Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Дайвар

10 жилийн өмнө
Шуудангийн зарим үйлчилгээг Эрдэнэтчүүдэд хот хоорондын такси залгуулж байна. Алба амины бичиг захидал, жижиг гэлтгүй бараа материалыг хөлсийг нь төлөөд хоёр талдаа илгээнэ.Уг илгээмж нь хурдан шуурхай эзэндээ хүрдэгт хэн хүнгүй дуртай. Очоод утсаар яриад эзэн нь хүлээн авдаг. Сүүлийн үед такси үйлчилгээ эрхлэгчид хүн тээврээс илүүтэй дайвар авч явах сонирхолтой болж.Ганц захидал хоёр мянга, жижиг боодолтой зүйл 3000 төгрөг,жаахан овортой бол үнэ нэмэгдэнэ.Шуудангийн үйлчилгээг шуурхай болгох гэсэн сонирхлын цаана овор хэмжээ багатай, дээр нь хөөрхөн ашиг өгчихдөг тул жолооч нар дайварт хандардаг болжээ. Харин тэрхүү явуулсан илгээмж эзэндээ найдвартай хүрч байна уу? гэвэл асуудал бас байна.Замаасаа хаягдаж гээгдэх, өөр зорчигч аваад буух тохиолдолд хэн, хэнтэй, ямар хариуцлага тооцох вэ? Таксины дугаар,жолоочийн утаснаас өөр баримтгүй үйлчлүүлэгч яах юм?

 Бодит амьдрал дээр ажлаа амжуулах гэж яарсан иргэд галт тэрэг,автобуснаас илүү жижиг тэрэгний үйлчилгээг сонгодог.Би ч бас байнгын үйлчлүүлэгч нь.Харж байхад машинд суусан үйлчлүүлэгчийн овог нэр,регистр жолоочид үлдэхгүй. Мөнгөө төлсөн бол гүйцээ. Гуйлгаж байж тийз бичүүлж өгнө.Зарим нь манай ээлж биш юмаа, дараа тийз бичүүлж өгье гээд л хоосон буулгана. Тийз бичүүлэхдээ 25 мянган төгрөг хураасан боловч 20 мянган төгрөг төлсөн гэж бичнэ. Энэ тухай сүүлийн гурван жил аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн, хурал уулзалтан дээр хичнээн ч олон яригдав,хэвлэлээр шүүмжлэв бахь байдгаараа. Шөнийн 24 цагаас өмнө ирсэн бол гэрт нь хүргэлгүй, Спорт цогцолборын арын талбайд цүнх савтай нь буулгана.Замдаа сайхан яриа хөөрөөтэй явсан жолооч маань Эрдэнэтэд ирмэгц зангаа хувиргана. Энэ нь газ-аар цэнэглэж чадахгүйтэй холбоотой юм байхаа.

Аль ч улс орны иргэний тээвэр үйлчлүүлэх хүн бүрт тийз өгч,түүнийгээ үзүүлж байж суух эрхтэй болдог. Цахим ертөнцийн хөгжлийг дагаад онгоцны тийз цахим хэлбэрт шилжсэн байна лээ.Интернэтээр тийзээ урьдчилж захиалаад гар утсандаа зургий нь авч хадгалаад автомат шалгагчид утсан дахь мэдээллээ уншуулаад тун хялбар аргаар шийдсэн жишээг манайхан ч бас бодож төлөвлөж байгаа байлгүй.Зорчигчийг дайвраас дор үзэхгүйн тулд цэвэрхэн соёлтой үйлчилгээг эрхэмлэвэл үйлчлүүлэгчдийн урсгал буурахгүй л байх.
Хүн тээврийн үйлчилгээн дээр нэмэлт үйлчилгээ болгож “дайвар” авч үйлчлэх юм бол тэр нь дагалдах хуудастай,өгсөн авсан бүртгэлтэй, эргээд буух эзэнтэй,буцах хаягтай байвал зөв болов уу.Зорчигчийн аюулгүй байдалтай холбож үүнийг хэлж байгаа юм.“Дайвар” дотор ямар хориотой бараа таваар тээвэрлэгдэж явааг бидний хэн маань ч мэдэхгүй шүү дээ.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна