Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Микроцефалия

10 жилийн өмнө
Анагаах ухаан ургын гаж хөгжлийн улмаас томрохоо байж хөгжихөө больсон тархийг жижиг тархи буюу “ Микроцефалия” хэмээх ухагдахуунд хамруулан ойлгодог. Оюутан болсон анхны жилээ “асрагчийн дамжаа” хэмээх бэлтгэл курсыг “шар хадны” хүүхдийн тасагт нэг жил хийдэг юм байна. Ажлын анхны өдөр “асаргааны” тасгыг хүлээн авах нь тэр. Тэр тасагт “Өвгөн”, “Шовко”, “Тамир” гэх гурван анхаарал татахуйц өвчтөн байлаа. Анхаарал татахуйц гэсний учир тэд нэгэнт 15 хүрч умдагны үс, сахал нь ургасан ч биеийн хөгжил 3-5 насанд оюун санааны хөгжил нь 2 наснаас холдохооргүй байлаа. Надад тэднийг асрах тоолонд Маугли кино санаанд минь орж “Ийм хүүхэдтэй болчих вий” хэмээн битүүхэн дээ сэжиглэдэг байлаа. Уншигч та хэзээ нэг цагт Бавуугын Лхагвасүрэн гуайн зохиолоор бичсэн “Бүлээн нурам “ киноны төгсгөлд чононы дэргэд сууж байгаа хүүтэй хэсгийг харж байсан бол тэр хүү тэдний нэг юм шүү дээ. Хүний зугаа цэнгэлийн золиос болон хорвоод ирсэн тэр хүүхдүүд ирсэн газар руугаа хэдийн чимээгүйхэн буцсан.
Гэвч бие сэтгэл эрүүл атлаа архидан согтуурч зугаацан цэнгээд үүрэг хариуцлагаа умартан яг л тэдэн шиг асруулан амьдрагч насанд хүрэгчдийн тухай эрэгцүүлэл минь гүнзгий оюуны хомсдолтой хүмүүстэй зүйрлэх бодолыг төрүүлэх нь гачлантай. Хийрхэл, согтуурал хоёрын дунд цөөхөн монголчуудын амьдрал цаг хугацаатай өрсөлдөн урсана.Үнэн, худал хоёр сэтгэлээр хэмжигдэхээ болиход “саарал зутан” болдог ажээ. Бусдыг ч өөрийгөө ч танихаа больсон “сохор сэтгэл” гэрэлт ертөнцийн бор хоногыг хугаслана. Шинэ өглөө ирэхэд саарал зутан шиг амьдрал эхэлнэ. Оройдоо өнгөө бүр алдан бараан зүсмийн болно. Маргааш болох тусам тэр л бараан үнэн хар болон хувирна. Хүний сэтгэлийн өнгө хувирахад аз жаргалын хэлбэр өөрчлөгдөдөг ч юм уу.
Архи хэтрүүлэн хэрэглэгч, архины давхар хамааралд орсон хүн ч ялгалгүй амьдралын үнэн, хүсэл хоёроо ялгахаа болино. Амьдралын хэв маягаа үгүйсгэн дахин үгүйсгэн амьдарна. Үнэн худал хоёроо ялгахаа больж хуурч мэхэлж, хуурагдан мэхлэгдэж байгаадаа ч өөрөө итгэн төөрөлдөнө. Ёстой л амьдралын явдалд мунхарна гэгч болно. Ид шидийг хүлээнэ. Агуу аврагчыг хайна. Өөрөөсөө үнэнийг олохоос зүрхшээнэ. Бусдаас бурууг олж дотоод сэтгэлээ тайвшруулах гэж ядна. Арга барагдах агшинд архи, пиво, дарсаар зовлонгоо нимэглэнэ. Араас үйлийн үр нь дагана. Айдас ичгүүр, гомдол, гутрал сэтгэлд нь жижүүрлэнэ. Алаг зүрх нь амьдралд бүдрээд чичирнэ. Аргаа ололгүй байгаадаа бачимдан араатан авираа үр хүүхэддээ гаргана. Сэтгэлийн их шаналан сэхээрэх хүслийг нь боомилно. Буруугаа хүлээхээс айх айдас нь түгшүүр, гунигыг нь зузааруулна. Сэтгэлийн салаалсан зам үнэнийг улам л холдуулж зовлонг жаргал болгон харагдуулна. Үг үйлдэлийн зөрчил нь зовлонгийн гал дээр тос нэмнэ. Архидалт согтуурал дундах амьдрал ингэж үргэлжилж, арай ч доошоо ороогүй гэж өөрийгөө зөвтгөн үгүйсгэнэ. Удам залгах хүү, хөл хучих охин хайраар дутаж халамжаар гачигдан, хэрүүл, хараалтай гэрийнхээ амьдралаа хэвийн юм байна гэж ухааран төлөвшинө. Асуудлаа шийдэж сураагүй аав ээжийн хүүхдүүд асуудлаас зугатахад суралцана. Амьдралын эрээнд балчирдаа автан, итгэл найдварын гал нь сүүмэлзэх төдий уугина. Эхнэрүүд амьдрал үүрч эрчүүд тэжээлгэгчийн байр сууринд очсоныг би үгүйсгэхгүй ээ. Зүгээр л хоолны мөнгө олдогоо амьдралаа авч яваа гэж бодож итгэн төөрөлдөх явцуу бодолтой зугаа цэнгэлд дуртай эр “микроцефалия” биш гэж үү. Ааш авирын хурц ширүүнээс болоод эр нөхрөө уулгаад байгаагаа ухаарахгүй байгаа эм “микроцефалия” биш гэж үү. Архи уухаа байчихвал амьдрал хэвийн болно гэж дүрэмдэгч “микроцефалия “ биш үү . Тулга тойрон сэтгэж, тухайн агшинг аргацааж, өөрийгөө хуурч, өрөөлд зовлон тарин амьдрахыг л би микроцефалия гэж хэлэх гэсэн юм. Уураг тархины хөгжил уусан архинд зогсдогч, уухаа зогсоож чадвал эргээд сэргэдэг жамтай. Сэтгэл бодлын хөгжил ухаарч сэтгэхээр илэрдэг бол уншиж судалж гэгээрэн мунхарлаас гарах боломжтой. Үнэн худал хоёрыг ялгаж сурахын тулд зовлонг гэтэлсэн хүмүүсийн айлдварыг сонсох нь өлзийтэй. Асуудлаа шийдэж, амьдралаа зохицуулж сурсан хүмүүсээс тусламж авахаар шийдэх нь амьдралдаа өөрчлөлт анхны алхамаа хийх нь тэр. Таньд архидалт согтуурал тойрсон тулгамдсан асуудал байгаа бол сэтгэл зүйч дээр яаралттай оч гэж зөвлөе. Тэд таны амьдралыг засаад өгч чадахгүй ч сэтгэлийн чинь бөглөөг нээж үнэнтэй нүүр тулах боломж олгоно. Харин та эцсийн шийдвэр гаргаж үр дүн, шагналаа өөрөө хожино. Архичныг засаж авна, хүмүүжүүлнэ, уулгадгүй болгоно гэсэн муйхар бодлоосоо сал. Учир та тэднийг өөрчилж чадахгүй. Яагаад гэвэл таны маш олон оролдлого бүгд бүтэлгүйдсэн учир. Харин өөрийгөө өөрчилж болно. Бусад нь таныг дагаж өөрчлөгдөнө. Архичид маш аймхай байх нь олонтой, алив үнэтэй болгоноо алдахаас айдаг нь үнэн. Архи хэтрүүлэн ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эмгэг зан төрх эрчүүдийн нийтлэг араншинг тодорхойлно. Архи ууснаа зөвтгөн нотолж, архины мөнгөө олж, айдсаа нууж хаахын тулд хүчирхийлэл үйлдэж агсан тавьдаг гэвэл та итгэх үү? Харамсалтай нь үнэн. Зан төрхийн энэ өөрчлөлтийг засах нь туйлын адармаатай ч үр дүн сайтай оролдлого юм. Тулгамдсан асуудлыг таниулах, хүлээн зөвшөөрүүлэх замаар бүлгийн сэтгэл заслыг хийх бөгөөд идэвхтэй урт хугацааны хяналт, дэмжлэгийн тусламжтайгаар үр дүнд хүрч болдог. Эцэст нь хэлхэд архидалт согтуурлыг эмчлэх цорын ганц арга бол шинжлэх ухаанд суурилсан сэтгэл засал эмчилгээний цогц хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа урт боловч гэр бүлийг хамарсан тулгамдсан асуудлыг авч хэлэлцдэг тул асуудал шийдэх хугацааг богиносгож өгдөг. Үр дүн ч хурдан илэрдэг. Зөвхөн ирээдүйнхээ төлөө асуудлаа шийдэж амьдралаа цэгцлэх цаг боллоо хэмээн та бодож сууна уу ? бяцхан айлтгал сонордуулья. “Би таны одоо эдэлж байгаа зовлонг өөрчилж чадахгүй учир нь та ийм л үйлээр гарах тийм л муу зүйлийг нэгэнт хийчихсэн. Харин энэ зовлонг үргэлжлүүлэн эдлэхгүй байх арга замын үнэнийг би зааж гэгээрүүлж өгье” хэмээн бурхан Будда номолжээ. Санаа сэтгэлээ өөрчлөн үйл хөдлөлөө хянаж, дадал зуршлаа өөрчлөн зан аашаа хувиргая. Зан аашны хувирал тань хувь тавиланг тань өөрчлөг.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна