Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Хөлийн чинь эрхий хуруун дээр гишгэвэл хашгир

10 жилийн өмнө
Асуух шаардлагагүй, хариулах албагүй, жендэрийн мэдрэмжгүй арван асуултыг танилцуулъя.
Та нөхөртэй юу, эсвэл ойрын хугацаанд нөхөрт гарах төлөвлөгөө бий юу?
Та хүүхэдтэй юу, хэдэн хүүхэдтэй вэ, ойрын ирээдүйд ээж болох төлөвлөгөө бий юу
?
Танд ямар эрэгтэй таалагддаг вэ, эрэгтэй хүн ямар байх ёстой вэ?

Ийм их амжилтад хүрсэн юм чинь та эршүүд зантай байх тийм үү?
Та яаж энэ амжилтад хүрэв, танд тусалдаг эрэгтэй хүн бий уу?
Та өөрийгөө хэр сайн гэрийн эзэгтэй гэж боддог вэ, их ажлын хажуугаар хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

Та хэдэн гуталтай вэ, ямар брэндийн хувцас өмсдөг вэ?
Та сайхан, залуу харагдахын тулд юу хэрэглэдэг вэ?
Та удам залгах хүүтэй болохсон гэж хүсдэг үү?
Та гал тогооны өрөөндөө хэр их цаг зарцуулдаг вэ? гэсэн асуулт юм.

Үүнийг тус бүрт нь товчхон тайлбарлавал, эмэгтэй хүнийг нөхөртэй эсэхийг асууж мэдэх нь хүний хувийн амьдрал руу хэт өнгийх, нөгөө талаас хүнтэй суух дургүй эмэгтэйгээс заавал хариулт хүсэх, эсвэл ижил хүйстнээ сонирхдог эмэгтэйгээс ийм асуулт асуух нь жендэрийн мэдрэмжгүй асуултад ордог байна.Та хэдэн хүүхэдтэй вэ, ойрын ирээдүйд ээж болох төлөвлөгөө бий юу? Энэ асуулт зарим эмэгтэйн сэтгэлийг эмзэглүүлдэг.Эмэгтэй хүн бүр хүүхэд гаргах албагүй. Хүүхэд гаргах эрүүл мэндийн боломжгүй эсвэл хүсэхгүй эмэгтэй байж болно.Иймд жендэрийн мэдрэмжгүй энэ асуултад хариулах албагүй. Мөн тав, арван хүүхэдтэй гэж хариулвал таниар бахархах бус гайхаж, доромжлох байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

Эсвэл хүүхдийн тоогоор чинь ялгаварлан гадуурхана. Жишээ нь, гурваас дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг дархан бэр, таваас дээш охин төрүүлсэн, эмэгтэйг “шулмас” гэж хочлох нь тухайн эмэгтэйг төрүүлсэн хүүхдээр нь ялгаварлан гадуурхаж буй нэг хэлбэр юм. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй ээжид алдарт эхийн хоёрдугаар одон, нэг зуун мянган төгрөг, зургаан хүүхэдтэй ээжид алдарт эхийн нэгдүгээр одон, хоёр зуун мянган төгрөг төр өгдөг.Гэтэл нэг, хоёр, гурван хүүхэдтэй ээж дээрх халамжийг хүртэж чадахгүй байгаа нь мөн л ялгаварлан гадуурхалт юм.Танд ямар эрэгтэй таалагддаг вэ, эрэгтэй хүн ямар байх ёстой вэ?

Ер нь эрэгтэй хүн ямар байх ёстой юм бэ? Энэ асуултын хариуд хээгүй, гүндүүгүй, романтик, ажил амьдралаа аваад явж чадах гээд олон хариулт хөвөрнө.Харин үүний цаана эрэгтэй хүний үнэлэмж далд хэлбэрээр өсч байдаг.Тэгвэл эмэгтэй хүн ч ялгаагүй ажил амьдралаа зохицуулж, нийгэмд идэвхтэй ажиллаж чаддаг.Иймд уг асуултын цаана эмэгтэй хүнийг дутуу үнэлэх үнэлэмж нийгэмд улам батжисаар байдаг аж.Хэрвээ хэн нэгэн танаас ингэж асуувал бүү хариулаарай.Ийм их амжилтад хүрсэн юм чинь та эршүүд зантай байх тийм үү? Юуны өмнө “Амжилт зөвхөн эрэгтэй хүнд хамаардаг уу? Эрчүүд л амжилт гаргах боломжтой уу? Эмэгтэй хүний буюу хувь хүний амжилтыг яагаад хаа хамаагүй, огт танихгүй эрэгтэй хүнтэй харьцуулах гэж?

Эмэгтэй хүн амжилтад хүрэхийн тулд эршүүд байх албатай юу” гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ эмэгтэй хүн амжилт гаргахын тулд эршүүд зантай байж, эрчүүдээс хоёр дахин илүү хүч гаргах албагүй. Улс төрийн сонгуульд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнээс илүү хүчирхэг байхыг шаарддаг аж. Яагаад ийм байх гэж? Ер нь эмэгтэй хүний гаргасан амжилт эсрэг хүйстэнтэй ямар хамаа байна аа.Тиймээс энэ асуултад бүсгүйчүүд минь хэзээ ч битгий хариулж байгаарай.Та яаж ийм амжилтад хүрэв, танд тусалдаг эрэгтэй хүн бий юу?Энэ асуултын цаана та амжилтад хүрэхийн тулд хичнээн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бэ гэсэн далд утга агуулагдаж байдаг.Хэрвээ үүнд хариулвал, эмэгтэй хүн өөрийн чадлаар амжилтад хүрч чадахгүй тул заавал хэн нэгэн эр тусалсан гэсэн гажуу үзлийг бататгахад хүрнэ.

Ийм хачин үзэл манайд байдаг. Нэгэнт тогтсон хандлага үүссэн учир үүнийг өөрчлөхөд их хэцүү. Гэхдээ хэцүү гээд зүгээр сууж болохгүй. Үүний тулд хариулахгүй байх нь зөв шийдвэр юм.Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдийн нийгэмд оруулсан амжилтыг эрчүүдийн дур хүсэлтэй хэн холбож ойлгодог вэ гэхээр, хэзээ ч амжилтад хүрч чадахгүй, сэтгэл байвч сачий нь хүрэхгүй, жендэрийн тухай ямар ч ойлголт, мэдэгдэхүүн байхгүй, өөрийгөө хэт үнэлж, өөртөө дурласан, ногдсон ажлаа олигтой хийж чаддаггүй, явцуу үзэлтэй эрчүүдэд байдаг аж.Та өөрийгөө хэр сайн гэрийн эзэгтэй гэж боддог вэ, их ажлын хажуугаар хувийн амьдралаа яаж зохицуулдаг вэ?
Ямар ч тохиолдолд энэ асуултад хариулах шаардлагагүй. Эмэгтэй хүн бүр гэрийн сайн эзэгтэй байж чаддаггүй, бас сайн байх ч албагүй. Гэрийн эзэгтэй байхыг хүсдэггүй эмэгтэй байдаг. Хэрвээ тийм эмэгтэйгээс дээрх асуултыг асуувал харин ч сөрөг хариулт авч мэднэ. Гэхдээ хариултаас нь тухайн хүнийг дутуу үнэлэх, дүгнэх тохиолдол гарах тул дуугүй байсан нь хамаагүй дээр. Жишээ нь, “Танайд хоноё” нэвтрүүлгээр дуучин Баясгалан хөтлөгч Алтантүрүүд өглөө эрт босч цай чанаж өгөөгүйнхээ төлөө олон хүнээс шүүмжлэл хүртсэн. Энэ нь эмэгтэй хүн гэрийн сайн эзэгтэй байх ёстой гэсэн хандлага байдагтай холбоотой. Үнэндээ Баясгалан нэг өглөө цай чанаагүйнхээ төлөө муу дуучин болчихгүй. Гэтэл сонин, хэвлэлээр түүнийг муулж байсныг санаж байна. Хэрвээ эрэгтэй хүнээс “Та гэртээ хоол хийдэг үү?” гэж асуугаад “хийдэг” гэсэн хариулт авбал тухайн эрийг ямар сайн хүн бэ, жинхэнэ эр хүн гэхчилэн магтаж гардаг. “Үгүй, зав гардаггүй” гэж хариулсан ч түүнийг хэвлэлээр доромжилж бичихгүй. Учир нь эрэгтэй хүн хоол хийж, гэр цэвэрлэхгүй байж болно. Харин эмэгтэйчүүд хэзээ ч болохгүй. Иймэрхүү тэгш бус харьцаа нийгэмд удаан оршин тогтновол эмэгтэй хүнийг үл үнэлэх хандлага бий болно.

Иймд хэн нэгэн танаас жендэрийн мэдрэмжгүй асуулт асуувал бүү хариулаарай.Та хэдэн гуталтай вэ, ямар брэндийн хувцас өмсдөг вэ?Хэрвээ өвлийн нэг, хавар, намрын нэг, зуны нэг гуталтай, хятад улсад үйлдвэрлэсэн хувцас өмсдөг гэж хариулвал яах бол? Энэ асуултад тодорхой хариулах тутам та нийгмийн ямар түвшний хүн бэ гэдгээ харуулах, амьдралын баталгаагаа олон нийтэд мэдээлэх, эсвэл баянаараа бахархаж бусдыг басах хандлага бий болно. Баян, хоосны ялгааг өмссөн хувцсаараа илэрхийлж буй нь үнэндээ тийм ч тааламжтай биш. Хэрвээ ямар ч брэндийн хувцас өмсдөггүй бараан захаас таарсан хувцас авч өмсдөг бол нэрлэхээд худлаа хэлэх үү?
Та сайхан, залуу харагдахын тулд юу хэрэглэдэг вэ?Эмэгтэй хүн бүр залуу сайхан харагдах ёстой гэсэн үзлээс болж олон эмэгтэй эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Тэд турах зорилгоор эм бэлдмэл хэрэглэсэн ч тэр нь хор болж цаашлаад амь насанд нь аюул тулгарсан байдаг. Гэтэл яагаад эрэгтэй хүнийг тарган, гүзээтэй байхад нь тоохгүй, тэднийг тур гэж шаардахгүй, бас шоолж доромжилдоггүй юм бэ? Эмэгтэй хүн бүр туранхай байж, биеийн харьцаа 90*60*90 байх ёстой юм уу? Энэ стандартыг хэн тогтоосон юм ? Шал утгагүй стандартын төлөө олон сайхан бүсгүй шаналж байна. Тэр ч байтугай нэг эрэгтэй эхнэрээ танилцуулахдаа цааргалж байсныг санаж байна. Сүүлд нь мэдэхнээ тухайн залуугийн эхнэр өөрөөс нь олон эгч бас тийм ч царайлаг байгаагүй аж. Үнэндээ секс хийхдээ ичээгүй байж хүнтэй танилцуулахдаа ичдэг эр хүнийг хараад зэвүү хүрч байлаа. Мөн ажил олгогч эзэд хүний эрхийг зөрчиж нас, хүйс, гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхаж өндөр, царайлаг, залуу охидыг ажилд авна хэмээдэг. Энэ мэтчилэн эмэгтэй хүн бүр царайлаг, залуу, сайхан байх ёстой гэсэн хандлагаас болж олон эмэгтэйн эрх далд хэлбэрээр зөрчигдөж байна. Иймд дээрх асуултад бүсгүй та хэзээ ч бүү хариул.

Эдгээр арван асуултыг “МонФемНэт” эмэгтэйчүүдийн Төрийн бус байгууллагын сүлжээ гаргажээ.Манай монголчууд жендэрийн тухай тодорхой бус ойлголттой байдаг бөгөөд ялангуяа эмэгтэй хүний талаарх ойлголт уламжлалт сэтгэлгээтэй нь холбоотой юм. Уламжлалт сэтгэлгээ нь эмэгтэй хүн гэрээ манаж, эр нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулж, мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадахгүй зэрэг тэднийг үл басах хэлбэрээр илэрдэг. Үүний илрэл нь дээрх арван асуулт юм. Ажлын өндөр амжилт гаргасан эмэгтэй хүнийг заавал эр хүнтэй холбож ойлгох, эмэгтэй хүн үргэлж сайхан харагдах ёстой гэсэн шалгуур тавих, амжилтад хүрэхийн тулд эршүүд зан гаргах гэх мэт хандлагаар эмэгтэйчүүдтэй харьцаж байна. Иймээс асуух шаардлагагүй, хариулах албагүй, жендэрийн мэдрэмжгүй асуултыг танилцууллаа. Мөн эмэгтэй таныг зөвхөн эм хүйсээр ялгаврлан гадуурхвал дуугүй битгий байгаарай. Үүнийг “Хөлийн чинь эрхий хуруун дээр гишгэвэл хашгир” гэдэг юм. Хэрвээ нэг удаа гишгүүлчихээд дуугүй өнгөрвөл дараа дахин давтагдах магадлалтай. Иймд үүнийг бүсгүй та хэзээ ч битгий мартаарай.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна