© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-09-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Рэгдэл: Субботник сэтгэлгээ хэрэггүй
Д.Рэгдэл: Субботник сэтгэлгээ хэрэггүй

-ШУА болоод хүрээлэнгийн судлаач, ажилтнууд сүүлийн сар гаруйн хугацаанд нэлээд бужигнаантай байх шиг байна. Ялангуяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж, их сургуулиудын харьяалалд шилжүүлэх, санхүүжилтийг төсвөөс хасах тухай мэдээлэлд эрдэмтэн, судлаачид бухимдалтай хандаж  байгаа. ШУА-ийн зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ оны улсын төсөвт нэлээд хүндрэл учирч байгаатай холбоотойгоор төсвийн бараг бүх байгууллагад манайхтай адил асуудал үүсэж байгааг бид ойлгож байгаа. Бид манай салбарт бүтцийн оновчтой өөрчлөлт хийхийг дэмжинэ. Хийхээр ярьж буй өөрчлөлтийн үндсэн зорилго нь төсөв хэмнэх. Гэхдээ шинжлэх ухааны салбарыг татан буулгаж, цомхтгол хийснээр төсвийн хэмнэлтэд нөлөөлөх үү гэдгийг бодож, тооцоолж үзэх хэрэгтэй. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт өнөөдөр нийт 1700 орчим эрдэм шинжилгээний ажилтан төсвөөс цалинжин ажиллаж байна. Дам сонсох нь ээ, дээрх хэмнэлтэд шинжлэх ухааны салбарын 300 ажилтныг ажлаас нь чөлөөлснөөр 600 сая төгрөг хэмнэх тооцоо гаргасан гэсэн. 600 сая төгрөг хэмнэхийн тулд 300 орчим ажилтныг ажлын байргүй болгоно гэдэг харамсалтай биш гэж үү.

-Шинжлэх ухааны салбарын жилийн төсөв хэдэн төгрөг байдаг вэ?

-Монгол Улс 2014 онд ДНБ-ий 0.17 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулсан. Энэ нь 17 сая орчим ам.доллар. Гэтэл БНХАУ жилд ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө буюу 250 орчим тэрбум ам.доллар, АНУ 450 тэрбум гаруй ам.долларыг зөвхөн энэ салбарт зарцуулж байна. Манай улсын жилд нийт салбартаа зарцуулж байгаа мөнгө бол Хятадын нэг төсөлд зарцуулдаг өртөг шүү дээ. Зөвхөн ОХУ-ын Судалгааны сан л гэхэд нэг төсөлд 650 сая ам.доллар зарцуулж байна. Бид ийм бага хэмжээний мөнгөөр салбараа авч явсаар ирсэн. Сүүлийн дөрвөн жилд манай салбарын санхүүжилт нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй. Дээрх төсвөөс жилд есөн тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний зардалд төсөвлөдөг. Энэ жил ч уг тоо нэмэгдээгүй. Тиймээс хүмүүсээ цомхтгох тухай ярихын оронд дээрх төсвийг хэрхэн талуудын оролцоог хангасан, хямралын үеийн нөхцөл байдалд тохируулан зөв хуваарилах вэ гэдгийг тогтох хэрэгтэй. Байгаагаа зөв хуваарилж, үр дүн гаргахыг хичээх нь оновчтой шийдэл байх. Түүнээс биш байгаагаа үгүй хийх нь зөв зам биш. Монгол Улс Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж гаргасан. Үүнд 2015 оноос Монгол Улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий 1.6 хувийг зарцуулдаг болно гэж заасан байгаа. Гэтэл Шийдлийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа гаргасан шийдвэр, бодлогыг харалгүй асуудалд өөрийнхөөрөө хандах гээд байх шиг байна. Ер нь өмнөх бодлого шийдвэрээ эргэж харсан, уялдуулсан шийдвэрүүд аль ч салбарт чухал байдаг.

-Шинжлэх ухааны салбарт одоо яригдаж байгаа шинэчлэл өмнө нь бас хийгдэж байсан. Энэ удаад хийх шаардлага бий гэж бодож байна уу?

-М.Энхсайхан Ерөнхий сайд байх үедээ шинжлэх ухааны салбарт маш том шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байсан. Энэ нь төрийн яам, их, дээд сургуулийн дэргэдэх 100 орчим эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийг 30 болгож, цөөрүүлсэн явдал. Цагаа олсон, зөв шийдвэр байсан. Судалгаа, шинжилгээний 6000 гаруй ажилтан байсныг 3000 болгон цомхтгож байлаа. Тухайн үед манай улсын төсөв одоогийнхоос хэд дахин бага байсан учраас, мөн шинжлэх ухааны салбараа авч үлдэхийн тулд эрдэмтэн, судлаачид дэмжсэн юм. Харин өнөөдөр бол байдал тэс ондоо болсон. 600 гаруй сая төгрөг Монголын төсөвт хүндрэл учруулахгүй хэмжээнд хүрсэн. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийн тулд шинэчлэх гэж байгаа бол огт өөр зүйл ярих хэрэгтэй. Гэтэл 80-аад оны үед хийдэг байсан субботник сэтгэлгээгээр салбаруудад хандах гээд байна.  Хэдийгээр нийгэм өөрчлөгдөж, соёлжиж байгаа ч бид генийн хувьд нүүдэлчин хэвээрээ. Төсөв хэмнэхийн тулд орон тоог цөөрүүлээд орхих нь субботник сэтгэлгээ юм. Гэтэл энэ нь хөгжлийн хувьд бодит үр дүн ерөөсөө авчрахгүй. Харин шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд хүч, санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх нь жинхэнэ хөгжлийн эхлэл юм. Хамгийн гол нь санхүүжилт. Тэгээд түүнийгээ додомдож, хөгжүүлэх. Бүтцийн өөрчлөлтөд субботник сэтгэлгээгээр битгий хандаасай гэж хүсэж байна.  

-Хүрээлэнгүүдийг их сургуулиудад нэгтгэхийн үр дагаврыг ойлгохгүй, мэдэхгүй хүн олон байх шиг байна. Энэ талаар та тодруулж хэлж өгөөч?

-1996 оноос өмнө яамдын харьяанд хүрээлэнгүүд байх үед шинжлэх ухааны салбар үнэхээр уналтад орсон. Төрөлжсөн эрдэм шинжилгээний байгууллага гэдэг шинж чанараа алдаж, яамны аппарат болж хувирсан байсан. Өөрөөр хэлбэл, тухайн яамны ажилтнуудад шаардлагатай мэдээлэл бэлддэг, судалгаа хийдэг л ажилтай болчихсон байлаа. Үүнийг шинэчилсэн нь шинжлэх ухааны салбарын том ололт. Хэрвээ одоо эргүүлээд яам, сургуулиудын дэргэд хүрээлэнгүүдийг өгвөл дээрх байдал давтагдана. Хөл дээрээ босож ирж байсан судалгааны хүрээлэнгүүд устана. Шинжлэх ухаанаа булшилна гэсэн үг. Мэргэшсэн боловсон хүчингүй болно. Эрдэм шинжилгээний ажилтан болохын тулд гаднын оронд арав гаруй жил, манайд бол бараг 20-иод жил ажилласны эцэст арай гэж бие даан судалгаа хийх чадвар суудаг хүнд мэргэжил. Эдгээр хүмүүсийг дахиж бэлтгэнэ гэвэл дор хаяж 30-50 жилийн ажил. Бид үүний эсрэг 100 хувь зогсоно. Надаас хойш яасан ч яах вэ, ямар ч хамаагүй аргаар төсөв хэмнэе гэсэн байдлаар асуудалд хандмааргүй байна.

-Эрдэмтэн, судлаачдыг хүмүүс, ялангуяа эрх баригчид “Юу хийдэг нь мэдэгддэггүй” гэж ярьдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Манай салбарынхан чадлынхаа хэрээр ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь манай академич Ч.Намсрайг төрийн одон медалиар шагнасан явдал. Гэхдээ шинжлэх ухааны салбарынхан сүүлийн 20 гаруй жил нэгдсэн тайлан гаргаагүй.  Нэгдсэн тайлан гаргахгүй болохоор хэн юу хийсэн, сайн муу нь юу байна гэдгийг хэн нэгэн дүгнэж, цэгнэх боломжгүй болж байгаа юм. Гэхдээ манай суурь судалгааны салбар дэлхийд нэлээд танигдсан, хийсэн юмтай салбар. Үүнийг гаднын томоохон эрдэмтэд болон судалгааны бүтээлүүдэд манайхны бүтээл болоод нэр байнга дурддаг зэргээр илэрхийлж болно. Харин хэрэглээний судалгааны хөгжил тааруу байгаа нь үнэн. Энэ нь манай эрдэмтэн, судлаачдын буруу биш. Техникийн мэдрэмж бүхий үйлдвэрлэлийн салбар байхгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн бааз байхгүй. Энэ салбарын хөгжилд төрөөс гадна хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид уламжлалт эсгий гутал зэрэг үйлдвэрлэл хөгжүүлэхгүй амь зуулга төдий зүйлд хөрөнгө их зардаг. Үүнийг төрөөс дэмждэг. Гэтэл эрдэмтдийн ширээний нүдэнд, сэйфэнд нь техникийн мэдрэмж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаанд суурилсан олон арван санаа, үр дүн байж байдаг. Түүнийг нь санхүүжүүлж, бодит үйлдвэрлэл болгох хөрөнгө байдаггүй.

Төрөөс ШУА-д төсвөөс санхүүжсэн эрдэм шинжилгээ болон судалгааны ажлуудад мониторинг хийх үүрэг өгвөл бид хийж чадна. Ингэвэл төр, хувийн хэвшлийн энэ салбарт ажиллагсдын үнэлэмж ил тод болно. Мониторингдоо үндэслэн аль салбарын юунд хөрөнгө, хүч дутагдалтай байна, алийг нь сайжруулах вэ гэдгийг дүгнэж болох юм.

ШУА-ийн хувьд хөдөө, орон нутагтай хамтын ажиллагаагаа сайжруулах, уялдаа холбоотой байх тал дээр өнгөрсөн жил зорилго тавьж ажилласан. Үүний дүнд Баянхонгор аймгийн гидрохимийн зургийг гаргаж өглөө. Энэ нь тус аймгийн бүх уст цэгийг нь тодорхойлж, шинж чанарыг нь тогтоосон газрын зураг юм. Мөн Архангай аймгийн атласыг гаргаж өгсөн. Нийслэлийн гэрэлтүүлгийн нэгдсэн автомат удирдлагыг хүлээлгэн өгсөн. Энэ нь орон нутаг болоод шинжлэх ухааны байгууллагадаа эдийн засгийн болоод хэрэгцээний харилцан ашигтай. Манай байгууллага сүүлийн дөрвөн жилд 3.7 тэрбум төгрөгийг  гадна, дотнын хамтын ажиллагаанаас олсон.

-ШУА болон хүрээлэн­гүүдийг татан буулгах нь зөв гэсэн утгатай зүйл хэвлэлээр цөөнгүй гараад байгаа. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-ШУА-ийг улирал бүрт хэвлэлээр муулж бичдэг нэг хүн бий. Тэр хүн саяхны хэвлэлүүдэд 27 хүний гарын үсэг бүхий Ерөнхий сайд, Засгийн газарт хаягласан ил захидал нийтлүүллээ. Тэр ил захидал бараг бүх хэвлэл, бүр Засгийн газрын цахим хуудаст тавигдлаа. Өөрсдөд нь хаягласан захидал яагаад Засгийн газрын цахим хуудаст тавигддаг юм бол гэж бид гайхаж байна. Хэрвээ тийм чөлөөтэй болчихсон юм бол бидний Ерөнхий сайдад хандсан шаардах бичгийг тэр вэб хуудаст яагаад тавьсангүй вэ. Хамгийн гол нь дээрх 27 хүний нэр бүхий ил захидалд үнэн зүйл нэг ч байсангүй. Нэгдүгээрт, ОХУ-ын шинжлэх ухааны салбарын өөрчлөлт, шинэчлэлийн тухай ойлголтыг буруугаар ашиглаж байна. Мөн Хойд Солонгос, Монгол хоёр л шинжлэх ухааны академийн харьяандаа судалгааны хүрээлэнтэй гэсэн байсан. Гэтэл дэлхийн 120-иод улс ШУА-тай. Үүнээс Европын холбооны гишүүн 27 орны 17-гийнх нь академи дэргэдээ  судалгааны хүрээлэнтэй. Үүнээс гадна Австри зэрэг улс орнууд бий. Хоёрдугаарт, манай салбарт ажилладаггүй, судлаач, эрдэмтэн биш хоёр хүний нэрийг ашигласан. Түүнчлэн өнөөдрийн байдлаар бидэн рүү дөрвөн хүн  “Би тэр ил захидалд ямар ч хамааралгүй. Надаас асуулгүй нэрийг минь оруулсан байна. Тэгээд ч тэр ил захидлын агуулгатай миний үзэл бодол зөрчилдөж байна” гэсэн гомдол ирүүлээд байна. Үүнээс өмнө дээрх ажлыг зохион байгуулагч Ц.Дэмбэрэл гэх хүн 131 хүний гарын үсэг бүхий захидал мөн гаргаж байсны 100 гаруй нь уг асуудлыг огт мэдэхгүй, мөн нас барсан хүний нэр хүртэл дунд нь оруулсан байсан. Бид энэ хүний удаа дараагийн гүтгэлэг, доромжлолыг дуугүй өнгөрүүлж байсан. Гол нь энэ мэт хүмүүсийн худал үг, яриа төр түшиж байгаа эрхмүүдэд хүрч, тэдний үгэнд итгэж эхэлж байгаа нь ажлаа хийж байгаа судлаач, эрдэмтдэд хор хөнөөлтэй болоод ирлээ. Зарим нь Төрийн ордонд ажилладаг юм шиг тэрүүгээр сүүлийн сар гаруй хугацаанд явж байгаа тухай мэдээлэл ч байна.

-Төсөв хэмнэхээс гадна хүрээлэнгүүдийн барилгыг хүүхдийн эмнэлэг болгох ажил давхар явж байх шиг байна. Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариуг ирүүлээгүй байгаа гэсэн үү. Хүрээлэнгүүдийг сургуулиудад нэгтгэх ажил эхэлбэл яах вэ?

-Зорилго нь тодорхой болоод ирэх шиг боллоо. Өнгөрсөн даваа гаригаас МХЕГ-ын байцаагчид хүрээлэнгүүдийн барилгад дүгнэлт гаргахаар үзлэг, шинжилгээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн хэмнэлээс гадна байшин суллахад нэлээд анхаарал хандуулж байх шиг байна. Хэрвээ төр өмчөө мэднэ гэвэл бид хуулийн хүрээнд эсэргүүцэл илэрхийлнэ. Хэрвээ шинжлэх ухааны салбар луу төрийн хүчээр дайраад байвал бид ч бас хөдлөх байх. Судлаач, эрдэмтэд өөрсдөө бол номхон даруу, хэл ам хийгээд байж чаддаггүй хүмүүс. Үнэхээр шинжлэх ухааны салбарт ухралт, уналт авчрах шийдвэр гаргавал бид олуулаа. Олуулаа гэдэг нь ард түмэн биднийг ойлгоно, дэмжинэ. Гэхдээ байдал бүр иймдээ хүрнэ гэж бодохгүй байна. Эрх баригчид шинжлэх ухааны салбартаа арай өөрөөр хандах биз дээ.

-Монголын шинжлэх ухааны салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ. Гаднын орнуудын туршлагыг хэр судалж, нэвтрүүлдэг вэ?

-Шинжлэх ухаан дэлхийд хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг бид харж хөгжүүлэх ёстой. Түүнээс биш Монголыг хөгжүүлчихээд шинжлэх ухаанаа хөгжүүлнэ гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Шинжлэх ухааны хөгжлийн уялдаатайгаар улс хөгждөг. Үүний ганцхан жишээ хэлье. Би саяхан БНХАУ-д нэг судалгааны ажлаар явж байгаад манайхаар бол нэг сумын Засаг даргатай уулзлаа. Тэгэхэд тэр “Шинжлэх ухаангүй бол манай сум хөгжихгүй ээ” гэж ярьж байсан. Гэтэл манай Ерөнхий сайдуудын нэг нь ч шинжлэх ухааныг хөгжүүлэх нь улсын хөгжилд хамаатай гээгүй. Би л хувьдаа сонсоогүй. Гэтэл Хятадын нэг сумын дарга тэгж ярьж байна шүү дээ. Биднийг Хятад, өөр аль нэг улсын туршлагаас судална гэхээр эрх баригчид тухайн улсын эдийн засгийн чадвар, хүн амынх нь тоог хараад харьцуулах юм биш гээд байдаг. Гэтэл бид зүгээр л бодлогоос нь суралцаж, түүнийгээ Монголынхоо хөрсөнд шингээж, аливаа салбараа хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Монголын шинжлэх ухааны салбарт хөрөнгө хэрэгтэй. Бидэнд чадварлаг боловсон хүчин одоогоор хангалттай бий.

 

О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-01-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц