© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-02-24-НД НИЙТЛЭГДСЭН
"Хуульд уйгаржин бичигт шилжих биш, хэрэглээг нь нэмэгдүүлэх заалт орсон"
"Хуульд уйгаржин бичигт шилжих биш, хэрэглээг нь нэмэгдүүлэх заалт орсон"

Саяхан батлагдсан Монгол хэлний тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

-УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг бат­лаад удаагүй байна. Уйгаржин монгол бичигт шил­­­жих бүтэлгүй оролдлогууд, хэлбичгийн дү­рэмд өөрчлөлт орсон нэрээр сурах бичиг, уран зо­­хиолын номуудыг дахин хэвлэх яриа гарч бай­сан зэргээс үүдээд иргэдийн дунд энэ хуу­лийн та­лаар зөрүүтэй ойлголтууд яваад байх шиг. Тэ­гэхээр хууль батлах болсон шалтгаан, гол ач хол­богдлын талаар зөв ойлголт өгөхөөс ярилц­­ла­гаа эхэлье.

-Дэлхий дахин өдрөөс өдөрт даяарчлагдаж байгаа энэ үед зөвхөн Монгол гэлтгүй бусад орнууд ч энэ даяаршлын давалгаанд ихээр өртөж байна. Англи хэл хэрэглээнд ихээр нэвтэрч, үндэсний хэл соёлд нь нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас улс орнууд эх хэлээ хамгаалж үлдэх талаар маш их анхаарал тавьдаг болсон. 

Монгол Улс ч хүссэн хүсээгүй энэ давалгаанд өртөж байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид нэгэнт гарцаагүй болсон энэ давалгааг эсэргүүцэх биш, харин хууль батлах замаар үндэсний хэл, бичиг соёлын талаар баримтлах бодлогоо тогтвортой болгоод цаашид хамгаалж үлдэх замыг сонгосон.

Хууль батлагдсанаар бий болох хамгийн гол үр дүн гэвэл Монгол хэлний нэгдмэл байдал хадгалагдана, хэлний засаглал бий болох юм. Өнгөрсөн жилүүдэд манай улс Монгол хэл, Монгол бичгийн талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтгүй явж ирсэн. 

Хэн дуртай нь толь бичиг гаргадаг, эрдэмтэд нь эрвээхэй гэж бичих уу, эрвээхий гэж бичих үү гэх мэт дэмий асуудлаар маргалддаг, Монгол хэл, бичгийн дүрмийг хэн баталдаг, хэний хэлсэн дүрмийг Монгол Улсад дагаж мөрдөх юм бэ гэдэг нь тодорхойгүй замбараагүй байдал бий болсон. Хууль батлагдсанаар энэ байдал цэгцэрнэ. 

Дэлхийн улс орнууд энэ чиглэлээр судалгаа явуулдаг, нэр томьёоны орчуулга, хэлбичгийн дүрмийг нэг мөр болгож цэгцэлдэг эрх бүхий хүрээлэнтэй байдаг. Манай Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хэл зохиолын хүрээлэнд ийм эрхийг нь олгоогүй байсан юм. Хууль батлагдсанаар энэ эрх нь нээлттэй болж байгаа. 

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд “Үндэстний цөөнхийн хэл, Монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа Монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулах” үүрэгтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байгуулагдана.

ШУА-ийн дэргэдэх эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан зөв бичгийн дүрэм, толь бичиг, гадаад нэр томьёоны орчуулга, Монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёо зэргийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл батламжилдаг болох юм. 

Энэ батламжилсан дүрэм, нэр томьёог мөрдөөд ирэхээр Монгол Улс хэл, бичгийн нэгдмэл зохион байгуулалтад орно. Олон будилаан арилна, нэр томьёогоо нэг мөр ойлгодог, мэдлэгийн систем маань цэгцрэх боломж нээгдэнэ. Монгол Улс үндэсний хэл бичиг, соёлоо дэлхийн улс орнууд яаж хамгаалдаг юм бэ, яг тэр жишгээр хамгаалж байгаа гэж ойлгож болно. 

-Бид өмнө нь Монгол бичигт шилжих гэж үзээд чадаагүй. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч байсан. Тиймээс иргэд энэ удаагийн хуульд ч “Удахгүй өөрчлөгдчих юм биш биз” гэсэн байдлаар итгэл муутай хандаж байх шиг. Хуулийг тогтвортой мөрдүүлэхийн тулд “Гишүүдийн 2/3-ын саналаар өөрчилнө, хүчингүй болгоно” гэсэн дархлаа суулгаж өгдөг шүү дээ. Жишээлбэл, уул уурхайн салбарын зарим хууль тогтоомж байна. Монгол хэлний тухай хуульд ийм хамгаалалт, өөрөөр хэлбэл цаашид тогтвортой хэрэгжинэ гэсэн баталгаа бий юу? 

-Монгол хэлний тухай хууль ердийн журмаар батлагдсан. Гэхдээ энэ бол эдийн засгийн эрх ашиг, эдийн засгийн өрсөлдөөнтэй холбоотой хууль биш, үндэсний хэл соёлоо авч үлдэх, хамгаалах зорилготой хууль учраас цаашдаа өөрчлөгдөнө, хүчингүй болно гэж бодохгүй байна.

Монгол бичгийн тухайд хэлэхэд, 2025 оноос эхлээд хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтууд орсон байгаа. Шилжих биш юм шүү. Үүнийг зөв ойлгоосой. 

Монгол бичгийн тухайд хэлэхэд, 2025 оноос эхлээд хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтууд орсон байгаа.

Монголчуудын хүн төрөлхтөний соёлд оруулсан том хувь нэмэр гэж ЮНЕСКО-гоос хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний бичгээ Монгол хүн бүр мэддэг байх ёстой, хойч үедээ өвлүүлэх зүй ёсны шаардлагатай гэж үзсэн учраас хуульд хэрэглээг нь нэмэгдүүлэх заалт тусгаж өгсөн.

Уйгаржин Монгол бичгийн төлөө санаа тавьдаг, хамгаалдаг хүмүүс харин таны асуудаг шиг “дараагийн парламент гарч ирээд өөрчилчихвөл яах юм бэ” гэж санаа зовж байсан. 

Гэхдээ энэ бол Монгол хүн бүртэй холбоотой, Монголыг тусгаар нэгэн үндэстэн гэдгийг харуулж байгаа гол зүйл болох үндэсний хэл, бичгээ хамгаалах  тухай хууль учраас өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

Гадныхан “Монголчууд түүхээрээ бахархдаг ард түмэн ч 70 жилийн өмнөх түүхээ уншиж чадахгүй байна” гэж ярьдаг. Үнэхээр ч 100 хүрэхгүй жилийн өмнөх түүхээ бид уншиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс 1000 жилийн түүхээ бичсэн уйгаржин бичгээ мэддэг байх нь чухал гэж үзсэн. 

Үүний тулд 10 жилийн турш хүндрэл үүсгэхгүйгээр зааж сургаад 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэхдээ зөвхөн төрийн хэрэгт Монгол бичгийг давхар хэрэглэдэг болох талаар заасан байгаа. Хувь хүнд ямар ч хүндрэлгүй.

Кирилл бичиг мэддэг бол кириллээрээ, Монгол бичиг мэддэг бол Монгол бичгээрээ мэдээлэл аваад явж болно гэсэн үг. Хуульд Монгол бичгийг хүүхэд бага ангидаа кирилл бичигт сайтар суралцсаны дараа зургадугаар ангиас эхлэн төгстөл нь заахаар хуульчилсан.    

-Өмнө нь хэлний чиглэлийн нэр бүхий эрдэмтэд кирилл бичгийн цагаан толгойн /ъ, ь щ, й/ дөрвөн үсгийг байхгүй болгоно, эгшиг гээхээ болино гэсэн асуудал гаргаж тавьж байсан. Хэрвээ тэр ёсоор болсон бол бүх ном, зохиол, сурах бичгийг дахин хэвлэж асар их зардал гарах байсныг олон хүн хэлдэг. Тэгвэл хуулийн дагуу эрхээ авсан ШУА-ийн дэргэдэх байгууллага янз бүрийн шийдвэр гаргаж, баахан ном сурах бичиг шинээр хэвлэх болох юм биш биз?

-Ер нь бол цаашдаа дүрэм болон нэр томьёоны өөрчлөлт нь шинээр хэвлэгдэх сурах бичиг, ном зохиолуудад л тусгалаа олоод явна уу гэхээс шууд нэгэнт хэвлэгдчихсэн сурах бичгийг хураагаад шинээр хэвлэх гэсэн асуудал байхгүй. 

-Буруу бичвэл өндөр торгууль төлөх заалт орсон гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?

-Иргэд хуулиа сайн уншиж ойлгоогүйгээс ийм ташаарал гарч байна. Монгол хэлний тухай хууль бусад хуулийг бодвол хариуцлага харин ч багатай. Нэгэнт хууль баталсан юм чинь хариуцлагын тогтолцоо байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдэд хамааралтай.

Жишээлбэл, хаягжуулалтын асуудал дээр “Албан байгууллагын хаяг Монгол хэлээр байна” гэж заасан. 

Монгол хэлний тухай хууль бусад хуулийг бодвол хариуцлага харин ч багатай. 

Үүнийг зөрчиж болохгүй. Заавал Монгол хэлээр байна, хүсвэл гадаад хэлээр давхар хаягжуулж болно гэсэн санаа. Зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно.

Хөдөөний хүн хүртэл хотод орж ирээд хотын дүрэм журмыг биелүүлэх ёстой болдог байтал Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадныхан хаягаа дураараа тавьдаг. Энэ байдлыг Монгол хэлний тухай хууль цэгцэлнэ. Монгол хэлээр хаяг тавьчихсан байхад торгож шийтгэхгүй нь ойлгомжтой. 

-Гадаад хэлийг хүүхдэд бага наснаас нь зааж болохгүй болсон гэсэн ташаа ойлголт яваад байх шиг. Үүнд тайлбар өгөөч? 

-Гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан. Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд Монгол хэл, уран зохиол, Монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Эдгээр сургуулиудад гадаад хэлийг бэлтгэл ангиас нь эхлээд заах боломжтой. Гагцхүү Монгол хэлийг заавал заа гэж байгаа юм. 

Гадаад хэлний сургалттай зарим сургуулиуд Монгол хэл бичгийн хичээлийг заахгүй орхидог явдал байгаа учраас ийм заалт оруулсан.  Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг. 

Энэ жишгээр хуульд тусгасан. Эцэст нь, Монгол хэл, үндэсний бичиг соёлоо хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь Монгол хүн бүрийн журамт үүрэг.

Тиймээс хуулиа сайн уншиж, зөв мэдээлэл авсан нь дутуу дулимаг мэдээлэлтэй байгаа нэгэндээ хэлж, тайлбарлаж нэг ойлголттой болж аваарай гэж нийт Монголчууддаа хэлье дээ.


Эх сурвалж IKON.mn

/ 2015-02-24
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц