Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Тавагтай чихэрээ бариад хүүхдүүдээ угтахсан

10 жилийн өмнө
Саяхан гэр хорооллын XVIII цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт болж 170 гаруй хүүхэд тохилог, дулаан орчинд хичээллэх боломж бүрдлээ. Гэхдээ нээлт цагтаа эхлээгүй учир бяцхан сурагчид өглөөний хүйтэн жаварт даарч, эцэг эхчүүд цагаа баримталдаггүй дарга нарыг буруутгаж байсан юм. Шинэ цэцэрлэгтээ орох гэж хүлээж ядсан сурагчдад ёслолын тууз, улаан хивс үнэндээ сонин биш, гол нь хурдхан ангидаа ороод шинэ тоглоомоороо тоглох нь чухал байв. Гэтэл цэцэгтэй тууз хайчилж, улаан хивсэн дээр гишгэх дарга нар ирсэнгүй. Тэд хүлээсээр, хүлээсээр л... Цаг бол цаг. Гэхдээ энэ хууль монголчуудад үйлчилдэггүй. Дарга нь ч тэр цэрэг нь ч тэр болзсон цагтаа болзоотын бор толгой дээрээ ирдэггүй. Үүнээс болж олон ажил удааширч хөгжил ухарсаар л байдаг. Олон жишээ дурдаж болох ч ингэсгээд дуусгая. Харин цэцэрлэгийн нээлтийн хүндэт зочид бол хүүхдүүд гэдгийг бид мартах учиргүй. Ширээнийхээ бүтээлгийг бүтээгээд, шинэ халаадаа өмсөөд бяцхан сурагчдаа бид угтах ёстой. Дарга нарт зориулж ширээ засах биш харин инээд хөөр, баяр жаргалыг авчирдаг хүүхдүүдээ тавагтай чихрээ бариад угтахсан. Харамсалтай нь XVIII цэцэрлэгийн удирдлагууд улаан хивсэн дээр дарга нарыг гишгүүлчихээд шууд хураагаад авчихна лээ. Туузаа хайчилчихсан дарга нарыг дагаад анги даа орох гэсэн бяцхан хүүхдүүдийг “Хойшоо байж бай. Эхлээд зочдоо оруул, дараа нь та нар ороорой” гэж хэлэх нь цаана л зэвүүн. Намрын адаг сарын хүйтэн өглөө шинэ цэцэрлэгийн нээлт ингэж эхэллээ.



Даарсан ч орох зөвшөөрлөө авч чадаагүй хүүхдүүд цочир хүйтэнд цочирдотлоо зогслоо. Микрафон дамжуулан ярих дарга нарын үг сая нэг юм эцэслэж улаан хивсэн дээр ул мөрөө үлдээх тэр мөчид хүүхдүүд цемэнтэн шалан дээр зогссоор л байв. Ингэж, ингэж цэцэрлэгийнхээ хаалгаар сая нэг орчихоод бас л ангидаа орж чадсангүй. Учир нь дарга нар анги тахимтай танилцаад өрөөг нь суллаж өгөхгүй байв. Гэтэл нэг аав тэндээс уурлаж, “Та нар яасан уддаг юм. Бид гадаа зөндөө хүлээлээ. Одоо бас хүлээх үү. Өмнө нь танилцаж байхгүй яасан юм. Хүүхдүүд даарч байхад” гэж хэлэхэд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга уурлаж, “Цэцэрлэг барьж өгсөн биш ард иргэддээ загнуулдаг байна ш дээ.

Харин ч баярлалаа гэж хэлэх ёстой биз дээ” хэмээн хэн нэгнээс дэмжлэг хайн хэлллээ. Яагаад ч юм энэ байдал сэтгүүлч надад үнэхээр таалагдсангүй. Мэдээж Эрдэнэт хотод дахин шинэ цэцэрлэг нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Бүтээн байгуулалтаа олон нийтэд мэдээллэх нь ч зүй ёсных. Үүнээс илүү их бүтээн байгуулалт хийж, амьдралын орчин сайжруулаарай гэж тэднийг бид төрд илгээсэн юм. Тэгэхээр тэд бидний өмнө “бөхөлзөх” ёстой. Адаглаад бяцхан сурагчдаа хүндэтгээд эхлээд анги руу нь оруулж араас нь дарга нар орох ёстой болов уу. Гэтэл манайхан юуны өмнө дарга нарыг хүлээж нээлтээ эхлүүлэхгүй баахан удчихаад, дараа нь “ зрител” –ээ оруулдаг. Үүнийгээ хэзээ болих вэ? Хүүхдүүдээр арын “фон” хийлгэх биш улаан хивсэн дээр нь зогсоогоод тэднээр тууз хайчлуулъя л даа.Тэдэнд үзүүлэх хамгийн том хүндэтгэл бол энэ.

Бас нэгэн жишээ дурдахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Найдвар” төв дээр аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн өглөөний 10 цагт очино гэчихээд бас л цагтаа очоогүй. Дөчин минут өнгөрөхөд тэргэнцэртэй сурагчид аргаа барж хэвлэлийнхэн бухимдацгаасан. Тэд жирийн иргэдтэй адил удаан зогсож эсвэл удаан сууж чадахгүй шүү дээ. Бусдыг хүндэтгэх хүндлэл бага зүйлээс эхэлдэг гэдгийг дарга нар үргэлж мартдаг нь харамсалтай. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид сард 4 удаа хуралддаг. Нэг хурлаар 4-7 асуудал хэлэлцдэг. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 3-4 байгууллагын 30 орчим ажилтан ирдэг. Гэтэл тэргүүлэгчид цагтаа ирдэггүй учир заримдаа хурал хойшлогдоно эсвэл нэг цагийн дараа эхэлнэ. Цагаа баримталдаггүй тэргүүлэгчдээс болж төрийн ажил дахиад л хойшилсоор. Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ажлаа хүлээж авсан даруйдаа л “Цаг баримталдаг Монгол орон” болгох талаар ярьж байсан. Харамсалтай нь энэ цаг “гац” болчихоод байна. Эсвэл дарга, төлөөлөгчдөд хоногт 24 цаг, нэг цагт 60 минут байдаг гэдгийг зааж өгөх хэрэгтэй байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна