. Шорон оронгоор явж байсан, хүмүүжлийн дотоод зөрчилтэй гэр бүлд өссөн, архичид, хар тамхичид зан төрхийн өөрчлөлт хэмээх энэ өвчнөөр өвчилдөг. Өөрийн шунал тачаалаа биелүүлж байхын тулд хүссэн дүрдээ хувирна. Сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадаагүй хувь хүн бүрийг олзлон мөнгө төгрөг, эд материалыг нь сүсэг, айдас дээр нь дөрөөлөн мулзална. Энэхүү аргадаа шинжлэх ухааны болон бусад бүх аргыг овжин ашиглана. Өөрийн үйлдэл, биеэ авч яваа байдал нь байнга зөрчилдөнө. Жишээ нь: Өдөр нь ном уншиж засал хийгээд орой нь олсон мөнгөөрөө архидан самуурагч лам, бөө, шидтэнгүүд, гэх мэт Түүх сөхөн харвал солио өвчтэй хүмүүсийг чөтгөрийн хорлолд автсан гэж шатаан алдаг байсан бол истери өвчтэй хүмүүсийг бурхантай холбогдсон хүн хэмээн өргөмжилж сүмд суулгаж аврал одуулдаг байжээ. Истерий өвчтэй хүмүүсийн балгаар олон хүмүүс амь насаа алдах, дайн самуун гарах, шинжлэх ухаанч, бүтээлч хүмүүс цаг бусаар хорвоог орхиж байжээ. Үүнээс гадна шашин нь айдсаар нь номхруулах, захирах нэгэн том арга хэрэгсэл болж байлаа. Өнөөгийн монголчуудын хувьд шашны төөрөгдөл нь жинхэнэ утгаараа бий болжээ. “Олон ургальч шашин” бий болсон нь ертөнцийн зүй тогтолд мунхрахын үүд хаалгыг нээж өгсөөр л. Ертөнцийн зүй тогтлыг эд хөрөнгө, нэр алдар, албан тушаал, эрх мэдэл гэж ухаарсаар л . Хайрлах сэтгэл царцаж, хатуу сэтгэл хөгжсөөр л. “Бурхан минь намайг баян болгож өгөөч”,” Намайг эрүүл болгож өгөөч “ Намайг, намайг, ганцхан намайг” хэмээн хамаг чадлаараа мөргөсөөр, залбирсаар.

Зөвхөн урвасан зовлонд оршдог нь нотлогдсон энэ орчлонд аз жаргалыг бэдэрсээр насыг элээж нартыг дуусгах гэж үү . Амьдралын үнэнээс зугатаж, хууран мэхлэгчдэд залилуулан итгэл сэтгэлээ золиослон амь зогоон амьдарсаар байх уу ?
Би таниас асууя. • Элэг нэгт ахан дүүс минь ээ байгалийн онцгой содон тогтоц, бүрийг “Билэгшээх сэтгэхүйд” захируулан сүсэг бишрэлээр сүйтгэн, бохирдуулсаар байх уу? • Шашинд номлогч, хоосон сүжрэгчдийн хогийн тантан болгон хувиргасан, газраас эрч хүч сэтгэлийн амар амгалан эрж өөрсдийгөө гутаан доромжилсоор байх уу ? • Хадганд боогдон үхэж байгаа модонд амиа бөхөллөө, эрүүл мэнд аз хийморио даатгалаа хэмээн төөрөлдсөөр явах уу ? • Хуурамч сүсэг, хоосон итгэлд төөрөлдөн өөрсдийгөө рекламдагчдад /сэтгэцийн өвчтэй хүмүүс/ амь амьдрал аз хийморио даатган энэ насны амьдралаа зовлонд унагасаар л байх уу ? • Үнэт зүйл бахархал хүндэтгэл минь шашны улигт зан үйлд дарагдан утгаа алдсаар л байх уу ? Та эргэцүүлээд нэг бодоорой.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна