Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

“Нисдэг” Жорданы нутгаар

10 жилийн өмнө
      Далай дээгүүр удаан ниссэн болоод тэрүү эх газар ойртсон,удахгүй газардана гэсэн мэдээг сонсоод онгоцны цонхоор харвал,бас л цэлийсэн их ус.Нэлээн том хот,түүний дэргэд хязгааргүй үргэлжлэх нуур харагдана. Хот төлөвлөлтийг маш бодлоготой хийсэн тул хороолол,гудамж , зам талбай нь тэгшхэн, шугамдсан юм шиг цэгцтэй.

     Чикаго хотын тухайд сонирхвоос, улсдаа гуравт орох том хот. Хүн амын тоогоороо манай улстай эн тэнцэхүйц аж.АНУ-ын Иллиной муж улсын зүүн хойд хэсэгт оршдог Мичиган нуурын эрэг,Чикаго голын хөвөөнд оршдог далайн боомт хот.

      Дунд сургуульд газар зүйн хичээлээр Мичиган нуурыг заалгаж байсан болохоор нэг л танил нэр байлаа. Мичиган нуур нь 517 км урт үргэлжлэх ба 190 км хүртэл өргөн,гүн хэсэгтээ 281 метр ,нийтдээ 57.757 ам.км газар нутгийг хамардаг гэхээр ямархуу хэмжээтэй нь тодорхой. Нуурын нэр нь том нуур гэсэн утгатай юм билээ.

     Оршин суугаа газар орноороо бахархдаг нь хүний зан юм хойно чикагочууд нуур ынхаа эрэг дээр наранд биеэ шарж,усанд орж,завиар зугаалж очсон хүн бүрийг нуурынхаа эрэгт аваачдаг нь ёс болжээ.Аж үйлдвэр,худалдаа,зам тээврийн бизнесийн том төв төдийгүй соёл,шинжлэх ухааны гайхам амжилт бүтээснээрээ түүхэнд бичигдсэн. Чикагогийн их сургуулийн цөмийн судлаачид 1942 онд анхны цөмийн энергийг бүтээжээ.Тус сургуультай холбоотой 70 гаруй эрдэмтэн тус тусын салбартаа Нобелийн шагнал хүртжээ. Нэр хүндтэй энэхүү сургууль нь Дорно дахины хүрээлэн,Иэркэсийн одон орны оргил,Бодлого судлалын төв,Аргоны үндэсний лабораторийг ажиллуулдаг.

     Монголоос энд олон залуу суралцаж мэргэжил эзэмшиж буйг сонсоод тэднээр бахархаж байлаа. Чикаго хотын бас нэгэн бахархал нь 19 дүгээр зуунаас эхэлсэн уран барилгын цогцолбор. Дэлхийд хаа ч байхгүй ганган хийцтэй,суналзсан өндөр барилгууд хотын төвийг чимнэ. 102 давхар барилгын дээрээс хотыг алган дээрээ тавьсан мэт харах боломжтой.

     Хотын төвд байх Юнайтед спорт цогцолборын үүдэнд АНУ-ын нэрт сагсан бөмбөгч Майкл Жорданы бөмбөг залаад нисэх мэт үсэрч буй хүрэл хөшөөг босгожээ.Энэ жил 50 нас хүрч байгаа Майкл Жордан 1982 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа Хойд Каролинагийн Их сургуулийг үндэсний коллежуудын аварга болгоход ихээхэн хувь нэмрээ оруулжээ.1984-1993, 1995-1998 онд Чикаго Буллс багт тоглож, багаа зургаан удаа аварга болгож, өөрөө 10 удаа онооны дээд төрлүүдийн дээд амжилт гарган таван удаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ. Жордан улсынхаа шигшээ багт орж 1984,1992 оны олимпийн аваргын алтан медалийн эзэн болсон юм.

      Түүний спортын гайхамшигт амжилтыг хүрэл хөшөөний гурван талд тоо баримттай бичиж үлдээсэн нь тамирчны нөр их хөдөлмөрийн үр дүн юм.Уран чадварлаг,дайчин шийдэмгий,гайхалтай үсрэлттэй тэрээр “Нисдэг Жордан” хэмээн алдаршсан. Хөшөөг чухам ямар шийдлээр хийсэн нь сонин.Яагаад гэвэл, бөмбөг залаад агаарт үсэрч яг гоол хийх гэж байгаа түүнийг амьд юм шиг урлан бүтээжээ. Эсрэг багийн тамирчин нь хамгаалаад дийлэлгүй зөвхөн түүний нэг хөлийг шүргэснийг эс тооцвол агаарт тэр том хүний хөшөөг тогтооно гэдэг сэтгээд ч учрыг оломгүй. Хөшөөний өмнө тэрээр өөрийнхээ гарын үсэг,гар, хөлнийхээ хэвийг дурсгал болгон үлдээжээ.

       Майкл Жордан зодог тайлж Вашингтон Визардс багийн эзэмшигч болсон төдийгүй бизнесийн салбарт,спортын хувцасны сурталчилгаанд үнэ цэнэтэй хэвээр. Түүний нисч байгааг харуулсан лого бүхи й пүүз,спортын хувцсаар дэлхийн залуус хувцаслаж, хамгийн чанартайд тооцдог нь аргагүй юм.

       Чикаго хотод очсон хүмүүс цагаахан даашинзаа дэрвүүлсэн алдарт жүжигчин Мэрилон Монрогийн хөшөөний өмнө зураг авахуулдаг.Харин бид уг хөшөөг сураглавал өнгөрсөн онд өөр тийш нь аваачсан гэсэн мэдээлэл олж авсан юм.

        Сэтгүүлчийн хувьд аливааг өөрийн улсын хөгжилтэй ямагт харьцуулан харж явдаг болохоор тэндхийн нийгмийн хамгааллын бодлого нь манайхаас арай л өөр юм гэдгийг ажигласан.Жишээлбэл,хөгжлийн бэрхшээлтэй хүн гадуур явах,үйлчилгээний газраар ороход ямар ч хүндрэл байхгүй. Тусгай зориулалтын шаттай,автобус унаанд суух ,зам хөндлөн гарахад дуут дохиотой, цахилгаан шатанд барийл үсгээр давхрын тоог бичсэн тул гараараа уншаад л сууж буух жишээний. Эх хүүхэд,ахмад настанд тавих халамж анхаарал нь сайтай. Нярай хүүхдийн хоол тэжээлийг улсаас үнэгүй өгнө. Үзлэг оношлогоо нь чөлөөтэй. Ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сувилал олон ажилладаг.Бас нэг ажиглагдсан зүйл нь машины зогсоол бүрт тэргэнцрийн зурагтай тусгай зогсоол байдаг тэнд хэн ч дураараа машинаа тавихгүй. Манайд туршлага болгомоор нэг зүйл бол замын хураамжийг электрон хэлбэрээр зохицуулдаг,машинаа зогсоолд түр тавих, хурдны замаар явж байгаад хураамж төлөхөд картаа уншуулаад,эсвэл машины дугаарыг автоматаар тэмдэглээд л боллоо.Мэдээж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол камерт тэмдэглэгдсэн машины дугаараар хөөгөөд таны нэр дээр торгуулийн хуудас ирнэ.Хугацаандаа төлөхгүй бол асуудалд орно.

     Ер нь тэгээд америкчууд хүний эрхийг хүндэлж дээдэлсэн, харьцааны өндөр соёлтой, хүнтэй харьцахдаа дандаа инээмсэглэж, талархлын үг хэлдэг. Хар,шар,цагаан янз бүрийн арьстай,хэл яриа өөр, олон үндэстэн нэгэн дээвэр дор амьдардаг болохоор хүний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй.Хүн хүссэнээрээ хувцаслаж,хүссэнээрээ амьдрах эрхтэй,хууль журмаа хүн бүр биелүүлдэг болохоор асуудал багатай санагдсан.

      Хувийн сууцнуудын гадуур хашаа байхгүй,тэр бүү хэл манайхан шиг хаалгандаа давхар хаалга, гонх ч юмуу хийдэггүй, дандаа ногоон байгууламж, жижиг усан оргилуур, цэцэг жимс тарьж ургуулсан байх юм. Хэн нэгний эзэмшлийн газар дээр гадны хүн дураараа явахгүй,гэрийн эзэд мод,бут,цэцэг жимсээ тарьж арчлахдаа түүнийгээ гоё хэлбэр дүрс оруулж,засч янзалж,амралтын тохилог орчин бүрдүүлж,түүнийг байнга арчилж байх юм.

     Америкт оршин суугаа монголчууд хоорондоо холбоотой,өөр өөрийн хотын вэб хуудастай,түүндээ шинэ мэдээлэл,зар байршуулдаг тул мэдээллээр хоцрохгүй.Бас “Цагийн хүрд” нэвтрүүлгийг болон бусад телевизийн нэвтрүүлэг,кино зэргийг интернэтийн ачаар үзчихнэ.Үндэсний баяр наадам,Цагаан сараар уулзалдана.Монголчуудын дунд зохиогддог хөл бөмбөгийн тэмцээн зэрэгт хот хотоороо баг гарган ширүүн өрсөлдөнө. Чикагогийн хөл бөмбөгийн баг дөрвөн удаа аварга болж , энэ жил Монголын Элчин сайдын Яамны цомыг үүрд хадгалсан гээд сонирхуулах зүйл олонтой.Бас үндэсний хувцсаа оёж ,уламжлалт анагаах ухааны үзлэг эмчилгээ хийж, бууз хуушуур,хэвийн боовны бизнес эрхэлнэ. Хот хотын монголчуудын эрхэлдэг бизнес өөр.Зарим газарт такси жолоодож,пицца хүргэж байхад өөр нэг хотод ачааны том машин барьж,хятад зэрэг Ази хоолны газарт суше хийж,зөөгч,захиалга авах,утсанд хариу өгөх,хими цэвэрлэгээний газарт ажиллана. Бас эмээ өвөө асрах,хумс засах, машин засварын газар,улс хоорондын илгээмж ачааны үйлчилгээ эрхэлж , эмэгтэйчүүд нь голдуу гэрийн үйлчлэгч,дэлгүүр, зоогийн газарт үйлчилгээний чиглэлээр ажил эрхэлнэ. Олон улсын байгууллага,банк, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа оюунлаг залуус ч байна.Ер нь манайхан хэлний авьяастай, хаа ч гэж явсан газартаа амьдрах чадвартай,ядаж л хувцас хунараа угаах,хоол хийх,биеэ авч явах, амьдрах ухааны талдаа хэнийг ч дагуулахгүй.

       Даяаршиж буй зуунд хилийн чанадад амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань гадны хэл, соёл, амьдрах ёс заншлаас ихийг сурч байна. Харин харийн оронд сурснаа эх нутгийнхаа хөрсөнд хэрхэн буулгаж,үр дүнтэй соёолуулах,үр хүүхдэдээ эх хэл,ёс заншлаа сургах зэрэгт бага гэлгүй бодох хэрэгтэй санагдсан.

    Гадаадын өндөр өртөгтэй сургуульд суралцаж,мэргэжил эзэмшсэн залуусыг эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бий болговол тэд эх орон руугаа яаран ирэх биз ээ.

Улаанбаатар- Чикаго-Эрдэнэт
Чикаго хот 2013.08 сар
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна