© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага, Асуулт асууя
Ц.Наран-Эрдэнэ: Бүсийн хэмжээнд хавдрын үеийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тулгуур төв нь БОЭТ байна
Ц.Наран-Эрдэнэ: Бүсийн хэмжээнд хавдрын үеийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тулгуур төв нь БОЭТ байна

БОЭТ-ийг түшиглэн “Хавдрын эмчилгээ, үйлчилгээ хяналт сэргийлэлтийн төв”-ийг энэ онд байгуулахаар бэлтгэл хангаж буй.  Хавдар судлалын  үндэсний төвийн эмч нартай хамтран   элэгний хорт хавдраар өвчилсөн 13 иргэнд элэг тайрах   мэс заслыг орон нутагтаа амжилттай хийгээд байна. Хавдрын төвийн асуудлаар БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэтэй ярилцлаа.

Орхон аймагт Хавдрын  төвийг байгуулах болсон үндэслэлээс  ярилцлагаа эхлэе?  

-Хавдрын өвчлөл Монгол Улсад төдийгүй Орхон аймагт тэргүүлж,  нас баралтаараа хоёр, гуравт бичигдэж  байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд  хавдрын өвчлөл ихсэж хожуу буюу    III болон VI  шатандаа оношлогдож байна. Аль аль талдаа зайлшгүй анхаарал хандуулах цаг үе. Хавдар  нь нэг хүний өвчин биш. Гэр бүл, ах дүү хамаатан садан, цаашлаад нийгмийн сэтгэл зүй, эдийн засагт  асар  сөрөг нөлөөтэй.

Хотжилт дагасан стрессээс үүдэлтэй  нийгмийн бухимдал, хорт зуршил,  хоол хүнстэй холбоотойгоор  халдварын бус өвчлөл нэмэгдэж байна.  Тиймээс бид орон нутагтаа  хавдрыг яаж оношилж, илрүүлэх юм. Илрүүлсэн хавдраа яаж эмчлэх вэ гэдэг зорилт тавьсан.  2024 онд Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нар хэд хэдэн асуудлыг ажил хэрэг болгож орон нутагт хэрэгжүүлэхээр шийдэлд хүрсний нэг нь  БОЭТ-ийг түшиглэн  байгуулах Хавдрын төв юм.

Орхон аймгийн БОЭТ-ийн хавдрын тусламж үйлчилгээний он цаг 2013 оноос эхтэй. Хавдрын анхны  хими эмчилгээг 2013 онд хийж байсан бол Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг 2018 онд байгуулж байв. 2022 онд хавдрын бай эмчилгээг орон нутагтаа нэвтрүүлж, нутагшуулсан.  2025 онд хавдрын тусламж үйлчилгээний цогц төвийг нээн хойд бүсийн хэмжээнд хавдрын үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна.

Аймгийн ИТХ, Засаг дарга нар аймаг орон нутагтаа Хавдрын төв байгуулах асуудалд онцгой анхаарч 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт 350 гаруй сая төгрөгийг тусгасан.

Засвар болон тоног төхөөрөмжийн  худалдан авах ажиллагааг зарласан, хүлээж байна. Энэ намар гэхэд аятайхан өрөө тасалгаатай төвлөрсөн Хавдрын төвтэй болсон байна. Ганцхан барилга байгууламжаас  хамааралтайгаар зүгээр суугаад байж болохгүй.Дотоод зохион байгуулалтаараа хавдрын үеийн эрүүл мэндийн тусламж  эмчилгээ үйлчилгээг  үзүүлээд явж байна.

-Хавдар судлалын  үндэсний төвийн  үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа цогцоор нь нэвтрүүлж, нутагшуулна гэсэн үг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Том зургаар нь харвал гурван талын оролцоо маш чухал. Нэгдүгээрт, оношилгооны чадамж. Хоёрдугаарт, боловсон хүчний ур чадвар, дадлага туршлага. Гуравдугаарт, бидэнд мэргэжлийн баг хэрэгтэй.

Тиймээс бид  Хавдар судлалын  үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд БОЭТ,  Хавдар судлалын төв  хамтран Үндэсний баг бүрдүүлсэн. Хавдрын ерөнхий эмч, бай, хими эмчилгээний эмч, хэвлийн хөндийн болон тархины ангиографийн эмч, элэг, цөс, нойр булчирхай,  хөх, ходоодны хавдрын мэс заслын эмч нарын бүрэлдэхүүнтэй.  Долоо хоногт нэг удаа Үндэсний багтай хамтарсан зөвлөгөөн хийж,  аль өвчтөнөө Улаанбаатар руу явуулж, алийг нь дотооддоо эмчлэх вэ, дотооддоо эмчилгээ хийлээ гэхэд нээлттэй мэс заслын хагалгаанд оруулах уу эсвэл хими эмчилгээнд оруулах уу, судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн  тусламжтайгаар  хавдрыг нь түлэх үү,  боох уу, ямар тохиолдолд бидний тоног төхөөрөмж, нөөц дутагдан Улаанбаатар хот руу явуулах вэ  гэдгээ хамтын зөвлөгөөнөөр шийдэж байна.

Өнгөрсөн долоо  хоногт Хавдар судлалын үндэсний төвөөс эмч нарын багийг  дуудаж өөрсдийн багтай хамтран гурван өвчтөн дээр элэгний хавдрын мэс заслыг амжилттай  хийлээ.

Өвчтөнөө Улаанбаатар руу явуулах гэхээс илүүтэй аль болох орон нутагтаа л эмчилгээ үйлчилгээг нь хийхийг зорьж байна. 

Орон нутагтаа  мэс засал хийхийн   ач холбогдол давуу тал нь хэмжээлшгүй их юм.  Өвчтөн, түүний ар гэрт санхүү, цаг хугацааг  нь хэмнэсэн маш том боломж, дэмжлэг болж байна. Мөн эмч нар орон нутагтаа  ажлын байрандаа суралцаж  байгаа  нь бодит үр дүн. 

Орхон аймгийн эрүүл мэндийн салбар хүн амынхаа хэрэгцээнд тулгуурлан хөгжих ёстой. Нөгөө талаас иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас ч авах боломжийг  бүрдүүлж, өвчлөлөөс  үүдэлтэй санхүүгийн дарамтыг бууруулах арга нь орон нутагтээ эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэж харж  байна.  

Өнгөрсөн онд манай аймагт 500 гаруй хавдрын тохиолдол шинээр оношлогдсон. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжиж байгаа мөнгөн дүнгээр нь авч үзвэл Орхон аймаг зөвхөн хавдрын эмчилгээний зардалд 10,2 тэрбум төгрөгийг Улаанбаатарт шингээж. Эсрэгээрээ тухайн иргэний ар гэрт нь цаашлаад орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад үлдээдэг байх нь бидний туйлын зорилго.

2025 онд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зургаан удаа буюу  хоёр сард  нэг удаа 10 хоногоор манай аймагт ирж ажиллаж байх төлөвлөгөөг гаргасан. Он гарсаар нэг удаа манай аймагт ирж ажиллалаа.  Дараагийн ирэлт дөрөвдүгээр сарын дундуур байна.

ӨВЧЛӨЛӨӨС ҮҮДЭЛТЭЙ САНХҮҮГИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛАХ АРГА НЬ ОРОН НУТАГТАА ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЮМ

-Лабораторын шинжилгээнээс эхлээд  эцсийн онош гарах хүртэл бүхий л явц уялдаа холбоотой цогц байх ёстой?

-Тийм. Жишээ татаад хэлэхэд ходоодны хавдрыг оношлохын тулд  дурангийн эмч нар ур чадвартай, ариутгал нь  сайн байх хэрэгтэй. Лабораторийн төвшиндөө  B,C вирус хеликобактериа үздэг байх гэхчлэн бүгд хоорондоо уялдаа холбоотой. Бид  бүгдийг цогцоор нь хийгээд явж байна. Ганцхан ходоодны мэс заслын эмчийг бэлтгэнэ гэж ярьж болохгүй. Клиник эмзүйчээс эхлээд унтуулга наркозын эмч сувилагч, төрөл бүрийн чиглэлийн мэс заслын эмч нараа бэлтгэж байна.

Хавдрыг дөрвөн үе шатаар хуваадаг. Бид  I,II үедээ оношлогдсон хавдрыг нээлттэй мэс засалд оруулахаас илүүтэй дурангийн ажилбараар  салст хуулах эмчилгээг хийж байна. Мөн ходоодыг бүтэн болон хэсэгчлэн тайрах хагалгаануудыг хийж байна. Хими, бай эмчилгээ, ангиографийн тусламжтайгаар хавдрыг түлэх, боох эмчилгээгээ хийж байна.  Ганцхан өвчин дээр  эмчилгээний ийм олон төрөл  яригдаж байх жишээний.

 2024 оны арванхоёрдугаар сараас эхлэн  элэгний  хорт хавдартай 13 иргэнд элэг тайрах мэс заслыг орон нутагтаа амжилттай хийгээд байна.  

Хэрэв ээ өвчтөн, түүний ар гэрийнхэн Улаанбаатарт очиж эмчлүүлбэл хамгийн багадаа 10 сая төгрөг шаардлагатай. Удаан хугацааны эмчилгээ асаргаа сувилгаа шаарддаг учраас гэрийнхэн нь Улаанбаатарт очоод  байрлах газар, хоол  цай зөөх, автобус унаа гээд явдал ихтэй шүү дээ. Энэ бүхний ард нөгөө л айл өрхийн санхүүгийн асуудал байна.  Тиймээс орон нутагт үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, өргөжүүлснээр иргэдийн өвчлөлөөс үүдэлтэй санхүүгийн дарамт буурна.

-Жилд хорт хавдрын 500 тохиолдол шинээр бүртгэгдэж байна гэдэг асар их тоо.

-Харамсалтай нь тийм.  Амьдралынхаа хамгийн идэвхтэй насан дээрээ  ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуучууд ходоод элэг, цөсний хавдраар өвдөж  байна. Тиймээс л бид эхний ээлжид энэ төрлийн хавдрын эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа нутагшуулахаар зорьж байна. Эмч мэргэжилтнүүдээ сургаад бэлтгэлээ гэхэд хамгийн  тоног төхөөрөмж, оролцогч өөр талуудын дэмжлэг  асар чухал. Бодлогын төвшинд салбар яам,  орон нутгийн дэмжлэг өндөр байхын хэрээр Хавдрын төвийн үйл ажиллагаа тогтвортой  бэхжинэ.

Оношлогдож байгаа хавдар түгээмэл байдлаар III, VI  шатандаа байна. Нийт оношлогдсон иргэдийн 50 хувь нь эхний нэг жилдээ, үлдсэн нь  2-3 жил дээрээ  нас барж байна. Боловсрол талаас нь харвал иргэдийн мэдлэг, мэдээлэл ойлголт дутуу байна.

Нөгөөтээгүүр өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн бодлого нь өөрөө эмнэлгийг шүтсэн хэлбэрээр явж ирлээ шүү дээ. Одоо яаж урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх вэ гэдэгт анхаарч байна.

2022 оноос эрүүл мэндийн бодлого хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмаар  явж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг улс орны хэмжээнд  зохион  байгууллаа. Аймгийн удирдлагууд орон нутгийн төсвөөсөө санхүүжилтийг нь шийдээд эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэдээ орхигдуулахгүйгээр  үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгууллаа. Энэ жил ч мөн үргэлжилнэ. Хавдрын өвчний эсрэг түүнээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг  бодлогын төвшинд шат шатандаа хэрэгжүүлж байна. Нөгөө талаас иргэдийн маань  оролцоо, хариуцлага маш чухал байна.

-Та дээр оношилгооны чадамж хамгийн чухал нь гэж хэлсэн.  Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Хавдар мөн эсэхийг оношлох хамгийн том нэгж нь Эмгэг судлалын алба. Медикал, Баян-Өндөр мед зэрэг бусад эмнэлэгт оношлогдсон хавдрын эд, эсийн шинжилгээг манайх руу явуулдаг. Энэ шинжилгээний хариунаас хамааран өвчтөний асуудал шийдэгдэнэ. Эмч, өвчтөн хоёул хагалгаагаа хүлээгээд байдаг эдийн шинжилгээний хариу нь хүлээгдээд байж болохгүй шүү дээ. Магадгүй зарим иргэн хариугаа гарахаас   өмнө нас барж байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс ажлын 10 хоногоос хэтрэхгүй цаашлаад шинжилгээ өгсөн бол долоо хоногийн дотор  эдийн шинжилгээний  хариу нь гардаг байх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай.

Ингэхийн тулд Эмгэг судлалын албыг маш хурдацтайгаар хөгжүүлж, чадавхжуулах ёстой юм.

Энэ хүрээндээ ч Эмгэг судлалын албандаа нэг эмчийн  орон тоог нэмсэн. Эрүүл мэндийн яамнаас 770  орчим  сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагаа зарлагдсан байна.  Үр дүнд орон нутагт  хавдар мөш биш гэдгийг  оношилж чадах оношилгооны   чадамж сайжирна.

Эмгэг судлалаа хөгжүүлэн,  нарийн мэргэжлийн боловсон хүчнүүдээ чадавхжуулаад Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран 12 эмч сувилагчийг  үе шаттайгаар бэлтгэж байна. Эмч нараа бэлтгэх урт хугацаа нь хоёр жил байна. 2025 онд зарим эмч нараа багаар нь гаднын  орон руу явуулж сургахаар төлөвлөсөн. Ингээд харахаар зөвхөн Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж төсөөлөхийн аргагүй болж байгаа юм. Бүсийн хэмжээнд хавдрын өвчлөлийг барьж авах тулгуур төв нь БОЭТ-ийн Хавдрын төв байна. Зэргэлдээх Булган аймагт хими болон бай эмчилгээ хараахан нэвтрээгүй.  Хөрш зэргэлдээх аймаг орон нутагтаа ч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн хамтарч ажиллах тухай асуудал яригдана. Эцсийн дүндээ иргэдэд ямар нэгэн хүндрэл, чирэгдэлгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлэх нь л чухал.

500 ӨВЧНИЙГ  ОРОН НУТАГТАА ОНОШИЛЖ, ЭМЧИЛЖ    БАЙГАА НЬ БИДНИЙ  ӨНГӨРСӨН ХУГАЦААНЫ АМЖИЛТ

-Орон нутгийнхаа эмч, эмнэлгийн байгууллагад итгэх иргэдийн итгэл үнэмшил хамгийн чухал. Иргэдийн хувьд яалт ч үгүй  III шатлалын эмнэлгээ бараадья л гэдэг. Үүнд Та ямар бодолтой байна вэ?

-Ер нь тийм. Та бүхэнд ойлгомжтой байх болов уу гэдэг үүднээс нэг мэдээллийг өгье. 2023 оноос эрүүл мэндийн тогтолцоо орвонгоороо өөрчлөгдөж, гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоо руу шилжсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нийтдээ 700 оношийн бүлгийн жагсаалтыг баталж гаргасан.   Үүн дотроос Орхон аймаг 500 оношийн бүлэгтэй нь гэрээтэй. Өөрөөр хэлбэл, 500  нэр төрлийн өвчнийг Орхон аймагт үзүүлэх боломжтой гэсэн үг. Үлдсэн нь орон нутагт цаашлаад Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт юм.

2021 онд бид 140 орчим оношийн бүлгийн өвчний жагсаалтаар эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг байлаа. Өнөөдөр 500 оношийн бүлэг буюу ийм  хэмжээний нэр төрлийн өвчний эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болсон. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын III  шатлалын эмнэлгийг зорих иргэдийн  төвлөрлийг сааруулах, мөн Орхон аймгийн БОЭТ  хэр чадамжтай болсон гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь бидний өнгөрсөн 3,4 жилийн хамгийн том ололт.

2020,2021 оны үед Улаанбаатар хот руу  жилдээ 1500 орчим иргэнийг явуулдаг байлаа.

Үүний 98 хувь нь зүрх судасны эрхтэн системийн тогтолцоо, хавдрын өвчлөл эзэлдэг байлаа. Тухайн үед  орон нутагт  тэр талын эмч мэргэжилтнүүд дутагдалтай тэр  дундаа хавдрын талаар бие даасан зөвлөгөө өгдөг эмч ховор байлаа.   Мөн тоног төхөөрөмж ч хангалтгүй байлаа. Өнгөрсөн хугацааны эрүүл мэндийн  байгууллагын бодит дүрх төрх ийм л байсан. Эмч нар бид  ч иргэдээ хот яв гэж хэлээд сурчихсан  байсан үе.

Өнөөдөр 2025 он цаг өөр болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн харьяалал харгалзахгүйгээр хаанаас ч авах эрхтэй. Биднийг зориод ирж байгаа иргэнийг  чадахгүй гээд  буцаан явуулахгүй  байхад  анхаарч байна.

Орон нутгийн эмч нар өөрсдийн хийж чадахгүй зүйл  дээрээ тухайн иргэнийг  Улаанбаатар явуулахаас  илүүтэй хүссэн    эмч, мэргэжилтнүүдийг орон нутагтаа авчрах нь чухал.   Ингэж байж  нөгөө л иргэдийг өвчлөлөөс үүдэлтэй санхүүгийн дарамтад оруулахгүй байна.

Иргэд орон нутгийнхаа эмч, эмнэлгийн байгууллагад  итгэхийн хэрээр  бидний зориод байгаа үйл ажиллагаа бэхжинэ.

2026,2027 он гэхэд Хавдрын тусламж үйлчилгээ иргэд, эмч  мэргэжилтнүүд, төрийн байгууллага талаасаа илүү ойлгомжтой болсон байна гэж харж байгаа.

ЭМНЭЛГИЙН  ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД БҮХ ТАЛААРАА ОЙЛГОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ

Хавдрын төв зөвхөн БОЭТ-өөр хязгаарлагдахгүй. Бусад өөр эрүүл мэндийн байгууллагатай бид байнгын холбоотой байна. Хавдар гэсэн онош сонссон иргэн сэтгэлзүйн хувьд гүн хямралд орно. Тийм ч учраас эрүүл мэндийн байгууллага маш хурдтай, цаашид яах нь ойлгомжтой байх хэрэгтэй. Оношлохоос эхлээд шийдэх байдал нь иргэнд ойлгомжтой байх ёстой гэсэн үг юм. Ямар нэгэн юм ойлгомжгүй нөхцөлд  иргэд орон нутгийнхаа эмч, эмнэлэгт итгэж чадахгүйгээр  хотыг зориод байгаа шүү дээ.

Өнөөдөр бидний зорьж байгаа зүйлс хамгийн зөв менежментээр эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчлэх ажлын эхлэл гэж харж байгаа. Хавдрын төвийнхөө үйл ажиллагааг жигдрүүлсний дараа Зүрх, судасныхаа төвийг нээнэ. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд зүрх, судасны эрхтэн тогтолцооныхоо эмчилгээг орон нутагтаа нутагшууллаа. Судсан дотуурх ажилбар буюу ангиографийн 1000 дахь хагалгаагаа амжилттай хийгээд байна. 1000 иргэнээ орон нутагтаа эмчилж, амь насыг нь аварсан байна. Эдийн засаг, тоног төхөөрөмжийн ашиглалт талаасаа бодит үр дүн. Одоо бид дараагийн төвшний эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлж, ганцхан гуравдугаар эмнэлэгт хийдэг  зүрхний хэм алдалтын үеийн  эмчилгээг орон нутагтаа хийдэг болно. Энэ мэт ирэх жилүүдэд  орон нутагтаа нутагшуулж, шинээр нэвтрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлтөө тодорхойлсон.

/ 2025-03-21
Сэтгэгдэл / 2
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Баярсайхан Хэрсүү
2025-03-22 / 66.181.190.121
Бол үхдэг гэсэн сэтгэл зүйн гүн тараматай болсон байхад өвчтэй хүмүүст бүр илүү хүндээр тусдаг
Баярсайхан Хэрсүү
2025-03-22 / 66.181.190.121
Хавдрын төв байгуулагдаж онош болон эмчилгээгээ орон нутагтаа хийдэг болчихвол сайхан л байна. Мөн хавдраар өвдсөн хүмүүст сэтгэл зүйн эмчилгээг хийж өгдөг болмоор баына. Нийгмээрээ хавдар туссан л бо
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц