© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020-11-09-НД НИЙТЛЭГДСЭН
С.Ганцогт: Шууд л хэлээд тавьчихдаг зангаасаа болж олон ч удаа адлуулж, зөндөө яригдаж явлаа
С.Ганцогт: Шууд л хэлээд тавьчихдаг зангаасаа болж олон ч удаа адлуулж, зөндөө яригдаж явлаа

    Монгол Улсын хамгийн том сумын Засаг даргаар дөрвөн жил ажиллалаа. Сонгуульт ажлын хүрээнд ажлаа дараагийн хүндээ шилжүүлэх болсон энэ цаг хугацаанд таньтай ярилцаж байна. Та сошиалд их нээлттэй байдаг хүн. Өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Саяхан таны хуудсанд нийтлэгдсэн сэдвээр яриагаа эхлэе. Ажлын өрөөнд тань байсан эд зүйлсийг гэрт тань хүргэсэн асуудлаас болж та бухимдангүй сэтгэгдэл нийтэлсэн байх шиг санагдсан? Яг юу болсон бэ?

- Засаг даргын албан тушаал бол улс төрийн томилгооны асуудал учраас албан тушаалаа өгдөг бас авдаг ёстой. Өөрийн цахим хуудаснаа тавьсан зүйлийг улс төржүүлж, нам дотроо хуваагдсан мэтээр ойлгох хүмүүс цөөнгүй байна. Энэ бол огтоос тийм зүйл байхгүй. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь хувь хүний эрх чөлөө юм. Би өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн төдий. Ард иргэд надад итгэл хүлээлгэж 100 мянга гаруй хүн амтай Баян-Өндөр сумын засаг даргаар томилсон. Энэ их итгэлийг дааж явна гэдэг бол маш том хариуцлага байлаа. Авч болсон юм чинь өгч болно. Тэрнээс биш би ажлаа өгөхгүй гээд олон зан гаргаад байсангүй. Зүгээр яагаад миний эд хогшлийг ингэж хүргэж ирэх болов гэж гайхсан төдий зүйл. Үүнийгээ би цахим орчинд нийтэлсэн л асуудал болж өнгөрсөн.

    Та өөрийгөө хэр сайн ажилласан гэж бодож байна?

- Би Баян-Өндөр сумын Засаг дарга хэмээх үүрэг хариуцлага өндөртэй улс төрийн албан тушаалд дөрвөн жил зүтгэхдээ алдаа байсан гэхдээ түүнээс илүү ололт амжилттайгаар албаа хаасан гэж бодож байна. Төрийн ажлын ачаалал их, үүрэг өндөртэй, хариуцлагатай алба. Миний зөв шийдвэр зуун мянга гаруй Баян-Өндөр сумын иргэдийн амьдралд хамаатай. Гэхдээ алдчихгүй юмсан гээд биеэ хурааж суух бус аль зөвийг нь харж зоригтой, зорилготой ажиллахыг бодож явлаа. Хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа болоод хамт олноосоо олон ч зүйлийг сурсан. Төрийн ажил бол ард иргэдийн асуудал учраас ажлаа цаг тухайд нь хийж, хариуцлагатай хандах нь бидний үүрэг гэж боддог. Тэр ч үүднээс төрийн албыг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох ажлыг бид өөрсдөөсөө эхэлнэ гэж ажлаа анх аваад ярьж байлаа. Шуурхай ажиллах гэж үнэхээр хичээсэн. Түүнийгээ ч хэрэгжүүлж ажилласан гэж боддог. Хамгийн ойрын жишээ бол нэг мэргэжилтнээр иргэн өргөдөлөө цохуулах гэж хэдэн долоо хоног, заримдаа бүр сар дамжиж хүлээгддэг байсан. Түүнийг манай хамт олон ажлын тав хоногт багтаан шийдвэрлэдэг болгосон.



    Энэ хугацаанд та юуг олж мэдэв? Ямар зан чанарт суралцаж, амжилтыг бүтээлцсэн бэ?

Хүний амьдрал нугачаатай олон замтай байдаг. Унаж босох, өгсөж уруудах нь хүн бүрийн амьдралд тохиолддог зүйл шүү дээ. Би өөрийн хийсэн ажлаараа бахархдаг, эргээд харахад хийж бүтээсэн зүйлтэй байгаа нь амжилт бас ололт юм.

- Надад дарга болоод бардах сэтгэл огт төрж байсангүй. Үүнд олон хүүхэдтэй айлд өссөн багын хүмүүжил их нөлөөлсөн гэж бодож байгаа. Бид олуулаа өссөн учраас хангалуун байх нь ховор. Хүүхэд байхаасаа хөдөлмөрлөх, хүний үг даах чадварыг аав минь тархинд суулгаж өсгөсөн юм. Би их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Тухайн үед, за би болж байвал гэсэн бодолтой явсан гэдгээ суманд ажиллаад л ойлгосон. Энд жинхэнэ амьдрал буцалж байдаг. Төрийн албан хаагчид цалингаа аваад зээлээ төлнө, тэгээд гар дээр нь 80 мянга хүрэх үү үгүйтэй мөнгө үлддэг. Тэр хүн яаж нэг сар 80 мянгаар амьдрах юм бэ? Ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож үүнийгээ ч биелүүлсэн. Өдөрт 70-80 иргэнтэй уулзана, мэдээж тэдэнд хүнд хэцүү асуудал байгаа учраас ирж байгаа. Иргэн бүрийн асуудлыг сонсч, тэдэнтэй ярилцаж санал бодлоо солилцож, асуудал байвал гарц гаргалгааг нь тайлж өгөөд явуулахыг л зорьж байна.

    Та өөрийгөө шударга хүн гэж тодорхойлдог шүү дээ. Энэ зан чанар нь зарим үед бусдад дээрэнгүй сэтгэгдэл төрүүлдэг шиг ажиглагддаг?

- Алдаагүй хүн гэж байдаггүй. Шууд л хэлээд тавьчихдаг зангаасаа болж олон ч удаа адлуулж, зөндөө яригдаж явлаа. Хурган даргад чинь асуудал, бэрхшээл зөндөө бий. Хэтэрхий шударга, зарчимч байснаараа би хүмүүсийн дургуйцлыг хүргэдэг байсан болов уу. Журмын нөхдөдөө ч тэр алдаа мадаг байвал шууд л хэлчихдэг. Энэ нь ажил мэргэжил дээр ч зөндөө тулгардаг байлаа. Би өөрөө шийдвэр гаргаж чадахгүй бол Баян-Өндөр сум тэр чигтээ яг л тийм болно. Биднээс үйлчилгээ авах гэж ирж байгаа иргэдэд улам бүр ачаалал, хүлээлт үүснэ. Тийм учраас би нэг байр сууриндаа бат зогсож шийдвэрээ гаргадаг байсан. Үүнийгээ ч зөв гэж бодсоор ирсэн. Тэглээ гээд надад харамсах зүйл байхгүй. Бид бүхэн хамт олноороо олон ч том ажлын ард гарч чадсан. Хүндхэн үеүдийг ч хамт туулсан гэж боддог.

    Та өөрийн гаргаж байсан алдаанаасаа юуг олж харсан бэ?

- Аливаа ажил хийхэд саад бэрхшээлгүй байх нь ховор юм даа. Түүн шиг алдаа эндэгдэлгүй ажиллана гэдэг ч ховор. Гол нь түүнээсээ суралцаад, өөртөө авч үлдэх л хэрэгтэй. Би хүн болгонд очоод зовлон яриад суух дургүй. Өөрт оногдсон урдах ажлаа л хийсэн гэж боддог. Алдаа гэхээсээ илүү улам илүү хичээх л ёстой юм шиг санагдсан. Үүрээр таван цагт босоод хотоо нэг тойрчихдог. Хаана ямар асуудлууд байна гэдгийг өөрөө биеэрээ очиод судалчихдаг, ажлын цаг эхлэхэд өрөөндөө ирсэн байдаг байлаа. Хажуугаар нь эхлүүлсэн ажлууддаа өөрийн гар бие оролцох нь чухал гэж бодож нөгөө хувцсаа өмсөөд хүрзээ аваад газар шорооны ажилдаа орно. Юу гэхээр бид Монгол Ёс Заншлын өргөөг эхлүүлсэн үүндээ зав гаргах ёстой. Мөн иргэдийг ажлын байртай болгохын тулд жимс жимсгэнэ тариалах ажил эхлүүлсэн. Энэ бүхэндээ ханцуй шамлан өөрөө л бусдадаа үлгэр болж явах ёстой гэх бодол төрдөг юм байна лээ. Зарим үед бие муу хүнд өвчтэй настай хүмүүс дээр өөрөө очиж уулздаг байсан. Зүгээр нэг өрөөнд суугаад гарын үсэг зураад суухыг хүсээгүй. Хүйтэнд хөрч, халуунд халж ажиллаж явсан дөрвөн жил байлаа. Улам илүү хичээх л ёстой гэж бодогдсон.


    Та иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй АИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдлоо.

- Бодлого гаргадаг байгуулага хотын эдийн засгийн чадавхи бий болгох, хүний амьдрах таатай амьдрах орчин бий болгох, иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг хамтаараа гаргах ажил хэрэг болгох, хот төлөвлөлтөөс эхлэх гээд олон ажил байнаа. Надад миний өмнө тавьсан олон зорилго, үргэлжлүүлэх ажил бий. Ёс заншлын өргөөнд Эрдэнэт хотын айл өрхүүд хүүхдүүдтэй монгол ахуй соёлтой танилцах, нутгийн зөвлөлүүд, ястангууд өөрийн онцлого шинж харуулсан соёлын өдрүүд хийж болохоор байна. Мэндлэх хүндэлээс эхлээд, сэвлэг үргээх, хурим найраа хийж болж байна. Бага насны хүүхдүүд монгол өв соёлоо танин мэдэж, гэр бүлтэйгээ цагийг зөв боловсон өнгөрөөх боломжтой. Одоо цаашдаа тэргүүлэгчийн хувьд ч, төлөөлөгч С.Ганцогтын хувиар ч тэр, олон ажил хийнэ. Төлөөлөгч хүн гэхээрээ зөвхөн тойрогтоо л ажиллаад байх бус нийт Эрдэнэтийн хөгжлийн талаар, иргэдийг ая тухтай амьдруулах ажлыг хийх ёстой гэж боддог. Үүний төлөө хичээж ажилланаа


Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2020-11-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц