Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Живх

10 жилийн өмнө
Өглөөний цэнгэг агаарт алхах сайхан.Эрдэнэт маань өдрөөс өдөрт том хотын хэв маягт шилжиж машины бөглөрөл үүсдэг болж. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх,ажилдаа амжих гэж яарсан тэр олон суудлын тэрэгтнүүд бүгд амьсгаа дээгүүр.Ганц машинд зам тавиад оруулчихвал хөдөлгөөний ачаалал үүсэхгүй байхыг бодох сөхөөгүй өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг монгол сэтгэлгээгээр дайраад л,дохиогоо чарлуулаад төвөгтэй. Тэдэнтэй уралцаж явахаар ойрмогхон газарт бол алхах нь илүү тохиромжтой санагдана.Шинэ өглөө,толгой сэргэг дээр хийх зүйлээ төлөвлөн алхах зуур бодол үргээсэн сонин явдал тохиолддог юм байна.Цэцэрлэгийн жаалаа хүргэж өгөөд хотын соёлтой байрнуудын хажуугаар явж байтал хэн нэгэн онгорхой цонхоороо цагаан өнгийн хүнд зүйл чулуудсан нь хөлний ойрхон унах нь тэр. Лавшруулан харвал нялх хүүхдийн шөнөжин хэрэглэсэн, яаж дааж байсан бол гэмээр дүүрэн “бүтээгдэхүүнтэй” живх.Цаг агаар сэрүүсч байгааг хэлэх үү бараг л уур савсаж байнаа.

Ямар хүн нялх үрийнхээ үнэр шингэсэн ариун зүйлийг олны хөлд гишгүүлэх гэж хаядаг байнаа? гэж бодон дотор хүнтэйгээ ярилцав.Завтай бөгөөд заргач нэгэн бол хэргийн мөрөөр мөшгихөд эзэн нь амархан тодорно л доо.Тэр нь чухал биш,яаж чадаж байна гэдэг нь хачирхалтай.Мөлжсөн яс, уусан шар айрагны лааз, цаас хогоо цонхоороо шиддэг оршин суугчид байсаар л байна.Хүүхдийн чухал хэрэглээ болсон живх үүсээд удаж байгаа ч манай улсад импортоор оруулж ирээд төдий л олон жил болоогүй санагдана.

Үндэстэн бүрийн ахуйн соёл, хүүхэд өсгөх арга нь өөр өөр.Тэр дундаа хүүхдийн өлгий,живхний тухайд.Казах эмэгтэйчүүд гэрийнхээ унинаас дүүжилсэн модон өлгийд хүүхдээ өсгөнө.Тэрхүү өлгий нь хүүхэд хуурайлахад тун тохиромжтой доогуур нь онгойлгож болдог. Манайд дээхэн үед хөдөө явж байхад салтаа нь онгорхой өмдтэй жижиг хүүхдүүд зөндөө таардаг байсан.Саяхан л гэхэд урд хөршид бага насны хүүхдүүд тийм өмд өмсдөг,зах дээр худалддаг л байсан.Саяхан ангийн анд маань тэр онгорхой өмдний давуу талыг ярьж байнаа.Байгалтайгаа ойр харьцдаг,эрэгтэй хүүхдүүд том болоод эрчүүдэд тохиолддог өвчнөөр барагтай л бол өвддөггүй гэнэ.Бас эр хүн шиг эр хүн болдог гэсэн утгатай зүйл ярьсан нь сонирхолтой л сэдэв байлаа.Мэргэжлийн хүмүүс судлаад үзэхэд болохгүй нь ч юу байхав.
Хэдэн жилийн өмнө гадаадад мэндэлсэн зээ охиноо аваад Прага явлаа.Эртний түүхтэй энэ хоттой танилцаж, түүх дурсгалын газраар явж,оройхон нь нэгэн монгол айлд зочилсон юм. Гэрийн эзэгтэй цай хоол бэлтгэх хооронд охин живхээ “мялааж” , үнэр нь нэвт мэдрэгдэв. Гэтэл өрхийн тэргүүн өнөөх живхийг хаяхаас өмнө хичээнгүйлэн боож аваад авдартаа хадгална гэж ихэд билэгшээлээ. Охин нь хуримлаад удаагүй тэднийх шинэ хүний мөрөөсөл болсон нь илт.Хэзээнээсээ Монголчууд арга билгийг хослуулдаг,билэгшээлд дуртай билээ. Нялх хүүхэд айлд баавал баяжина, хүүхэдтэй болно хэмээн баярладаг. Олон жилийн өмнө дөө, гэр бүл болоод хэдэн жил болсон ч хүүхэдтэй болоогүй айлд очоод шинэхэн гоё хивсэн дээр нь мөлхөж явсан хүү шээхэд эхнэр нөхөр хоёр үнэн сэтгэлээсээ баярлаж байхыг би харж байсан. Хожим тэд хүү,охин хоёртой болсон юм.

Тэр үед монгол үгсийн санд пампирс гэдэг үг нэвтрээгүй байсан юм.Нийлмэл материалаар хийдэг живх гэгчийг дэлхий даяар хэдэн зуун саяар үйлдвэрлэдэг ашигтай бизнес болтлоо хөгжсөн. Зурагтын сурталчилгаагаар живх ярьсаар манай эцэг эхчүүд,эмээ өвөө нар талхны хэдээ тэрхүү ач тустай гэх зүйлдээ зориулдаг болсон.Мэдээж даавуу угаах зэрэг ажлаас чөлөөлж,хөдөлмөр хөнгөчилсөн ч байнга хэрэглэх нь тийм ч сайн эд биш дэг ээ. Зарим хүүхэд гурав дөрвөн нас хүртлээ живх хэрэглэсээр байгаад муу зуршилтай болж,өмдөндөө морь хардаг явдал ч бий.Живхний тухайд хүмүүс олон ургальч үзлийн үүднээс хандах биз. Харин миний хувьд нялх үрийнхээ сүүний үнэр шингэсэн живхийг хог шиг үзэж,гудамжинд ил задгай,бүр салхивчаараа хаяж байгаа 21 дүгээр зууны монгол иргэний гаж зуршил хэзээ арилахав? гэдэг асуултын хариуг хайж үүнийг бичлээ.

Орчны эрүүл ахуйг сайжруулахад шийдвэр гаргагчдын олон жил ярьсан хог ангилан ялгаж, боловсруулдаг үйлдвэр байгуулах асуудлыг ажил болгох цаг болсон байлтай.Тэр тусмаа төрөлт нэмэгдэж байгаа энэ цаг үед живхний хэрэглээ буурах бус өсөх тул хүүхдийнхээ живхийг ядаж уутанд хийж зориулалтын хогийн цэг,машинд хаяж сурвал ирээдүйд ээж аав болох хүүхэд тань зөв дадал хэвшилд суралцах биз ээ.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна