© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022-03-08-НД НИЙТЛЭГДСЭН
Г.ЭНХБАЯР: “Цахим Эрдэнэт – 1” төсөл хэрэгжүүлснээр орон нутагтаа ухаалаг хэрэглээг бий болгоно
Г.ЭНХБАЯР: “Цахим Эрдэнэт – 1” төсөл хэрэгжүүлснээр орон нутагтаа ухаалаг хэрэглээг бий болгоно

“Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ-ын захирал Г.Энхбаяр манай асуултанд хариулж байна.

- “Цахим Эрдэнэт – 1” төсөл өнгөрсөн онд батлагдсан. Үүний хүрээнд үндсэн 5 чиглэлээр хийх ажлуудаа ч төлөвлөсөн. Эдгээр ажлын хэрэгжилтийн явцын талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-Энэ хөтөлбөрийг анх 2020 онд боловсруулах үед ”Ухаалаг хот” нэртэйгээр санаачилсан. Сүүлийн хоёр жилд ковидын халдварын хүнд нөхцөл байдал үүссэн учраас төлөвлөсөн ажлуудад өөрчлөлт орсон. Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанаар “E-Мongolia” төвийг нээж, төрийн бүх үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болсон тул төсөлд өөрчлөлт оруулж “цахим – ухаалаг” гэдэг ойлголтыг багтаан “Цахим Эрдэнэт-1” төсөл болж батлагдсан. Е-Mongolia цахим систем үндэсний хэмжээнд хөгжиж байгаа бол орон нутаг өөрийн онцлог, давуу талд суурилсан цахим шинэчлэл хийх шаардлага бас тулгарсан. Тиймээс энэ хүрээнд хийх ажлуудыг бид судалсан. Ер нь бол орон нутаг орчин үетэйгээ уялдан өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадамжтай байх ёстой.

- Төслийн хүрээнд нийтийн тээвэрт цахим шинэчлэл хийх зорилгоор 270 сая төгрөг төсөвлөсөн. Энэ асуудал иргэдийн шүүмжлэлд өртсөн. Өнөөдрийн нийтийн тээвэр стандарт бус, хүйтэн, орчин нь бохир зэрэг олон шүүмжлэл дагуулдаг. Тиймээс нийтийн тээврийг цахимжуулснаар ямар сайн үр дүнд хүрэх вэ?

-Иргэдийн үзэл бодолтой санал нийлж байна. Цаашид нийтийн тээврийг шинэчлэх ажил хийгдэнэ. Орон нутгийн хөрөнгөөр 12 шинэ автобус худалдаж авна. Орон нутгийн төсвөөс үүнд 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Холбогдох байгууллагад нь санал, хүсэлт тавьж байгаа гэсэн. Цахим нийтийн тээвэр хөгжүүлэхийн тулд хувийн компанитай гэрээ хийж хамтран ажиллана. Тухайн компани зорчигчдын төлбөр тооцоог картаар хийлгэх, ухаалаг дэлгэц байршуулах зэрэг систем хөгжүүлэлтийн ажлыг хариуцна. Цахим нийтийн тээврийн ажил энэ хавар эхэлнэ.

- Нийтийн тээврийг цахимжуулахаар төлөвлөсөн ажлууд хэт ерөнхий байсан учраас, иргэдэд ойлгомжгүй, шүүмжлэлтэй хандах тохиолдлууд гарч байна...

-Иргэд цахим шинэчлэлд эхэн үедээ шүүмжлэлтэй ханддаг. Гар утсаа ашиглан дуртай мэдээллийг авч байна, интернет орчин хөгжингүй байхад юуг цахим болгох гэж байгаа юм бэ гэж их асуудаг. Тэгвэл орон нутгийн түвшинд шийдвэрлэх олон асуудал бий. Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, төр захиргааны байгууллагатай харьцах, нийгмийн анхан шатны үйлчилгээ авах, мэдээллийн хүртээмж, хурд зэрэг үндэсний хэмжээнд хийгдэж буй ажлыг давхцуулахгүйгээр орон нутагтаа шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон асуудлыг цахимжуулах ажлыг нарийвчлан хийх нь маш чухал. Энэ ажлын хүрээнд “Smart Erdenet” аппликэйшн хийгдэнэ. Ингэснээр Эрдэнэтчүүд илүү өргөн хүрээнд цахим үйлчилгээ авах боломжууд нээгдэнэ. Энэ аппликэйшн ашиглалтад орсноор Эрдэнэтийн бүх үйлчилгээг гар утсаараа дамжуулан авдаг болно. Үйлчилгээний олон байгууллага төлбөр тооцоо хийхэд шимтгэл авдаггүй байх, дата ашиглахгүйгээр facebook, Instagramm зэрэг хэрэглээний аппликэйшн ашиглах боломжтой болно. Гоо сайхан, үсчин, ресторан, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэхэд Smart Erdenet аппликэйшний ухаалаг хэтэвч ашиглан тодорхой хэмжээний урамшуулал, хөнгөлөлттэйгээр төлбөр хийх зэргээр орон нутагтаа ухаалаг хэрэглээг бий болгох юм. Ямар ч супер үйлчилгээ 5 минутын дотор ирэхгүй, харин энэ апп ашиглан алсын зайнаас эмчийн зөвлөгөө авах боломжийг ч орон нутаг бий болгох нь чухал. Нийтийн тээвэр хаана явааг мэдэх, хянах, такси дуудлага, илгээмжийг гараас гарт хүргэх, боловсрол, хотын захиргаа, СӨХ, ахуйн үйлчилгээ, авто засвар, нүүлгэлт зэрэг олон үйлчилгээний цагийг энэ апп-аар авах, төлбөр тооцоог утаснаасаа хийх зэрэг олон тааламжтай нөхцөл, боломжууд бий болно.

-“ Цахим Эрдэнэт-1” төслийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах ажил хийхээр тусгасан. Энэ чиглэлээр ямар ажлууд хийх бол?

- Төслийн таван зорилтын нэг нь хог хаягдал юм. Одоогоор 2022-2024 онд хэрэгжих 3 жилийн мастер төлөвлөгөө боловсруулж, нэгтгэн судлах нь чухал байна. Гэр хорооллын хогийг яаж оновчтой зөв татах болон дахин боловсруулах асуудлыг хөтөлбөрт тусгасан. Тиймээс хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг хэрхэн оновчтой хийх талаар судалж байна. Хог хаягдлын менежментийг цахимжуулснаар иргэд үйлчилгээ авах, төлбөр тооцоогоо хөнгөлөлттэй хийх боломжтой болно.

Хотын нийт төлбөр тооцооны хэдэн хувь нь цахимаар хийгддэгээс шалтгаалан тухайн хотын хөгжлийн олон улсын стандарт хангагдаж байгаа эсэх нь тодорхойлогддог. Тухайлбал, айлуудын хогийг ачдаг нэг компани байна гэж бодъе. Тэр хогийг ангилан ялгаж, ачиж, тээвэрлэх шаардлага бий болно. Хог хаягдлыг дахин боловсруулах санаа нь иргэнд байж болно. Тэгвэл төсөл хэрэгжүүлэгч хамт олны зүгээс дээрх үйл явцыг бизнес болгох хүртэл бойжуулалтын ажлыг хариуцна гэсэн.

2022 онд хуванцар хаядал боловсруулах үйлдвэртэй болно. Мөн 100 дэлгүүр цаасан хайрцаг, хогоо ангилан ялгаад сурчихвал мөн л дахин боловсруулах боломжтой. Өвс, шарилж, тайрсан мод, өөх тосыг ашиглан түлшний үйлдвэр барьж болно. Хог хаягдлыг дахин боловсруулах бизнес хөл дээрээ зогсох хүртэл урт хугацаа туулна. Тиймээс ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангах, гарааны санхүүжилтээр дэмжих зэрэг туслалцаа үзүүлж байна. Бизнес санаа, технологи, мөнгө гурав нийлж байж шинэ бизнес дүр төрхөө олдог. Бизнес санаа иргэнд байж болно. Тухайн иргэн технологи болон бизнесээ эхлэх хөрөнгө дутагдсан бол тэр дутууг нь ШУТП нөхөж өгч дэмжин туслана гэсэн үг. Бусад аймгуудын хогийг ч Эрдэнэт хотод боловсруулах боломжтой. Улаанбаатар хотын хуванцар савны үйлдвэр Эрдэнэтэд ирж боловсруулалтын ажлаа хийдэг болсон. Технологич болж чадахгүй, эсвэл ажилчдаа цалинжуулах боломжгүй бол тэр дутууг нь ШУТП нөхөж байна. Европын орнуудад бол энэ төрлийн үйлдвэрүүд бусад улсын хогийг татаж дахин боловсруулаад, борлуулалт хийсээр л байна. Энэ бүх ажил, үйлчилгээг цахимжуулж чадвал үсрэнгүй амжилтанд хүрнэ. Цахим үйлчилгээний ухаалаг хэрэглээнд иргэд дасаад эхлэхээр аяндаа үр дүнг нь ойлгоно.

-Баярлалаа. Та бүхний шинэ ажилд амжилт хүсье.

ЭШЛЭЛҮҮД

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2022-03-08
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц