Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

Ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө зүтгэж явснаараа би бахархдаг

10 жилийн өмнө
1980–аад оны сүүлчээр ЗХУ-д хийж байсан өөрчлөн байгуулалтын салхи Монгол орныг үлээж, ардчилал, ил тод байдал,өөрийн шүүмжлэл зэрэг шинэ үг хэллэг нэвтэрч байсан тэр үед миний бие МРТУХорооны харьяа Эрдэнэт хот дахь Радиогийн редакцид сурвалжлагчаар ажиллаж байлаа.Тэр үеийн сэхээтнүүд бид ганц намтай,төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэмд ажиллаж байсан тул даалгасан ажлыг чин сэтгэлээсээ чанартай гүйцэтгэхийг хичээдэг байлаа.Эрдэнэт хотын Намын хороо боловсон хүчний нарийн судалгаатай,удирдах ажилтан бүр хоёроос доошгүй хүнийг нөөцөд бүртгэн авч тэдэнтэйгээ ажиллана.Өөрчлөн байгуулалтын үйл явц идэвхжиж байсан 1988-1990 онд бидний хэсэг залуучуудыг судалж, хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуульд бодлогоор суралцуулсан юм.
     
      Эдийн засгийн энэ ангид “Эрдэнэт” үйлдвэрээс С.Ганжаргал, С.Даваасүрэн, Ж.Дмитров, Я.Чинбат, М.Долгормаа ,Г.Баясгалан, З.Хэнзээ, багш нараас С.Оюунгэрэл,  Н.Очгэрэл, сэтгүүлчдээс Л.Түмэндэмбэрэл, хотын үйлдвэр аж ахуй,соёл үйлчилгээний байгууллагын төлөөлөл 20 гаруй залуус суралцаж төгссөн нь эдүгээ Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож, шилдэг сайн менежерүүд болцгоосон.Тэр үед Монголын шилдэг сэхээтэн,инженер,эдийн засагч,улс төрч Д.Өлзийсайхан, С.Даш, Ж.Бямба-Юу, Ш.Ганбат нарын багш нар лекц уншихын сацуу нийгмийн амьдралын бүхий л сэдвээр асуудал дэвшүүлж ярилцаж,мэтгэлцдэгсэн.Хүмүүсийн оюун санаанд өөрчлөлт гарч шивэр авир ярилцдаг байснаа больж,сонин хэвлэлд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон юм.



      1988 онд хуралдсан Намын Төв Хорооны 5 дугаар бүгд хурал хүмүүсийн сэтгэл зүйд маш том өөрчлөлт авчирсан гэж боддог. Ил тод, нээлтэй байдал,олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч,нам төвтэй төрийн тогтолцоонд өөрчлөлт хийж,ардчилсан хувьсгалын эхлэлийг тавьсан гавъяатай. Оройн сургуулийн ангийнхан маань завсарлагаанаар тамхилах зуур “Эрдэнэт” үйлдвэр хөдөлгөөнд орж иргэний хөдөлгөөн үүсч байгаа зэргийг ярилцаж,бид өдөр тутам шинэ мэдээлэл сонсдог байв.
     
      Тухайн үед албан байгууллага, аж ахуйн нэгжийг “Дөрвөлжин” буюу нам, захиргаа, ХЗЭ, ҮЭ-ийн дөрвөн дарга удирддаг,социалист уралдааны болзол хамтран зарлаж дүгнэдэг,улс төрийн лекц, сонсгол, дугуйланд ажиллагсдаа хамруулж, маш их үзэл суртлын ажил явуулдаг байсан. Хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн эвлэлийн хорооны дарга М.Долгормаа бид хоёр хамтарч хичээлээ давтаж, найзалж нөхөрлөнө.Тэр үед үйлдвэрийн Засвар механикийн заводын ХЗЭ-ийн үүрийн дарга гэх Свердловскийн уул уурхайн их сургуулийн төгсөгч Д.Ганболдтой танилцсан юм. Намхан нуруутай, цагаан царайтай, шар өнгийн савхин хүрэм өмссөн ганган байрын залуу байнга ажил ярьж явна.Тааралдах бүрийд залуучуудын чөлөөт цагийн клуб, Залуучуудын гавшгайч бригад байгуулсан тухай ярина,түүнийгээ радиогоор мэдээлнэ.Нэг удаа намайг ажил дээрээ дуудлаа. Яваад очвол, өрөөнд тав зургаан залуу сууж байна.Танихаас лав мастер Ц.Балдорж байсан юм

     -Манай үйлдвэрийн хашаанд их хэмжээний үхмэл хөрөнгө, материал байнаа. Залуучуудын бүтээлч бригад байгуулж бид түүнийг засаж сэлбэн түүнийг үнэлж, үйлдвэрт ашиглах зорилготой юмаа. Энэ тухай нэвтрүүлэг хийлгэх санаагаа Д.Ганболд хэллээ.Тэдний урт яриаг залхууралгүй бичиж аваад,хэлж ярьсан олон тоонд нь толгой эргэх нь тэр. Баахан яриулж аваад “Залуусын бүтээлч санаачилга” гэсэн нэртэй нэвтрүүлгээ явууллаа.Хүмүүс асууж бас саналаа хэлж байна. Зарим хайрцагтай тоног төхөөрөмж,сэлбэг тоногдсон байдаг л гэнэ, хоосон хайрцаг олон байгаа гэх зэрэг мэдээллийг надад өгч байлаа.

      Нэвтрүүлэг яваад удаагүй байтал ЗМЗ-ын мастер Ц.Балдорж үйлдвэр дээрээ өлсгөлөн зарласан тухай сонсогдлоо. Сэтгүүлчийн чих урт хойно яваад очлоо. Залуучуудын бүтээлч бригадын гишүүн маань нөгөөх хаягдал дундаас нэг насос засварлаад түүнийгээ Улаанбаатарын ТЭЦ-д зарж мөнгийг нь шинээр байгуулсан МоАХолбооны дансанд хийсэн гэж буруутан шүүх цагдаа болж, буруутан болсон эр өөрийгээ зөвтгөн 100 цаг өлсөж тэмцсэний дүнд учраа олцгоож, эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийснээр уг үйл явдал өндөрлөсөн.1989 оны сүүлч,1990 оны эхээр “Уурхайчин” соёлын ордон хавиар хүмүүс, уран бүтээлчид нэлээд цуглардаг байсан. Хожим УИХ-ын гишүүн болсон зураач Д.Энхтайван “Энх” клуб байгуулж,яруу найрагч Л.Болдсайхан, Б.Батлүндэн, Б.Зоригт нарын залуус Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөнөөс хойш идэвхжиж, улс төрд шургуу орж ирсэн юм.

      Манай Эрдэнэт хотод тэр үеийн шилдэг оюунлаг залуучууд газар газраас ирсэн, сэхээтнүүд төвлөрсөн, орос хэл эзэмшсэн олон хүмүүс байсны нөлөөгөөр өөрчлөлт шинэчлэлт хурдтай өрнөж байлаа. “Найрамдал” талбай дээр үе үе хүмүүс бөөгнөж өвлийн хүйтнийг тоохгүй цуглаж, 9 давхрын хүзүүвч, үйлчилгээний төвийн зүүн талд байрлах том цэнхэр самбар дээр ухуулах хуудас, сонордуулга, янз бүрийн мэдээллийг шөнийн цагаар нааж, түүнийг нь олон түмэн сонирхож янз бүрээр хүлээн авч байсан билээ.Цаг үеийн байдал хувьсан өөрчлөгдөж байсан тул хотын Радио редакци “Цаг үе-Үзэл бодол” нэртэй нэмэлт нэвтрүүлгийг өдөр бүр Монголын Радиогийн 15 цагийн мэдээний дараа явуулж, 17 цагийн мэдээний дараа давтдаг болсноор миний ажлын ачаалал нэмэгдлээ.Тухайн үед 7 хоногт 20 минутын хоёр нэвтрүүлэг бэлтгэж үндэсний нэвтрүүлгийн долгион дээр дамжуулдаг, хамаагүй нэвтрүүлэг тасалбал түүнд төвөөс хяналт тавьдаг байсан юм.

 

      1990 оны 12 сарын 2-нд “Эрдэнэт” үйлдвэрийн МоАХ-оос “Улс доторхи улс” цуглаан зохион байгууллаа. Цуглааны гол зорилго нь цалин хөлс нэмэгдүүлэх,үйлдвэрт үр ашиг багатай хоцрогдсон үхмэл хөрөнгийг тооцоогүй захиалж авдаг, хяналт сул байгаа тухай, удирдах ажилтны дийлэнх нь гадны хүмүүс байна, яагаад үндэсний боловсон хүчнээ тэр албан тушаал дээр ажиллуулж болдоггүй юм гэж шүүмжилж байв.Бас монгол хүний хийж чадах ажлын байран дээр валютаар цалинждаг гадаадын мэргэжилтэнг ажиллуулахгүй байх, тэднээр нарийн мэргэжил шаардсан мэргэжлийн ажил хийлгэх, залуучуудын нийгмийн асуудалд анхаарч, хүүхдийн цэцэрлэг барьж, үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдийг бүрэн хамруулж, ажиллах боломж олгохыг ч шаардаж байлаа. Ард түмэн ядуурч байна, ер нь тэдэнд талх яаж барих аргыг нь зааж өгөх хэрэгтэй, дарга нарын эрх ямба хэтэрч байна гэх зэргээр ярьсан юм.Үг хэлсэн хүмүүсийн дотор “Эрдэнэт” үйлдвэрийн ИТА голдуу залуус байсан ба Л.Лувсан-Очир, Б.Баттүвшин, Д.Энхтайван, Г.Зоригт, Г.Баттогтох нарын хүмүүс байсныг санаж байна.

        1990 оны үед Эрдэнэт хотод хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс “Эрдэнэт” сонин, Радио редакци,”Үнэн” сонин МОНЦАМЭ –гийн тусгай сурвалжлагч зэрэг цөөхөн сэтгүүлч ажиллаж байсан юм. Сэтгүүлч С.Сувдаа “АХСА” буюу “Арван хоёр сарын арван” нэртэй сонинг үүсгэн байгуулж Эрдэнэтэд чөлөөт хэвлэлийн суурийг тавьсан гэж хэлж болох үндэстэй. Тэр үед хотын Намын хороо Эрдэнэтэд цорын ганц байх видео камер, чанга яригч бүхий ухуулгын шинэ цагаан пургонтой. Түүнийг нь Үзэл суртлын хэлтсийн ажилтан, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн ерөнхий эрчим зүйч Д.Цагаач ажиллуулна.Д.Цагаач бид хоёр анхны телевизийн нэвтрүүлгийг ямар ч эвлүүлэггүйгээр хийж Радио релейны станцаас шууд дамжуулдагсан. Тухайн үед эвлүүлэг хийх, дуу оруулах зэрэг техник байхгүй тул аль болохоор алдахгүй тод чанга ярьж, араас нь шууд залган дүрсээ аваад оруулдаг байв. Ярьж эхлэх дохиог зураглаач маань хуруугаараа өгнө.Хэрэв буруу ярьж дахиж унших, ярих хэрэг гарвал авсан дүрс арчигдах аюултай тул тун хичээж хийнэ.Зарим үед болсон үйл явдлыг тэр чигээр нь эфирт гаргадаг байсан юм.
     
      Амралтын нэг өдөр Геологийн тосгон дахь ТТБУКонторын улаан буланд Ардчилсан Холбоо хурал хийх гэж байгааг дуулаад сурвалжлагын “R-6” дуу хураагчаа аваад очсон юм. Тэнд очиход, хотын Намын хорооны ажилтан, МЗНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Дэмбэрэл ажлын кабинетэд ганц байдаг Япон том өнгөт зурагт, приставкаа аваад ирчихсэн баримтат кино үзүүлж байхаар нь айх юмгүйгээр цуглааны үйл ажиллагаанаас бичлэг хийсэн юм.

            Тэр цуглаанд МоАХ-ны анхдагч Эрдэнийн Бат-Үүл, МОНЦАМЭ-гийн сэтгүүлч н.Энхбаатар нар ирж үг хэлж түүнийг нь дэмжиж залуучууд голдуу үзэл бодлоо ярьж байлаа. Дараахан нь “Найрамдал” талбай дээр нэгэн амралтын өдөр том хэмжээний цуглаан болсон санагдана. Бага зэрэг цас хаялсан хүйтэн өдөр байсан ч олон хүн цугласан юм. Д.Цагаач бид хоёр цуглааны бүх ажиллагааг дуутай, дүрстэй бичсэн нь Ардчилсан хувьсгал Эрдэнэтэд үүссэнийг нотлох түүх болон үлдсэн юм даа. Тухайн үед ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа бодохоос илүү залуу хүний хувьд сэтгүүлчийн үүргээ гүйцэтгээд болж байгаа үйл явдлаас хоцрохгүйг хичээдэг байжээ.

         Лав тэр цуглаан дээр МоАХ-ны олон лидерүүд ирсний нэг нь зурагтаар олны танил болсон, Эрдэнэтийн 10 жилийн сургуулийн төгсөгч Ц.Элбэгдорж байсан.Тэрхүү цуглаан дуусаад индэрт байсан хүмүүс “Уурхайчин” соёлын ордон руу орохоор явж байтал, Ц.Элбэгдорж намайг дуудлаа. -Сэтгүүлч ээ, та миний яриаг хасч янзалж, эвлүүлэг хийх юм бол ярьсан яриагаа би энд бичиж эхээр нь хадгалж байгаа шүү гэж сануулга өгөөд жижигхэн дөрвөлжин хар зүйл үзүүлсэн нь диктофон гэгч байж. Анх удаа тийм авсаархан дуу хураагч байдгийг хараад мөрөндөө 6-7 кг аппарат үүрч явдаг хүний хувьд би алмайрч билээ. Бид хоёр Намын хороон дээр очиход товчоо, захиргааны гишүүд бүрэн цугларсан бэлэн байдалд байлаа. Хэдийгээр бүх яриаг цонхоор сонссон ч бичлэгийг бүрэн эхээр нь үзэж сонссон юм. Зарим зүйлийг тэмдэглэж аваад дүгнэлт, тайлбар, няцаалт хийхээр болж байсан. Цуглааны маргааш би эмнэлэгт хүүхдээ аваад хэвтсэн тул цаашид юу болсныг сайн мэдэхгүй.Монгол оронд Ардчилсан хувьсгал ялахад Эрдэнэт их үүрэг гүйцэтгэсэн, хувьсгалын дөл эндээс бадарсан байх гэж сэтгүүлчийн хувьд би бодож явдаг.

 

         Ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд 20 шахам жилийн хөдөлмөрөө зориулж Монголын сэтгүүлчдийн армийн эд эс нь болж ЗО –аад жил хөдөлмөрлөхдөө ихийг үзсэн гэж хэлж болно. Нэгнийгээ нам эвслээр нь ялгаж, ажил албан тушаалаас нь бүтцийн өөрчлөлт нэрийн дор халж өөрчилж, нэр хоч өгч байсанд нь юм саналгүй өдий хүрсэн билээ. Монгол ардын “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг”, ”Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэсэн үгийн үнэнийг биеэр болон сэтгэлээр мэдэрч яваадаа баярладаг. Ардчилсан хувьсгалын үр нөлөөг хүмүүс ойлгодог мэддэг болсон өнөө цагт иргэдийн улс төрийн боловсрол дээшилж,эх орноо үзэх үзэлд төлөвшиж, төрт ёс бэхжиж байна.

           Эрдэнэтэд Ардчилсан хувьсгалыг эхлүүлж явсан олон залуу өнөөдөр төр,засгаа удирдаж дэлхийн улс төрчидтэй эн зэрэгцэж, НҮБ-ын индрээс үг хэлж, Монгол орны хөгжлийн төлөө олон улстай найрамдалт харилцаатай ажиллаж байгаа нь энэ хувьсгалын ач билээ. Хойч үеийнхэн 20 жилийн түүхээс суралцаж, авах гээхийн ухаанаар хандана гэдэгт найдаж байна.Монгол улсад ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлж, МЧАСЭ-ийн Ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайн монгол, англи хэлээр бичиж гардуулсан өргөмжлөл, ”Хэвлэлийн эрх чөлөөний одон” ,МСНЭ-ийн тодорхойлолтоор энгэрийг минь мялаасан төрийн дээд шагнал “Алтан гадас” одон надад ажиллах эрч хүч урам зориг өгсөнд талархаж явдгаа дашрамд илэрхийлье.
                       
                              
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна