© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-10-20-НД НИЙТЛЭГДСЭН
Ж.Лхагвасүрэн: Би мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй
Ж.Лхагвасүрэн: Би мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй
NBND телевизийн “Хэн нь Хэн бэ” нэвтрүүлгийг эрхэм та бүхэнд хүргэж байна.Энэ удаагийн нэвтрүүлэгт Орхон аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газрын дарга, Орхон аймгийн Үндэсний Бөхийн Холбооны Дэд Тэргүүн Ж.Лхагвасүрэн оролцсон юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан зусч байна уу?

Сайхан зусч байна. Энэ жилийн зуншлага сайхан байна. Бороо, нартай, өвс ургамал сайхан ургасан, хөдөөний хүмүүс маань наадамдаа бэлдээд, баяр наадмын уур амьсгал орчихсон энэ цаг үе сайхан байна.

-Та өөрийн нутаг усны талаар яриач аль нутгийн хүн вэ?

Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн. Монголын Швейцарь гэдгээр нь би Хөвсгөл нутгаараа бахархдаг. Мөн тэр сайхан нутгийнхаа газар шороон дээр унаж хүн болсноороо бахархдаг. Хөвсгөл нутгийнхаа бүх сайхан үзэсгэлэнт газруудаар явсан. Хаа ч явсан хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг нутгийнхаа нэрийг сэвтээхгүй юмсан, нутаг орноороо овоглож явах юмсан гэж боддог доо.

-Ээж ааваа танилцуулаач, та айлын хэд дэх хүүхэд вэ?

Манай аавыг н.Жадамба, ээжийг маань н.Аюуш гэдэг. Хоёулаа бурхны нэртэй болохоор би нэрээр нь ч гэсэн бахархаж явдаг. Би 11 хүүхэдтэй айлын дөрөв дэхь нь байгаа юм. Ээж маань сургуулийн тогооч, талхчин хийдэг, аав нь маань сургуулийн нярав хийдэг байлаа. Ээж аав маань хөдөөнөөс төв суурин бараадаж, сумын төв дээр ажиллаж байгаад хоёулаа сургуулиасаа тэтгэвэрт гарсан. Ээж минь дөрөв таван жилийн өмнө бурхан болсон юм. Аав маань одоо 84 настай, хөнгөн шингэн хүн байгаа. Зун болохоор нутаг руугаа явж, өвөл болохоор манай гэр бүлийн нэгэн гишүүн болж хамтдаа амьдардаг. Аав минь настай болохоор хүйтний улиралд дулаан тохьтой газар байлгая гэж боддог юм. Дулааны улирал ирэхээр дураар нь нутаг руу нь явуулдаг даа. Ээж аав хоёр маань олон хүүхдээ эрдэм номтой, ажил мэргэжилтэй болгох гэж бидний төлөө зовж зүтгэж хүний дайтай өсгөсөн, сайхан хоёр буурай даа. Олуулаа нэг гэрт өссөн болохоор их бүлэрхэг, ах дүүс ихтэй байдаг. Би дээрээ хоёр ах нэг эгчтэй. Дөрөв дэхь хүүхэд гэдгийнх нь онцлог гэвэл би ихэр эмэгтэйтэй. Ихэрээрээ би их бахархдаг. Гэр бүлийнхнээсээ ихэртээ арай илүү амь байна. Ихэрийн өрөөсөн маань одоо Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдарч байгаа. Одоо тэтгэвэрт гарчихсан тэтгэврийн эмээ байгаа даа.

-Та өөрийнхөө гэр бүлийг танилцуулаач?

Манай эхнэрийн хувьд гэвэл бид хоёр сурагч ахуйдаа танилцсан, хөрш сумын охин Донхорын Нансалмаа гэж хүн бий. Сургуульд байх үедээ л найзлаж нөхөрлөөд л тэрнээс хойш 40-өөд жил хамтдаа амьдарч байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргаанд орлогч нягтлан хийдэг. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань 10-р ангиа алтан медалтай онц төгсөөд Ташкентэд 6 жил сураад Геологи Уул Уурхайн Яамны томилолтоор Эрдэнэтэд ирж ажилласан. Би тэр үед нь оюутан, тамирчин байсан юм. Тэгээд л хамтдаа 1980 онд Эрдэнэтэд ирээд түүнээс хойш Эрдэнэтийн иргэн болсон. Энэ нутагтаа бид хоёр хичээнгүйлэн амьдарч байна даа.

-Та хоёр эмээ өвөө болчихсон уу?

Эмээ өвөө болчихсон. Бид хоёр хоёр охин, хоёр хүүтэй. Хамгийн том нь охин. Бид хоёр 77 онд охинтой болж, ээж аав болж байсан тэр сайхан цаг нэг л мэдэхэд өнгөрчихсөн байна. Охин маань Германд боловсрол эзэмшээд одоо Канадад ажиллаж, амьдарч байгаа. Том хүү маань Хууль зүйн яаманд мэргэжилтнээр ажилладаг. Бага хүү маань сургуулиа төгсчихсөн, хувийн бизнестэй. Бага охин маань өнгөрсөн жил “Эрдмийн сан” сургуулийг төгсөөд Канад руу сурахаар явсан. Бид хоёрын хамгийн гол зорилго хүүхдүүдээ эрдэм номтой болгох л байна даа. Ач зээгийн хувьд гэвэл дөрвөн ачтай. Гурван хүү, нэг охинтой.

-Та жилийн дөрвөн улирлын алинд нь илүү дуртай вэ?

Аль нь таны сэтгэлийг сэргээдэг вэ?Би ер нь зуны улиралд л дуртай. Зуны дэлгэр цаг гэдэг бол хүн малын зоо тэнийж, баярлаж цэнгэсэн, айраг цагаа бялхсан сайхан үе юм. Би ер нь жаахан нас ахиад байгаа юм уу дээр үед хөдөө цагаан идээгээ идээд л өдөрт нэг л хоол иддэг байсан үеэ их дурсах болсон. Ах дүү нар дээрээ хөдөө очоод л хэзээ нэг хоол хийх юм бол гээд хүлээхэд зарим нь хоол биш бяслаг, тараг, өрөм өгчихөөд “Аягаа сайн долооно шүү” гээд л орой болж унтдаг. Тэгэхээр хүний сэтгэл зүй, идэж байгаа хоол унд гээд л зуныг их дэлгэр сайхан улирал гэж боддог доо.

-Таны дуртай баяр ямар баяр вэ?

Миний дуртай баяр бол Улсын баяр, Цагаан сар хоёр. Яагаад гэвэл энэ хоёр баяр маань монгол хүнд маш том ёс зүй юм. Морио унаж уралдана гэдэг бол монгол хүүхдийн бахархал. Зуны улиралд энд тэнд очиж амарч баярладагаараа наадам сайхан баяр. Хоёрдугаарт ах дүү, төрөл төрөгсдийн ураг төрлийн холбоог ойртуулж өгсөн, ёс заншлыг хадгалсан гэдэг утгаараа цагаан сарын баяр ч бас сайхан. Би үндэсний ёс заншлын маш том сургалт гэж энэ хоёр баярыг үздэг.

-Та ямар мэргэжилтэй вэ?

Би ХААИС-д таван жил сурч эдийн засагч гэсэн мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ нэг ч ажиллаагүй. Яагаад энэ мэргэжлийг эзэмшчихээд мэргэжлийнхээ дагуу ажиллаагүй юм бэ гэхээр 75 онд би 10 жилээ төгсчихөөд Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын дээдэд орох гээд бэлдчихсэн байсан юм. Тэр үед би хоёр жил дарааллаад Улаанбаатарт Үндэсний бөх барилдаад шуугиулчихсан байлаа. Тухайн үеийн ХААИС-ын захирал Жамьяанжав гэж бөхөд дуртай сайхан хүн байсан юм. Жамьяанжав захирал “Энэ хүүхдийг авна шүү” гээд багшдаа захиад урилга өгөөд явуулчихсан байсан. Би дотроо Биеийн тамирын дээддээ л ормоор байсан юм. Гэтэл манай ангийн багш “Чи сургуультай болчихсон юм чинь ангийнхаа өөр хүүхдэд дээд сургуульд орох боломж олго” гэж хэлээд би ХААИС-д орж төгссөн дөө. Сургуулиа төгсөөд эхнэр маань хойно сурч байсан болохоор би Бөхийн чөлөөт барилдааны 2-р шигшээд хичээллээд тамирчин, оюутан маягтай байлаа. Тэгээд эхнэр ч ирж энд хуваарилагдаж дараа нь би Биеийн тамирын дээддээ орж төгсөөд Биеийн тамирын багш, Эдийн засагч гэсэн хоёр мэргэжилтэй болсон доо.

-Таны нэрийг хэн өгсөн бэ?

Миний нэрийг өвөө аав маань л өгсөн гэдэг. Нэрнийх нь түүхийг нь сайн мэдэхгүй. Лхагвасүрэн гэж төвд утгатай л нэр л дээ. Би өөрийгөө лхагва гарагт төрсөн юм болов уу гэж боддог юм. Тэр үед төрсөн гарагтай нь холбож их нэр өгдөг байсан.

-Таны бага насаа өнгөрүүлсэн газар?

Миний бага насаа өнгөрүүлсэн газар Хөвсгөл аймгийн Тариалан сум. Байгалийн үзэсгэлэн төгс, урдуур нь Сэлэнгэ мөрөн урсаж, хойгуур нь Намнан уулаар хүрээлсэн, уул ус нь жигдэрсэн, ан амьтантай сайхан нутаг бий. Би 3-аас 6 нас хүртлээ аймгийн төвийнхөө цэцэрлэгт явдаг байсан. Тэр үед найман нас хүрч байж сургуульд ордог байсан болохоор 6-аас 8 хүртлээ хоёр жил хөдөө эмээ дээрээ, ээжийн маань дүү сумын заан, адуучин ахынхаа дэргэд байсан. Малын ухааныг тэндээс л сурсан даа. Хөдөөний айлд юу хийдэг билээ тэр бүгдийг л хийж өссөн.

-Ажил хүнийг сургадаг гэж ярьдаг. Та хэдэн настайдаа ажлын гараагаа эхлүүлж байсан бэ?

Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг, хөдөлмөр хүнийг бий болгосон гэж ярьдаг. Би мэдээ орохоосоо л ээжийнхээ хормойноос зүүгдэж, хажууд нь тусалж ажлын дөр, ухааныг сурч авсан. Хүүхдүүдийнхээ зуны даалгаврыг ээж маань л хийнэ. Тэр үеийн зуны даалгаварт шүүр, зурамны арьс, жимс бэлдэх, мөөг түүх гэх мэтийн зүйлсийг өгдөг байсан. Таван хүүхэд сургуульд сурдаг бол нэг хүүхдийн 10 зурамны арьс гэж тооцоод нэг зундаа л ээж маань 50 зурамны арьс бэлдэж өгөх жишээтэй. Сурагч болж сургуульд ороод зун, өвлийнхөө амралтаар дандаа нагац ахындаа очиж адуутай ноцолддог байсан. Нагац ахынд маань миний үеийн хоёр эрэгтэй хүүхэд байдаг байсан. Нөгөө хэдтэйгээ хамт адуу мал хөөвөрлөнө, дэл сүүл хяргана, мал төллөх үеэр нь очиж туслана. Өшөө том болоод 8-р анги гэхэд би сургуулийнхаа дугуйлан болгонд явдаг, их идэвхтэй хүүхэд байсан. Физикийн дугуйлангийнхаа багштай нийлээд тэр үеийн орос кинонуудыг 50 мөнгөөр гаргасан юм. Тэгээд багш надад мөнгө өгч, тэр мөнгөөрөө тухайн үеийн бид нарын мөрөөдөл болсон оросын 120-ын биеийн тамирын хувцас авч өмсөн, хөдөлмөрийн хөлсөө хүртсэндээ их баярлаж байсансан. Бас фото зургийн дугуйланд явдаг байлаа. Тэр үед зурагчин аймагт л байдаг байсан юм. Сумдаа байдаг ганц хоёр зурагчин нь цаас байхгүй, эсвэл хоронд хийгээд шөнөжин угаадаг байсан. Гэтэл би аппаратаар цээж зураг аваад дөрөв хуваагаад өгөхөөр хөгшчүүд баярлаад л мөнгө өгдөг байсан юм. Ингэж л хөдөлмөрлөх ямар байдгийг мэдэрсэн дээ.

-Монгол эр хүний ноён нурууг юугаар илэрхийлэх вэ?

Гүндүүгүй, холч сэтгэлгээтэй, гурван давааны цаадахыг харж чаддаг хүнийг л монгол эр хүн гэнэ дээ.

-Өөрийнхөө амьдралд хийсэн хамгийн бахархалтай зүйл тань юу вэ?

Хамгийн анх биеийн тамирын багш болчихоод 8-р ангийн хүүхдийг улсын аварга болгож байсан. Тэр үед 8-р ангийн хүүхэд тэмцээн уралдаанд түрүүлнэ гэдэг бараг боломжгүй, 9, 10-р ангийн хүүхдүүд л түрүүлдэг байлаа. Хүмүүстэй тулж ажиллаж, зохион байгуулаад, шилж сонгосны эцэст 8-р ангийн хүүхдийг түрүүлүүлж байсандаа бахархдаг. Мөн Говилын сургуульд багшилж байхдаа тухайн үеийн хүрэн шалтай спорт залыг спортын сэтгүүл харж байгаад өнгийн шалтай болгож байсан. Тэгэхэд багш нар “Шал чинь хүрэн л байх ёстой шүү дээ” гээд л гайхаж байлаа. Багшилдаг байсан тэр үеэрээ бас их бахархдаг.

-Танд монгол дээл хэд байдаг вэ?

Надад бараг хориод дээл бий. Залуу байхад манай эхнэр наадам болгоноор л дээл оёж өгдөг байсан. Одоо бол жаахан нас ахиад “Би энэ олон юмаар яах юм бэ” гээд наадмаар хоёр дээл сольж өмсөөд л хоёр өдрийг өнгөрөөж байгаа. Сая Баян-Өндөрийн наадмаар ч гэсэн хоёр дээлээ сольж өмссөн. Улсын наадмаар гэсэн нэг шинэ дээл хийлгэчихсэн, бороо орвол гээд дахиад нэг дээлээ өмсөнө гээд бэлдчихсэн байгаа.

-Та монгол хүн гэдгээрээ хэзээ хамгийн сүүлд омогшсон бэ?

Монгол хүн гэдгээрээ омогшсон гэвэл 2008 онд Бээжингийн олимпийг үзсэн үе юм даа. Би өөрөө чөлөөт бөхийн спортын мастер хүн шүү дээ. “Чөлөөт бөхийн дэлхийн аваргыг л нэг үзэх юмсан” гэж багаасаа л мөрөөддөг байлаа. Тэрийг би үзсэн. Дараа нь Олимпийн тэмцээнийг л үзэх юмсан гэсэн чинь ойрхон болж, Бээжингийн олимпийг үзсэн юм даа. Бид нар олимп үзэж байхдаа жудогоос ганцхан Цагаанбаатарыг л харж байсан. Гэтэл ялагдаад, “ингээд амжилтгүй дууслаа одоо харах юм байх биш дээ” гэж бодоод л маргааш нь хамт явсан хүмүүстэйгээ дэлгүүр хэсээд, явахдаа бэлдээд байж байсан юм. Гэтэл утас дуугараад “Түвшинбаяр финалд үлдчихлээ шүү дээ” гэхээр нь шууд л таксидаад л очсон юм. Очоод гадаанаас нь шагийн билет аваад л орсон чинь Түвшинбаяр хүрэлийн төлөө ялаад, дахиад ч ялдаг юм даа. Яг олимпийн аварга болоход нь хараад, би хойно нь Монголынхоо далбааг өргөөд ТВ9-ийн эфирт хальт гарсан юм. Тэр л ёстой бахархалтай үе байсан даа. Яг хажуугаас нь аварга болохыг нь нүдээрээ хараад маш их омогшсон. Би Түвшинбаярыг Монголчуудаа баярлуулсан, монгол түмнийхээ бахархал нь л гэж бодож явдаг.

-Та эр хүнийхээ хувьд бас ч спортын хүн гэдгийнхээ хувьд илүү их омогшиж байсан байх?

Тэгэлгүй яахав. Тэр шөнө ерөөсөө ч унтаагүй. Энд ирээд ч нойр хүрэхгүй байсан.

-Тэр үед аманд тань ямар дуу аялагдаж байв?

Тэр үед халуун элгэн нутаг л орж ирээд байсан даа. -Таны үзэх дуртай монгол кино юу вэ?Би ер нь олон монгол кино үздэг шүү. Гэхдээ “Гарьд магнай”-г л илүү үздэг дээ. Тэгээд “Сэрэлт” гээд л алтан үеийнхний тоглосон кинонууд байна. Одооны хүүхдүүд тэр үеийн монгол кинонуудыг үзэхгүй юм. Тухайн үеийн монгол кинонуудаас авах юм их бий. “Кино бол бүх урлагуудын дотроос хамгийн чухал нь” гэж Ленин багш хэлсэн байдаг. Юу нь яг өөрт хэрэгтэй вэ л гэдгийг л тусгах болохоос бүгдийг нь өөртөө тусгаж авах албагүй. Жижигхэн ч гэсэн хүнд мэдрэмж, таашаал өгнө гэдэг бол киноны сайхан нь.

-Та хамгийн сүүлд хэнд зэмлүүлж, загнуулсан бэ?

Аав маань намайг жаахан байхад ганц ч алгаддагүй байсан. Одоо ч гэсэн эрүүл байхдаа ерөөсөө ч загнадаггүй. 84-тэй гэхэд хөнгөн шингэн өвгөн бий л дээ. Хааяа нэг зуу татчихаад орж ирдэг юм. Гэтэл адилхан өтөлж 50 гарч яваа намайг жаахан халчихаад орж ирэхээрээ л загнадаг юм. Би загнуулахаараа юу ч хэлдэггүй толгой дохиод л инээгээд л сууж байдаг. Тэр гэхдээ сайхан мэдрэмж.

-Өнөөдрийн амьдралыг 10-15 жилийн дараахтай харьцуулвал яаж төсөөлөгдөж байна?

Монголчууд босоо бичигтэй, босоо заяат ард түмэн гэдэгчлэн монголчуудын амны хишиг, буян заяа бол өөдрөг. Гоё, сайхан зүйлсээ өөрийнхөө нүдээр олж харж мэдрэхгүй л байгаа болохоос биш бас ч гэж нэг үеэ бодоход юм хийж, юмны эвийг олж сурч байна. Улс эх орноос хүмүүст мөнгө ирж байгаа. Өөртөө, амьдралдаа хэрэгтэй юмандаа хэрэглэж байна уу, бусдыг дуурайж урсгал зардалд мөнгөө үрж байна уу гэдэг нь л гэхээс биш мөнгө олдохгүй, бүх юм байхгүй байсан нэг үе байсан шүү дээ. Би Германд явж байхдаа Монгол нэг ийм л дэлгүүртэй болоосой гээд л нэг хүнсний дэлгүүрийг хараад шүүрс алдаж байсан юм. Гэтэл одоо ийм супермаркетуудаар л дүүрэн болсон байна. Монголчууд бие биеэ хүнлэгээр дэмжээд, энэнээс хойш улс орон маань зөв хөгжөөд явбал Монголын заяа маш гоё өөдрөг байж, үр хүүхэд маань сайхан л амьдарна. Тэрнээс биш жаахан юманд бухимдаад л нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байлгүйгээр ойлгож хүлээж авдаг болчихвол монгол орон маань сайхан л болно доо.

-Өөрийн ханьдаа зориулж хамгийн сүүлд барьсан бэлэг тань юу байсан бэ?

Би ханьдаа саяхан нэг үнэртэй ус авч өгсөн байх шүү. 3 сарын 8-нд хотод хүүтэйгээ явж байгаад ээжид нь үнэртэй ус авч өгье гээд “Улаанбаатар” их дэлгүүрээс авч өгсөн.

-Та хэр уярамтгай хүн бэ?

Би ер нь уярамтгай. Сэтгэлдээ уйлдаг хүн. Хүмүүсийн амьдралыг хараад хүртэл зарим нь боломжийн сайхан амьдралтай байхад зарим нь яагаад ийм байдаг юм бэ гээд өрөвдөөд уйлдаг.

-Та хамгийн сүүлд гэр бүлийнхээ зургийн цомгийг хэзээ нээж үзсэн бэ?

Гэр бүлийнхээ цомгийг ойрдоо үзээгүй байгаа шүү. Сая манай эхнэр анх 1-р ангид орсныхоо ойг хийсэн юм. Тэдний ангийнхан зургийн цомог хийчихсэн байсан нь их аятайхан хөөрхөн санагдаад ийм юм баймаар юм байна гэж бодсон. Ерөнхийдөө гэр бүлийн цомгоо ажил гарсан үед л зураг хайхдаа гаргаж үздэг дээ. Зураг түүх өгүүлнэ гэж хуучин зурагнуудаа харахад маш гоё гоё дурсамж сэргэдэг. Зурагнуудаа үзэж байх бас их хэрэгтэй юм шиг байгаа юм шүү.

-Монголын олон сайхан бөхчүүдийн хэнийг нь хараад их бахархаж, биширдэг вэ?

Арай ахмадаас нь гэвэл амьд сэрүүн багаа бөхчүүдээс хоёр бөхийг л их хүндэлж явдаг. Хар аварга гээд л ярьдаг Баянмөнх аварга маань мөн ч сайхан хүн шүү дээ. Хажууд нь

-Бидний урилгийг хүлээн авч ирж бидэнтэй ярилцсанд баярлалаа таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа та бүхэнд ч гэсэн ажлыг амжилт хүсье.

Ярилцсан Т.Атарбаяр
/ 2014-10-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц