© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-04-29-НД НИЙТЛЭГДСЭН
С.Сувдаа: “Та ХАБ-ыг чанд сахивал цагаа ч хэмнэнэ, мөнгөтэй ч болно” гэсэн өөдрөг тэмүүлэл рүү хүмүүсийг хөтөлж байна
С.Сувдаа: “Та ХАБ-ыг чанд сахивал цагаа ч хэмнэнэ, мөнгөтэй ч болно” гэсэн өөдрөг тэмүүлэл рүү хүмүүсийг хөтөлж байна
Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат нар саяхан АНУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ. “Хол явсан хүнээс үг сонс” гэдэг. Эрх чөлөөний орон гэгддэг алсын Америкийн тухай сэтгэгдлийг нь сонсохоор С.Сувдаа захирлыг бид энэ дугаарын ярилцлагад урилаа.

-Таныг Ази, Африк, Европын хэд хэдэн оронд очоод ирснийг бид мэднэ. АНУ-д хийсэн энэ айлчлал анхных байсан уу?

Америкийн эх газрын төвд байрлалтай Рапид хотод байгуулагдсан, 5000 оюутантай юм. Тус сургууль зөвхөн уул уурхайн инженерийг бакалавр, магистрын чиглэлээр дагнан сургаж бэлтгэдэг онцлогтой. 

-Тиймээ, АНУ-д анх удаа айлчиллаа. Анхны аялал бүхэн сонин содон сэтгэгдэл төрүүлдэг. Энэ удаад Америкийн өмнөд Дакота мужийн уул уурхайн инженер бэлтгэдэг Техникийн Их сургуулийн урилгаар бид тус улсад ажиллаад ирлээ. Манай үйлдвэрийн инженерүүд өмнө нь тус сургуультай танилцаж байсан юм билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн багшаар ажиллаж байсан хүн тэнд докторын зэрэг хамгаалах гээд тус сургуульд суралцаж байна. Энэ сургууль Америкийн эх газрын төвд байрлалтай Рапид хотод байгуулагдсан, 5000 оюутантай юм. Тус сургууль зөвхөн уул уурхайн инженерийг бакалавр, магистрын чиглэлээр дагнан сургаж бэлтгэдэг онцлогтой. Рапид хот 73.000 хүн амтай, яг манай Эрдэнэт шиг уул уурхайн хот юм. Цаг агаар, байгалийн нөхцөл байдал нь Эрдэнэттэй ер нь төстэй. Энэ сургуулийн эрдэмтэд Монголд хэд хэдэн удаа ирсэн тухайгаа ярьсан. Тиймээс энэ хоёр сургуулийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай бид уулзалтын үеэр ярилцсан.

-Өмнөд Дакотагийн Техникийн Их сургуулийн талаар төрсөн онцгой сэтгэгдэл юу байв?

-Энэ сургуулийн төгсөгчдийн 98 хувь нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр шууд ажилтай болдог нь гайхалтай санагдсан. Тэдний ажлын хөлс хамгийн багадаа жилд 80.000 ам.доллар гээд бодохоор тэнд хүний хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, хөдөлмөрийн үнэлэмж өндөр хэмжээнд байдаг нь харагдсан.

-Манай үйлдвэрийн Технологийн сургууль өмнөд Дакотагийн Техникийн Их сургуультай хэрхэн хамтран ажиллах вэ?

-Энэ хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн чиглэлийг бид хамтдаа тогтоолоо. Нэгдүгээрт, манай Технологийн сургуулийн уул уурхайн инженерийн ангийн хоёрдугаар курс төгссөн оюутан гуравдугаар дамжаанаас эхлээд АНУ-д суралцах боломжтой юм гэж үзлээ. Одоогоор тус сургуульд 3 монгол оюутан суралцаж байна. Тэдний нэг нь ШУТИС-ийн хоёрдугаар дамжаа дүүргээд тэнд гуравдугаар курст суралцаж байна. Манай үйлдвэрийн Технологийн сургууль ийм байдлаар оюутан солилцож болох юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэнд суралцах жилийн төлбөр байр, хоолтой нийлээд 29.000 ам.доллар. Хамгийн гол нь англи хэл маш сайн сурсан байх шаардлага тавигдана. Ингэж суралцаж чадвал АНУ-ын Их сургуулийн сургалтын стандартаар уул уурхайн инженерийн дээд боловсрол эзэмших боломж байна.

Хоёрдугаарт, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах арга барилыг шинэчлэх чиглэлээр энэ сургуультай хамтран ажиллаж, 2-3 сарын хугацаагаар багш солилцох боломж байна гэж харлаа. Тиймээс манай багш нар хэлний бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна.

2-3 сарын хугацаагаар багш солилцох боломж байна гэж харлаа. Тиймээс манай багш нар хэлний бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, судалгаа шинжилгээний чиглэлээр өмнөд Дакотагийн Их сургуультай хамтран ажиллах өргөн боломж бас байна. Тус сургууль судалгаа, шинжилгээний маш том бааз суурьтай юм. Энэ сургууль олон га талбай дээр оюутны хотхон байгуулсан, өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлагын байр, оюут-ны байр, музей, хоолны газар, биеийн тамирын талбай, судалгаа шинжилгээний анги танхим гээд бүх хэрэгцээ нэг дор төвлөрсөн оюутны хотхонтой юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургуулийг ийм байдлаар шинэчлэн зохион байгуулах боломжтой юм байна гэх бодол төрсөн. Технологийн сургуулийг цоо шинэ менежментээр хөгжүүлж, шинэчилж болох бэлэн туршлага тэнд байна.

-АНУ-ын өөр хот, суурин, уул уурхайн үйлдвэрийн ажил, амьдралтай танилцаж амжив уу?

Орд газрыг ашиглаж эхлэх үеэс байгалийн нөхөн сэргээлтийн сан үүсгэж, тэр хуримтлагдсан хөрөнгөөр хувийн байгууллагууд төсөл хэрэгжүүлэх замаар нөхөн сэргээлт хийдэг юм байна.
-АНУ нийт 50 муж улстай. Түүний хоёр дахь том мужид бид бас зочиллоо. Энэ нь хотоосоо 40-өөд км-ийн цаана байрлалтай уул уурхай хөгжсөн орон нутаг юм байна. Энд өнөөдөр ид олборлолт, боловсруулалт хийж буй уурхай ч байна, ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийж байгаа уурхай ч байна. Ашигт малтмал нь дуусаад хаагдсан хоёр уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай бид танилцлаа. Манай үйлдвэрийн байгаль орчны нөхөн сэргээлтийг тийм байдлаар хийх боломжтойг бас олж харлаа. Жишээ нь, тэнд юу ч ургахааргүй намагтай хөрстэй газар нэлээд бий болсон, түүнд байгалийн нөхөн сэргээлт хийгээд бэлчээрт ашиглах зорилт тавьж байна. Тийм хэрэгцээгүй болсон хөрсийг мал, амьтны бэлчээр болгохын тулд тусгай бактери үржүүлж хөрсжүүлдэг аргыг тэд хэрэглэсэн байна. Ийм нөхөн сэргээлтийн хөрөнгийг хаанаас санхүүжүүлж, ямар зарчмаар хийдгийг бас судаллаа. Уул уурхайн чиглэлээр ашигласан газарт улсын төсвөөр нөхөн сэргээлт хийгээд, тухайн газрыг үргэлжлүүлэн өөр чиглэлээр ашиглах компани нь нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгийг төлөөд үйл ажиллагаа явуулдаг нэг зарчим дэлхий нийтэд үйлчилдэг юм байна. Бас нэг зарчим нь, тухайн орд газрыг ашиглаж эхлэх үеэс байгалийн нөхөн сэргээлтийн сан үүсгэж, тэр хуримтлагдсан хөрөнгөөр хувийн байгууллагууд төсөл хэрэгжүүлэх замаар нөхөн сэргээлт хийдэг юм байна.

-Өнөөдөр тэнд ажиллаж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа ямар сэтгэгдэл төрүүлэв?

 Аливаа өмч эзэнтэй байхын утга учир, өнгө төрхийг Америкийн уурхайнуудаас л харж болохоор байна.
-Тэр уурхайнуудын үйл ажиллагаа манай Монголын уул уурхайн системээс огт өөр юм. Уурхайнууд нь бүгд хувийн хэвшлийнх. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт төрийн өмчит аж ахуйн нэгж ажилладаггүй. Нөөцөө тогтоохоос эхлээд, олборлолт, боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүнээ улсад тушаагаад явдаг төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хариуцлагын тогтолцоо тэнд бий болсон байна. Тухайн уурхай тэрхүү хувийн байгууллагын эдлэн газар учраас үйл ажиллагаа явуулж, ашиг олох хугацаандаа маш зөв ашиглах, дараа нь нөхөн сэргээлтийг маш сайн хийх бодлого тэнд бодитой хэрэгжиж байна.

-Манайд хэрэгжиж эхлээд байгаа Хаалт хөгжлийн менежментийг АНУ-ын уурхайнууд хэрэгжүүлж байна уу? Ийм менежмент хэрэгждэг бол хамгийн сонирхолтой нь юу байв?

-Манай үйлдвэр байгаль орчны дүйцүүлэн нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд буга, согоо, тарвага гэх мэт тухайн байгальд өмнө нь оршин байсан ан амьтдыг ямар нэг байдлаар үржүүлж байна шүү дээ. Америкийн уурхайнууд ан амьтдын ийм нөхөн сэргээлтийг бас хийдэг юм байна. Өнөөдөр тэнд ашиглаж байгаа уурхайн бүс нутагт зэрлэг үхэр, янзага, туулай, луус гээд байгалийн ан амьтад нүдэн дээр бэлчиж байгаа нь үнэхээр содон, сонин харагдсан. Мөн тэндэхийн уул уурхай хөгжсөн орон нутаг нь үнэхээр баялаг бүтээж чадахын зэрэгцээ ард иргэд нь баян, сэтгэл хангалуун амьдарч байна. Бас уулархаг газар руугаа маш сайхан зам харгуй, дэд бүтэц тавьсан, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайн хангасан байна.

-Уул уурхайн үйлдвэрүүд нь тоног төхөөрөмжөө манайх шиг өөрсдөө засварлаж байна уу, эсвэл импортоор авдаг юм болов уу?

-Зөвхөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, засварладаг манай Засвар механикийн завод шиг компани тэнд байна. Тэд онгоцны эд анги хүртэл засварлаж захиалгат байгууллагад нь нийлүүлдэг. Тэр байгууллага бүрэн автоматжуулагдсан, бүх зүйл нь компьютерийн маш нарийн хэмжээстэй. Захиалга өгсөн хэмжээнээс нэг милиметр ч зөрөхгүй хийгдэх ёстой гэсэн зарчим баримталдаг.

Хэрэв захиалгат бүтээгдэхүүнийг нэг удаа буруу хийхэд компанийн нэр хүнд унаж, дахиад итгэж захиалга өгдөггүй учраас тэр компанийн гол зорилго нь ЧАНАР юм.
Тэр компани “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж чадвал Та цаг, мөнгөө хэмнэнэ” гэсэн уриатай ажиллаж байна. Энэ компанийн хэрэгжүүлж байгаа шинэ технологитой бас танилцлаа. Тоног төхөөрөмжийн засварын үйлдвэр нь гайхалтай орчин нөхцөлтэй юм. Яг эмнэлгийн орчин шиг цэвэр цэмцгэр, ажиллагсад нь цэвэрхэн халаад, цагаан бээлийтэй ажилладаг. Тэд лазерын гэрлээр эд анги зорж байгааг харлаа. Төмөр хийц зордог дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг тэд ийнхүү үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

-Та бүхний олж харснаар Америйн уул уурхай Хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаардаг юм байна. Энэ талаар ямар сэтгэгдэлтэй ирэв?

-Манай Засвар механикийн завод шиг үйл ажиллагаатай үйлдвэрт очиход үүдэнд суудаг ресепшин нь биднийг угтаж бүртгээд, үйлдвэртэй танилцах хугацаа зааж өгөөд, хамгийн түрүүн нүдний шил зүүлгэсэн. Тэгээд үйлдвэр рүү ороход ямар ч айдасгүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах боломж, нөхцөл нь ч их өвөрмөц. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талын ойлголтыг тэд манайхаас арай өөрөөр ойлгуулдаг юм байна. Манайд бол “Та ХАБ-ыг хангахгүй бол ийм, тийм байдлаар хохирно” гэх мэтчилэн аюулыг урьдчилж сануулаад байдаг.
Гэтэл Америкийн уурхайнууд “Та хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж чадвал цагаа хэмнээд зогсохгүй мөнгөтэй болно” гэсэн өөдрөг тэмүүлэл рүү хүмүүсийг хөтөлдөг юм байна.

Өөрөөр хэлбэл, Та зөв ажиллаад, зөв амьдрахыг хүсвэл хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой шүү гэдгийг ийм онцгой байдлаар ойлгуулж чадсан байна.

-Манай үйлдвэрийн Засвар механикийн заводыг Хаалт хөгжлийн менежментийн хүрээнд шинэчилж уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэр болгож өөрчлөх хэтийн зорилт тавиад байгаа. Хэтдээ та бүхний үзсэн шиг орчин үеийн үйлдвэр болж өөрчлөгдвөл сайхан болно доо?

-Харин тийм, манай Засвар механикийн заводын удирдлага, инженерүүд, хөгжил хариуцсан ажилтнууд өмнөд Дакотагийн Их сургуульд зочилж, Рапид хотын уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын компанийг үзээсэй гэх бодол төрсөн.

Тэнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн үйл ажиллагаа маш их нэвтэрсэн байна. Гагнуур гэхэд дандаа автоматжуулагдсан.

Гагнах эд ангиа бэлдээд компьютерт өгөгдөл өгчихөөд хүн дэргэд нь хараад, хянаад зогсдог, тэр эд ангийг хүн биш машин техник гагнадаг болсон байна. Манай улсын уул уурхайн салбарын хөгжил ийм дэвшилтэт арга технологи руу хурдан л ороосой билээ гэж бодсон. Физик бүтцийн хувьд гагнагддаггүй хоёр төмрийг хүртэл тэнд лазерын туяагаар гагнаж нийлүүлээд бүтээгдэхүүн болгож байна. Манай энд хийн гагнуураар гагнасан эд анги дээр их бага хэмжээний шаваас үүсдэг шүү дээ. Тэнд лазераар хийсэн гагнуурыг харахад ямар ч өө сэвгүй, хоёр эд ангийг нийлүүлж гагнасны ул мөр гэвэл нарийхан хээ л харагдана. Дэлхийн дэвшилтэт технологийг тэд үйлдвэрлэлдээ ийнхүү өргөн нэвтрүүлсэн нь гайхалтай санагдлаа.

-Гадаадын уул уурхайн хөгжлийн тухай дээрх яриа үнэхээр сонирхолтой санагдаж байна. Одоо Америк орны талаарх таны сэтгэгдэлд анхаарал хандуулья.

-Америк агуу том гүрэн юм. Түүн лугаа адил литр, градус, хувцасны размер, машин тэрэг гэхчлэн бүх зүйлс том байдаг нь Америкийн имиж бололтой. Би АНУ-д анх удаа хөл тавьсан болоод тэр үү, анхаарал татах, сонирхол төрүүлэх зүйл их байлаа. Биднийг түүхийн хөшөө дурсгалтай нэгэн газар аваачсан. Дан хадан цохиотой Black hills-т очиход АНУ-ын Вашингтон, Жефферсон, Рузвельт, Линкольн гээд дөрвөн Ерөнхийлөгчийн хөргийг хадан дээр сийлсэн нь хамгийн түрүүн нүднээ туссан. Түүнийг бүтээхэд асар их ур чадвар шаардагдсан нь мэдээж. АНУ-ын олон Ерөнхийлөгч дотроос яагаад тэр дөрвөн хүний хөргийг онцгойлон тэнд сийлсэн бэ? гэх асуулт гарна. Энэ дөрвөн Ерөнхийлөгч АНУ-ыг хүчирхэг гүрэн болгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс хэмээн ийнхүү хүндэтгэн дээдэлдэг юм байна. Энд ирсэн хүмүүс нэгдүгээрт АНУ-ын түүхийн тодор-хой хэсэгтэй танилцаж, хоёрдугаарт тухайн орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоцыг олж харж байна. Гуравдугаарт, аялал жуулчлал хөгжиж байна.
Түүнээс гадна хүүхэд багачууд болон гадныханд АНУ-ын түүхийн мэдлэг олгох баримтат кино тэнд бас үзүүлдэг юм байна.

Бидний хамгийн эхлээд хөл тавьсан Рапид хот АНУ-ын хөдөө л юм даа. Бид буцахдаа Лос Анжелос хотод хоёр хоног саатсан. Энэ хот 7 сая хүн амтай, Америкийн хоёр дахь том хот учраас хэт давчуу амьдралтай юм. Тиймээс том хотуудад нь “Буцалсан” ажил амьдрал дунд хүмүүс нь их бухимдалтай, хөдөөгийн хотуудад нь иргэд амар тайван ажиллаж амьдарч байгааг зэрэгцүүлэн харж явлаа.
-Америкийг эрх чөлөөний орон гэдэг. Монголчууд өөрсдийгөө бас эрх чөлөөтэй амьдарч байна гэх. Энэхүү том, жижиг улсын эрх чөлөөний хил хязгаарт ямар ялгаа байна вэ?

-Монголчууд бид зоргоороо эрх чөлөөтэй ард түмэн юм байна гэх бодол төрсөн. Тэнд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг, хуулийн л эрх чөлөөтэй юм. Хэрэв хууль зөрчвөл хичнээн гуйгаад нэмэргүй. Тэнд маш сайн хуультай, түүнийг ард иргэд нь ёсчлон биелүүлдэг нарийн тогтолцоо бий болсон байна. АНУ-ын 50 муж тус бүртээ өөр өөрийн хуультай. Нэг мужийн хууль өөр мужид үйлчилдэггүй.

-Америкт хамгийн үнэ цэнэтэй зүйл юу байна?

-Ажлын байр. Ажлын байраа алдсан хүн тэнд амьдрахад маш хүнд. Хэн нэг нь ажилдаа ирээгүй үед түүний ажлыг өөр хүн гүйцэтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Хүн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг ёсчлон биелүүлдэг хатуу журам тэнд үйлчилж байна. Тэр хүн ажилгүй болвол амьдрал нь тэр чигтээ урууддаг учраас ажлын байр бол Америкт хамгийн үнэ цэнэтэй зүйл болсон байна. Бид замд онгоцонд явахдаа Холливуудын кино үзлээ. Тэр кинон дээр нэг гэр бүлийн өрхийн тэргүүн ажилгүй болонгууд даатгалын компани ирээд шууд гаднах зүлгийг нь эвхээд, гэрт байгаа телевизорыг нь хураагаад явчихаж байна. Америкт ажлын байр ийм их үнэ цэнэтэй бөгөөд үүнийг дагаад хүн бүхэн үүрэг хариуцлагаа ойлгон ажиллаж, амьдардаг нийгмийн нарийн тогтолцоо үйлчилдэг юм байна.

-Аян замын сонин сонсоход сайхан байна. Гадны нүдээр харахад гайхалтай санагдсан өөр сонин зүйл юу байв?

-Америкчууд хүүхдийг 13 нас хүртэл нь гэрт ганцааранг нь үлдээдэггүй. Хэрэв үлдээгээд явбал хөрш нь хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллага руу шууд утасдаад мэдээлдэг. Тэр байгууллага ирж хүүхдийг нь хамгаалалтанд авчихаад хариуцлага алдсан хүмүүсийг эцэг, эх байх эсэх тухай асуудлыг нь сөхдөг юм байна. Эцэг эх хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь заавал хүргэж өгөөд, эргэж ирж авдаг тийм хариуцлагын тогтолцоо тэнд бас байна. Харин 14 нас хүрсэн хүүхэд өөрийнхөө төрсөн дүүг л гэртээ харж үлдэх боломжтой. Түүнээс биш 14 нас хүрсэн байлаа ч төрсөн дүүгээсээ өөр ах дүүсийнхээ хүүхдийг харж хамгаална гэсэн ойлголт байхгүй. Хэрэв ингэвэл бас хууль бус үйлдэл болно. Манайхан шиг хөрш айлдаа хүүхдээ орхиод явна гэсэн асуудал бүр байхгүй. Хүүхдийг 14 нас хүртэл нь аюулгүй байдлыг хангах үүргийг эцэг эхэд нь ингэж үүрүүлж чадсан нь онцгой сонин санагдсан. Мөн Лос Анжелос хотын Холливуудын одод амьдардаг, уултай газарт очиж Beverly-гийн гудамжаар алхаж, тэндэхийн амьдралтай танилцлаа. Тэр гудамжинд Америкийн амьдрал сайн муу, сайхан муухай байдлаараа бүрэн цогцолсон байна. Холливуудын кинон дээр хүн төрлөхтний амьдралын сонин өнгө төрхийг харуулдаг шүү дээ. Тэр кинонууд тэндэхийн бодит амьдралаас сэдэвтэй юм байна гэдгийг газар дээр нь очиж илүү гүнзгий ойлголоо. Монголын нэг өдөр гэдэг шиг Америкийн нэг өдрийг тэр гудамжнаас бүрэн харж болохоор юм байна.

-АНУ-ын түүхийг сэтгүүлчийн нүдээр харж, сонирхож явсан байх даа. Түүхийн сонин гэвэл...?

-Анх 13 муж нэгдэж АНУ-ыг байгуулсан түүхтэй. Энэ мужууд нэгдэх үйл явц 1878 оноос эхэлсэн. Хамгийн сүүлд 1959 онд АНУ-ын 50 дахь муж буюу Хавай муж АНУ-д нэгдсэн. Ингээд бодохоор 100-аад жилийн хөгжлийн явцад энэ том гүрний нэгдэл явагдаж, хүчирхэгжиж ирсэн байна. Америк иргэд бүгд өөрийн газар дээр хувийн хаус барьж амьдардаг. Европоос ялгаатай нь тэдний хаус хашаагүй. Гадны хүн өөрийнх нь эдлэн газар руу зөвшөөрөлгүй алхвал шууд л буудах эрхтэй. Тиймээс эдлэн газар руу нь ямар нэгэн халдлага бий болдоггүй юм байна. Америкчууд ихэнх нь нэг давхар хаустай, харин газрын гүн рүү бас нэг давхар байгууламжтай. Их хэмжээний хар салхи, үер усны аюул гэх мэт байгалийн болзошгүй аюулаас хамгаалагдах байр хаусных нь доод давхарт байрладаг. Америкийн бүх айл өрхөд доод давхартаа хүнсний 7 хоногийн нөөцтэй байх үүрэг өгдөг, түүнийг ард иргэд нь биелүүлдэг юм байна. Манайхтай харьцуулахад огт өөр ертөнц байгаа биз.

-Аян замынхаа сониноос хуучилсанд баярлалаа.

Ж.ОЮУН

erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-04-29
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц