© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-10-22-НД НИЙТЛЭГДСЭН
М.Саруултөгс: Би хөөмийн галыг сахиж явах захиас хүлээсэн удмын хөөмийчин
М.Саруултөгс: Би хөөмийн галыг сахиж явах захиас хүлээсэн удмын хөөмийчин
Эрдэнэт хотод болж буй аливаа ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт, нээлтийн үйл ажиллагаа М.Саруултөгсийн хөөмийгөөр эхэлдэг заншил тогтоод удаж байна.Хуран цугласан олон түүний хөөмийлөхийг ёстой л амьсгаа даран сонсож, гар утсаараа бичлэг хийж харагддаг. Удалгүй “Эрдэнэтэд ийм авьяастай залуу байна” гэсэн тайлбартай бичлэгийг нь “facebook” хуудаснаа тавьж, олон мянган “like”, ”share”-ийн эзэн болсон байх нь бахархмаар. Тэрээр саяхан Ховд аймагт зохион байгуулагдсан олон улсын хөөмийн наадмын Гран При шагнал хүртсэн.“Эрдэнэт” үйлдвэрээр овоглон нэр хүндийг нь өндөрт өргөж яваа олон авьяаслаг залуугийн нэгэн төлөөлөл болох Мягмаржавын САРУУЛТӨГС-тэй уулзаж бодол сэтгэгдэл, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

-Сүүлийн үед танай чуулгынхан ажил ихтэй байна уу?

-Ойрын үед олон үйл явдал давх-цаад манайхан дарга, “цэрэггүй” ажил ихтэй байгаа.Харин өнөөдөр би амарч байна.

-М.Саруултөгс аль нутгийнх вэ?

-Ховд аймгийн Чандмань суманд төрж өссөн.Ээж маань Зэрэг сумын хүн.Тийм болохоор зуны амралтаараа Зэрэг сумын Гүвээ бригад, Рашаант, Цагаан амаар мал хариулдаг байлаа.

-Танай аав, ээж малчин хүмүүс байсан уу?

-Үгүй. Аав маань 39 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаад гавьяаны амралтандаа гарсан.Ээж маань насаараа нягтлан бодогч хийсэн.Одоо хоёулаа нутагтаа бий.Манайх сумын төвийн айл.Харин зуны дэлгэр цагт сумын төвд ойрхон зусланд малтайгаа гардаг байсан юм.

-Хэдэн хүүхэдтэй айл вэ?

-Долоон хүүхэдтэй айл.Би дөрөв дэх нь.Ер нь дундах хүүхэд байх их зүгээр.Том гэж хариуцлага хүлээхгүй, бага гэж эрхлэхгүй.Дундаж жишгээр явж ирсэн.Дээрээ нэг эгч, хоёр ахтай.Доороо нэг эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй.Олуулаа байх гоё шүү.Одоо бүгдээрээ ажил, амьдрал дээр гарчихсан болохоор ах дүү нартайгаа тэр болгон уулзаж чадахгүй.Нэгнийдээ хааяа нэг цуглаж уулзахаар олуулаа бужигнаад хүүхэд насаа дурсаад сайхан байдаг юм.

-Хүүхэд байхаасаа хөөмийн ур-лагаар хичээллэсэн үү?

-Манай өвөө хөөмийн урлагийн анхны Монгол улсын гавьяат жүжигчин Сундуй гэж хүн байлаа.Дэлхий дахинд хөөмийн дэг жаяг тогтоосон хүн дээ.Тэр хүний сургалтаар өнөөгийн бид хичээллэж, түүний зэрэгт хүрэхийн төлөө зүтгэж яваа юм.Угтаа манай аавын том ах л даа.Гэхдээ бид багаасаа өвөө гэж нэрлэж дуудаж өссөн.Намайг зургаан настай байхад өвөө Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын хөөмийч байхдаа манайд зун очиж амарсан юм.Тэгэхдээ манай хоёр ах бид гуравт хөөмий анх заасан.

-Одоо хоёр ах тань хөөмийлдөг үү?

-Бага байхдаа манай хоёр ах надаас сайн хөөмийлдөг байсан.Одоо бол өөр мэргэжлийн улс л даа.Би хүүхэд байхдаа хөөмийнд тэгтлээ сонирхолтой биш, эмч болохыг мөрөөддөг, химийн хичээлдээ сайн хүүхэд байсан.

-Өвөө тань чамайг ирээдүйтэй хөөмийч болно гэж мэдэрсэн болов уу?

-Мэдрээд зогсохгүй бүр галын хөөмийг таслахгүй авч явах үүргийг надад захиж үлдээсэн юм.Манай хоёр ах цэцэрлэгийн наснаасаа эхлээд урлагийн үзлэг, наадамд хөөмийгөөр оролцдог, шагнал хүрдэг байсан.Тэгэхэд л манай өвөө энэ хоёр хол явахгүй ээ, танайхаас хөөмийлөх хүүхэд энэ л байгаа юм гэж намайг хэлдэг байсан.Энийг хөөмийлүүлээд, хот авч яваад барилдуулах юмсан гэнэ.Ноцолдвол овоо барилдах хүү-хэд шиг байгаа юм гэдэгсэн.Өвөө маань өөрөө аймгийн заан цолтой бөх хүн байсан юм.

-Өвөөгийн захиасын тухайд...?

-Би 9-р ангид байхдаа эмч болох мөрөөдлөө бүр мөсөн орхисон.Тэр үед өвөө маань өөд болсон юм.Аав Улаанбаатарт өвөөг хэсэг хугацаанд сахиж, сүүлд нь ажил явдлыг нь өнгөрөөгөөд ирэхдээ “За, миний хүү өвөө нь чамайг л хөөмийчин болго гэж захисан шүү.Хөөмийн галыг сахиж явах хүн чамайг гэсэн.Аав нь ийм л даалгавартай ирлээ” гэж хэлсэн.Гэр бүлийн даалгавар, гал голомтны захиас гэдэг утгаар би хөөмийг эзэмшиж, хөгжүүлж авч явах нь миний үүрэг юм байна гэж ойлгосон.

-Тэр цагаас хөөмийч болохоор хатуу шийдсэн үү?

-Тийм. Өвөө нэгэнт суурийг нь тавиад өгчихсөн болохоор сонирх-лоороо оролдсоор байгаад сурсан.Манай анги 13 хөвгүүнтэй байсан юм.Бид хичээлийн их завсарлагаагаар цонхны тавцан эсвэл ширээн дээр тойрч сууцгаагаад янз бүрийн дуу хөөмийлдөг байлаа.Тэнд л хөөмийн сургалт, хөгжил давхар явагдаж байсан юм болов уу гэж боддог.Ер нь Ховдын Чандмань сумынхан бүгд хөөмийлнө шүү.

-Газар, уул, усны онцлог, шүтэлцээ байдаг юм болов уу?

-Янз бүрийн л тайлбар байдаг.Миний бодлоор нутгийн онцлог их нөлөөтэй. Чандмань сумтай ойрхон, 40 км-ын зайтай Дөргөн, 60 км-т орших Дарви, Зэрэг, Манхан суманд хөөмийлдөг хүн байхгүй.Тэгэхэд тэрүүхэн тэр Бумбат, Жаргалант гэх хоёр алтайгаар хүрээлэгдсэн гурван нуурын ай сав газарт л хөөмий байгаа юм.Тэгэхээр нутгийн онцлогтой холбоотой гэж боддог.-Нутагтаа очоод хөөмийлөхөөр ямар сэтгэгдэл төрдөг вэ?-Манайхны тахидаг овоо байдаг юм.Нутагтаа очоод маргааш нь нар мандахаар сүү, идээний дээжээ өргөөд ажил, амьдралаа даатгаж залбирдаг.Би тэнд хөөмийлөх их дуртай.Дээгүүр шувуу эргэлдээд, хажууд мал сүрэг бэлчээд, цуурай нь давтагдаад үнэхээр гоё сонсогдоно.Ер нь нутагтаа очоод гэртээ 14 хоног амраад ирэхэд хөөмий цээлхэн, хоолой бяртай болчихдог юм.Нутгаасаа энерги, эрч хүч авдаг гэх үү дээ.

-Мэргэжлийн ямар сургууль төгссөн бэ?

-Би Чандмань сумынхаа 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн 1-р 10 жилд дэвшин суралцсан. Намайг төгсөж байхад СУИС-ийн хуваарь орон нутагт очдоггүй байлаа.МУИС-ийн Урлаг судлаачийн ангид өрсөлдөөд бараагүй.ШУТИС-ийн хими технологийн ангийн хуваарь авсан ч яваагүй.Дараа жил нь аймгийн төвд хөөмийн олон улсын анхдугаар уралдаан болоход сумаасаа очиж оролцсон.Тэндээс “Өсөх ирээ-дүйтэй хөөмийчин” гэсэн шагнал хүртэж, хүссэн урлагийн сургуульдаа элсэн суралцах эрх авсан.Тэгээд ээж, аавынхаа идшийг хийж өгчихөөд 12-р сард СУИС-д хөөмийн анги нээгдэхэд анхны оюутан болж байлаа.Тэнд нэг жил суралцаад гадагшаа явсан даа.

-Гадаадын аль улс руу ямар ажлаар...?

-Германд ардын урлагийг суртал-чилж 5 жил гэрээгээр ажилласан.Хөөмийч Хосбаяр “Транс монголиа” гэдэг хамтлаг байгуулах санаачилга гаргасан юм. “Хөх монгол”-оос нэг, “Бөртэ” хамтлагаас нэг залуу нийлээд, Монголоос морин хуурч нэг залуу бид хоёр очоод анх “Транс монголиа” хамлагийг байгуулж ардын урлагийг гадаадад сурталчилдаг байлаа.

-Олон орноор явсан уу?

-Ер нь явж үзээгүй Европын орон байхгүй дээ. 22 улсын 160 гаруй хотод жилд 500 гаруй тоглолт хийсэн байдаг. Албан бус тоглолтыг тооцвол нилээд олон тоо гарна л даа.Таалагдсан улс гэвэл хөгшин Европ.

-Гадаадын үзэгчид монголын язгуур урлагийг хэр сонирхдог вэ?

-Маш өндөр түвшинд таашаан хүлээж авдаг.Бусад улс орон өөрсдөд нь байхгүй урсгалыг илүү сонирхож биширдэг.Манайхан хип хоп, рок гээд өөр урсгалыг сонирхдогтой адил.Монголын язгуур урлаг хөгжлийн түвшингөөрөө бусад орныхоос ду-тахгүй, бараг давамгай гэж боддог.

-Тэндээс ямар бодол тээж эх орондоо ирсэн бэ?

-Сургуулиа төгсөх, амьдрал ахуй-гаа төвхнүүлэх, хөөмийн уг үндсийг судлах хүсэл зорилготой ирсэн.Би ирээд хуучнаар “Монголжин гоо”, одоогийн “Sity” дээд сургууль дүүргэж хөөмийчин мэргэжил эзэмшсэн.

-Эрдэнэтэд ирж ажиллах болсон шатгаан нь юу байв?

-СУИС-д сурч байхдаа Дархан, Сэлэнгийн найзуудаа дагаад газар үзэх зорилгоор Эрдэнэтэд нэг удаа ирсэн юм.Залуусын гэж нэрлэгддэг энэ хот цэвэрхэн, амгалан тайван, дулаахан сайхан санагдсан.Сэтгэл үнэхээр татсан.Тэр үед зөвхөн үндэсний телевиз орон даяар гарна.Телевизээр Эрдэнэтийн тухай, “Эрдэнэт” үйлд-вэрийн талаар их нэвтрүүлдэг болохоор зохих мэдлэг, мэдээлэлтэй байсан. Тэгээд алсдаа энд амьдрах юмсан гэсэн мөрөөдөлтэй буцсан юм. 2009 оны сүүлээр гадаадаас ирээд хөдөө аав, ээж дээрээ зун болтол амраад 2010 онд мөрөөдлийн газраа ирсэн дээ.

-Мөрөөдлийн газраа ирээд ажилд ороход амаргүй байсан уу?

-“Уурхайчин” соёлын ордны дэргэдэх Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгад л ажилд оръё гэж анхнаасаа зорьсон.Намайг анх уулзахад “Манайд арга зүйчийн орон тоо байгаа.Чи арга зүйчийн шалгалтанд ор” гэдэг юм.Тэгэхээр нь би най-руулагчдаа “Би арга зүйч хийж чадахгүй ээ.Би хөөмийчин, тайзан дээр амьдардаг хүн.Тийм болохоор тайзан дээр байхыг хүсч байна” гэсэн. Тэр үед манай чуулгынхан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Хөх хот, Бугат...гээд аялан тоглолтоор явах гэж байсан юм. Тэгээд ёстой нөхцөл тохироо бүрдэнэ гэгчээр хөөмийгөө шалгуулж тэнцээд шууд явсан даа.Энэ сайхан хамт олны нэг гишүүн болж цалинтай, цалингүй, гэрээгээр нэг хэсэг ажилласан.Ер нь манай чуулгын босго өндөр шүү.

-Өөрөө хөөмийлөхийн зэрэгцээ морин хуур тоглодог байхаа?

-Хөөмийндөө хамсаа болгож морин хуур, товшуур, хулсан хуур ашигладаг. Түүнээс мэргэжлийн түв-шинд морин хуур тоглож чадахгүй.Надад эмзэглэж явдаг нэг асуудал бий.Жил бүр олон хөөмийчин төгсч байна.Гэтэл театр, чуулгуудад хөөмийчний орон тоо байхгүй.Жишээ нь би хөгжимчний орон тоон дээр ажилладаг.Тоглолтонд орохоороо хөөмийчин гэж зарлуулна.Би яахав, ингэж ажиллаад тэтгэвэрт гарлаа гэхэд миний оронд ирэх залуу халаа хөгжимчний орон тоон дээр биш хөөмийчин гэсэн орон тоон дээр ажиллаасай гэж хүсдэг.Өнөөдөр монголын ардын язгуур урлаг хөгжиж байна.Бид тусгаар улс гэдгээ ёс заншил, язгуур урлаг, монгол ахуй амьдралаараа гадныханд мэдрүүлнэ.Энэ утгаараа ч театр, чуулгуудад бодлогоор үндэсний язгуур урлагийн мэргэжилтний орон тоо байх ёстой гэж боддог.
-Сүүлийн үед ардын язгуур урлагийн хамтлагууд хүчээ авч байна?

Тэдний талаар...? -Нэгэн үе Норовбанзад гуай, ма-най өвөө Сундуй гээд давтагдашгүй авьяастай хүмүүс Монголын урлагийг дэлхийн тавцанд таниулсан. Тэднээс хойш 1989 оноос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Эгшиглэн” групп Монголын урлагийг гадныханд сурталчилсан. Өнөөдөр хүчээ авч байгаа “Хөсөгтөн”, “Домог” гээд язгуур урлагийн хамтлагууд бүгд “Эгшиглэн”-гээс эхтэй. “Хөх монгол”, “Уянга”, “Бөртэ”, “Транс Монголиа” хамтлаг бүгд “Эгшиглэн”-гээс салаал-сан. Өөрөөр хэлбэл хамтлагийн анхдагч нь “Эгшиглэн”. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.Гэхдээ түүх үнэн байх ёстой.Язгуур урлаг хөгжиж байгаад би баяртай байдаг.

-Сая болсон олон улсын хөө-мийн наадамд өрсөлдөгчид хүчтэй байв уу?

-Нэг үеэ бодоход хөөмий олон улсад тархаж байна.Монголчуудаас гадна Америк, Орос, Бельги, Герман, Голланд, Хятад гэх мэт 10 гаруй орны хөөмийч оролцсон.Гадаадын өрсөлдөгчид арай болоогүй байна.Гэхдээ хөөмийн урлагийг маш сайн хөгжүүлж байгаа нь харагдлаа.Голландын Ронн гэж залуу хөөмийг сайн сурсан байна.Япон, Белги, Дани, Америкаас ирсэн залуус ч сайн хөөмийлсөн.Судалгаа ч сайн хийсэн байна лээ.Монголоос өмнөх уралдааны Гран при шагналтан, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч мэргэжилтэй морин хуур, хөөмийг өндөр түвшинд сурсан чадварлаг хүн хүчтэй өрсөлдөгч байлаа.Мөн чуулгын гоцлол хөөмийч Цогтгэрэл, “Морин хуур” чуулгын хөөмийч Ашид гээд дэлхийн тайзан дээр Монголын нүүр царай болдог шигшмэл авьяастнууд өрсөлдсөн.Энэ наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.Би анхныхаас нь “Өсөх ирээдүй-тэй хөөмийчин” шагнал хүртсэн.2008 оны наадамд нь гадаадад байгаад орж чадаагүй.Энэ удаа Гран при хүртлээ.10 гаруй жилийн хугацаанд сурсан мэдсэнээ, хэр зэрэг өссөнөө харуулсан гэж бодож байна.Гэхдээ болоогүй, хөдөлмөрлөх хэрэгтэй, судлах шаардлагатай.

-Хөөмийлж байгааг тань сонсоход олон өнгө гаргадаг. Ер нь хөөмийн дээд түвшин хэдэн янз байдаг вэ?

-Хөөмий давхар өнгө гаргадаг. Суурь өнгөтэй, наана нь дуу оруулдаг авиа давхар гарна. Ер нь бол гурван өнгө гаргаж болдог ганц урлаг шүү дээ.Дэлхийд хоёр зэрэг ярьдаг хүн байдаг.Цаана хоолойн төвөнх дээр ярьж байхад наана амны хөндийд давхар ярих жишээтэй.Өөрөөр хэлбэл хоёр зэрэг ярьж чадна гэсэн үг.Хөөмийчин хүн гурван зэрэг давхар өнгө гаргаж чаддаг.Маш их мэдрэмж, ур чадвар шаардана.

-Өөрөө гурван зэрэг өнгө гаргах уу?

-Ер нь хөөмийчид бол гаргана.Би 4-5 зэрэг өнгө гаргаж болох болов уу гэж бодоод байгаа юм.

-Хөөмий юунаас үүсэлтэй урлаг вэ?

-Эрдэмтэд янз бүрээр ярьж бич-дэг.Монгол, Хятад, Энэтхэг судар, түүхэн тэмдэглэлд ч олон хувилбар, тайлбар бий.Гэхдээ миний бодлоор их ойрхон.Би бүдүүн дуугардаг хархираа хөөмийг хүнээр заалгаагүй.Миний багш гэвэл сарлагийн тугал гэх үү дээ.Хүүхдүүд багадаа амьтан дуурайж дуугарч тоглодог ш дээ.Адуу шиг янцгаагаад, нохой дагаж хуцаад, үхэр шиг мөөрөөд, ямаа шиг майлаад гүйдэг. Ерөөсөө энд хөөмий байгаа юм.Мэргэжлийн түвшинд яривал сарлагийн тугал дээд зэрэглэлийн хархираа хөөмийтэй амьтан.Үндсэн дуугаралт, техник, хэвлийгээ шахаж, наана түгжиж, хамраараа гаргаж байгаа дуугаралт зэрэг нь яг хархираа хөөмийн дээд хэлбэр.Сарлагийн тугалыг дагаж дуугараад сурчихсан хүн хархираа хөөмийг ямар ч байдлаар дуугарч чадна.Монгол үхрийн бух дагаад мөөрөөд байгаа хүн унзад хоолойг гаргаж чадна.Хөөмийн үүслийг холоос хайх хэрэггүй.

-Сонирхолтой юм.Өөрөө тайзан дээрх имидж бүрдүүлэлтэндээ хэр анхаардаг вэ?

-Анхаарна шүү.Ноёны гоё хувцас өмсчихөөд ямар ч намба төрхгүй бүмбэгэр нөхөр тайзан дээр гараад зогсвол зохимжтой харагдахгүй л болов уу.Тийм болохоор сахал ургуулж, хувцсандаа уусч шингэсэн имидж бүрдүүлэн бага зэрэг оворжуу харагдахыг хичээдэг.

-Таны зүүснийг хараад тэнгэр сахилтай хүн гэж ойлголоо, зөв үү?

-Би ажил, амьдралыг минь дааж явдаг багшдаа их баярладаг.Миний шашны багш монгол даяар мэдэх хувилгаан хүн бий.Энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх.-Өөрийн тань урын сан хэр баялаг вэ?-Ямар ч байсан хоёр цагийн тоглолт хийчихнэ.

-Бие даасан тоглолт хийх бодол бий юу?

-10-р сард багтаад нэг CD гарга-чихъя гэсэн төлөвлөгөөтэй байсан харамсалтай нь амжсангүй.11-р сард гаргачих болов уу.Тэгвэл CD-ний баяр ч юм уу, бие даасан тоглолт хийх хүсэл байна.Германд байхад Испани, Италиас “Танай хөөмийчнөөс нэг цагийн тоглолт авъя” гэсэн хүсэлт хамтлагт ирдэг байсан.Тэр үед цэвэр бие даасан тоглолт хийнэ.Тайзан дээр ганцаараа гараад сууна.Цагийн тоглолт дуусгаж байж л тайзнаас бууна.Тайзан дээр надад туслах хэн ч байхгүй.Морин хуур, хулсан хуур тоглоно, уртын дуу дуулна, исгэрнэ, биелнэ, өөрийн бүхий л авьяасаа үзүүлнэ.Миний хувьд бие даасан тоглолт гэдгийг тэгэж л ойлгодог.Харин Монголын уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг үзэхээр хамтарсан тоглолт шиг сэтгэгдэл төрдөг.Ер нь хөөмийгөөр бие даасан тоглолт хийх хүнд л дээ.Гэхдээ хийнэ.Үүний төлөө хөдөлмөрлөнө.

-10 жилийн дараах М.Саруул-төгсийг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би их том мөрөөдөлтэй.Амлах дургүй.Хөөмийн чиглэлээр зохих судалгаа хийсэн, сургалт явуулдаг болчихсон, хөөмий гээчийг дэлхийн зах зээлд гаргах түвшинд хүрсэн байхыг хүсдэг.Би биш юмаа гэхэд миний бэлтгэсэн шавь нар биелүүлнэ.Дэлхийн шилдэг 100 урлагийн бүтээ-лийн жагсаалтанд Монгол хөөмий багтах цаг ирнэ гэдэгт итгэдэг.

-Цаг зав гаргасанд баярлалаа.

Ярилцсан М.ОДГЭРЭЛ
/ 2014-10-22
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц