© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017-02-08-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Тогооч: Хүн өөрөөсөө дээших есөн үеэ мэдэх нь хангалтгүй
Д.Тогооч: Хүн өөрөөсөө дээших есөн үеэ мэдэх нь хангалтгүй

    Тусгаар тогтнолын таван шалгуурын нэг нь тухайн үндэстний цус ариун байх явдал гэдэг. Гэтэл Монголд цус ойртолт түгшүүр төрүүлэх болсныг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар буй. Цус ойртох аюул сүүлийн жилүүдэд л нүүрлэсэн юм биш. 1980-аад оны дундуур зах хязгаар аймгийн зарим суманд ийм тохиолдол бүртгэгдэж байсан гэдэг. Тиймээс нэр бүхий сум, суурин газруудыг хооронд нь нэгтгэх, гаднаас ажиллах хүч аваачих зэргээр төр, засгаас анхаарч байжээ.

    Тэгвэл өдгөө гурван сая монгол хүний 60 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр цус ойртсон тухай Төрийн тэргүүн хүртэл мэдэгдсэн. Суурин иргэншлийн нөлөөгөөр орчин цагийн монголчууд хөршийнхнөө таних нь бүү хэл, хамаатнуудаа ч бараг мэдэхээ байсан нь үнэн. Ийм нөхцөлд цус ойртолтоос сэргийлэх гол арга нь угийн бичиг хөтлөх гэдгийг өчигдөр болсон үндэсний анхдугаар зөвлөлгөөнд оролцогчид онцолж байв.

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулсан юм. Д.Тогооч гуай гэхэд л өөрөөсөө дээш, дооших долоон үеийнхээ 220 орчим хүний нэрийг зургаан метр гаруй даавуун дээр зургийн программ ашиглан буулгажээ.

    Дийлэнх хүний угийн бичиглэл олон салаа мөчиртэй аварга мод шиг байдаг бол түүнийх туузан дамжлага шиг урт даавууг хоёр модонд хуйлж ороосноороо аль аль тал руу нь гүйлгэж үзэхэд хялбар болсон санагдав. Архивын хөдөлшгүй баримтаар баталгаажуулан, элэнц өвөөгөөсөө эхлээд ураг удмынхаа 150 жилийн намтар түүхийг ийн хураангуйлсан Д.Тогооч гуайгаар бахархахгүй байхын аргагүй.

    Монголын ураг удам уламжлалын холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн тэрбээр “Өнөөгийн залууст угийн бичгийг хэрхэн хөтлөх тухай зөвлөмж, гарын авлага хомс байдаг нь хүндрэл учруулдаг юм билээ. Миний хувьд энэ талаар олон жил судалгаа хийн, угийн бичгийг хэрхэн хөтлөх талаар хүмүүст хичээл зааж, аймагтаа 100-гаад сургагч багш бэлтгэсэн.

    Тиймээс холбооныхоо эрдэмтэн, судлаачидтай хамтран “Угийн бичиг хөтлөх аргачилсан зөвлөмж” гарган, түүнийгээ жижиг гарын авлага болгон хэвлүүлж, сонирхсон хүмүүст өгдөг юм.” хэмээн ярилаа.

    Түүх, гарал угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Эцгийн эрхт ёс тогтох үеэс хүн төрөлхтөн ураг удмаа таньж мэдэх шаардлага тулгарсан бөгөөд энэ үеэс угийн бичиг хөтлөх ёсон эхэлсэн гэж үздэг. Монголчууд угийн бичгийг маш эртнээс нягт нямбай хөтөлж ирсний тод жишээ нь “Монголын нууц товчоо” юм.

    Гэвч Ардын хувьсгалын дараахан монголчуудыг угийн бичгээ хөтлөхийг хориглосон шийдвэр гарснаар энэхүү эрхэм нандин өв соёлоо мартагнахад хүрсэн билээ. Хэдийгээр 2007 онд Засгийн газрын тогтоол гарч, “Угийн бичиг хөтлөх журам”-ыг шинэчлэн хэрхэн хөтлөх тухай үлгэрчилсэн загвар гарсан ч залуус түүнийг тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ талаар илүү олон ажил хийх хэрэгтэй байгааг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зөвлөлгөөнийг нээх үеэрээ хэлсэн юм.

    Хүн зөвхөн өөрөөсөө дээших есөн үеэ мэдэх нь хангалтгүй аж. Угийн бичиг хөтлөхийн гол ач холбогдол нь наанадаж аавынхаа эцэг, эх гэсэн хоёр, цаашлаад ээжийнхээ эцэг, эх гэх мэт дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ мэддэг байхын үндэс бөгөөд ингэснээр цус ойртох аюулаас сэргийлдэг байна. Есөн үеийн дотор ураг барилдахыг цээрлэдэг эртний монгол ёс заншил шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байж.

    Тодруулбал, хүн арав дахь үе дээрээ аав, ээжийнхээ генийн 0.04 хувийг л өвлөж төрдөг нь ураг төрлийн ямар ч холбоогүй болсны илэрхийлэл гэнэ.

    Дашрамд сонирхуулахад, Монголын үндэсний архивт Алтан ургийн бүх хаад, ноёд, тайж нарын угийн бичиг хадгалаастай байдгийн дотор хэмжээгээрээ хамгийн том нь Сэцэн хан Шолойн угийн бичиг аж. 1905 онд бичигдсэн дээрх угийн бичигт 12.000 гаруй хүний нэр бичээстэй байдаг.


/ 2017-02-08
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц