© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-27-НД НИЙТЛЭГДСЭН
Урлаг, спортоор хичээллэсэн хүн бусдаас илүү төлөвшдөг
Урлаг, спортоор хичээллэсэн хүн бусдаас илүү төлөвшдөг
Энэ удаа бид эзэмшсэн мэргэжлээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик болон Чанар хяналтын хэлтэст ажиллаж буй Дамдинсүрэнгийн Эрдэнэбат, Дэмчигийн Урантуяа нартай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

Сур: Төрүүлж өсгөсөн аав, ээж, төрсөн нутгийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү?

-Д.Эрдэнэбат: Би Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн. Миний төрсөн газар домог, түүх агуулсан нутаг. Залаа хайрхан гэж Их богд уулын дүү нэртэй газар бий. Их богд уулыг багасгасан хувилбар нь Залаа хайрхан. Энэ уулыг нутгийн зон олноо түшиж явдаг гэж манай нутгийнхан ярьдаг юм.

-Д.Урантуяа: Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Дунд сургуулийн 5-р ангиас ХБДС-д элсэн 12 жил суралцан төгсөж байлаа. Баянхонгор аймгийн театрт 13 жил ажилласан.

-Д.Э: Би гурван ах, нэг эгчтэй. Айлын бага нь. Миний хань 9 хүүхэдтэй айлын отгон нь. Айлын хоёр бага амьдраад 23 жил болж байна. Юм сонин. Бид хоёрын нэг нь хангайд, нөгөө нь говьд төрсөн.

Сур:Тэгвэл говь нутгийнхаа юугаар нь бахархдаг вэ?

-Д.Э: Говийн нэг бахархал заг мод. Загийн шугуйд хулан байна. Хавтгай, хар сүүлт нь сүлжилдэнэ. Хад асганд нь аргаль, янгир, халтар цоохор ирвэс дүүлж явдаг юм. Хүч тамир их хүрэн халтар бүргэдийн дэвэн нисэх нэн бахтай. Говь сайхан шүү дээ. Говь газар хүн болж төрснөөс хангай газар бух болсон дээр гэсэн тэнэмэл үг бий. Энэ бол говийг мэдэхгүй хүнээс гарсан яриа. Тэр хүмүүст хангай газар бух болон төрж, шээс алдсанаас, говь газар бөх болж төрөөд дэвж яваа нь миний буруу юу гэж Дэмүүл арслангийн өгүүлснийг хэлмээр болдог юм. Тэр тусмаа манай нутагт Тэхийн гол гэж баян бүрд байна. Тэндээс л жинхэнэ монгол хөрсөнд ургасан бүх жимсийг авна даа. Тэхийн голын цаад талд алдарт Сэгс цагаан богд уул бий. Энэ хайрхан миний нутагт харьяалагддаг.

-Д.У: Би хангай нутгийн хүн. Хангай нутаг маш гайхамшигтай. Уулын өндөр. Ой модны шигүү, урсгал голын харгиа, боргио сайхан. Гүр, зур, буга, согоо байна ш тээ. Говь ч бай, хангай ч бай, бидний эх орон. Монгол орны онгон байгаль мөн ч сайхан шүү дээ. Бидний амьдарч буй Булган хангай байна. “Үүлэн цэнхэр хангай” дууны аяыг Булган хангайн унаган хүү авьяаслаг хөгжмийн зохиолч Чинзориг бичсэн. Ёстой л үрэл бурам жимс нь атганд унадаг хангай даа.

Сур: Та хоёр яаж яваад “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид болчихов?

-Д.Э: Миний аавын төрсөн газар Баян-Өндөр нэртэй. Ийм нэртэй аж ахуй эрхэлж явлаа, нутагтаа. Нэг дэлгүүртэй. Худалдаа үйлчилгээ эрхэлнэ. Сумынхаа зон олонд гурил, будаа зарна. Ийм нөхөр нэг л өдөр залуусын хот Эрдэнэтийг зорихоор шийдсэн. Эхлээд Эрдэнэттэй ирж танилцсан. Тэр жилийнхээ намар гэр бүлтэйгээ Эрдэнэтэд ирсэн л дээ. Ингэж л би энэ хот, үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон. Одоо би их зөв газар нутаг сонгожээ гэж боддог. Эхлээд манай гэргий үйлдвэрт ажилд орж байлаа. Явцын дунд суралцаад чанар шалгагч болсон. Анх би Дулааны цахилгаан станцад ажилласан юм. Тэр үед манай цех зуны гурван сар сул зогсоно. Хүүхэд өсч яваа болохоор амьдралд мөнгө их хэрэг болно. Өөрийн хүсэлтээр Баяжуулах фабрикийн ажилчин болсон юм. 2-3 сар намайг судалсан гээч. БФ-ийн Дулаан агааржуулалтын албанд засварчнаар ажилд орж байлаа. Одоо үйлдвэрт 13 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Төрийн захиргаа удирдлагын академийг төгсөөд амжсан шүү.

-Д.У: 2003 онд би “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан болж байлаа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Техник хяналтын албанд ажилладаг. Чанар шалгагч. Миний ажил “Эрдэнэт” үйлдвэрийн гол бүтээгдэхүүний дээжийг шинжлэн судладгаараа онцлогтой.

Сур: Танайхны удамд урлагийн хүн бий юу?

-Д.Э: Манай аав адуучин хүн. Аав, ээж хоёрыг айл саахалтын найр наадамд хамт дуулуулна. Аль, аль нь их сайхан дуулдаг байсан. Миний эгч Д.Мөнхцэцэг сумын тэргүүний уран сайханч. Хүүхэд байхад нь сумын клубт 9 удаа дахиулж байсан гэдэг. Миний том ах ямарч хөгжим сайхан тоглоно. Бас дуулна. Д.Рагчаа гэж чөлөөт бөхийн спортын мастер бий. Намайг спортоор хичээллэхэд их нөлөөлсөн. Хоёр дахь ах маань 18-р баазад жолооч явлаа. “Алтан жолоо” хамтлагийн гишүүн. Адарсүрэн шиг хоолойтой гэж нутгийнхан ярьдаг. Тээврийн тэрэгний жолооч явсан Д.Дашгаваа гэж хүн байна. Удмынхаа авьяасыг бид өвлөсөн. Манайх гэр бүлээрээ урлагийн хүмүүс болчихоод байна. Урлагийн зам сонгосон нь манай гэргий, миний дунд охин хоёр. Бусад хүүхдүүд өөрсдийнхөө сонирхлоор авьяасаа хөгжүүлж байгаа.

-Д.У: Миний удамд урлагийн хүн бий. Дэмчигийн Оюунчимэг гэж миний эгч сумын сайн уран сайханч. Манай том охин Э.Төмөр Эрдэнэтийн ТС-ийг баяжуулагчийн мэргэжлээр төгссөн. Охин Э.Номинчимэг Соёл урлагийн их сургуулийг дуулаач мэргэжлээр төгссөн, мэргэжлийн дуучин. Бага охин Э.Тананчимэг оюутан. “CKY” гэдэг хамтлагтай. Хүү Э.Төрболд 9-р ангийн сурагч. Бас дуулдаг. Хоёр талынхаа удмын урлагийн авьяасыг өвлөсөн юм болов уу.

Сур: Танайх үйлдвэрийн шилдэг гэр бүлээр шалгарч байсан. Энэ талаар ярина уу?

-Д.У: “Эрдэнэт” үйлдвэрийн авь-яаслаг гэр бүлээр шалгарсан. 2013 онд “Шилдэг гэр бүл” болж байлаа. Тэр жилээ гэр бүлийн тайлан тоглолт хийсэн. Хоёр охин, нэг хүүтэйгээ “Гэр бүлийн дуулал” нэртэй тайлан тоглолт хийсэн юм. Эрдэнэтийн хөдөлмөрчид их сайхан хүлээн авсанд сэтгэл хангалуун явдаг.

Сур: Та хоёр хаана мэргэжил эзэмшсэн бэ? Оюутан болсон үеэ эргэн дурсана уу?

-Д.У: Би Эрдэнэтийн Технологийн сургуульд суралцаж чанар шалгагчийн мэргэжил эзэмшсэн.

-Д.Э: Би ярья. 1972 онд Шинэ жинст суманд нэгдүгээр ангид орсон. Энд 8-р анги төгссөн юм. Баянцагаан суманд 10 жилийн дунд сургууль дүүргэж байлаа. Манай ангийнхан энэ сумын 10 жилийн хоёр дахь төгсөлт нь. Сумандаа оноогоороо 6-р байрт орлоо. Тэгээд Баянхонгорын төвд уралдаант шалгалт өгөхгүй юу. 92 хүүхэд математикийн суурь шалгалт өгөхөд 7-р байрт шалгарсан. Тэгээд конкурс өгөөд техникумын хуваарь авсан юм. Миний урд талын хүүхэд дээд сургуулийн хуваарь авсан л даа. Намайг гадаадын 7 техникумаас аль дуртайгаа ав гэсэн. Би ОХУ-ын Барилгын техникум авсан түүхтэй. Иркутскийн хэлний бэлтгэлд нэг жил, мэргэжлээрээ дөрвөн жил Кемерово хотод сурсан юм. Техникум төгсөөд Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээнд хуваарилагдлаа. Хэдэн хүн хариуцсан механик явлаа. Хотын Эвлэлийн хороо залуусыг шалгаруулж ажилд авдаг байлаа. Тэр шалгаруулалтанд би тэнцсэн. Хотын Эвлэлийн хорооны орлогч, хөдөөгийн залуусыг хариуцсан зааварлагчийн алба давхар хашсан даа. Тэндээсээ Залуусын соёл хүмүүжлийн байгууллагад урлаг, спорт хариуцсан зохион байгуулагч боллоо. Нярав, зохион байгуулагч, гурван үйлчлэгч энэ байгууллагын харьяат. Бас болоогүй “Од” хэмээх хамтлагтай. Намайг гурван жил тогтвортой ажиллаад ОХУ-ын Комсомолын их сургуульд яв гэх. Би болохоор цэргийн алба хаах хүсэлтэй байдаг.

Сур: Тэгээд яасан цэрэгт татагдсан уу?

-Д.Э: Саналаараа цэрэгт явчихсан.Өмнөговь аймгийн Овоотын заставын төвд эр цэргийн алба хаасан. Сургууль суман хариуцсан жагсаалын дарга явлаа.

Сур: Та бөхөөр хичээллэж явсан юм билээ. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Би багаасаа спортод их сонирхолтой хүүхэд байсан. Бие жижиг. Ер нь ангидаа хамгийн бага биетэй нь. Миний үеийн хүүхдүүд шороон дээр хөл нүцгэн барилдаж өссөн. Бөх барилдахын өвчин. Намайг бөхийн спортод сонирхолтой болгосон хүн бол сумын заан Бүлтэг. Энэ хүн сумандаа 10 түрүүлсэн. Гаднаас ирсэн болгоныг хаясан байдаг. Ёстой нөгөө хол явж үзээгүй, хот орж барилдаагүй сумын заан. Энэ хүн “24”-ийн чихэр авчихаад хүүхдүүдийг барилдуулна. Давсанд нь нөгөө чихрээсээ өгнө. Бид ч их урамшина. Намайг өөрийнхөө жижиг бөх гэнэ. Энэ хүн бидний үеийнхэнд бөхийн эрдмийг анх заасан. Хүүхдүүдийг 7 хоногт нэг удаа барилдуулна. Чихрээр шагнана. Сүүлдээ би бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэх болсон. 38 кг-аас 62 хүртэлх жинд барилдсан даа. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. ОХУ-д оюутан байхдаа жиндээ олон түрүүлсэн. Энд хүрээд миний спортын амьдрал, амжилт зогссон. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой.

Сур: Урлаг, спортоор хичээллэсний ач тус юу вэ?

-Д.Э: Манай гэр бүл их нээлттэй. Энэ нь бүгд урлагаар явсны үр нөлөө байх. Би гэхэд ямарч хүнд сайхан сэтгэлээр ханддаг. Хэнд ч би чаддаг юмаа сэтгэл харамгүй хэлдэг. Амьдралд нь хэрэг болох үүднээс. Тэгэхээр хүүхдүүд хүртэл тийм амьдралын хэв маягтай болчих юм. Ядаж л өөрийнхөө найз нөхдөд үнэнч байх жишээтэй. Аливаа ажлыг нүд хуурч хийхгүй, юмыг аргацаахгүй. Би нэг зүйл бодож явдаг. Урлаг, спортоор хичээллэсэн, энэ салбарт удирдах ажил хийж явсан хүмүүс бусдын сэтгэл зүйг маш сайн мэдэрч ажилладаг. Зөвхөн ажлын онол заалгасан хүн хөшүүн хатуу байх нь бий. Юмыг өнгөц хардаг, хүний амаар ажил хийх явдал ажиглагддаг. Урлаг, спортооос хүн оюун ухааны болоод бие бялдрын хүмүүжил олж авдаг. Би ганц залуутай. Урлаг, спорт их сонирхох юм. Тодорхой нэг амжилтанд хүрэх байх аа.

-Д.У: Урлаг хүнийг өрөвч, нинжин сэтгэлтэй болгон төлөвшүүлдэг. Урлагаар хүмүүжсэн хүн хүнлэг, тэвчээртэй болдог. Бусдаас илүү сайхан төлөвшдөг гэх үү дээ. Аливаа хүний буруу зөрүү хэлсэн үгийг өнгөрөөх жишээтэй. Ядаж хүний үг даагаад сурчихдаг юм.

Сур: Хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?

-Д.Э: Манай хамт олон үйлдвэрийн сантехник, агааржуулалтын ажлыг хариуцдаг. Манай хэсэгт дан эрчүүд ажилладаг. Эрчүүд л болсон хойно нэгэндээ хатуурхах, үг зөрөх тохиолдол бий. Энэ нь ажлаас л үүдэлтэй болохоор зохицоод л явна шүү дээ. Хэн нэгэн нь ухаан зараад зөв гарцыг олоод явчихаар ажил бүтэмжтэй байдаг. Миний хувьд асуудлыг нударгаар шийдье гэж боддоггүй. Аль болох эв зүйгээр шийдэхийг эрхэмлэж ирсэн. Өвөл даарах, уур усанд түлэгдчихгүйн тулд болгоомжтой харьцах гээд ажлын талбарт саад бэрхшээлтэй зүйл бий. Гэвч Монголд төдийгүй, дэлхийд данстай энэ үйлдвэрт гэр бүлээрээ ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Цаашид ч үр хүүхдээ үйлдвэртээ ажиллуулах сонирхол байна.

-Д.У: Би ч үйлдвэрээрээ бахархдаг. “Эрдэнэт” үйлдвэрт ажилласнаараа Монгол улсын хөгжилд зохих хувь нэмэр оруулж явна гэж ойлгодог. Эрдэнэт хот хөгжиж цэцэглэж, газар газрын хүмүүс амьдарч байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг шүү. Манай албанд дан эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдийн нийтлэг зан чанар ажиглагдаж л байдаг. Бүгд хариуцлагатай ажил хийдэг болохоор ойлголцоно. Олон жил нэг тогооноос хоол идэж яваа хүмүүс хэн хэнээ мэддэг болчихсон. Миний бяцхан авьяасыг зохих түвшинд үнэлж ирсэн хамт олондоо баярлаж явдаг. 2007 онд намайг “Эрдэнэт” үйлдвэ-рийн ЧХХ-ийн шилдэг авьяастнаар өргөмжилж байлаа.

Сур: Аав, ээжийнхээ ямар сургаал захиасыг амьдрал дээр баримталдаг вэ?

-Д.Э: Миний аав үр хүүхэддээ “Санаа зөв бол заяа зөв “ гэж сургадаг байсан. Аливаа хүн хувь заяагаа атгаж төрдөг. Сэтгэл зөв явахад ажил үйлс, бодсон санасан бүхэн бүтэх учиртай. Би амьдралдаа энэ зарчмыг баримталж ирсэн.

-Д.У: Санал нэг байна. Энэ боломжийг ашиглаад “Эрдэнэт” үйлдвэрийнхээ нийт ажиллагсдад ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Сур: Баярлалаа. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилт гаргахын ерөөл дэвшүүлье.

Т.Батчулуун
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-03-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц