Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Буруу бодол сэтгэл

10 жилийн өмнө
Дэлхий даяаршлагдаж буй шинэ зуунд хүмүүс цахим мэдээллийг өдөр тутмын хэрэглээ болгосон нь сайн муу хоёр талтай. Цаг хугацаа хэмнэж, орон зай, хил хязгаараас үл хамааран хүмүүс хоорондоо мэдээлэл солилцдог. Монголчууд бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүй яваа нь нэг талаас баярлууштай.

Гэвч...Компьютерийн ард суугаа намайг хэн харж,хэн мэдэхэв гэсэн шиг мэдээллийн сайтуудын нийтлэлд сэтгэгдэл бичигсдийн зарим нь арай дэндүү авирлах юм.Хэн нэгнийг доромжилж, өс хонзон тооцож явдгаа нууцаар илэрхийлж хар үгээр булах нь өөртөө нүгэл хурааж,үүрэх ачаагаа нэмж буй хэрэг юм. Бурхан багшийн сургаалд, “Бусдын эрх ашгийг хөндөж,бусдад зовлон учруулах сэдэлттэйгээр бие, хэл, сэтгэлээр дамжуулан үйлдэгдэх бүх үйлийг нүгэл гэдэг “ хэмээн тодорхойлжээ.Нүгэл дотроос сэтгэлээр үйлддэг гурван хар нүглийн нэг нь “Буруу бодол сэтгэл”.
Энэ талаар хувь хүнийхээ хувьд тантай саналаа хуваалцаж байна.Хүний амьдралын үргэлжлэх хугацаа хэдий урт билээ. Насаллаа насаллаа гэхэд зуун нас хүрнэ биз.Түүнээс амьдралын идэвхтэй хугацаа нь хэд байхав? гээд бодвол их л бага тоо гарна даа.

 Хөдөлмөрийн чадвартай насны иргэд маань цахим ертөнцөөр дэмий хоосон аялж,буруу бодол тээж байхын оронд арай өөр зүйл сэтгэж,бүтээж явбал хувь хүний амьдралд тустай баймаар. Ямар ч насны хүн интернэтэд ордог. Иймд та бичиж буй зүйлээрээ ирээдүй хойч үеийнхээ хүүхэд залуусын оюун тархинд зөвөөр нөлөөлөх үүрэг хүлээмээр байна. Эх хэлээрээ зөв сайхан ярьж,бичиж сурахсан гэж бодож хичээж явдаг хүмүүс цөөнгүй бий. Сүүлийн үед компьютер,гар утас хэрэглэснээр үгийн алдаагаа хайхрахгүй, санд мэнд бичиж илгээдэг,яахав дараа нь компьютерт бичсэнээ засчихна гэсэн сэтгэлгээтэй болсон нь буруу юм.
Цахим сайт ажиллуулдаг инженер залуутай энэ сэдвээр санал солилцоход,-Эгч минь албан тасалгаанд ажилладаг хүмүүс ажлын цагаар янз бүрийн сайт ухаж, сэтгэгдэл бичиж суудаг. Удирдлага нь өрөөнд орж ирэхэд нэг л их ажил хэрэгч дүр эсгэсэн нөхөр сууж байгаа шүү дээ гээд инээж байсан.
Цахим сайтыг ажиллуулдаг сэтгүүлч, компьютер техник хангамж хариуцсан ажилтнууд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажилладаг. Тэд бас үүрэгтэй.Бүдүүлэг үг хэллэгийг байршуулахгүй,устгах эрхтэй. Харилцаа холбооны зохицуулах Хорооноос гаргасан журамд тодорхой заалт орсон тул эрх үүрэг нь тун тодорхой юм.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна