Нийтлэлч
М.Хангал

Сэтгэгдэл нэрээр сэтгэлгүй гүтгэгчдийг хянах нь

10 жилийн өмнө
Цахим хуудас дахь сэтгэгдэлд хяналт тавих тухай Засгийн газрын шийдвэр гарахтай зэрэгцээд ардчиллын оршихуйн асуудал хөндөгдөж эхэллээ. Ардчилал гэдгийг бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж ойлгодог нь үнэн. Мөн ардчилал гэдгийг бусдын эрхэнд халдахгүйгээр өөрийн эрхийг эдлэх гэж ч ойлгож болно. Үнэндээ нийт даяараа хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын талаарх тодорхойлолт байдаггүй. Гэхдээ бид ардчиллыг хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан удирдлага, хуулийн өмнө эрх тэгш байх, улс төрийн олон ургальч үзэл гэж ойлгодог. Тэглээ ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гээд бусдыг гүтгэн доромжилж, гэмт үйлдэл ялангуяа садар самуунд уруу татаж болохгүй. Энэ утгаараа шинэчлэлийн Засгийн газраас гаргасан сайтын сэтгэгдэлд хяналт тавих шийдвэрийг дэмжиж байгаа олон хүн байгаа. Нөгөөтэйгүүр эсэргүүцэгчид ч байна. Тэд “Луйварчин удирдагчид та нарын шорон чинь дүүрэхээс айхгүй бол бид сэтгэгдэл бичиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айхгүй”, “Сэтгэгдлээр доромжлуулаад хохирчихсон хүн хэн байгаа юм бэ, энэ бол үүгээр далимдуулж ард түмнээ хяналтад авах гэсэн коммунист арга” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байх юм. Гэхдээ Засгийн газрын дээрх шийдвэр цаг хугацааны л асуудал байв. Ойрын ирээдүйд хийгдэх ёстой ажлыг энэ удаагийн Засгийн газар барьж авлаа. Тэд кибер ертөнцийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд багаас нь эхэлж байна гэж ч ойлгож болно. Кибер гэмт хэргийг цэгцэлснээр залуу үеийн сэтгэлгээг зөв төлөвшүүлж, тэдний оюун санааг цэвэр ариун байлгах юм. Ингэж тайлбарлавал сэтгэгдэл хянах төрийн ажлыг эсэргүүцэгчид ухаарах болов уу. Тэд “Сэтгэгдлээр доромжлуулаад хохирсон хүн хэн байгаа юм бэ” гэж асуужээ. Сэтгэгдлээр дамжуулж гүтгэн доромжлогчид тусгай кодын ард нуугдаж, бусдыг тавладаг шиг доромжлуулсан нэгэн чимээгүй шаналж яваа. Гэхдээ тухайн этгээд гомдол гарган шүүхэд хандах эрх нь нээлттэй. Сэтгүүлчид бол жинхэнэ доромжлуулдаг. “Өмхий амтнууд” хорон муу үгсээ “мөнгөөр бөгсөө худалдсан”, “***даа”, “**жаа” гэх зэргээр бичнэ. Энэ ч бага хэрэг. Олны танил бүсгүйчүүдийн тухай мэдээллийн сэтгэгдлийг уншихаас ч аймаар. Зүрх шимшрэм гэхэд ч багадмаар. Магадгүй энэ бүхэн нийгмийн сэтгэлгээний доройтол, оюун санааны ялзралын илрэл гэлтэй. Үнэндээ сэтгэгдлээр дамжуулж бусдыг гүтгэх, доромжлох нь энүүхэнд болсон цаг. Өсвөр үеийнхэн их ханддаг сайт, зарим мэдээллийн дор садар самуунд уруу татсан зар явж байхыг нь яана. Тэгэхээр монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох Засгийн газрын шийдвэрийг хувьдаа би дэмжиж байна. Одоогоор хяналтын системийн программ хангамж, техникийн шийдэл боловсруулах болон домайн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудсанд тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журмыг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа юм билээ. Ингэснээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авах боломж бүрдэх аж. Ингэхдээ төрийн болон хувь хүний нууцын талаарх холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллана. Одоогоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэвтрүүлсэн хориотой үг хэллэгийн системд голлох вэб сайтууд хамрагдан ажиллаж байгаа ч цахим хуудасны мэдээлэлд ямар ч хэрэглэгч хандаж, ямар ч төрлийн мэдээлэл оруулах боломжтой хэвээр байгаа. Энэ байдал хэт задгайрч, улс орныг эмх замбараагүй байдалд хүргэхгүй гэх баталгаагүй болжээ. Тэгэхээр иргэн та айж ичээд байх зүйлгүй юм шүү дээ. Та бусдыг гүтгэсэн, доромжилсон, заналхийлсэн, уруу татсан, нийгмийг түгшээсэн элдэв төрлийн сөрөг сэтгэгдэл бичихгүй л бол таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чинь зөрчигдөхгүй. Харин ч ардчиллын замнал улам тунгалагшина гэдэгт итгэж байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна