© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-17-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Оюун-эрдэнэ: “Хилэм” усан сан Хаврын хөтөлбөрөө боловсрууллаа
Д.Оюун-эрдэнэ: “Хилэм” усан сан Хаврын хөтөлбөрөө боловсрууллаа
Хангарьд спорт клубийн “Хилэм” усан сан Хаврын хөтөлбөр боловсруулжээ. Энэ талаар Усан сангийн ахлах арга зүйч Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Танайд хэр олон хүн хичээллэдэг вэ?

-Манай усан сан 09.00- 21.00 цаг хүртэл 2 ээлжээр ажилладаг. Өдөрт 300-350 хүн хичээллэдэг.

-Хаврын хөтөлбөрөөр бассейнд хичээллэх үнийг нилээн уян хатан болгосон гэл үү. Шалгаан нь юу байв?

-Зарим байгууллага, хамт олон манайд хүсэлт гаргадаг. Бид хамт олноороо, найз нөхдөөрөө усан спортоор хичээллэе. Төлбөрөө жаахан хөнгөлөөч гэж. Манайх тогтоосон тарифаа л мөрддөг байсан. Саяхан үйлдвэрийн захиргаа Эдийн засаг маркетингийн хэлтэстэй зөвшилцөж, энэ хөтөлбөрийг боловсруулсан. Ингэснээр усан спортоор хичээллэх хүний тоо нэмэгдэнэ. Бид ч усан спортоо түгээн дэлгэрүүлье гэсэн юм.

-Шинэ сонголттой бас хамт олон гэр бүл рүү чиглэсэн хөтөлбөр гарсан бололтой?

-Урьд нь сарын 60 мянган төгрөгийн төлбөртэй 7 хоногт 3 удаа хичээллэж байсан. Одоо 40 мянган төгрөгөөр 7 хоногт 2 удаа үйлчлүүлэх сонголт нэмэгдлээ. Мөн насанд хүрэгчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус, байгууллага хамт олон, гэр бүл рүү чиглэсэн чөлөөт сэлэлтийн хөтөлбөр эхлүүлсэн.

-Усан санд ариутгал хэр хийгддэг вэ?

-Манай усан сангийн механик бохирдлыг өдөр бүр тусгай зориулалтын тоос сорогчоор цэвэршүүлдэг. Химийн лаборатори цаг тутамд усны шинжилгээ авч, хлорыг тэнцвэржүүлж, усны ариутгалд онцгой анхаарч ажилладаг.

Усан спортоор хичээллэснээр хөдөлгөөний хомсдолоос сэргийлнэ, бие бялдар өв тэгш хөгжүүлнэ, илүүдэл жинг бууруулна

-Усан спортоор хичээллэхийн давуу тал?

-Маш олон талын ач тустай. Усан спортоор хичээллэснээр хөдөлгөөний хомсдолоос сэргийлнэ, бие бялдар өв тэгш хөгжүүлнэ, илүүдэл жинг бууруулна. Тогтмол хичээллэвэл сард 2-5 кг жин хаяна. Бэлхүүсний тойрог нарийсна. Целлюлит үүссэн өөхлөг хэсгийг багасгана. Эрүүл мэндийн талаас ихээхэн ач холбогдолтой. Сүүлийн үед эмч нар яс хугарал, уушгины багтраа, нурууны гэмтэл, саажилттай хүмүүсийг усан спортоор хичээллэхийг зөвлөдөг. Ийм төрлийн өвчин эмгэгтэй хүмүүсийг бид сэлүүлж сургаад зогсохгүй, “Эрүүл мэнд чийрэгжилт” гэсэн эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан. Эцэг, эхчүүдийн дунд “Усан спортоор хичээллээд манай хүүхдийн дархлаа сайжирсан, ханиад томуу тусах нь багассан” гэх яриа их байдаг.

-Улаанбаатар, хөдөө орон нутгаас ч манай усан санг зорин ирж, зуны амралтаараа хичээллэх сонирхолтой хүүхэд залуус их байдаг. Усан сан зун ажиллах уу?

-Өвлийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд зуны улиралд тодорхой хугацаанд зогсож, урсгал засвар хийдэг. Энэ жил онц шаардлага гарахгүй бол зогсолтгүй ажиллана. Олон хүнийг зуны сургалтанд хамруулж, усаар чийрэгжүүлнэ. Зун, өвлийн амралтаараа оюутан сурагчид ирж хичээллээд, сэтгэл хангалуун буцдаг. Улаанбаатарт усан спортын төлбөр, шаардлага өндөр юм билээ. 4 төрлийн сэлэлтээс 1-ийг нь л 180 мянгаар заадаг. Тэгвэл манайд 4 сэлэлтийг сард 35 мянган төгрөгөөр заадаг. 6,7,8-р сард мөрдөх Зуны хөтөлбөртөө “Ус-эрүүл мэнд-чийрэгжүүлэлт” үйл ажиллагаа явуулан байгууллага хамт олны дунд тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бид анхан шатны сургалтанд 3 сар хичээллэсэн хүүхдэд 4 дэх сарын төлбөрийг 50 хувиар бууруулж хөнгөлнө

-Танай сургалтанд хамрагдсан хүн ямар хугацаанд 4 төрлөөр сэлж сурах вэ?

-Усан спортоор хичээллэж сурахад нилээн хугацаа шаардана. Хүмүүсийн хөдөлгөөний эвсэл, ур чадвараас шалтгаалан сурах нь өөр өөр байна. Зарим хүүхэд сард 2 төрлөөр сэлээд сурчихдаг, зарим нь нэг сар “нүдээд” арай гэж нэг төрлөөр сэлж сурах жишээтэй. Ер нь 3-4 сар тасралтгүй хичээллэвэл 4 төрлөөр сэлж сурна. Бид анхан шатны сургалтанд 3 сар хичээллэсэн хүүхдэд 4 дэх сарын төлбөрийг 50 хувиар бууруулж хөнгөлнө.

Усан спортын олон улсын хэмжээний мастер 2 байдаг. Анхных нь манай усан сангийн арга зүйч Б.Дөлгөөн, дараагийнх нь манай арга зүйч Г.Занданбал

-“Хангарьд”-ын усан спортын тамирчдын амжилтаас товч дурьдвал?

-Хангарьд клубээс усан спортоор амжилт үзүүлж буй тамирчин олон байдаг. Гадаад дотоодын тэмцээн, Азийн наадамд Хангарьдын тамирчид л явдаг. Манай улсын хэмжээнд Усан спортын олон улсын хэмжээний мастер 2 байдаг. Анхных нь манай усан сангийн арга зүйч Б.Дөлгөөн, дараагийнх нь манай арга зүйч Г.Занданбал. Спортын мастер, дэд мастер, зэрэгтэй тамирчид ч олон бий. Оюутан болсон мастер, дэд мастерууд маань Улаанбаатар хотын дүүргүүд дэх усан санд цагийн багшаар ажилладаг. “Эрдэнэт” үйлдвэрийн Хангарьд спорт клубт хичээллэдэг тамирчид маш азтай. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олны итгэлийг зүтгэлээр хариулан цаашид үйлдвэрийнхээ нэрийг тив, дэлхийд гаргасан олон сайн тамирчин төрөн гарна гэдэгт итгэдэг. Үүний төлөө Спорт ордны багш дасгалжуулагч бид хичээн ажилладаг.
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-03-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц