Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Машиндаа тамхи татаж “болно”

10 жилийн өмнө
“Монголын хууль 3 хоног” Энэ үгийг хэн хэзээ хэлснийг мэдэхгүй. Хууль санаачлагчид жилд олон арван хууль үйлдвэрлэж,түүнийг нь хэрэгжүүлэх ажил голлож төрийн албаныхны нуруун дээр буудаг. Уг нь хуулийг “боловсорч” байх үеэс иргэд өөрсдөө оролцож, дуу хоолойгоо нэмэрлэдэгсэн бол хуулиар хүлээсэн үүргээ эрхтэйгээ ижил түвшинд авч явах байх л даа. Эрүүл мэнддээ анхаарч санаа тавьдаг болж байгаа энэ цаг үед батлагдсан “Тамхины хяналтын тухай” хууль нь иргэдэд маш хэрэгтэй хууль санж. Хавар , зун цаг, дулааны улирал болоод тэрүү хуулийн хэрэгжилт боломжийн байсан нь монголчууд бидний нөгөөх л “Сонин дээрээ соохолздог” муу зантай холбоотой. Саяхны нэг өдөр дөө. Хажуугийн байшингийн орцны үүдэнд ажлаасаа буугаад гэр рүүгээ орох зуур таарсан хоёр бүсгүй урт нарийн шилбэт гаргаж ирэн бие биенээ дайлах нь сонирхол татсан юм. Тэр хоёр тамхилангаа ертөнцийн түмэн сонинг тухтайяа хуучилна.Цэцэрлэгээс хүүхдээ аваад ирсэн бололтой нэгнийх нь хүүхэд,-Ээж ээ ,гэртээ оръё гэхэд, -Хүлээж бай,миний хүү гэчихээд хоёр дахь тамхиа асаалаа.Уг нь орон сууцны орох хаалганы дэргэд тамхи татахыг хуулиар хориглосон заалттай ч дэргэдүүр нь өнгөрч, орж гарч байгаа хүмүүсийг ажиглавал,буруу зүйл хийж байгааг нь мэдрэх нь бүү хэл, толгой дохин мэндэлцгээнэ. Цаг хэмнэж, яаралтай ажлаа амжуулахаар зам дээрээс машин барилаа.Таксинд суусан даруйдаа тамхины утаанд угаартах шахав. -Цонхоо онгойлгоорой,яасан айхтар утаа вэ? гэхэд,жолооч залуу,- Би архаг тамхичин,сая буусан хоёртой нийлж тамхилаад,бид хэд ёстой эрх чөлөө эдэлж тамхиа сайхан татаж авлаа гэх нь тэр. -Үйлчилгээнд явж байхдаа машиндаа тамхи татвал үйлчлүүлэгчид хэцүү юм байна даа гэж яриаг өрнүүлвэл,- Тэгээд хаана татах юм,төрөөс хууль гаргасан,тамхи татах газрыг нь бэлдэж өгөөгүй ш дээ.Такси үйлчилгээ хүн ихтэй,цай уух зав байдаггүй,боломж гарсан үед өөрийнхээ өмчин дотроо тамхиа татахаас яадаг гэж ам таглав. Хууль хэрэгжүүлэх талаар шаардлага тавьсан нь одоо цагт буруудах бололтой.Хүүхдийн байгууллагын орчинд тэр тусмаа тамхи хориотой. Тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг,санамж байрлуулсаар байтал түүнийг юмын чинээ санахгүй нэг нөхөртэй саяхан цэц булаалдав.Татаж дуусч байгаа тамхиныхаа хайрцгаас үлдсэн ганц хоёр ширхэг тамхиа аваад шинээр задалсан тамхины хайрцаг руугаа хийнгээ нэгийг асааж татаж эхэллээ. –Та тэр хаалган дээр наасан санамж харж байна уу? хэмээн намайг сануулах маягаар хэлтэл буруутлаа. -Битгий хэнхэглэ,та нарын хэрэгжүүлж байгаа хууль хаана байгаа юм,худлаа хэрэгжихгүй хууль гаргачихаад гэж ирээд уурлаж байнаа. -Хуулийг би биш, хууль баталдаг УИХ гаргасан, та бид иргэнийхээ хувьд хэрэгжүүлэх үүрэгтэй юм биш үү? гэвэл нөгөө залуу татаж байсан тамхиа хогийн сав руу чулуудав.Танд би буруу шаардлага тавиагүй шүү дээ,тамхиа ав даа гэж хэлсэн биш, ёстой уушиг зүрх нь оволзох нь тэр. Гэвч олны танил болж яваа бизнес эрхэлдэг тэр эрхэм татаж байгаад хаясан тамхиа хогийн савнаас авч,том хар жип машин руугаа алхах зуур,-Та нарыг тамхины хуулиа хэрэгжүүлэхийг чинь харнаа. Монголын хууль гурав хоног ш дээ гэж үглэн дуулж,хаазаа хүчтэй нэмэн ууртай нь аргагүй явж одов. Уг нь энд уурлах зүйл огт байхгүй.
Шаардлага тавьсан хэн нэгэнд буруу байхгүй,тэр хүн иргэний үүргээ сайн биелүүлсэн. Аливаа шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд садаа мундахгүй тохиолддог.Эсэргүүцэл ч зөндөө тулгарч,дагаад сөрөг муу арга ч нарийсдаг. Төрөө дээдэлж,бас өөрсдийн болон өрөөл бусдын эрүүл мэндийг хамгаалж,утаат тамхиныхаа хэрэглээг боловсон болгомоор байна.Хууль хэрэгжүүлэх нөхцөл,бэлтгэлийг хангахад одоо ч оройтоогүй санагдана.Ядаж зөвшөөрөгдсөн газарт “Тамхи татах өрөө”-тэй байх,нийтийн тээвэр,таксины жолооч нар өөртөө болон үйлчлүүлэгчдэд өндөр шаардлага тавьж, зөв дадал хэвшилтэй болоход тэвчээр,сэтгэл хоёр хэрэгтэй. Энд нэмэлт зардал хэрэггүй . Хуулиа иргэн бүр биелүүлдэг болсон тэр цагт бид “Монголын хууль гурав хоног” гэдэг ичмээр үг,үйлдлээсээ сая салж чадна.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна