Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Зовлонгоор жаргах ёс

10 жилийн өмнө
Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус, Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа. Андуухан хэлэх юм бол Гучин найман нас, Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл! Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн. Улайж халах үедээ би хамгийн баян. Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй, Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй... Р.Чойном
 
Архи, архидалт хоёрын талаар бичиж үзээгүй, ярьж үзээгүй хүнийг монголын нийгмээс эрвэл олдлох болов уу ? Олдохгүй л болов уу гэж айна. Учир нь түүний талаар мэдээлэх тусам архидалт согтуурлын шалтгаант золгүй тохиолдлууд улам ихээр нүүрлээд, үүрлээд ч байх шиг. Өнөөдөр сардаа нэг “савдаг” хүнийг огт хэрэглэдэгүй долоо хоногтоо нэг “шоудвал” зохистой хэрэглээтэй, ажлаа алдахгүй хэдэн өдрөөр ч халамцуу явбал “асуудалгүй” архи хэрэглэгч, харин “гудманд” гударч, агсан тавьж, хэдэн өдрөөр хөлчүүрхэн далдганаад эхэлвэл “архинд дуртай” болж гэсэн ойлголтууд нийгэмд тогтжээ.

     Өөрөөр хэлбэл миний эх оронд “АРХИЧИН” алгаа. Гэвч орой бүр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр архидалтаас болж үүссэн ямар нэг золгүй тохиолдолыг сонсохгүй үзэхгүй өдөр гэж үгүй. Энд хоёр гаргалгаа байна. Нэг нь хэвлэлийнхэн сенсааци хөөж худлаа цуурсан, нөгөө нь “архи”-наас л болсон. Өөрөөр хэлбэл “хэтрүүлж уулгаснаас” болсон гэсэн үг л дээ. Бид ингэж л өөрсдийгөө хуурсаар ирлээ. Монголчууд бид архи хэмээх зовлонг дамжуулагч идээг ундаа болгон хэрэглээд дотроос нь жаргал эрсээр. Агшин зуурын сэтгэл хөөрөл, амар амгаланг эдлэх хүслийн золиосонд ухаан бие хоёр минь төөрсөөр, үг үйлдэл хоёр минь зөрсөөр л.

       Зугаа цэнгэл бэдрэн зовлонг өөртөө үүрэх нь зовлонгоор жаргах ёс гэлтэй.Үнэндээ хайртай бүхнээ зовоож өөрөө жаргал цэнгэл эдлэх нь бусдын зовлонгоор жаргаж чадах хатуу сэтгэл бус уу. Архидалтын дараа ухаан саруул, сэтгэл тавиун, эрч хүч дүүрэн өглөөг угтагч хир олон байдаг бол. Согтуу байхдаа харин энэ тухай боддог нь хэд бол. Сэтгэлийн гансралаа мартах гэж ахин дахин уусаар, цэнгэл эдэлж зугаа хөөж сэтгэл нь татагдсаар нэг мэдэхэд” чимээгүй архичин”болчихсон байх нь олонтоо.Гэвч архинд донтох өвчнөө өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй гэр бүл найз нөхөд нь ч зөвшөөрөхгүй. Учир нь архичид зөвхөн” өвгөнтөд” байдаг гэж бүгд хатуу итгэдэг. Гэвч хүн л болсон хойно эрт орой хэзээ боловч гэмээ ухааран архидах зовлонгоо нимгэлэхээр ухаан сийлж эхэлнэ. Голцуу “ид шид” хайна.

        Ид шидийн аргаар архинаас гаргагчыг ч олно. Зовлонгоор жаргах ёс өөр хэлбэрт шилжин цааш үргэлжилнэ.Ихэнхи архинд донтогч ч тэр ар гэрийнхэн нь ч тэр архи уулгаж чадахгүй болгож “архинаас гаргавал” бүх юм хэвэндээ орно гэж итгэнэ. Архинаас маш найдвартай богино хугацаанд гаргагч ид шидтэй, хувилгаан чанартай, номонд төгс хүнийг далд сэтгэлдээ эрэлхийлсээр, хүнээс нуугдаж очсоор л.Харин үр дүн нь архинд донтогч этгээдийн ээлжит халамжийн үйлчилгээ, архичны ар гэрийнхний ээлжит,сэтгэл зүй, эдийн засагийн хохирол.

       “Зуд болоход нохой зоолдог, зовлон ирэхэд лам баяждаг” хэмээх эртний хэлц үг бий. Зах зээлийн гэж хэлэгдэх ороо бусгай энэ цагт хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж эх захаа алдсан өнөөгийн монголын нийгэмд өнгө, мөнгөөр хорвоог үнэлэх болж дээ. Хэдэн халтар төгрөг башир аргаар, хялбархан олоод авахын тулд өрөвдөх сэтгэл, хайрлах ухаанаа ч умартжээ.Өвчтэй болсон нэгний сэтгэлийн гол найдвар дээр дөрөөлсөн цэвэрхэн мөнгө хийдэг ашигтай бизнес газар авч эхэллээ.Дэлхийн өндөр хөгжилтэй оронд “архинаас гаргаж” чадахгүй байхад монгол, орос хоёр “архинаас нам гаргаж” чаддаг нь үнэхээр лут ард түмэн шүү гэсэн омогшил төрөх.Оросууд “КОДЛОНО” бүр тав, арван жилээр шүү. Харин монголчууд тэрнээс арвин туршлагатай “өт түүнэ, “тарнидана”, бөөгийн ёсоор халуун чулуугаар түлж гаргана, гахайн сүү уулгаж, даах хэмжээгээр архи уулгаж гаргана гэж байгаа.

         Энэхүү ид шидтэй эмчилгээний үр дүнг эргэн дүгнэвэл яг л бидний байгуулж байгаад буруудсан “Коммунизмын материал техникийн бааз” мэт утопи. Уухгүй ч хэд хоносон шүү гэсэн хоосон харамсал. Мухардалд орсон түгшүүрлэл. Дахин ид шидтэн хайх горьдлого. Харин энэ хүсэл дээр нь өөрийгөө ид шидтэн, амин гүйдэлтэн, био тогтой, удамшиж ирсэн хувилгаан хэмээн зарласан зан төрхийн эмгэг төрхтөнүүдийн /психопати / өөрийн зохиосон шашны болон уламжлалын ёс заншил дээр тулгуурласан илбэ жатгаар баяжуулсан элдэв зан үйлээрээ архинаас гаргах, бузар дэвийг нь арилгах сүнс сүлдийг нь дуудах, зэргээр элдэвлэнэ. Хэр сайн жүжиглэж анхаарлын төвд орсон нь, айлгаж сүрдүүлж чадсан нь архичны гэр бүлийн амьжиргааны хэдэн “бор юм”-ыг нь амжилттай зувчуулж орхино.

Нутаг нэгтэнтэйгээ хамжаад луйвардаж дийлэхгүй болохоор орос доктороос дэмжлэг авна. Харин эрхэм доктор сэтгэл зүйн боловсролоо ашиглан ”үнэтэй бол найдвартай”гэсэн жүжиг зохион байгуулаад ид шидээр зовлонгоос салгах нэрээр халаасыг нь тэмтэрч орхино.Энэ бүх аргыг дэлхий нийт шашны зан үйл дээр тулгуурласныг нь агын ёс гэх бөгөөд “архинаас кодлож гаргахыг нь ховс гэнэ. Ховс нь шашны зан үйлээс гаралтай бөгөөд Месмер хэмээх эмч анх анагаах ухаанд нэвтрүүлж байжээ. Ховс нь итгэн үнэмшүүлэх чадвартай үгийг ашиглан хүний далд ухамсарт мэдээлэлийг суулгаснаар тухайн хүний сэтгэл тодорхой хугацаанд тайвшрахыг, тайван болгохыг, хэт мэдрэг байдлаас гаргахыг, мөн өөрөө өөрийгөө хүссэн зан үйлдээ програмчилдаг аргыг хэлдэг.Энэ сэтгэл засал эмчилгээний аргад ямар нэг ид шид байдагүй бөгөөд эмчлэгч ,эмчлүүлэгч хоёрын итгэл үнэмшил дээр эмчилгээний үр дүн тогтдог.

         Өөрөөр хэлбэл эмчийн сонгосон үгийн хүч нь тухайн үйлчлүүлэгчийн сэтгэлд хир зэрэг хүчтэй хүрснээс шалтгалан “код” тогтоно гэсэн үг юм. Тодруулбал кодлуулахыг хүссэн хугацаандаа “архи ууж чадахаа болилоо” гэсэн далд ухамсарын айдас. Харамсалтай нь ховс хийлгэгч этгээд хүсээгүй үед ховсдон кодлох ямарч боломжгүй байдаг онцлогтой. Бас ховсонд ордог, ордогүй ч гэж хүн байдаг учиртай. Гэвч энэхүү үнэнийг нуун хөөрхий монгол хүнийг харь хэлээр кодлон халаасыг сая саяаар суйлахыг залилан, хийсэн эмчилгээндээ баталгаа гаргахгүй байгааг луйвар гэлтэй.1986 онд Довженко хэмээх сэтгэл мэдрэлийн эмчийн нээсэн энэхүү ховс эмчилгээний арга нь Орос улсынхаа эмчилгээ оношилгооны стандартад байдаг эсэх нь ч тодорхойгүй байна. Ховс эмчилгээ хийдэг арга барил нь ч “бөөндөн кодолдоггүй” билээ.

       Төрөлх хэл дээрээ ч архидалт согтуурал чинь амьдралын жолоог чинь алдуулж байна гэж хэлээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнд “архи уувал үхнэ”, “архи бол хор” гэж орос хэл дээр ятгаад амжилт олох уу ? Ганцаарчилан хийдэг эмчилгээг 50-100 хүний дунд орос хэл дээр хийхэд ямар үр дүн гарах бол.Эмчилгээ хийж буй тэр олон хүнийг трансад /ховсын байдал буюу унтаа сэрүүний завсрын байдал /орсон эсэхийг хэрхэн шалгах юм бол гэх мэт олон тулгамдсан асуудал гарч ирж байна. Хөөрхий миний ард түмний зовлонгоор нь жаргагчид юутай олон юм вэ?Ухаалаг гар утас хэрэглэн мэдээлэлийн эрин зуунтай хөл нийлсэн гэж өөрсдийгөө үнэлдэг бид сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол нимгэнээсээ болоод жаргал зовлон хоёроо ялгаж чадахаа больж дээ.Ихэнхи монгол өрхийн амьдралын зорилго, утга учир нь хэн нэг гишүүнээ архи уулгахгүй байлгахад орших болсон нь юутай эмгэнэл.“Эм гашуун ч өвчинд тустай, үнэн үг хатуу ч явдалд тустай” гэлцдэг. Бид архидалт согтуурлыг олдмол, дахих явцтай даамжрах хандлагатай, үгүйсгэлээр хамгийн тод илэрдэг, тэнэгрэлээр төгсдөг сэтгэл мэдрэлийн архаг өвчин гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч чадвал зовлонгоос гэтлэх нэг үнэн буюу.

        Архидалт согтуурал нь гэр бүлийн өвчин бөгөөд түүнийг эмчлэхийн тулд гэр бүлээрээ эмчилгээнд хамрагдах ёстой хэмээн ухаарвал зовлонг гэтлэх хоёрдахь үнэн. Энэхүү эмчилгээ нь таниулах сэтгэл засал, сэтгэлийг задлах сэтгэл засал, зан үйл өөрчлөх сэтгэл засал,гэх мэт эмчилгээний аргуудыг бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр архины асуудалтай хүн, гэр бүлд сэтгэл зүйн тусламж үзүүлдэг. Мэргэшсэн эмч, сэтгэл зүйч нарын хамтын удаан хугацааны эмчилгээний үр дүнд үйлчлүүлэгчийн итгэл үнэмшил өөрчлөгдөн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг чадамж эзэмшихийг архинд донтох өвчний эдгэрэл гэнэ.

       Архинд донтох эмгэгтэй хүн эдгэрч байгаа нь бие мах бодийн, сэтгэл зүйн, нийгмийн оюун санааны гэсэн дөрвөн төрлөөр 1-5 жилийн хугацаанд эдгэрэл явагдах бөгөөд түүнийг нь нийгэмших гэж нэрлэнэ. Ар гэрийнхэн ч дээрхи дөрвөн төрлийн эдгэрэл явагдаж байж сэтгэл зүйн хувьд хэвийн болно. Архинаас хэзээ ч гардагүй бөгөөд архидалт согтуурлаас ангид амьдарч болдог. Зөвхөн сэтгэл зүйн эрүүл мэндийн шинжлэх ухаанч боловсрол таньд аз жаргалыг бэлэглэнэ. Маргаашын жаргалын төлөө өнөөдөр л зориг гаргацгаая.

Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна