Нийтлэлч
Нийтлэлч Б.Оюун-Эрдэнэ

Чимээгүй хотын "Чимээ"

10 жилийн өмнө
“Бүгд үхдэг. Харин бүгдээрээ амьдарч чаддаггүй” гэсэн үг бий. Үхэх, төрөхөөс өөр үнэнгүй хорвоод бид үхлээс үргэлж айдаг ч хэзээ нэгэн цагт үхэл бидний хаалгыг тогших л болно. Харин бид үхэлд хэр бэлддэг билээ?Монгол улсад жилд дунджаар 15-16 мянган хүн нас бардаг. Үүний 25-30 хувийг нь чандарлаж, үлдсэнийг нь хайрцагладаг байна.Өөрөөр хэлбэл, хайрцаглуулж буй талийгаачийн хэдэн хувь нь гэрээслэлээ бичиж, эсвэл оршуулгынхаа зардлыг өөрөө бэлдсэн байсан бол? Хэдийгээр энэ асуудал нь хүний хувийн нууцтай холбоотой ч бид үүнийг мэддэг, ойлгодог, төлөвлөдөг байх хэрэгтэй юм. Учир нь үүнээс улбаатай олон асуудал ар, гэрийхэнд нь тулгамддаг.Аав, ээж, ах дүү нартайгаа үхлийн тухай огт ярилцдаггүйгээс бурхан болсон үед нь чандарлах эсвэл хайрцаглах уу гэдгийг шийдэхэд бэрх байдаг. Тиймээс энэ сэдвийг өөрөөсөө ч битгий нуугаарай.

        Орхон аймаг 16 га газрыг “чимээгүй хотод” зарцуулжээ. Хилийн дээсийг хэдийнээ хальсан энэ асуудал тус аймагт шарил чандарлах газар хэрэгтэй байгааг илтгэнэ.1976 онд байгуулагдсан хотод хаяа дэрлэн дахин нэг хот бий болсон нь яах аргагүй оршуулгын газар юм. Аймгийн Хот тохижуулах газар хогийн цэгийнхээ зүүн хойд хэсэгт буюу Ястын хөндий гэдэг газарт дахин шинэ оршуулгын газар нээжээ. Таван жилийн өмнө нээсэн уг газарт иргэд талийгаачаа хөдөөлүүлэх дургүй байдаг нь олон шалтгаантай. Гол нь бурхан болоочийн алтан хайрцгийг нээсэн лам хөдөөлүүлэх зүг чигийг хэлдэг. Ихэвчлэн баруун хойд зүгт гэж хэлдэг болохоор аль хэдийнэ хаасан оршуулгын газрын эргэн тойронд дахин оршуулдаг байна.Үүнийг цэгцлэхийн тулд Хот тохижуулах газар олон арга хэмжээ авч байгаа ч уламжлалт зан үйл нөлөөлсөөр байдаг аж.
        Аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газар 2011-2012 онд “Эко граф” ХХК-иар агаар, хөрс, усны бохирдлын хэмжээг судлуулжээ. 54 цэгт бохирдолтын хэмжээг судлахад чимээгүй хот орчимд мөнгөн усны хэмжээ 1.1 дахин их байжээ. Иймд тэр хавьд дахин хүн оршуулахгүй байхыг сануулсан ч харамсалтай нь иргэд талийгаачаа хөдөөлүүлсээр байна.Хүний яс газрын хөрсөнд байхдаа 40-50 жилийн хугацаанд задардаг бөгөөд энэ хооронд 70 орчим төрлийн хорт хий ялгаруулдаг байна.Өөрөөр хэлбэл, талийгаачийг газарт булахад дэндүү их хор хохиролтой гэдгийг олон судалгаа баталж байна.

        Нэг талийгаачид 7 м.кв талбай шаардагддаг гээд бодохоор монгол улс хэдий хэмжээний газар нутгийг бурхан болоочдод зарцуулсаныг тооцож болно.Мөн талийгаачаа хаана оршуулсан эсэхээ мартчихдаг монголчуудын хувьд нэгдсэн нэг газартай болчихвол ядаж хааяа ч гэсэн очиж хүндэтгэл үзүүлж байх юмсан. Үнэхээр өөрөөсөө ч нуудаг энэ сэдвийг бид өнөөдрөөс эхэлж ярих цаг болсоныг Орхон аймгийн оршуулгын газрын талбайн хэмжээ харуулж байна.Сүүлийн үед талийгаачийг ил тавих болсон нь зөв, буруу гэсэн ойлголтод хүргэж байна. Бурхан болоочийг ил тавьдаг эртний ёстой хэмээн лам, хуврагууд хэлдэг. Энэ нь оршуулгын газартайгаа хаяа дэрлэн амьдардаг монголчуудын хувьд ярих ёстой сэдвийн нэг юм.

        Иймд “Хутагт ламын хийд”-ийн хамба лам Д.Чойжамцтай уулзаж, хөдөөлүүлэх зан үйл нь орчин үеийн нөхцөл байдалтай хэр тохирч байгаа талаар тодруулахад, “Эртний уламжлалаа дагаж бурхан болоочийг ил тавих нь зүйтэй ч суурин амьдралд шилжиж буй бидэнд чандарлах газар хэрэгтэй. Гэхдээ бас ил тавьдаг албан ёсны цэг бий болгох нь чухал. 1920-иод оноос эхтэй оршуулах буюу хайрцаглах ёсыг халж газар нутгаа ариун байлгаж байгаль дэлхийд ээлтэй байх хэрэгтэй” гэлээ.

        Талийгаачийг чандарлахад ердөө нэг кг үнс гардаг бөгөөд энэ нь суурин амьдралд шилжсэн монголчуудад нэн тохиромжтой юм. Учир нь хүн ам өсөхийн хэрээр нас баралт нэмэгддэг тул үүнийг одооноос л анхаарахгүй бол хожим нь олон асуудлын эхлэл байхыг үгүйсгэхгүй юм. Мөн талийгаачийг хаана хөдөөлүүлж байгаа нь Хот тохижуулах газрын хяналтаас аль хэдийнээ гарсан байна.

        Уг нь шарил оршуулах газрын зөвшөөрлийг Хот тохижуулах газраас авах ёстой ч сүүлийн үед ил тавьдаг болсон тул холбогдох байгууллагад нь ч хандахаа байжээ. Иймд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй оршуулгын газар Орхон аймгийг бүчиж байна. Үнэхээр хоёр “ертөнц”-ийн амьдралд газар нутаг болон өөр бусад зохицуулалт хэрэгтэй байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Лам, хуврагийн хэлсэн үгэнд орж бурхан болоочоо ил тавьж тас шувуу ирж авсан эсэхэд нь эргэлзэх үү эсвэл газрын хөрсөнд булж орчноо бохирдуулах уу, үгүй бол ердөө 45-60 минутын хугацаанд цельсийн 500-1000 градуст шатааж чандарлах уу гэдэг сонголт бидний өмнө байна.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна