© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016-02-15-НД НИЙТЛЭГДСЭН
Р.Ракшаев: Визгүй зорчих болсон нь хоёр орны иргэдийн харилцаанд их тус болсон
Р.Ракшаев: Визгүй зорчих болсон нь хоёр орны иргэдийн харилцаанд их тус болсон

Эрдэнэт хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Р.Р.Ракшаевтай ярилцлаа.

-Рыгзын Ракшаевич танд саяхан Монгол Улсын төрийн дээд шагнал  “Алтан гадас” одон гардуулсан. Танд хувиасаа болон “Новости Монголии” сонины уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

- Юуны өмнө Орос, Монголын мэргэжил нэгтнүүддээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ шагнал бол бидний нийтийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм.

Бид үргэлж нягт хамтран ажилладаг бөгөөд бидэнд нийтийн баялаг туршлага, олон жилийн уламжлал бий. Энэ үндсэн дээр бид манай хоёр улсын өмнө тулгарч буй ямар ч зорилтыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байдаг.

-Эхлээд 2015 онд болсон өндөр, дээд хэмжээний хамгийн содон уулзалтын тухай эргэн санацгаах уу?

-Өнгөрсөн онд өндөр, дээд хэмжээний хэд хэдэн уулзалт болсон. Хоёр орны парламентын тэргүүн нар харилцан айлчилсныг энд дурдаж болно.

Тодруулбал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн төрийн думын дарга С.Е.Нарышкин нар Монгол Улсад, ноён З.Энхболд Орос улсад айлчиллаа.

Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Москвад айлчиллаа. Энэ үеэр Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай түүний хийсэн хэлэлцээний үеэр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг 2016 онд хамтарч өргөн тэмдэглэхээр тохиролцсон юм.

-Ноён Ерөнхий консул аа! Таныг дипломат албаны ажлаа Эрдэнэт хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас эхлэснийг санаж байна, тийм үү?

- Яг тийм шүү. Миний бие Москвад Улсын телевиз-радиогийн хороо болон Улаанбаатарт Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт  ажиллаж байгаад, дараа нь ГХЯ-ны системд шилжсэн юм. ГХЯ-ны шугамаар би анхны томилолтоо 1996 оны намар авсан байдаг.

Тэгэхэд би Эрдэнэт хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газарт атташегаар ажиллахаар ирсэн юм. Энд жил гаруйхан ажиллаад Улаанбаатар хот дахь манай Элчин сайдын яаманд шилжиж очсон. Түүнээс хойш цаг хугацааны ийм мөчлөгийг л туулж дээ (инээмсэглэв).

-Энэ хорин жилийн хугацаанд Эрдэнэтэд гарсан өөрчлөлтийн тухай яриач? Энэ хотод олон зүйл өөрчлөгдөж үү?

- Тэгэлгүй яахав. Эрдэнэтэд дахин ажиллахаар, одоо бүр Ерөнхий консулын хувиар ажиллахаар  ирсэндээ би маш баяртай байгаа. Энд ямар их өөрчлөлт гарсан нь тэр даруй нүдэнд туссаныг  яалт ч үгүй хэлэх учиртай. Хот хаяагаа тэлж,  өндөр байшин барилга бүхий олон шинэ орон сууцны хороолол, соёл, нийгмийн зориулалттай объектууд нэмэгдэж, шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болж.

Хүн амын тоо ч өсч, одоо 100 мянгад хүрээд байна. Монгол Улс гурван сая иргэнтэйг харгалзан үзвэл, энэ нэлээд том тоо шүү. Энд миний олон найз нөхөр, танилууд байдаг. Тийм болохоор тэдэнтэй дахин уулзахад надад маш аятайхан байсан даа.

-Рыгзын Ракшаевич та, Эрдэнэт дэх ОХУ-ын Ерөнхий консулын газрын гүйцэтгэдэг зорилтын тухай ярьж өгөөч?

-ОХУ-ын Ерөнхий консулын газар Эрдэнэт хотод байрладаг ч,  үйл ажиллагаа нь Монгол Улсын дөрвөн аймгийг хамардаг, Эрдэнэт хотын оршдог Орхон аймаг, мөн Булган, Архангай, Хөвсгөл аймаг манай тойрогт багтдаг.  Энэ нь 200 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бүхий  нэлээд өргөн уудам нутаг.  Ерөнхий консулын газрын шийдвэрлэдэг зорилт олон.  

Юуны өмнө, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа оросын иргэдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах явдал юм. Өнөөдрийн байдлаар энд гэрээгээр ажилладаг 200 гаруй мэргэжилтэн, тэдний гэр бүлийнхнийг оролцуулбал 500 орчим хүн байгаа. Тэдний гэр бүлийн зарим нь “Эрдэнэт” үйлдвэрт бас ажилладаг. Дээр нь Эрдэнэтэд  Оросын 36 иргэн байнга оршин суудаг. Үүнтэй холбоотойгоор нотариат, гэрлэлт, паспорт гаргах, солих асуудал, иргэний харъяаллын гэх мэт асуудал юм.

-Монгол, Оросын хооронд харилцан визтэй зорчдогийг цуцлах тухай асуудлыг хоёр орны өндөр хэмжээний бараг уулзалт бүрээр олон жил хэлэлцэж байсан. Та ч өөрөө хэлэлцээнд нэг бусад удаа оролцож байсан даа.  2014 оны арваннэгдүгээр сараас харилцан визгүй зорчих болсон. Хэрэв ингээгүй бол өнөөдөр манай иргэдэд виз гаргаж өгөх ажлыг ч та бас хариуцах байсан байх даа?

-Тийм шүү, энэ асуудлыг өндөр болон дээд хэмжээний уулзалт, хоёр талын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар олон жил хэлэлцсэн. Тэгээд иргэд харилцан визгүй зорчих нөхцлийн тухай Орос, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд хүчин төгөлдөр болсон юм.

Энэхүү хэлэлцээрийн дагуу  хоёр орны иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд хөрш улсдаа  визгүй зорчиж болно. Харин нөгөө улсынхаа нутагт 30 хоногоос илүү хугацаагаар байхаар төлөвлөж буй иргэд виз гаргуулах ёстой.  Тухайлбал, оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгчид болон  гэрээгээр ажиллахаар явж байгаа хүмүүс юм.

-Эрдэнэт хот, уулын баяжуулах “Эрдэнэт” комбинат гэдэг нь  харилцан холбоотой ойлголт. Сүүлийн жилүүдэд энд ямар ямар өөрчлөлт гарч байна?

Сүүлийн хоёр, гурван жилд дэлхийн зах зээлийн байдал нэлээд ээдрээтэй болж байгааг та мэдэж байгаа.  Энэ нь хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн ажилд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн оны эхээр нэг тонн зэсийн үнэ 6,300 ам.доллар байсан бол, оны сүүлч гэхэд 4,500 ам.доллар болж уналаа.

Харамсалтай нь, үнэ унасаар л байна. Гэсэн ч  хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага их ажил хийж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Өнгөрсөн оны эхээр нэг тонн зэсийн үнэ 6,300 ам.доллар байсан бол, оны сүүлч гэхэд 4,500 ам.доллар болж уналаа. 

 

 Тэд хямралын эсрэг алсын хараатай хөтөлбөрийг цаг алдалгүй  боловсруулсан. Тухайлбал, үйлдвэр­лэлийн бус зардлыг бууруулах,  хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээ авсан нь бүтээгдэхүүний өөрийн өртөгийг багасгах боломж олгосон байна.

Өнөөдрийн байдлаар (нэгдүгээр сарын эхээр), ойролцоогоор 4,990 ам. долларт хүрээд байна. Энэ нь төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх төдийгүй, давуулан биелүүлж, ажиллагсдыг цомхотгохоос сэргийлэх боломж олгосон юм. Учир нь нийгмийн асуудал маш чухал. Ийм амаргүй нөхцөлд уулын баяжуулах үйлдвэр түрүүнд нь төлөвлөсөн томхон төслүүдийг 2015 онд  хэрэгжүүлж чадсан юм.

Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн нунтаглах корпусыг өргөтгөсөн нь хүдэр боловсруулалтыг жилд зургаан сая тонноор нэмэгдүүлж, боловсруулалтын хэмжээг жилд 32 сая тоннд  хүргэх боломж олгосон байна. Үүний зэрэгцээ, хийн зуухыг ашиглалтад оруулснаар одоо тус комбинат 100 мм-ийн диаметр бүхий шаардлагатай тооны бөмбөлгийг бие даан үйлдвэрлэж байна.  

Ингэхдээ бүтээгдэхүүний өөрийн өртөгийг 33 хувиар бууруулж чадсан юм. Үүнээс гадна, хаягдлын аж ахуйд 1,000 гаруй метр урт далан бүхий шинэ коллекторыг ашиглалтанд оруулсан нь комбинатын үйл ажиллагааг наад зах нь бас 20 жил тасралтгүй үргэлжлүүлэх боломж олгоно. Энэ аж ахуй нь ашигласан усыг цэвэрлэх зориулалттай бөгөөд дараа нь уг усыг үйлдвэрлэлд дахин ашиглаж байгаа юм.

Худалдаа эдийн засгийн харилцааны тухайд Ерөнхий консулын газрын үүрэг зорилт нэлээд хязгаарлагдмал. “Эрдэнэт” үйлдвэр нь хоёр орны хамтарсан арилжааны байгууллага бөгөөд бүх асуудлыг түүний удирдлага, Монгол, Оросын хэсгээс бүрддэг үйлдвэрийн газрын зөвлөл зохицуулдаг юм.

Гэсэн ч, Оросын бизнесийн төслийн ашиг сонирхол, түүнчлэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь Эрдэнэт дэх ОХУ-ын Ерөнхий консулын газар, Монгол Улсад суугаа манай Элчин сайдын яамны аль алиных нь үүрэгт багтдаг.

-2015 онд  Монгол Улсын их хурал Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг батласан. Энэ нь ямар өөрчлөлт байсан бэ?

-2015 оны намар Монгол Улсын их хурал Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг үнэхээр батласан юм. Энэхүү өөрчлөлтийн дагуу ОХУ-ын талын хувьцаа эзэмшигчээр улсын “Ростех” корпорацыг батласан. Үүнээс хойш “Ростех” корпорац  хамтарсан компаниас  зохих ногдол ашгийг бүрэн авч байх болно. Үүнтэй холбогдуулан сүүлийн хоёр жилд хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хуралдааныг анх удаа хийж, үйлдвэрийн 2016 оны бизнес төлөвлөгөө батлалаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэж байгаа. Тухайлбал, эмчилгээ-оношлогооны томоохон төвийг 2015 онд ашиглалтанд орууллаа. Энэ төвийг Японы хөрөнгө оруулагчдын мэдэлд өгөхөөр шийдвэрлэсэн. Тус төв Японы менежментээр ажиллана гэсэн үг. Энэ бүхэн нь зардлаа нөхөх боломжийг уулын баяжуулах үйлдвэрт өгөх ёстой.

“Эрдэнэтмедикал” бол Японы нэн шинэ техник хэрэгслээр тоноглогдсон орчин цагийн төв юм. Мөн хэвтэж эмчлүүлэх байр барихаар төлөвлөж байгаа. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд их хувь нэмэр болно. Дээрх төв Орхон болон хөрш зэргэлдээ аймгууд төдийгүй, нийт Монгол орны оршин суугчид, түүнчлэн бидний бодож байгаагаар, Оросын хил орчмын нутгийн оршин суугчдад үйлчилнэ. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдад зориулж 37 айлын орон сууцыг саяхан ашиглалтад орууллаа.

-Хоёр орны хил орчмын нутаг дэвсгэр, захиргааны нэгжүүдийн хамтын ажиллагааны тухай ярьж өгөөч?

-Уламжлал ёсоор хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа нь Орос, Монголын найрсаг харилцаанд, манай орнуудын стратегийн түншлэлийн хөгжилд маш их үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаар Эрдэнэтийн консулын тойрогт хамаарагддаг аймгуудын харилцаа нь  хил орчмын бүс нутгуудын хоорондын худалдаа-эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бас их ач холбогдолтой юм. Эрдэнэтийн консулын тойрогт багтдаг аймгууд  Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү муж зэрэг хил орчмын бүс нутагтай илүү нягт зузаан харилцаатай байдаг.

Жирийн хүмүүсийн хэлхээ холбоо ч өргөжин тэлж байна. Энэ үүднээс үзэхэд, харилцан визгүй зорчих болсон нь хоёр орны иргэдийн харилцааг өргөжүүлэхэд их тус нэмэр болсон юм. Статистикийн мэдээгээр, хоёр орны иргэдийн харилцан урсгал олон дахин нэмэгдсэн байна. Энд хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох ажил хийх хэрэгтэй байгаа. Харамсалтай нь, одоо ажиллаж байгаа шалган нэвтрүүлэх боомтууд ялангуяа баярын болон амралтын өдрүүдэд хоёр орны иргэдийн урсгал хөдөлгөөнийг хүчрэхгүй байх нь олонтай.

Худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийг харилцан ихэд сонирхож байна. Тухайлбал, Орхон, Булган аймаг Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран “Эдийн засаг, соёлын өдрүүд” зохион явуулж, энэ үеэр  янз бүрийн үзэсгэлэн, яармаг ажиллуулдаг. Ийм хэлхээ холбоог өргөжүүлэхэд  Булган аймгийн нутаг дахь “Бага Илэнх” боомт, Бүгд Найрамдах Буриад Улсын Закаменскийн районд байдаг “Айнек-Гол” боомтын үйл ажиллагааг сэргээх нь чухал ач холбогдолтой юм. Эдгээр боомт нь  зөвхөн иргэдийн зорчих гол газар төдийгүй, Буриад болон манай орны бусад бүс нутагт мах нийлүүлэх, малыг хөлөөр нь гаргах гол зам байсан юм.

Эрдэнэт дэх Оросын Ерөнхий консулын газарт намайг ажиллах болсноос хойшхи нэг жилийн хугацаанд эдгээр аймгийн удирдлага болон бизнесийнхэн энэ шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг сэргээхийг хүсч байгаагаа илэрхийлж байна. 2015 оны аравдугаар сард би Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн нарын хамт шалган нэвтрүүлэх боомтод очсон юм.

Миний бодож байгаагаар юуны өмнө  хөрш нутгийн оршин суугчдад хамгийн богино замаар бие биедээ шууд зочилж,  хилийн хоёр талд оршин суудаг хамаатан садангуудтайгаа уулзаж, янз бүрийн хамтарсан баяр, арга хэмжээнд оролцож байх боломж олгохын тулд шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг улирлын шинжтэйгээр ч гэсэн сэргээх боломж байгаа юм. Одоо энэ хүмүүс Хиагт болон Алтанбулагаар дамжин бие биедээ зочилж,  1,000 орчим км-ийн тойруу замаар явж байна.

-Өнгөрсөн он нь Аугаа их эх орны дайнд ялсны 70 жилийн ойн жил байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигаар Монголын ахмад дайчдыг ойн медалиар шагнасан. Ерөнхий консулын хувиар та энэ шагналыг гардуулахаар явж байсан. Энэ ажлын тухай, Ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай ярихгүй юү?

-Ерөөс, 2015 он бүхэлдээ бидний хувьд Аугаа их ялалтын болон Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн жил байсан юм. Өнгөрсөн жил бидний бүх үйл ажиллагаа, манай бүх арга хэмжээ энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх уриан дор болж өнгөрсөн. Гитлерийн Германы эсрэг тэмцэлд Монголын ард түмнээс Улаан Армид  үнэлж баршгүй тусламж үзүүлж байсныг Оросын иргэд бид дурсан санаж байдгийг тэмдэглэхийг хүсч байна.

Манай цэрэг Дэлхийн хоёрдугаар дайны шувтаргын шатанд Алс Дорнодын фронтод Монголын цэргүүдийн хамт нийтийн дайсныг бут цохисныг бид бас эргэн дурсаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж Москвад ойн баяр ёслолд оролцож, Монголын цэргийн албан хаагчид Улаан талбайд Ялалтын цэргийн парадад жагсан явсныг дурдахад маш таатай байна.

Аугаа их Ялалтын сэдвээр цааш яривал, Эрдэнэтэд олон хамтарсан арга хэмжээ зохиосон бөгөөд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн нь хамгийн гол арга хэмжээ байсан юм. Монголын ахмад дайчдыг оросын ойн “Ялалтын 70 жил” медалиар, түүнчлэн Оросын ахмад дайчдыг Ялалтын 70 жилийн ойд зориулсан Монголын медалиар шагналаа.

Ерөнхий консулын хувиар миний бие Оросын Ерөнхийлөгч В.В.Путиний зарлигийн дагуу ахмад дайчдад ойн медаль гардуулахаар Эрдэнэтийн консулын тойрогт багтдаг дөрвөн аймгаар явсан юм.

Манай консулын тойрогт энэ медалийг 40 ахмад дайчин хүртсэн бөгөөд энэ нь аймаг тус бүрээс арав арван хүн шагнагдсан гэсэн үг юм. Ахмад дайчдын нас дээр гарч, олонхи нь бие даан явж чаддаггүй, аймаг, сумын төвөөс зайдуу суудаг учир, шагнал гардуулахаар тэднийг нэг дор цуглуулах боломж бидэнд байгаагүй. Тиймээс бид машинаар багагүй зам туулахад хүрсэн юм. Тэр бүр газарт зам зөрөг аятайхан биш байсан ч, бид  энэ ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэ бол тун гэгээлэг, хариуцлагатай ажил гэдгийг та мэдэж байгаа.

Дашрамд нь би дөрвөн аймаг  болон хэд хэдэн сумын удирдлагатай уулзаж, ажил төрлийн сайхан хэлхээ холбоо тогтоосондоо баяртай байна. Энэ ажлыг зохион байгуулж, явуулахад туслалцаа үзүүлсэн аймгуудын  Засаг дарга, удирдлагад, Орхон, Булган, Хөвсгөл болон Архангай аймгийн тамгын газрын дэргэдэх цэргийн штабын дарга нарт ихэд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Ярилцлага өгсөн Рыгзын Ракшаевич танд их баярлалаа.

- Энэ ялдамд манай Монгол анд нөхөд, “Новости Монголии” сонины бүх уншигчдад Билгийн улирлын шинэ жил Гал бичин жилийг тохиолдуулан баяр хүргэж, эрүүл энх байж, ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.


О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2016-02-15
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц