© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-08-21-НД НИЙТЛЭГДСЭН
М.Батчимэг “Шулуухан хэлэхэд энэ УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв”
М.Батчимэг “Шулуухан хэлэхэд энэ УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зөв”

-УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавилаа. Өршөөлийн хуульд тавьсан хоригийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хоёр чухал хууль хэлэлцэж баталсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөл үзүүлэх тухай хууль. Миний хувьд энэ хоёр хуулийг хоёуланг нь батлахыг дэмжиж байсан. Ялангуяа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хууль эрхзүйн цоорхой, төрийн хүнд суртал,эдийн засгийн орчны таагүй байдал гэхчлэн олон шалтгаанаар баялаг бүтээгчид, хувийн секторт үүссэн ачаа дарамтыг хөнгөлөхөд тустай гэж бодож байгаа. Ингэснээр далд эдийн засгийг ил болгох, эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэхэд үр дүнгээ өгөх болов уу гэж харж байна. Өршөөлийн хуулийн тухайд ч хүнд байдалд орсон бизнес эрхлэгчид, санамсаргүй аваар ослоос болж гэмт хэрэгтэн болсон хүмүүс, болгоомжгүйгээс анх удаа гэмт хэрэг хийсэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэл, амьдралын дарамт шахалтаас болж гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдэд төр ивээлээ үзүүлэхийг дэмжиж байна.

Харамсалтай нь өршөөлийн хуулийг батлах явцад авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамааруулах болсон нь гажуудал болсон. ИймээсМонгол Улсын Ерөнхийлөгч эдгээр гэмт хэргийг өршөөх заалтад хориг тавьсныг дэмжиж байна. Энэ хоригийг УИХ хүлээж авах нь зөв гэж бодож байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийн тулд УИХ ээлжит бус чуулганаа хэзээ зарлах бол. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах болов уу?

-Чуулган удахгүй зарлагдах болов уу. Өршөөлийн хуульд авлига, албан тушаалтны хэргийг хамруулах нь буруу гэж үзэж байгаагаа хэлсэн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэдэг дээ. Төрийн хууль бий болохоос ч өмнө амьдралыг зохицуулж ирсэн амьдралын хууль, маргашгүй зарчмууд гэж бий. Би үүнийг л ард түмэн үнэн гэж ойлгож ирсэн гэж боддог. Лам хүн, төрийн хүн хоёр түмний тусын тулд ажиллах ёстой. Энэ бол маргах ёсгүй үнэн. Гэтэл энэ зарчмыг эвдэж төрд ажиллаж буй хүмүүс авлига авч болно, авлига авсныг нь төр өөрөө, тэр тусмаа улстөрчид хууль гарган хариуцлагаас хаацайлаад байж болно гэдэг буруу жишиг тогтоож болохгүй. Болгох гэж мугуйдаллаа гээд нийгэм, олон нийтийн эсэргүүцлийг улс төрчид даахгүй. Хоёрт олон түмний төрд итгэх итгэл, үнэн худлын хэмжүүр, шударга ёсны тухай ойлголт гээд үнэ цэнэтэй олон зүйл хөсөр хаягдаж газарт гишгэгдэх, цаад утгаараа төр оршин байх суурь зарчмыг үгүйсгэх их л муу үр дагавар авч ирнэ дээ.

-Ер нь УИХ яагаад ийм хуулийг баталчихав аа. Батлахаас аргагүй нөхцөл байдал үүссэн үү?

-Би хувьдаа УИХ-ын76 гишүүний дийлэнх олонх нь улс орноо боддоггүй дүүрчихсэн муу хүмүүс учраас ийм хууль гаргачихлаа гэж бодохгүй байгаа. Энэ бол барьцаанд орсон УИХ-ын аргагүйн эрхэнд хийсэн алхам. Миний харж байгаагаар УИХ өнөөдөр давхар барьцаанд байна. Олон нийт улс төрчид өөрсдөө “но”-той болохоор өршөөлийн хуулийг дэмжсэн гэж шүүмжилж байгаа. Гэтэл амьдрал дээр УИХ-ын олонх авилгыг өршөөх шийдвэр гаргахад хүргэсэн хоёр том барьцаа цаана нь байгаа. Нэгд Н.Энхбаярын барьцаа, хоёрт хууль хяналтын байгууллагуудын барьцаа. Шударга ёс эвслийн гишүүд Өршөөлийн хуулийн ажлын хэсгийг ахалж, маш идэвхтэй ажилласан. Шүүмжлүүлээд байгаа заалтууд ч тэдний шахалтаар орж ирсэн гэдгийг ажлын хэсэгт ажилласан УИХ, Засгийн газрын зарим гишүүд хэлж байгаа. Үүний ард Н.Энхбаяр байсан нь олон түмэнд ил байгаа зүйл шүү дээ. Эвслийн гишүүд даргаа сонсч, өмгөөлөх ч яах вэ байж болох зүйл гэж бодоход улс төрийн хувьд олон сонголтгүй болсон манай нам давхар Н.Энхбаярын барьцаанд байгаа нь л эмгэнэл.

-Хууль хяналтын барьцаа гэдэг нь?

-УИХ өөрөө хууль хяналтынхны барьцаанд орчихсон учраас хүлээснээс ангижирч эрх мэдлээ чөлөөтэй хэрэгжүүлдэг болохын тулд ийм алхам хийсэн гэж олон хүн хэлж байгаа. Ийм уур амьсгалУИХ-д лав бодитойгоор байгаа гэдгийг дотор нь сууж байгаа хүний хувьд хэлэх ёстой. АТГ улс төржиж байгаа талаар, зарим хууль тогтоомж ид шидийн юм шиг гэрлийн хурдаар батлагддаг болсон талаарх яриа улс төрийн төдийгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд өрнөх болсоор удаж байна. Янз бүрийн асуудлаас болоод хууль хяналтын байгууллагын хараанд орчихсон улстөрчид байгаа нь бодитой зүйл. Нөгөө талд АТГ, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хил хязгаараасаа давж, айдас эргэлзээ төрүүлж байгаа нь Н.Энхбаяраас дутуугүйгээр гишүүдэд нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Л.Гансүхийн, Я.Батсуурийн, Г.Дэнзэнгийн гээд олон нийтэд ил болсон сенсаацтай хэргийг л хар. Энэ хүмүүс буруутай ч байж болно, үгүй ч байж болно. Гэтэл шүүх эцэслэн тогтоогоогүй байхад тэднийг хэчнээн удаан хугацаанд нийгэмд ад шоо болгож, удаан хугацаагаар цагдан хорьж эрүүл мэндээр нь хохироов. Хамгийн сүүлд Ц.Оюунгэрэл гишүүний Г.Дэнзэнгийн талаар өгсөн мэдээлэл үнэхээр хүн чанар нь хийсээд явчихаагүй ямар ч хүнийг цочирдуулахаар сонсогдож байгаа биз дээ. Хэрвээ бодит үнэн л бол хоёрхон удаагийн мэдүүлэг авахын төлөө хүнийг 80 гаруй хоног хорьж, эрүүл мэндээр нь хохироож, цусаар бөөлжиж, комд ороход хүргэж байгаа бол энэ дэндүү хүнлэг биш зүйл. Ерөнхийлөгч ч хүртэл хүнийг хорьж тамладаг Вишинскийн аргаасаа татгалзаачээ гэж хатуухан хэллээ. Ийм боломж олгож байгаа өнөөгийн хуулийг УИХ хурдан засч эрүүгийн хуулиа батлах ёстой. Нөгөө талд хуулийн байгууллагууд хуулиар ийм боломж нь байгаа гээд хүмүүст ингэж харгис хандаад байвал нэр хүнд нь олны дунд улам унаж, цаашдаа улс төрчдөөс дутуугүй үнэ хүндээ барахад хүрнэ. Сүүлийн үед явуулсан авилгын судалгаагаар хуулийн байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа нь харагдаж байгаа.

-УИХ энэхүү хуулийг хаалттай дэгээр хэлэлцсэн болохоор хууль батлах процесс хэрхэн өрнөснийг мэдэхгүй байна л даа. Хууль хэлэлцэх явцад та дээрх заалтуудад эсрэг санал өгсөн үү?

-Хуралд оролцсон нэлээд олон гишүүн авлигыг өршөөх заалтыг эсэргүүцсэн санал өгсөн. Би ч эсрэг санал өгсөн.

-Ээлжит бус чуулган зарлаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ гэхэд УИХ-ын гишүүд баталсан хуулиасаа буцах магадлал хэр өндөр вэ. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй тохиолдолд процесс цааш хэрхэн өрнөх вэ?

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой. Яагаад гэдгийг би ярианыхаа эхэнд хэлсэн. УИХ ард түмний төлөөллийн байгууллага. Иргэд энэ асуудлаар ямар их эсэргүүцэл, бухимдалтай байгааг хайхрахгүй өнгөрч болно гэж үү. Манай намын жирийн гишүүд л лав маш их бухимдалтай байна. Би ийм зүйлийн төлөө Ардчилсан намд 25 жил зүтгээгүй юм шүү гэж олон ахмадууд хэлж байгаа. Хоригийг авах эсэхээс үл хамаараад УИХ авилгыг өршөөх заалттай хууль гаргасан нь асуудал хүндэрсний маш том сануулга, дохио боллоо. Энэ УИХ-ын нөөц шавхагдаж байна. Дээр нь өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан улс төрийн үл итгэлцэл, хямрал улам гүнзгийрч байна. МАН-ын 6 сайдыг Засгаас гаргасны дараа сайд нарыг нөхөн томилох үйл явц ямар зовлонтой үргэлжилж байгааг харж байгаа биз дээ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг. Хэдэн сайд, засаг солиод цаашдаа байдал үргэлжлэн муудахаас биш сайжрахгүй. Монголчуудын хэлэх дургүй “ерөөлгүй” гэж нэг үг байдаг даа. Болж бүтэх гэж хэчнээн мэрийгээд болдоггүй зүйл гэж байдаг. Энэ УИХ тийм л болчихлоо. Тиймээс би хувьдаа 2016 оны ээлжит сонгуулийн хугацааг нааш нь татах нь дээр боллоо гэж үзэж байна. Улс оронд, ард түмэнд учрах хохирлыг аль болох бага байлгая гэвэл ийм шийдвэр гаргах нь зөв.

-Сайд нарыг нөхөж томилохтой холбоотой Шударга ёс эвсэл дөрвөн сайд нэхсэн гэсэн яриа байгаа. Энэ үнэн үү?

-Би өөрөө ийм яриа хэлцэлд оролцоогүй учраас өөртэй чинь л адилхан мэдээлэлтэй байна. Иймэрхүү яриа, эргэж буцсан хэлэлцээр, тоон дээр тохирох гэсэн толхилцоо, гацаа үргэлжилж байна гэдгийг гишүүд ярьж байгаа. УИХ гишүүдээрээ дамжаад янз бүрийн барьцаанд байгаа нь хүнтэй холбоотой яриа. Цаана нь улс төрийн тогтолцооны гүн хямрал нүүрлээд байгааг сайд томилохтой холбоотой үйл явц харуулж байна. Засгийн газрыг эмхлэн байгуулах, сайд томилоход Ерөнхий сайд гол үүрэг гүйцэтгэх үндсэн зарчим уг нь Үндсэн хуульд байгаа. Ерөнхий сайд, сайд нарынхаа нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д танилцуулж, УИХ түүнийг нь батлах учиртай. Гэтэл манай Үндсэн хуульд энэ зарчмаа хамгаалсан процессын зохицуулалтаа гүйцэд хийгээгүйгээс олон зөрчил үүсч байна. Ерөнхий сайдын санал эцсийн биш, хүн нэг бүрийг томилох эсэхийг нь УИХ-ын гишүүд кнопоороо эцэслэн шийддэг бусад парламентын засаглалтай оронд бараг байдаггүй энэ жишиг гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдад биш, УИХ-ын 76-д хуваагаад өгчихөж байгаа юм. Эндээс л сайдын суудлын төлөө зодоон эхэлдэг. Намаараа, фракц бүлгээрээ хуваагдаж, хэн хүчтэй нь олон сайдаа авах талцалруу ордог. Дээр нь эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд байдаг жишиг эвдэгдсэн нь УИХ дээр нэмэгдээд нам, намын гүйцэтгэх зөвлөлийг эрх мэдлийн зодоонд татан оруулаад ирж байна. Монголчууд угаасаа багаар ажиллах чадвар дутмаг. Үүн дээр нэмээд засаг байгуулах дүрэм журам нь ийм байгаа нөхцөлд дотоодын хямралаа эмхэлж чадахгүй. Шуудхан хэлэхэд бид засгийн газраа эмхэлж чадахгүй, байгаа Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн гэх эрх мэдэлгүй ийм л улс болчихлоо. Бусад улс нэг ерөнхий сайдтай байдаг бол манайх 76, бүр түүнээс ч олон толгойтой болчихоод хаашаа харах зүг чигээ мэдэхгүй болчих гээд байна. Төсөөлөөд үз дээ. Энэ ямар том аюул вэ? Төр гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох, хөгжих дэвшихийн баталгаа. Дотоодоосоо үүдэлтэй төрийн энэ хямрал үндэсний аюулгүй байдалд маш таагүй нөхцөл байдал үүсгэчихээд байна. Би хувьдаа энэ хямралыг Үндсэн хуулийн хямрал гэж нэрлэнэ. Одоо хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж энэ хямралыг хохирол багатайгаар даван туулах.

-Та 2016 оны сонгуулийн хугацааг нааш нь татах нь зөв боллоо гээд хэлчихлээ. Товчхондоо энэ УИХ-ыг хугацаанаасаа өмнө тар гэж хэлж байна гэж ойлгож байна. Нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна гэж байна. Тэгэхээр дараагийн УИХ үүнийг хийх ёстой гэсэн үг үү.

-Тийм ээ. Шулуухан хэлэхэд энэ УИХ хугацаанаасаа өмнө тарж, сонгуулиа эрт хийсэн нь дээр гэж байгаа юм. Өмнө хэлсэн шалтгаанууд байна. Дээр нь нэмж хэлэхэд ирэх онд бид АСЕМ-ийг Улаанбаатарт зохион байгуулна. Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн Монголд ирж чуулах гэж байгаа нь маш том үйл явдал. Монгол Улсаа НҮБ-д элсүүлж, дэлхийн тусгаар улс орнуудын дунд мөр зэрэгцэн суух гэж тэмцэж явсан ахмадууд маань ихэнх нь өнөөдөр бидний дунд байхгүй. Тэд энэ үйл явдлыг тухайн үед төсөөлж байсан бол ямар вэ. Бодоод үз дээ. Улс төр дипломатын аргаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлоготой Монгол Улсын хувьд энэ жирийн нэг олон улсын хурал биш юм шүү. Тиймээс бид АСЕМ-ийг ч тооцож эрт сонгуулиа хийх нь зөв гэж бодож байна. Сонгуулийг АСЕМ-ийн дараа гэж хойшлуулах саналыг зарим нэг хүн хэлдэг. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тооцож үзвэл энэ сайн хувилбар биш гэж би бодож байна. Үндсэн хуулийн тухайд хойшлуулах биш, энэ УИХ, энэ ондоо багтаагаад хийх нь чухал. Тэгж байж төрийн хямралыг эрт зогсоох алхам болно.

-Та энэ удаагийн УИХ давхар давхар барьцаанд байна, нөөц нь шавхагдаж байна гэж хэлсэн. Тийм бол энэ УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв үү?

-Ийм болгоомжлол хэлж байгаа хүмүүс бий. Гэхдээ улс төр тогтворжоосой, улс орон хямралаас хурдан салаасай гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх ёстой. Дараагийн УИХ хийг гээд орхих нь дэндүү хариуцлагагүй зүйл болно. УИХ дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад нэлээд ойлголцол, их ажил хийгдчихсэн байгаа. Үүнийг дутуу орхичихлоо гэхэд дараагийн УИХ-д одоогийн хямрал үргэлжилнэ, Үндсэн хуулийг өөрчлөх уур амьсгал өнөөдрийнх шиг буй болтлоо хэр цаг хугацаа алдахыг бид мэдэхгүй. Гэхдээ өөрийн чинь хэлж байгаа болгоомжлол хаана хаанаа байгаа учраас Үндсэн хуульд хэтөргөн хүрээтэй, маргаантай өөрчлөлт хийх хэрэггүй гэж бодож байна. Бидний гар утас, компьютер вирустэхэд форматлаад сэргээж болдог “фактори сетин” гэж суурь тохиргоо байдаг даа. Би хувьдаа бид улс төрийн тогтолцоо вирустчихээд байгаа өнөөдрийн нөхцөлд бид эрээвэр хураавар засвар хийх гэж бөөн маргаан, эрэл хайгуул болох биш, парламентын засаглалд нийтлэг байдаг бараг л “фактори сетин” шиг хэдэн тохиргоог л Үндсэн хуульдаа хийхэд олон асуудал засагдана гэж бодож байна. Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газраа байгуулдаг, УИХ бодлогыг нь баталж өгөөд хөндлөнгөөс нь хяналт тавьдаг тэр сонгодог тогтолцоог л бүрэн гүйцэд суулгаж өгье. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээ ойлгомжтой зааглая. Бид шинэ дугуй зохиох хэрэггүй. Япон, Герман, Англи шиг Ерөнхий сайд гэдэг нэг толгойтой, Засгийн газар гэж тодорхой хөгжлийн зүтгүүртэй болъё гэж байгаа юм.

-УИХ сайн дураараа хугацаанаасаа өмнө тарж байсан тохиолдол урьд өмнө манайд байгаагүй. Энэ удаа тийм зориг гарах болов уу, УИХ-ын гишүүдээс?

-Бид өөрсдийнхөө төлөө УИХ-д сууж байгаа биш шүү дээ. Нөхцөл байдал хүнд байхад эрх ямбаа дуустал эдэлнэ гэж олон түмнийг зовоох, улс орноо туйлдуулж, нийгмийг бухимдуулах шаардлага байхгүй.Нэг бүдэрвэл долоо бүдэрдэг гэдэгчлэн эхнээсээ бүдэрсээр яваад авилгыг өршөөх хууль гаргахдаа тулчихаад байгаа УИХ цаашид аль хэр их ажил бүтээх бол. Тиймээс УИХ-ын гишүүддээ хандан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Үндсэн хуулийн өөрчлөлт, Төрийн албаны хуулиа хэлэлцэж батлаад таръя гэж уриалмаар байгаа юм. Бид ийм шийдэмгий, тодорхой алхам хийх хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдлын өнцгөөс харж үзэхэд нөхцөл байдал улам хүндэрч байгааг хэлсэн. УИХ өөртөө итгэлгүй байна. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал маш таагүй байна.

-УИХ тарлаа гэж бодъё. Дараагийн УИХ бүрэлдлээ гэхэд урьд урьдынх шиг барьцаанд орохгүй, одоогийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байх гарцыг нь та бүхэн бүрдүүлэх ёстой байх. Ингэхийн тулд дээр хэлсэн хуулиудаас гадна Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх ёстой биш үү?

-Үндсэн хууль дээр нэмээд хэдэн зайлшгүй асуудал бий. УИХ мэдээж ирэх оны төсвөө батлах ёстой. Эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн эрүүгийн хууль, зөрчлийн хууль гээд цөөн чухал хууль байна. Дээр нь төрийн албаны хуулийг хэлэлцэж батлах нь улс төр, төрийн албаа эрүүлжүүлж, дараагийн УИХ, шинэ Засгийн газар ажлаа хийхэд тус дөхөм болно. Би эдгээр хуулийг зайлшгүй гэж бодож байна. Дээр нь Улс төрийн намын хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэж баталж чадвал сайн хэрэг. Гэвч өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ажихад энэ хоёр хууль дээр улс төрийн ойлголцолд хүрэхэд хүнд л байхболов уу.

-Тантай санал нэг байна. Төрийн албаны тогтворгүй байдал үнэхээр санаа зовоосон асуудал болсон. Тогтвортой байлгахын тулд ямар өөрчлөлт нэн түрүүн хэрэгтэй вэ?

-Манай Төрийн албаны тухай хуульд уг нь төрийн алба хаагч улс төрөөсангид байна, тогтвор суурьшилтай ажиллана гэсэн зарчим нь бий л дээ.Гэхдээ энэ хууль цоорхой ихтэй. Байгууллагын нэр солиод л бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон халж сольж болдог, огт төрд ажиллаж байгаагүй хүнийг гаднаас авч ирээд л дарга болгочихож болдог. Бусад орны төрийн албаны хуульд энэ бүхнийг нарийвчлан зохицуулсан байдаг. Төрийн алба хаагч хууль зөрчөөгүй л бол үзэмжээр халж сольж болохгүй, яамны газар хэлтсийн даргыг л гэхэд тухайн албандаа доод тал нь тэдэн жил ажилласан хүнийг шат ахиулж томилно гэдэг ч юмуу. Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат бус байх, төрийн албаа хамгаалах чадамжтай байх ёстой. Дээрээсээ сайдыг нь УИХ томилдог тогтолцоог Үндсэн хуулиар өөрчлөхөөс эхлээд доод шатандаа хүртэл төрийн алба улс төрчөөс биш, хуулиас хамааралтай тогтолцоог сайн бүрдүүж байж нөхцөл байдал сайжирна. Манайхан байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэж шүүмжилдэг. Зарим талаас тийм тал бий ч ихэнх нь яаж ч гуйвуулж тайлбарлаж болох, үзэмжээрээ хэрэглэж болох ерөнхий хуультай байгаад маш их учир бий.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛ


О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-08-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц