Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Бэлтэй нь бэлээ гайхуулж, бэлгүй нь булан хайдаг байдал хэзээ арилах бол

10 жилийн өмнө
Монгол Улсад 1965 онд нийтийн бие засах газар эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн ялгаагаар үйлчилдэг болсон түүхтэй. МУИС-ийн харъяанд байсан Анагаахын сургуулийн оюутнуудад зориулсан уг үйлчилгээ өдгөө хувь хүн, нийтийн соёлын нэг хэмжүүр болжээ. Хүн амьдралынхаа туршид дунджаар 11862 цаг жорлонд өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь нэг жил, дөрвөн сар, таван хоног гэсэн үг юм. Иймд жил гарангийн хугацаанд өнгөрүүлдэг уг өрөө тухтай, бас үргэлж нээлттэй байх учиртай. Гэтэл ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын жорлон үдээс хойш ажилладаггүй учир эрчүүд биеэ хөнгөлөх газар олдоггүй байна. Орхон цогцолбор сургуулийн 4 дүгээр ангийн нэгэн сурагч хэлэхдээ, “ Манай хичээл өдөр ордог. Орой 16 цаг өнгөрөөгөөд жорлон орох гэтэл цоожтой байдаг. Зөвхөн охиуудын “ОО” онгорхой байдаг. Хөвгүүд охидуудын “ОО” руу орвол шоолно гэж бодоод гадаа гарч шээдэг. Эсвэл бүр нэг давхарын буланд байдаг “ОО” руу хурдан явахгүй бол хонх дуугарчих гээд байдаг” гэлээ. Харин МУИС-ийн нэгэн оюутан хэлэхдээ, “Багш, оюутнуудын бие засах газар тустай байдаг. Гэхдээ зарим тохиолдолд цэвэрлэгч олон жорлон цэвэрлэхээсээ залхуурдаг юм уу, бүү мэд. Аль нэгийг нь хаачихдаг. Бид багш нарын “ОО” руу орохоор уурладаг. Харин багш нар заримдаа оюутнуудын “ОО” руу орж байгаа харагддаг. Ер нь жорлон яагаад үргэлж нээлттэй байж болдоггүй юм бэ” гэсэн юм. Үнэхээр нийтийн бие засах газар яагаад 24 цагаар ажиллаж болдоггүй гэж? Цоожтой, эсвэл усгүй, гадны хүн орохыг хориглосон “ОО” хүний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Ялангуяа, ерөнхий боловсрол, их дээд сургуулийн жорлон 24 цагаар ажиллах ёстой. Хүний биеэс гадгашлах илүүдэл ямар ч цаг хугацаанд гарч болно. Гэтэл цэвэрлэгчийн ажлын цагт тааруулж биеэ хөнгөлөх шаардлага гарч байна. Үнэхээр утгагүй. 2011 оны үед Орхон аймгийн удирдлагууд хотын соёлыг хөгжүүлэхийн тулд албан байгууллагууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд нээлттэй болгоно уу гэсэн журам гаргаж билээ. Түүнийг нь дагасан байгууллага ховор байсан бөгөөд журам ч тэгэсхийгээд мартагдсан. Түүнээс өмнө буюу 2010 оны үед Орхон аймгийн иргэдийн эрүүл мэнд, соёлд анхаарсан нэгэн бүсгүй БНХАУ-аас явуулын “ОО” оруулж ирсэн. Төрөөс олгодог зээлд хамрагдаж хоёр тасалгаатай, бохирыг нь соруулдаг “ОО” суурилуулсан ч ердөө хоёрхон сар ажилласан. Нийт төсөвт өртөг нь 50 сая төгрөг. Хүн ам ихээр төвлөрлөдөг “Авто вокзал” –д буюу Барилгачдын талбай дээр байршуулсан “00” өдгөө үзмэр болоод байж л байна. Мөн 2008 онд Хотын захирагчийн алба “Нийтийн бие засах газар”-ын төсөл сонгон шалгаруулалтаар газар олгосон. Тухайн үед “Эрдэнэт Орд”ХХК “Хүлэг” хүнсний захад нийтийн бие засах газар барьсан. Харин дараа нь “Эрдэнэт- Сэрвэй” ХХК Согоот, Хүрэнбулаг багт нийтийн бие засах газар байгуулахаар болжээ. Аймгийн Хотын захирагчийн алба, Барилга захиалагчийн албатай гэрээ байгуулж 2008 оны 9 дүгээр сард барьж дуусгах ёстой байсан ч 2010 он хүртэл үргэлжилсэн. Хүн ам ихээр төвлөрдөг хэсэгт хоёр “ОО” байршуулахад нийт 30 сая төгрөг төсөвлөсөн байна. Харамсалтай нь “Урт цагаанд” барьсан “00” нь стандартын бус гээд мэргэжлийн байгууллагынхан дүгнэлтээ гаргасан. Тэр ч байтугай “Эрдэнэт Сэрвэй” ХХК-ийн удирдлагууд хоорондоо муудалцаж эцэст нь шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхээр болсон. Үүний үр дүнд Орхон аймагт дахин “ОО”-ын үзмэр нэмэгдсэн юм.

 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний гудамжид байрлах “ОО”-д 15 сая төгрөг зарцуулсан. Одоо цонх нь хагарч доторх нь тоногдсон ийм л дүр зурагтай байна. Ариун цэврийн өрөөтэй холбоотой энэ мэт асуудал цөөнгүй бий. “Ухаангүй ноёнд ургашгүй алба” гэдэг шиг төрөөс дэмжиж, хянаж байгаа дэмжүүлж, хийж байгаа нь яг таарч. Сонирхуулахад, эрдэнэтийн зарим баячууд гэрийнхээ “ОО”-ыг 20 сая төгрөгөөр зассан байх жишээтэй. Бэлтэй нь бэлээ гайхуулж, бэлгүй нь булан хайдаг болсон энэ байдал хэзээ соёлын хэмжээнд яригдах вэ? Иргэдийн ариун цэвэр, эрх, соёлын асуудлыг төр хариуцах үүрэгтэй. Харамсалтай нь дандаа тунхагийн чанартай ажил хийдэг болохоор тэгэсхийгээд намдах юм. Зарим байгууллага модон жорлонг 8 сая төгрөгөөр барьчихаад ёслолын тууз хайчилна. Ингээд бодохоор нийтийн бие засах газар ашиг хайгчдын гол эх сурвалж болж байгааг үгүйсгэхгүй юм. Тэгээд ч хүн ямар ч цаг хугацаанд “00”-д орох хэрэгцээ гарч болно. Иймд нийтийн бие засах газрыг 24 цагаар ажилуулмаар байна. Энэ онд Орхон аймагт ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хэрэгжиж байгаа. “Ногоон Эрдэнэт”, “Эрдэнэт секьюрити” төсөлд олон сая төгрөг төсөвлөсөн байна. Ургах, ургахгүй мод тарьж байхын оронд нийтийн бие засах газраа нэмэгдүүлмээр юм.

Морь харчих газар олдохгүй учир хэдэн саяар бүтээж буй ногоон байгууламж руу чинь “сарьж” байна. Мөн зарим “ОО”-д “Зөв хүн, хүний нүднээс далд үед ч зөв байдаг” гэсэн анхааруулга бичиг байдаг. Тэгэхээр ариун цэврийн өрөөгөө хаагаад л дураараа аашилдаг иргэд хувийн соёлд суралцахгүй бол жорлон хаагдаж, цагийн хуваариар үйлчилж, эсвэл цаасгүй өрөө угтаж “шийтгэх” болно. Судалгаагаар, эмэгтэйчүүд ариун цэврийн өрөөнд их уддаг тул тоог нь олшруулдаг байна. Харин манайх нэг хаалгаар орж нимгэн ханын тусгаарлалттай хэтэрхий давчуу өрөөнд биеэ хөнгөлдөг. Хэлэхэд, бичихэд ичмээр сэдэв ч хүний эрхтэй холбоотой учир хөндөхөөс өөр арга байсангүй.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна