© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-11-26-НД НИЙТЛЭГДСЭН
Х.Хишигбаатар:Би байгаа газраа цэцэглэж амьдрахыг хүсдэг
Х.Хишигбаатар:Би байгаа газраа цэцэглэж амьдрахыг хүсдэг
Бид энэ дугаараасаа "Уулзах цаг" буланг нээж байна. Анхны зочноор Номинмакс ХХК, NВТV-ийн захирал Х.Хишигбаатарыг урьж оролцууллаа. Түүнтэй олон сэдвээр нээлттэй, илэн далангүй ярилцлаа.

-Хишигбаатар гэж хэн бэ?

-За. Би хүслээрээ амьдарч, мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж байгаа, өөрийгөө чирж биш бусдыг чирж амьдарч, нийтийн төлөө хүчээ өгье гэсэн эрмэлзлэлтэй жирийн л нэг залуу. Би энэ хотоос явах дургуй. Эрдэнэт хотдоо өссөний хувьд өндөр хөгжилтэй, сайхан хот болгохыг хүсдэг. Энэ бодлоо ч бусадтай хуваалцдаг. Хэн нэгэн даргыг дагаж амьдрах дургүй. Хэн нэг хүнд захирагдаж амьдрах бас дургүй. Өөрийнхөө хүслээр бусдад сайн сайхныг түгээхийг хүсдэг. Хүн болж төрөөд дурсагдах зүйлгүй өнгөрнө гэдэг гутамшиг. Би байгаа газраа цэцэглэж амьдрахыг хүсдэг. Бидний алхсан мөр, гишгэсэн газар бүхэнд гоёмсог цэцэг ургах ёстой. Хүний хийж байгаа зүйл өөрт болон бусдад таалагдах хэрэгтэй. Хэн нэгэн хүнд сургамж, шинэ санаа, урам зориг өгч байгаасай гэсэн бодол надад байдаг. Би Улаанбаатарт төрсөн.

1978 онд Эрдэнэтэд ирээд түүнээс хойш энд ажиллаж амьдарч, энэ хотын гудамжинд тоглож өссөний хувьд бусдаас өөр, илүү зүйл хийх юмсан гэж хүсдэг. Надад Булган аймгийн нэг хүн тэгж байсан. “Манай Булган аймаг бол 80, 90 жилийн түүхтэй. Бид энд төрж, өссөн. Манай аав ээж ч энд өсөж төрсөн. Тиймээс бид энэ аймгаа хөгжүүлэхийн төлөө л явна. Гэтэл танай Эрдэнэтэд юу байгаа юм бэ? Дандаа л чемоданаа бариад ирсэн нөхдүүд байгаа шүү дээ. Энэ нөхдүүд идэж уучихаад л явахаа бодож байгаа. Ийм болохоор танай Эрдэнэт хөгжихөд хэцүү шүү дээ” гэж байсан. Нээрээ ч бодох л зүйл. Тиймээс бид Эрдэнэт хотынхоо төлөө, энэ хотод ажиллаж амьдарч байгаа залуус бид өөрийнхөө чадах зүйлээр хөгжүүлмээр санагддаг. Ямар нэгэн улс төр, дарга цэргийн харъяалалд байхгүй өөрийнхөөрөө бизнес хийгээд явж байгаа залуус олон бий. Тэднийгээ ч энэ дашрамд уриалмаар байна.
"Нам гэдэг нам эвсэж сэм хуйвалдана гэсэн үг"

-Та намын гишүүн үү?

-Би намын гишүүн биш.

-Намд элсэх үү?

-Үгүй элсэхгүй. Хэзээ ч элсэхгүй. Нам гэдэг чинь нам эвсэж, сэм хуйвалдана гэсэн үг биз дээ. Гишүүнчлэл гэдэг зүйл байхаасаа илүүтэйгээр бодлого үйл хэрэг зөв байвал дэмжих л хэрэгтэй. Буруу байвал шүүмжлэх хэрэгтэй. Намын бодлогыг дэмжсэнээр тэр намын гишүүн болчихгүй шүү дээ. Сонгуульд санал өгөхдөө бид дараагийн 4 жилд энэ нь сайн ажиллах байх гэдэг итгэл үнэмшлээрээ л өгдөг. Намын харъялалаараа сонголтоо хийх нь надад таалагддаггүй.

-Ер нь хүмүүс хэт намчирхаад байна уу?

-Намчирхах гэхээсээ илүүтэйгээр улс орноо хөгжүүлье гэж байгаа нь хэд байна. Нам дагаад идэш, хоолтойгоо залгая гэж байгаа нь хэд байна. Жингийн туухай дээр тавиад үзвэл муу тал нь л дийлнэ дээ. Саяхан би яруу найрагч Ц.Хулангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзээд Улс төрд манлайлагч төсөл”-ийн тухай ярихад түүнтэй санал нийлж байсан. “Юугаа ч мэдэхгүй. Хоосон ярьсан нөхдүүд улс төрд ороод юу хийх билээ. Тухайлбал, Нэг агентлагийн дарга байлаа гэхэд аж ахуйн ажил хийгээд үзчихсэн, хүмүүстэй ажиллаад үзсэн байх хэрэгтэй. Ядаж л амьдралын наад захын зүйл мэдэхээр болчихоод төрийн ажлыг авч явна уу гэхээс юугаа ч мэдэхгүй, хоосон цэцэрхсэн хүн хийнэ гэж байхгүй. Нам дагаж дарга болсон амьдрал мэдэхгүй нөхдүүд төр барьж, бодлого зангидах гээд байгаад нь харамсмаар байна. Үүнд хэвлэл мэдээллийн бидний ташуур хэрэгтэй. Бид сөрөг хүчнийхээ байр суурийг хамгаалж зөв сөрөг хүчин болж чадахгүй байна. Зөв сөрөг хүчин байхгүй байгаагаас л хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд унаж байна. Сэтгүүлч, уран бүтээлч хүн “шатаж” явах ёстой

-Та хэвлэл мэдээллийн тогоонд нэлээд хэдэн жил болсны хувьд энэ салбарт босго хэрэгтэй юу? Ямар гольдролоор явбал зөв, эрүүл сэтгүүл зүй хөгжих боломжтой вэ? Мэргэжлийн, мэргэжлийн бус хоёрын ялгааг олон жил боловсон хүчнээ бүрдүүлэх явцдаа бас харсан л байх даа?

-Хэвлэл мэдээлэлд босго хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл гэдэг бол ТҮЦ биш. Барааны лангуу биш. Харилцаа холбооны зохицуулах хорооны зарим нөхдүүд “Тэр телевиз бараг үйл ажиллагаагаа явуулдаггүй, зогсонги байна. Гэхдээ хаачихвал тэнд ажиллаж байгаа хэдэн хүний амьдрал хэцүүднэ” гэж байна. Уучлаарай. Тэр хүний амьдрал хохирох хохирохгүй энд хамаагүй. Хэвлэл мэдээллийн салбар өндөр хариуцлагатай байх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллага цаанаа бүхэл бүтэн нийгмийн, ард иргэдийн тархи, толгойг угааж байгаа учраас маш өндөр хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, бодлогоор хийгдэж байгаа нэвтрүүлгүүд болон бусад бүх зүйлүүд нь мэргэжлийн байх ёстой. Эрдэнэтийн 11 телевизийг бодлогоор босго тавьж цөөлж чанартайг нь үлдээх хэрэгтэй. Зүгээр нэг айлын гал тогоо шиг өрөөнд үйл ажиллагаа явуулаад байж болохгүй. Харилцаа холбооны зохицуулах хороонд заасан стандарт бий шүү дээ. Энэ стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа телевиз цөөхөн шүү. Мөн сэтгүүлчийн ёс зүйн талаар энд ярих хэрэгтэй. Шантаажны сэтгүүлч нар олширч байна. Цөөн хэдэн нөхдөөс болж хэвлэл мэдээллийг бүхлээр нь тэр өнцгөөс нь харж болохгүй. Би нэг удаа хүнтэй маргалдсан чинь “Чи муу бууны нохой” гэсэн. Яагаад чи намайг тэгж хэлж байгаа юм бэ гэхэд “Танай хэвлэл мэдээллийнхэн чинь бүгд бууны нохой шүү дээ” гэсэн. Гэхдээ бууны нохой нь байна. Бууны нохой биш нь ч байна. Ерөөсөө л нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Сүүлд шинээр орж ирсэн залуучуудын ёс зүй, энд тэнд биеэ авч яваа байдал их замбараагүй болоод байна. Энэ тал дээр ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй болсон.

Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн ерөнхий төрхийг харахад их том фронт мөртлөө хөгжихгүй байна. Бичиж байгаа зүйл нь хүртэл нийтлэг, шинэлэг санаа хомс байна. Би өөрөө найруулагч мэргэжилтэй хүн. Сэтгүүлчийг хөдөлгөдөг хүн учраас шахах юм. Гэтэл шахаад, шахаад гоё зүйл гарахгүй байна шүү дээ. Одоогийн залуусын нэг хэцүү юм нь тэр. Их дээд сургуулийн диплом өвөртлөөд ирсэн ч сурсан зүйл байхгүй. Сэтгүүлч хүн, хэвлэл мэдээллийн уран бүтээлч хүн шатаж явах ёстой. Гэтэл одоогийн залуус хэзээ ажлын цаг дуусах вэ, хэзээ цалингаа авах вэ, ерөөсөө л боддог зүйл нь л тэр. Уран бүтээлч хүний шөнөжингөө суучихаад гэртээ харих зам, маргааш нь хийсэн бүтээлээ үзэх мөч ямар их аз жаргалтай байдаг гээч.

Би шууд “Номин” телевизийн захирал байгаагүй. Монголын үндэсний телевизэд ажиллаж монтаж хийгээд хонодог байлаа. Тухайн үед уран сайхны зөвлөлөөр үзэж байж нэвтрүүлгээ цацах эрх авдаг байсан. Одоогийн залуусаас би ийм зүйлийг мэдрээч, шатаж байж, хүсэж байж тэмүүлж байж уран бүтээлээ хийгээч гэж хүсдэг. Яг үнэндээ хэлэхэд Эрдэнэтийн сэтгүүл зүйд шүүмжлэлтэй ханддаг, бас жаахан сэтгэл дундуур байдаг. Хэлэх зохицуулах, янзлах зүйлүүд зөндөө байна. Өнөөдрийн өнгө төрхийг хэдэн ахмадууд л авч явна. Тэдний бүтээсэн суурин дээр нэмж хөгжсөн ч зүйлгүй бид тарвалзаж байна. Хурал цуглаан болдог. Хэдэн хөгшчүүл л үгээ хэлж байна. Залуучууд нь алга. Залуучууд аа идэвхтэй бай л даа. Сэтгүүлчид нь өөрсдөө ийм байгаа юм чинь нийгэм нь ямар байх нь ойлгомжтой. Шууд муулж байгаа юм биш. Бид хаана хаанаа бодох л хэрэгтэй. Улс орон ч чадалтайгаа сонгоод сонголт нь буруу бол огцруулж байна шүү дээ. Бид ч гэсэн жаахан хариуцлагатай байж, хөгжлийн зөв голидоролдоо орох хэрэгтэй.

-Сэтгүүлчдийг нэгдмэл, бас эрч хүчтэй, сэтгэлтэй болгохын тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ? Та дээр янзлах зүйл зөндөө байна гэлээ шүү дээ. Тэгвэл хоёулаа наад захын зүйл яръя л даа.

-Хамгийн түрүүнд Эрдэнэтийн залуу сэтгүүлчид өөрсдөө уулзаад бид хөгжихөд ийм зүйл хэрэгтэй гэсэн дүрэм журмаа гаргаад, бусдыгаа уриалаад, саналуудаа нэгтгээд ажил хэрэг болгохын төлөө зүтгэх хэрэгтэй. 11 дүгээр сарын 28-нд хэвлэлийн консул буюу хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын хурлыг хийж Монголын хэвлэл мэдээллийн ёс зүй хуулийн зохицуулалттай болох гэж байна. Энэ нь ажил хэрэг болоод хуульчлагдаад ирвэл арай өөр болох байх гэж бодоод байна. Энэ ажиллахгүй байгаа олон холбоод болих хэрэгтэй. Нэг арга хэмжээн дээр ирээд л тууз хайчилдаг, хурал цуглаан дээр ирээд ёс төдий суучихдаг, ажил хийх болохоороо, эрх ашиг хамгаалах болохоороо чимээгүй болчихдог холбоод, төрийн бус байгууллагуудыг болиулах хэрэгтэй.

-Та энэ салбарыг удирдмаар байгаа юм уу?

-Үгүй. Би энэ асуудалд үнэндээ оролцмооргүй байна. Би мэргэжлийн хүн биш. Найруулагч хүн. Би ямар нэг албан тушаал дээр очих гэхээсээ илүү зөвлөх хэлбэрээр туслаад явмаар байна.

-Тэргүүнээр сонгоё гэвэл болохгүй гэж үү?

-Болохгүй. Ганц хүн тодорхой нэг албан тушаал дээр заавал суугаад асуудлыг өөрчилнө гэвэл үгүй шүү дээ. Бүгдээрээ өөрчлөгдөх, хөгжих хэрэгтэй. Жаахан шүүмжлээд өөр өнцгөөс ярьсан хүнийг дарга болох гээд байна гэдэг элдэв явган яриа, хов живээ болимоор байна. Залуу хүн сонгоод хамтран ажиллавал харин болж байна. Тэр хүн нь ажлаа хийж чадахгүй бол харин өөрчилчих чадамжтай байх хэрэгтэй. Тэргүүний ажил ямар ч цалингүй цаг наргүй, өрөө, суудалгүй ажил шүү дээ. Сайн дурынх. Сэтгүүлчдийн эвлэл чинь би, бид, сэтгүүлчид өөрсдөө шүү дээ.

-Залуучууд нэгдэх ёстой гэж дахин дахин хэлээд байгаагийн учир? Хэвлэл мэдээлэлд олон үеийн төлөөлөл байгаа шүү дээ?

-Эрдэнэтийн анхны хэвлэлийн түүхийг бичилцсэн хүмүүсийн дараах үе нь чи, Атарбаяр, Оюун-Эрдэнэ гээд л хэвлэл мэдээлэлд 5-10 жил ажилласан та нарын үеийнхэн байна шүү дээ. Одоо та нарын үеийнхэн нэгдэх, хийх бүтээх цаг нь ирсэн. Түүнээс хойш төгссөн нөхдүүд одоо юугаа ч мэдэхгүй, хаана яваагаа ч мэдэхгүй байна.

-Номин телевизийг Ардчилсан намын телевиз гэдэг?

-Монгол улсын иргэн би өнөөдөр үгээ хэлэх эрхгүй байна. Би ганц зүйлийг бардам хэлнэ. Би аль ч намын гишүүн биш. Би аль нэг бүлгийн эрхшээлд орохгүй. Хүмүүс Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжавыг манай телевизийн хувь эзэмшигч гээд бодлогод нөлөөлдөг гэдэг. И.Баасанжав 20 хувийг, би 80 хувийг эзэмшдэг. Би ихэнх хувийг нь эзэмшиж байгаагийн хувьд бодлогоо барьдаг. Хаана ч хэлнэ. И.Баасанжав улс төрд орсноос хойш Баян-Өндөр сумаас ямарваа нэгэн ажил, тендер аваагүй.

"Миний идэх хоолноос хугаслаж Эрдэнэтийн соёл урлаг хөл дээрээ боссон"

-За хоёулаа Хэвлэл мэдээллийн салбараасаа жаахан хазайгаад Соёл урлагийн салбар руу оръё. Та нэг хэсэг “Эрдэнэт соёл урлаг” төрийн бус байгууллага байгуулаад соёл урлагийн салбарынханыг нэгтгэх гэж нэлээд үзсэн. Төрийн бус байгууллагаар тань сонин сайхан?

-Би кино телевизийн найруулагч мэргэжилтэй. 1990-ээд онд 3,4 кино хийгээд түүнээс хойш жаахан киноноос хөндийрчихсөн байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Хүүхэлдэйн театрт миний хүүхэд нас өнгөрсөн. Эндээс л би гэр бүлтэй болж, ажил амьдралаа эхэлсэн. Энэ бүхнийг бүтээн байгуулаад өнөөдрийн түшинд хүргэхэд миний аав залуу халуун насаа, хүч хөрөнгөө зориулсан. Яг үнэндээ миний идэх хоолыг хагаслаад, энэ соёл урлагийн бүтээн байгуулалт руу хийсэн шүү дээ. Бид түүхээ мартаж болохгүй. Надад тэр үеийн бичлэг нь байгаа. Одоогийн хүүхэлдэйн театр тэр үеийн драмын театр 1992 оны 12 дугаар сард шатсан. Мэргэжлийн хяналтын нураах, аль эсвэл агуулах хэлбэрээр ашиглах гэсэн дүгнэлт гарсан.Даацын карказ төмөр нь шаталтаас болж халаад уярсан байсан. Ингээд Драмын театр байргүй болж, Уурхайчин соёлын ордны бага зааланд үйл ажиллагаа явуулж байсан Хүүхэлдэйн театртай нэгтгэсэн.

Ингээд 3 сарын 8-нд Драмын театрыг бага зааландаа үлдээж бид шатсан барилгыг засварлахаар шийдэж, 3 дугаар сарын 18-нд нүүж байлаа. 3 дугаар сараас 6 дугаар сарын 1-нийг хүртэл өдөр шөнөгүй ажиллаж коридор болон гаднах засвараа хийж дуусгаад, гадаа талбайдаа хүүхдэд зориулсан баярын тоглолт хийж байлаа. Энэ засварт аймгаас нэг ч төгрөг аваагүй ш дээ. Ц.Хүрэлбаатар гэдэг хүн өөрийнхөө халааснаас илүүчилж, танил талаасаа гуйж байж энэ театрыг босгосон. Ерөөсөө л үнэн нь энэ. Тэгээд 9 дүгээр сарын нэгэн гэхэд барилгыг бүтэн засч дуусаад бүрэн бүрэлдэхүүнээрээ нээлтээ хийж байсан. Энэ засварт би оролцсон. Одоо төрийн өмч болгочихсон болохоос биш тухайн үед яг л ингэж босч байсан. “Уурхайчин” соёлын ордны бага зааланд олон удаагийн концертууд тоглож байсан.

Тухайн үед CUMO хамтлагт байсан Уранчимэг, Дамдин, Мягмар, Жагаа гээд түүх болсон хүмүүстэй би хамт л өссөн шүү дээ. Тэгэхээр би Эрдэнэтийн соёл урлагаас хөндий хүн биш. Тиймээс өнөөдөр энэ бүх зүйлийг хөндлөнгөөс хараад бачимдаад байгаа юм. Соёл урлагийн хөгжлийг би уран бүтээлчдийн хийж байгаа уран бүтээлээр нь харахгүй байна. Аливаа урлаг соёлын байгууллага гэрэл гэгээгээ гадагшаа түгээх ёстой шүү дээ. Түүнээс байшин дотроо эргэлдээд байж болохгүй. Үүнийгээ хөгжүүлээч гэж хүсээд байгаа юм. Урлагийн байгууллага нь өөрөө сайн дурын уран сайханчдын дасгалжуулагч болчихсон. Үүүнд “Эрдэнэт” үйлдвэрт буруу байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад нь санаа зовох зүйлгүй урам зоригтой ажлаа хийж, үйлдвэр өөрөө үр ашигтай ажиллаж л байвал тэдний хувьд боллоо шүү дээ. Тэрнээс Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хөгжил яг үнэнийг хэлэхэд хамаагүй ш дээ. Эрдэнэтийн соёл урлагийн хувь заяа тэдэнд хамаагүй. Үүнийг аймаг бодлогоор авч явах ёстой. Зах зээлийн хуулиар Хүүхэлдэйн театр ч юм уу Эрдэнэт дуу бүжгийн чуулгыг бидэн шиг аж ахуйн тооцоонд оруулбал “будаа” болно.

Яагаад гэвэл уран бүтээлчдийнх нь үнэлэмж байхгүй болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн нэг цехийн дарга нь манай хүүхдийн үсний найран дээр дуулаадах гээд дуулуулж байна шүү дээ. Тэр хүн ажлаа хийж байна. Тэгсээр байгаад шинэ жил, нэг арга хэмжээн дээр нөгөө Эрдэнэтийн хэдээ дуулуулах гэхээр “Зөндөө дуулж л байдаг ш дээ. Яах юм бэ” гэдэг. Ямар ч үнэлэмжгүй болгочихсон. Үнэлэмжтэй болгохын тулд зохион байгуулалт, зөв маркетинг хийх хэрэгтэй. Би саяхан Хүүхэлдэйн театрын шинээр хийсэн нэг хүүхдийн жүжгийг үзсэн. Тэгсэн тэр нь 1980-аад онд тавигдаж байсан жүжиг. Уучлаарай. Одоогийн хүүхдүүдийн сэтгэлгээ өөр. Бид зах зээлээ мэдэрч уран бүтээлээ хийж ёстой. Цаг зав, мөнгө гарздаж уран бүтээл хийдэг. Түүнийг нь хүмүүс үзэхгүй бол ямар хэрэг байсан юм бэ.

Тухайлбал, “Сайн байцгаана уу хүүхдүүд ээ” гээд нэг үнэг гүйдэг үе өнгөрсөн ш дээ. Одоогийн хүүхдүүд Мэлхий нинжа, Наруто арай өөр юм үзэж байна. Энэ мэт цаг үетэйгээ зохицсон зүйлийг хиймээр байна. Репер gee Улаанбаатарт заал дүүрэн үзэгчтэй “бут” авч байна шүү дээ. Цагаа олсон менежмент хамгийн чухал. Ямарваа нэгэн мөнгө төгрөг гэхээсээ илүү зөвхөн бодлого хэрэгтэй. Уран бүтээл хийх гэж байгаа бол дэлхийн түвшинд дуугарах өөрийн гэсэн өнгө аястай бүтээл туурвих хэрэгтэй. Ийм бүтээлүүд байхгүй гэх нь хаашаа юм гэхдээ цөөхөн байна. Хүүхэлдэйн урлаг ч мөн хөгжих ёстой. Сүүлд хийгдсэн хүүхэлдэйнүүдийг нь харсан. Манай аав барималчин, надад жаахан ч гэсэн зураачийн ур дүй байна. Гэтэл улам л цэцэрлэгийн хүүхдийнх шиг болоод байх юм. Би үүнд үнэхээр харамсаж байна. Би ямар нэгэн албан тушаал горилоод байгаа даа энэ бүхнийг яриад байгаа юм биш шүү. Хөгжилд санаа зовсондоо л энэ бүхнийг ярьж байна.

Телевизийн урлагт арай өөр “салхи” оруулах хэрэгтэй


-Таныг урлаг, соёлын хоёр том байгууллагыг өмчилж авах гэж санаархаад энэ бүхнийг яриад байна гэж хүмүүс бодоод байна. Та аль нэг газрын дарга болох санаатай байгаа юм биш үү?

-Үгүй ээ. Өмчилж авах гээд байгаа юм биш. Яагаад би үүний төлөө дуугарч болдоггүй юм. Яагаад би үгээ хэлж болдоггүй юм. Би Хүүхэлдэйн театрын дарга Д.Бэхбилэгт “Чи ааваас нь авч байсан бол хүүд нь өгчих” гэж хэлсэн. Үнэн. Би ямар мундаг сайн байгууллагад очоод эзэн суугаад, гэдсээ илээд хэвтэе гэсэн биш. Наадах чинь болохоо больчихсон учраас шинэчлэе, янзалъя гэж зүтгэсэн юм. Тэрнээс соёл урлагийг өмчлөнө гэж байхгүй ш дээ.

-Хувьдаа шилжүүлээд авах гээд байгаа юм биш үү?

-Яахын би хувийн өмч болгож.

-Кино театр болгох гээд байна гэж хүмүүс яриад байна?

-Удахгүй Өргөө кино театр энд орж ирнэ. Би жишээлбэл, Хүүхэлдэйн театрыг кино театр болгочихоод гаргах кинонуудаа хаанаас авах юм. Аймаг кино театр байгуулаад сайн менежменттэй л биш бол явахгүй. Өргөө, Тэнгис кино театрууд дэлхийн кинонуудыг албан ёсны эрхтэйгээр авч байгаа. Улаанбаатарт нээсэн киногоо Эрдэнэтэд зэрэг гаргаад явах боломж тэдэнд бий. Гэтэл Эрдэнэтэд албан ёсны эрхтэйгээр худалдаж аваад гаргаад ашгаа нөхөх боломж байхгүй. Зах зээлээ харах хэрэгтэй. Мөн телевизийн урлагт арай өөр “салхи” оруулах хэрэгтэй. Би энэ чигээрээ ингээд л яваад байх юм бол Хишгээгээс юм гарахгүй. Би зэврэхгүйн тулд өөрийгөө хөгжүүлэх, өөр салбар уруу хүч сорих, өөр зүйл хиймээр байна.

-Одоо юу дутагдаж байна?

-Шүүмжлэгчид дутагдаж байна. Хэвлэл мэдээлэл ч бай, соёл урлаг ч бай шүүмжлэгчид байхгүй. Урлаг судлаач, шүүмж бичигчид алга. Сонин дээр шүүмж бичдэг хүн алга. Урлаг судлаач гэсэн мэргэжлээр төгссөн хүмүүс байгаа ч мэргэжлээрээ ажиллахгүй байна. Шүүмжлэнгүүт л шууд л “За энэ дарга болох гээд байна” гэсэн байдлаар хардаг. Юм л бол албан тушаалын өнцгөөс хараад байж болохгүй. Би хөгжүүлье л гэж байгаа болохоос биш ямар нэгэн төрийн албанд очоод даргын сэнтийд залрах ямар шаардлага байна. Өнөөдөр Номин телевиз нэг их айхтар том телевиз биш ч гэсэн би өөрийнхөө хүслээр хүмүүст мэдээлэл өгөөд, сайн сайхан зүйлүүд хийгээд явж л байна. Бид хэн нэгнээс гуйхгүйгээр амьдраад л байна. Ямар сандал ширээ байхгүйн зовлон байх биш. Чи надаас Хишигбаатар гэж хэн бэ гэж асуусан даа. Үүн дээр нэмээд хэлэхэд би дарга цэргийн хараанд байх дургүй. Ямарваа нэг дарга цэргэд долигонож, түүнд таалагдах гэж амьдраагүй. Ямар ч хүний өмнөөс өөрийнхөө үзэл бодолд үнэнч зоригтой хэлж, зогсож чадах ийм л хүн. Дараа нь энэ намайг ингэчих вий гээд гэж хэнээс ч айхгүй. Энэ л миний үнэт зүйл. Жишээлбэл, би нам дагаж нэг албан тушаал дээр очоод түүнтэйгээ үхэн хатан зууралдаад яваагүй ш дээ. Номин телевизийг би ганцхан комьпютертой байхаас нь эхлээд өдий болтол өсгөж, хөгжүүлсэн. Өөрийнхөө, хамт олныхоо тус дэмээр л байгуулсан. Би хүний байгуулсан зүйл дээр очоогүй. Ямар нэгэн асуудал ярьсан ч хэн нэгэн хүний бүтээсэн зүйлд очих гээгүй ш дээ. Би яагаад шүүмжилж болдоггүй юм. Би өөрийнхөө байгуулсан Хүүхэлдэйн театрыг, Энэрэл төвийг шүүмжилж байна ш дээ. Яагаад болддоггүй юм. Түүх гэрчилнэ ш дээ. Би байгуулаагүй гэвэл миний аав байгуулсан.

-Энэрэл төвийн талаар…

-Нэг л биш гэж хэлнэ. Саяхан Болдсайхан даргаар нь томилогдсон. Энэрэл төвд захирал хэрэггүй. Аав хэрэгтэй. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үг бий дээ. Түүнийг би захирлаар томилогдоход нь хэлж байсан. Энэ хүүхдүүдийг бордооны гахайнууд болгож болохгүй. Хүүхдүүд сурч, хүмүүжиж эх орны сайн иргэд болж төлөвших ёстой. Зүгээр хүүхдүүдэд дааруулахгүй хувцсыг нь өмсгөөд л гэдэс цатгасан хоолыг нь идүүлээд унтуулаад хэвтүүлээд байвал энэ нь ямар юмнынх нь асрамжийн төв байдаг юм бэ. Асрамжийн төв гэдгийг хүмүүс зүгээр нь энд тэндэхийн тэнэмэл хүүхдүүдийг цуглуулсан газар гэж хараад байна. Үгүй. Тэнд халуун дулаан уур амьсгал, гэр бүл хэрэгтэй. Одоо би тэнд гэр бүл байхгүй гэж харж байгаа.

-Өмнө нь…?

-Өмнө нь гэр бүл байсан. Түүнийг би хаана ч хэлнэ. Тэнд Ц.Хүрэлбаатар, С.Цэвэлмаа гэдэг хүний хүмүүжил байсан. Ээж нь болохгүй хүүхдээ загнадаг, зэмлэдэг. Аав болохгүй хүүхдүүддээ алган боов үзүүлдэг. Хүүхдүүдийг ажил хөдөлмөрт сургадаг. Түүнийхээ үр шимийг өвөлд нь идэж өсч хүмүүждэг байсан. Одоо тэгээд ямар ч тийм зүйл байхгүй. Гар зураг, гар урлал, оёдол гээд олон дугуйлан тэнд хичээллэдэг байсан. Одоо тэнд юу ч байхгүй. Дуулдаг, бүжиглэдэг хүүхэд ч байхгүй. Хуучин номеруудыг нь сэргээгээд тоглуулая гэхээр байхгүй болчихсон. Энэрэл төвийн хүүхдүүдийн концерт Монгол орон даяар гайхагддаг үе байсан. Энэрэл төвийн хүүхдүүд өөрсдийнхөө хувцасыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Хоолоо бэлдэж иддэг байсан. Өнөөдөр тэнд тийм зүйл байхгүй. Хүүхдүүд шөнө дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явж, хараал ерөөлийг дуртай үедээ хэлдэг болсон байна. Багш нь ажлаасаа халагдана гээд хүүхдүүддээ үг хэлэхээс айдаг ийм л үе байна. Миний аавын байгуулсан зүйлийг үрэн таран хийж байгаад үнэхээр харамсаж байна. Миний дургүй хүрч байна. Энэ ажил зүгээр төрийн албан хаагчийн ажил биш. Слесарь нь хүртэл ус алдахад “Хүүхдүүд маань түлэгдчихнэ үүнийг чангахан шиг эргүүлчихъе” гэсэн сэтгэлтэй хүмүүсийн л хийдэг ажил. Бүхэл бүтэн хүнийг хүмүүжүүлж байгаа айл гэр байгаа шүү дээ. Үүнийг ойлгооч ээ. Энэ хүүхдүүд хүмүүжих ёстой. Ирээдүйн Монголын сайн иргэд байх ёстой. Хөдөлмөр зуслан одоо байхгүй. Сүүлийн 3,4 жил хүүхдүүд тэнд очоогүй. Засна гэсэн. Тэгээд л байхгүй. Яг үнэнийг хэлэхэд Энэрэл төвийн тэр байшингуудыг би барилцсан. Хүүхэлдэйн театрынхаа хэдтэй Энэрэл төвийн тэр талбайг шүүрдэж цэвэрлэж байлаа. Уулнаас өөрсдийнхөө гараар бид нар дүнзнүүдийг зөөж Энэрэл төвийн хөдөлмөр зусланг барьсан юм шүү дээ.

Миний аав хүүхдүүдийнхээ төлөө амь насаа зориулсан

Миний аав Ц.Хүрэлбаатар

- Тэгээд өмчлөх хувьчилж авах хэрэгтэй гэж үү?

- Өмчилж авах гэдэг чинь олон янз. Тэр өмчилж авсан зүйлээс цэцэг ургаж байвал сайн. Энэрэл төв мандаад сайн сайхан яваад олон сайхан өнчин өрөөсөн хүүхдүүд эцэг эхтэй болж байвал болно. Надад өгөх тэр их хайр, надад өгөх тэр их зүйлээс хомслож, булаан авч бий болсон хоёр байгуулага шүү дээ. Гэтэл энэ хоёр байгууллага миний аавыг өнгөрсний дараа үгүй болж байгаад нь харамсаад л шүүмжилж байна. Намайг сургууль төгсөх гэж байхад миний сургалтын төлбөрийг төлөөгүй учраас дүнгийнхээ хүснэгтийг авч чадаагүй л төгссөн. Гэтэл энэ төвийн хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх, хоол унд бүх зүйлийнх нь төлөө явна. Нэг үгээр хэлэхэд миний аав өөрийнхөө хүүхдүүдийг хаяад бусдын төлөө явсан. Ингэж явж байгуулаад өдий болгочихсон байгууллагыг дуртай нэг нь очоод сүйтгэхийг би зөвшөөрөхгүй. Миний уур хүрч байна. Би Энэрэл төвөөс юуг нь идэж уух юм бэ, өөрийн болгоод ямар ашигтай юм бэ. Ямар ч ашиггүй ш дээ. Ажил нэмэгдэнэ, хүн тэжээнэ. Би аавынхаа амьдралаа зориулсан зүйлийг л сайханаар нь үргэжлүүлчих гэсэн юм. Яг үнэндээ миний аав асрамжийн төвийн хүүхдүүдийнхээ дунд байж байгаад л нас барсан. Өөртөө эмчилгээ хийлгээч гэхээр Энэрэл төвийн 10 жилийн ой болох гэж байна.

Хүүхдүүддээ энэ байшинг нь сайхан өвлийн байшин болгоод өгчихье гэж явсаар байгаад л бие нь өвдсөн. Гэтэл өнөөдөр тэр Энэрэл төвийн захирал нь биеэ эмчлүүлнэ гээд зөндөө удаа гадаад дотоод явж байгаа сураг байна. Үүнд миний уур хүрээд байгаа юм. Аав маань гэтэл энэ хүүхдүүдийн төлөө бүх амьдрал, амь насаа зориулсан. Энэ хүүхдүүдийн төлөө насаараа зүтгэсэн ээж минь орох оронгүй гэр хороололд амьдарч байна. Би Цэвэлмаа гэдэг хүнд байр өгөөч гэж “Эрдэнэт” үйлдвэрт өчнөөн өргөдөл бичсэн өгөөгүй. Тэр хүн одоо Оросын булагт зуны байшинд амьдарч байна. Үнэн ийм л байна. Би ээжийгээ хүний гар харуулахгүй амьдруулж чадна. Яг үнэн амьдрал л энэ шүү дээ. Өнчин хүүхдүүдийг өсгөөд 20 жилийн ажил амьдралаа зориулсан хүн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрээс байр аваагүй байхад 2 жил ажиллаад л байртай болчихож байна.Аливаа юманд бас шударга ёс гэж баймаар юм.Тэрийгээ байг гэхэд зарим хүмүүст хүн чанар гэж байхгүй болсонд л харамсаж явдаг даа.

Энэрэл төвийн даргаар сэтгэлтэй хүн очвол би дэмжээд ажиллахад бэлэн. Тэнд ажиллаж байсан багш нар бүгд ажлаас гарсан. Оёдлын багш нар хүүхэд алгадсан хэргээр ажлаас халагдсан, гар урлалын багш нь ажлаас гарсан. Насаараа үйлчлэгч хийсэн буурай нь саяхан бурханы оронд очсон. Тэр байгууллага эзгүйрч байна. Өөрөөр хэлбэл, чиний ээжийг чинь “Чи боль, чамд өөр ээж өгнө” гээд хаа хамаагүй хүн тавьчихвал хэцүү биз дээ. Би хэвлэлийнхэн очиход хэлдэг байсан. Бид энэ хүүхдүүдийг өмнө нь байсан хар амьдралыг болоод өнгөрсөн зөвхөн дурсамж болгож ярьдаг чаддаг болгосон. Ингэж чадна гэдэг чинь маш их аз жаргал, хайр энэрэлийг өгсөн болоод л тэр. Одоо бүүр Энэрэл гэдэг нэрийг солино гэсэн сураг сонсогдсон. Чи бод доо. Үнэхээр эмгэнэл. Ийм түүх байдаг. Тухайн үед модны аж ахуй зах зээлийн үед хувьд шилжинэ гэхэд манай аавыг даргаар нь тавья, энэ үйлдвэрийг босгоод ажиллаач гэхэд Энэрэл асрамжийн хүүхдийн төвөө байгуулаад удаагүй байна. Үүнийг ажил хэрэг болгоодхоё гээд энэ саналыг хүлээж аваагүй. Хэрвээ тухайн үед бизнес сэтгэлгээгээр аав ёстой жинхэнэ өөрийн болгоё гэж явсан бол бид өнөөдөр арай өөр байх байсан. Аав маань бурхан болохдоо бидэнд нэг ширхэг машин, байр хоёр үлдээсэн.

Бусад бүх зүйл нь улсын нэр дээр байсан. Хадгаламж ч байгаагүй. Харин бидэнд маш том хариуцлага их ажил үлдээсэн. Аавыгаа өнгөрсөнөөс хойш 10 жилийн хугацаанд бид Энэрэл төвд эрвийх дэрвийхээрээ болохоосоо болохгүй хүртэл туслаад явж байсан. Энд байсан хүүхдүүдээс гудамжинд гарсан хүүхэд нэг ч байхгүй. Харин сүүлийн үед ямар байгааг нь мэдэхгүй байна. Тэр хүүхдүүдийг дээд сургуульд дотуур байранд оруулахын тулд ээж, аав өөрөө явж багш нартай л уулзаж хүлээлгэж өгч хариуцуулж араас нь хоол ундыг нь явуулдаг байсан. Одоо бол мэдэхгүй. Чи аав ээж дээрээ тусдаа гарсан ч очдог биз дээ. Одоо эргэх холбоо байхгүй төгсөөд гарсан хүүхдүүд нь тийшээ очих сэтгэлгүй болчихсон байна. Энэ бүхнийг бас бодох л хэрэгтэй.Ардчилал гэдэг албан тушаалын наймаа биш байх гэж би боддог.Миний аав ч ардчиллын анхны хүмүүсийн нэг л явсан.Бид өнгөрсөнөө мартаж болохгүй шүү дээ.Бид удахгүй өөрсдөө нгөрсөн үе болно гэдгээ ч мартах ёсгүй байх гэж боддог.Гэхдээ би хэн нэгнийг муулж,хэн нэгэнд бурууг үүрүүлэх сонирахол байхгүй байна л даа.Цаг хугацаа харуулна.Тэр хооронд л амжиж олон олон зүйлийг бүтээх хэрэгтэй байна.Надад хийх ажил их байна.Би зүгээр л та бүхэнтэй санал бодлоо л хэллээ.Баярлалаа.




Нийтлэлч: Б.Дуламсүрэн
Нийтлэлч: Б.Дуламсүрэн
/ 2014-11-26
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц