Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Эгэл хүмүүн

10 жилийн өмнө
       Соёл, урлаг л эгэл бүхнийг аугаа болгодог -Тодын Дашцэрэн
Эрдэнэтийн түүхийг бүтээсэн анхдагчдын дунд эгэл гэхэд багадмаар тодотголтой нэгэн эрхэм байсийм. Эрдэнэттэй амьдралаа холбосон 30 гаруй жилд тэрээр соёл,урлагийн салбарыг хөл дээрээ бат зогсоход ачааны хүндийг үүрсэн гэж тус салбарынхан үнэлдэг. Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” Тодын Дашцэрэн. Энэ нэр “Уурхайчин” соёлын ордонтой ихэр юм шиг сонсогддог. Уурхайчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж,тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон соёлтой өнгөрүүлэх олон талт ажлыг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах томилолтыг МҮЭ-ийн Төв Зөвлөл 1978 онд түүнд өгсөн юм. ... Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж, хөгжимчний мэргэжил эзэмшсэн тэрээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн нь чухамдаа том аз завшаан байлаа. Урлагийн цагаан сүмд томчуудтай зэрэгцэн сууж кларнет хэмээх нарийн уянгалаг, тансаг хөгтэй хөгжмөө тоглон дэлхийн сонгодог бүтээлүүдийг амьдруулж явлаа.

Нийгмийн идэвхтэй,басчхүү удирдах ажлын авьяастайг нь олж харсан удирдлага нь түүнийг боловсон хүчний нөөцөд бүртгэн ЗХУ-ын Ленинградын Соёлын ажилтны дээд сургуульд суралцуулав. Дэлхийн соёл урлагийн гайхамшиг болсон Ленинград хотод суралцаж,олон орны залуустай найзалж, орос хэлэнд шамдаж, сонгодог урлагийн театр, эрмитажийг дахин дахин үзэж, номын сан,ажилчны соёлын ордны ажлыг гаднаас нь бус, бүр дотор нь орж судаллаа. Багшийн хичээлээр өгөх онолыг амьдрал дээр баталгаажуулж,дадлага олж авахыг тэр бүхнээс илүү хүсэж байсан юм. Нэг л мэдэхэд оюутны хавар ээлжилсээр ,цагаан шөнийн дурсамж ард үлдсэн. Нутагтаа ирээд шинэхэн МҮЭ-ийн Соёлын төв ордны соёл олон түмний ажил хариуцаж ажиллалаа. Бага багаар туршлагажиж,улмаар Барилгачдын соёлын ордны даргаар дэвшлээ. Удалгүй Дархан хотын Шарын голын Соёлын ордны даргын ээлжит томилолтоо аван ажиллаж байтал төвд дуудлаа. – Төв Зөвлөлөөс өөрийг чинь энэ удаад бодлогоор Эрдэнэт явуулна. Монгол-Зөвлөлтийн хамтарсан зэс молибдений үйлдвэр байгуулагдаж байна.
Энд чиний хэрэг их байна. Ажилчин залуучуудын соёл хүмүүжлийг нэг ёсондоо хариуцаж, шинэ соёлын ордонд ажиллана гэсэн товч тодорхой үүрэг даалгаврыг авч,Эрдэнэтийн овоог зорьсон юм.. Ажлаа хаанаас юунаас эхлэхэв гээд бодоод байхааргүй туршлага хуримтлуулсан тул харин ч нэг, толгой өвдөлгүй зүтгэсэн. Газар газраас ирсэн залуучуудыг хүмүүжүүлж төлөвшүүлэхийн тулд ах нартай хамтран соёлын ажлын нарийн төлөвлөгөө хийж, АСТ, үдэшлэг, нийтийн бүжиг,номын үйлчилгээг өргөжүүлэв. Эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарч,эзэгтэй нарт ногоо даршлах,жимсний чанамал,боов бялуу хийхээс эхлээд ахуйн соёлын чиглэлээр сургалтууд явууллаа. Тухайн үеийн хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ерөнхий консулын газрын эмэгтэйчүүдийн зөвлөлийнхэн ажлыг ундруулдаг байв. Уурхайчдаар овоглосон соёлын ордондоо 1984 он хүртэл ажиллаж байтал “ҮЭ-ийн ажлаа нэг хэсэг хийх шаардлагатай байна” гэсэн итгэлийн үгтэй томилолт дахин авах нь тэр. Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд Эрдэнэтийн анхдагчид олноор ажилладаг. Зөвлөлтийн барилгын байгууллагуудад ажиллаж байгаа үндэсний ажилчдын эрх ашгийг хамгаалж сонгуульт ажлаа хийсээр ардчилсан хувьсгалтай золгов. Дашка ах маань гавьяаныхаа амралтад гартлаа буюу 1990-2007 онд “Уурхайчин” соёлын ордон, дараа нь дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын даргыг хавсран гүйцэтгэсэн юм. Дашцэрэн даргыг үеийнхэн нь ч, залуучууд ч их хүндэлнэ. Өрөөнд нь яваад ороход андашгүй хүд хүд инээгээд,заримдаа хүн “явуулахаараа” бүр нулимсаа арчиж байгаад инээнэ.Хурал цуглаан хийх том байр хэрэгтэй болохоор тусламж эрээд явж очно. ” Манай үйлдвэрийн бүх ажил эртнээс төлөвлөсөн байдаг. Төрийнхэн та нар цагий нь тулгаж байж ажлаа шийддэг хачин улс шүү. Түрээсийн төлбөрөө төлөхгүй бол өгөхгүй” гэж ирээд томорно. Гэтэл энэ нь үнэн хэрэгтэй намайг цаашлуулж айлгаж байгаа ухаантай. Танай багш нар замбараагүй, соёлын ордонд орж ирээд нэг сандал дээр давхарлаж суугаад сандал эвдэнэ, гоё хувцастайгаа шатан дээр сууна. Яаж ингэж болохов дээ гэж зэмлэх зөвлөхийн завсраар хэлнэ. Энэ үгийг бид хүлээн авч,намрын багш нарын бага хурал, мэргэжлийнхээ баярыг тэмдэглэхдээ суудлын тоогоор урилга хэвлүүлж,соёлтой хуралддаг болсон билээ. Түүний амьдралын сүүлчийн жилүүдэд бид бие биенээ ойлголцсон, үнэхээр сайхан гар, санаа нийлнэ. Боловсрол, соёлын газрын соёлын бодлогын зөвлөхийн албан ёсны өргөмжлөлөө Соёлын ажилтны өдрөөр гардуулсан нь сэтгэлийн галд нь өргөсөн цучил байсан юм. Насаараа удирдах ажил хийсэн хүн,тэр тусмаа эрэгтэй хүн өндөр насны тэтгэвэрт гараад нэг хэсэгтээ дасдаггүй бололтой. Ажлаа бодоод хийх гэж байсан зүйлээ ярих гээд. Манай газраар ирэх дуртай. .Ач нь 6 дугаар бага сургуульд явдгийг хэлэх үү? Зогсоол дээр “Nadia”-гаа тавьчихаад Ичинхорлоо эгчтэй цуг орж ирнэ -Марина сайн уу? гэж мэндлээд хуучилна. Би ч,-“Цай юу? Кофе юү?” гэхэд, -Сайхан кофе уунаа гэнэ. Заримдаа юм ярьж байснаа гэнэт чимээгүй болж,тэгэснээ энэ муу зүрх л хатгаж байхгүй юү гээд инээхэд нь ,-Та гэрт суугаад биеэ чагнаад байгаа юм уу гэж би явуулна. Хааяа нэг орж ирэхдээ нэлээн амьсгаадаад байсан нь үнэхээр л зүрх нь өвддөг байж дээ гэж өнгөрсөн хойно нь боддог юм. Бидний ярианы сэдэв тун гоё. Хөгжим,соёлын ажил,соёл олон түмний ажлын шинэчлэл. Төгсөөгийн өрөөнд заавал орно. Штрауссын марш,эсвэл бүхий оргилуун симфони хөгжмийн бичлэг үзэж эгээ л өөрөө дунд нь тоглож байгаа юм уу гэлтэй болно.Аугаа их хөгжмийн зохиолчдын симфони,удиртгал хөгжим,марш, түүний үүх түүхийг нэвтэрхий толь шиг мэднэ. Соёл олон түмний ажлыг улсын хэмжээнд өөрчилмөөр байна. Сургалтын бааз Эрдэнэтэд байна,соёлын төвүүдийн ажиллагсдыг бэлдэж өгье, би нэг гарын авлага ном бичье гээд БСШУ Яамны Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жаргалсайханы цуврал номыг надаас авсан юм. Нийслэлд хүүхдийн найрал дууны уралдаан болоод байна хэдүүлээ Эрдэнэтдээ хийе гээд дуулах дуу,ноотыг нь хэрэг болгон хотоос авчраад албан бичигтэй хамт сургуулиудад хүргүүлж, хүүхдүүддээ захиж бэлгэнд өгөх даралтат хөгжмийг Японоос авчруулж сайхан зохион байгуулсан юм. Найрал дуу гэдэг бол хүүхдийг хамтач,нийтэч болгох, дуулж сурахаас гадна соёл урлагт хайртай болгодог чухал зүйл шүү гэж ярих дуртай. Монголын Радиогийн редактор Ч. Буянхишиг , дуучин Ж.Сэлэнгэ эгч ирж шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллалаа. Д.Байгал захирал маань сэтгэлээрээ дэмжиж хүлээн авалт зохион байгуулж анхны арга хэмжээ сайхан боллоо. Энэ өдөр 2009 оны Майн 1-ний баярын өдөр байлаа. Түүнээс хойш манай Боловсрол,соёлын газар,”Уурхайчин” соёлын ордонтойгоо хамтарч энэхүү ажлыг хэвшил болгосон төдийгүй энэ жил тав дахь удаагаа сайхан зохион байгууллаа. Соёлын ордны их танхимд багтахгүй олон хүүхэд цугларсан байв. Ө.Байгалмаа, Ц.Өлзийсайхан, Цэенхорол, Ц.Алтанболд нарын олон багш жил бүр хүүхдээ сайн бэлтгэдэг. Энэ жилийн хувьд Дэнжийн 7-р сургуулийн дуу хөгжмийн багш С.Болормаа 300 гаруй хүүхэдтэйгээр уг уралдаанд амжилттай оролцож байгааг харахад бахархмаар.
Уралдааныг үзэж суухдаа хүүхдүүдийн маань дууны уран бүтээлийн сан баяжиж ,чанаржиж байгаа нь илт.Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх засгийн бодлогыг Дашка ах маань аль эрт олж харсан юм биш үү гэж бодогдож,таныхаа ухаанаар бахархаж байлаа. “Уурхайчин” соёлын ордны их танхимд зун цагийн өнгө өнгийн цэцэгс дэлбээлсэн мэт гоёмсог, хүүхдүүдийн цовоо цалгиун дуу багшийн гарын дохиогоор хөглөгдөн, өнгө нийлэн цангинаж, хүүхдийн цагаан энерги цацарч байхыг харахад ямар сайхан бэ? Н.Ичинхорлоо эгч ханийхаа нэрэмжит Хүүхдийн найрал дууны наадмыг хамтран зохион байгуулж суухдаа,-Бидний яриа,хүүхдүүдийн дууг өвгөн минь дандаа сонсдог юм ш дээ гээд ханийнхаа барьж байсан утсан дээрх бичлэгээ хөх тэнгэрийн зүг харуулахдаа санаа нь бага ч болов тайвширч, цаанаа л нэг сэтгэлийн утас нь чичирхийлэхийг хараад нулимсаа мэдэгдэхгүй байхыг ихэд хичээлээ дээ...

Найрал дууны анхдугаар наадмын шагнал гардуулах ёслол. Зураг дээр: “Соёлын тэргүүний ажилтан” Т.Дашцэрэн, “Уурхайчин” соёлын ордны дарга Д.Дашдондов, МҮОНРадиогийн хөгжмийн редактор Ч. Буянхишиг, “Уурхайчин” соёлын ордны найрал дууны багш Б.Нарантуяа,аймгийн ЗДТГазрын соёлын түшмэл Ж.Сандуйжав,БУГС-тай 14 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Ө.Байгалмаа нар 2009.05.01

МУСТА Ц.Өлзийсайхан багшийн удирдсан “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг Зургийг сэтгүүлч Н.Лхагвадулам 2009.05.01
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна