Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Ёслолын туузтай, Япон санхүүжилттэй, Монгол жорлон

10 жилийн өмнө
Найман тасалгаатай модон бас нүхэн жорлонгийн өмнө аймгийн Боловсролын газар, Улаан Загалмайн хороо, “Наран” цогцолбор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч нар ёслолын тууз хайчиллаа. Энэ жорлонг Япон-Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Олон Улсын Найрамдал” төслийн хүрээнд барьжээ. Төсөвт өртөг нь 4 сая төгрөг. Сурагчид жорлонтой болсон нь сайхан ч төсөл хэрэгжүүлэгчид модон жорлонгийнхоо өмнө тууз хайчилж байгаа нь үнэхээр инээдтэй харагдлаа. Яахав, мөнгө нь монголоос гараагүй юм даа гээд дуугүй байж болох ч ялгадас нь чөлөөт уналтаар шууд унадаг уламжлалт жорлонгоо барьчихаад тууз хайчилсан нь илүү байв.
 

      Тус сургуульд өдөрт 1960 сурагч хоёр ээлжээр хичээллэдэг. Хүн жилд дунджаар 2500, хоногт 3-8 удаа жорлонд ордог гэнэ. Тэгэхээр зургаан цагийн турш хичээллэж байгаа нэг сурагч ядаж хоёр удаа ариун цэврээ сахина. Найман тасалгаатай нүхэн жорлон хэдхэн жилийн дараа дүүрнэ гэсэн үг. Сүүлийн үед гэр хорооллын ариун цэврийн асуудлыг шийддэг олон технологи нэвтэрсэн. Наад зах нь бохироо соруулж болдог жорлон байна. Хөлдөлтийн бүсээс доош буюу дөрвөн метрийн гүнд ёмкос байрлуулж түүнийгээ жилд нэгээс хоёр удаа соруулаад байж болно. Аймгийн “Эрдэнэт Ус ДТС” ОНӨҮГ-т бохир соруулдаг нэг машин бий.

     Албан байгууллагын хаягаар үйлчилдэг. Ачаалал ихтэй ч гэсэн ямар ч байсан дуудлагад яваад л байдаг. Бохир соруулах болон хаях газар хүртэлх зайнаасаа хамаарч төлбөр нь янз бүр. Хүсвэл хэн ч хаанаас энэ мэт мэдээллийг авч хийх гэж буй ажилдаа ашиглаж болно. Тэгэхээр гэр хорооллын сургууль, цэцэрлэгт одоогийн байдлаар бохироо соруулдаг жорлон л хэрэгтэй. Яагаад гэвэл, сургуулиа тойруулаад нүх ухаад байлтай биш. Олон хүнтэй газрын жорлон мэдээж түргэн дүүрнэ. Тэр тоолонд нь нүх ухаад байвал утгагүй. Иймд боловсролын байгууллагынхан сурагчдын нийгмийн асуудлыг шийдэхдээ орчин цагтайгаа хөл нийлүүлэх ёстой. Ямар хаа байсан уулын ард сургууль нээчихсэн биш. Хэдийгээр бэлгийн морины шүдийг үздэггүй бэр хүний ор хөнжлийг сөхдөггүй гэдэг ч энэ удаа шүүмжлэлтэй хандахгүй байж чадсангүй.

    Дээрээс нь баахан сурагчдыг жорлонгийхоо өмнө зогсоогоод зурагт хуудас бариулчихсан. Ямар “социалист уралдаанд” түрүүлчихсэн биш. Үнэхээр эвгүй байлаа. Будаач, будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л юм боллоо. Энд, тэндгүй боссон, босохгүй барилгынхаа өмнө тууз хайчилдаг шигээ санаж дээ, манайхан. Уг нь төслийн хүрээнд жорлонтой болсон нь сайн хэрэг ч даанч модон бас нүхэн байгаа нь л гол шалтгаан. Удахгүй дүүрнэ дээ гэхээс биеэ засахаас эмээмээр. Тэгээд ч модон жорлонгийн нээлт энэ долоо хоногийн хамгийн “тэнэг” үйл явдал байлаа. Яагаад гэвэл хүний өмнөөс ичих шиг муухай зүйл байдаггүй юм байна. Ингэхэд ёслолын туузтай япон санхүүжилттэй монгол жорлонг “улсын комисс” хүлээж авсан юм болов уу?
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна