© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017-04-19-НД НИЙТЛЭГДСЭН
Ц.Ганзориг: “Дэлхийн зөн”-ийн 90 нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэдэг
Ц.Ганзориг: “Дэлхийн зөн”-ийн 90 нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэдэг

Ярилцлагын зочин: Ц.Ганзориг
Ярилцсан: Б.Оюун-Эрдэнэ
Гэрэл зургийг: Ч.Энхчулуун

“Зөнгийн хүүхдүүд”, “Зөнгийн тусламж” гэх ойлголт нийгэмд тархаж “Зөнд харьяалагдах” хүсэлтэй хэсэг бүлэг иргэд олон.

Гэтэл Монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчны хөгжлийн асуудлаар Дэлхийн Зөн ОУБ олон хөтөлбөр хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулсан ч нийгэм тэднийг “Тусламжийн, халамжийн байгууллага” гэж харсаар, ойлгосоор иржээ.

Энэ хандлагыг өөрчлөх гэж тэд “Мэдээллийн нөлөөлөл” хийгээгүй. Харин мэдлэгийн нөлөөллөө чимээгүй явуулсаар байна.

Дэлхийн Зөн ОУБ-ын Эрдэнэт- Нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Ц.Ганзоригтой уулзлаа.

Тэрээр Дэлхийн Зөн-ийн үйл ажиллагааг 90 ХУВЬ НЬ ХӨГЖИЛ, 10 ХУВЬ НЬ ХАЛАМЖ БАЙДАГ” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм.



-Миний амьдралыг өөрчилж, тусалж дэмжсэнд баярлалаа. Одоо биеэ дааж амьдрах цаг минь ирсэн. Энэ өдрөөс эхлээд “Зөнгийн хүүхэд” гэсэн “харьяалалд” хамрагдахгүй боллоо гэж хэлээд танайхаас туурга тусгаарласан айл өрх олон байна уу?

-Байгаа. Зөвхөн Эрдэнэтэд маш олон өрх өөрсдийн сайн дураар манай хөтөлбөрөөс гарсан. Өөрөөр хэлбэл, танай байгууллагын дэмжлэггүйгээр цаашид амьдралаа авч явж чадна, олон жил дэмжиж, тусалж, хөгжүүлж байсанд баярлалаа гэж хэлээд “туурга тусгаарласан” өрх айл олон бий. Хүүхдүүд нь ч “Зөнд харьяалагддаг” гэдгээ нууж эхэлдэг юм билээ.

Энэ бол хувь хүний бардам зангаас гадна манай байгууллагаас олж авсан олон мэдлэгийн хүрээнд ийм итгэлийг олж авсан байдаг. Бидний зорилго ХҮҮХЭД БҮРИЙН БҮРЭН ДҮҮРЭН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ чиглэсэн байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэх, амьдралынхаа мөрдлөг болгохоо ухамсарласан өрх айл, иргэд туурга тусгаарлаж цаашид сайн дураараа ямар ч цалин, урамшуулалгүйгээр бидний ажилд тусалж байдаг. Ийм сэтгэлтэй, санаачлагатай иргэд олон байгаасай гэж манай байгууллага хүсдэг.

-Тэгвэл танай харьяалалд байнга байхыг хүсдэг хүн олон байна уу?

-Олон. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халамж, хөгжил хоёр өөр. Бидний үйл ажиллагааны 90 хувь нь Хөгжил, 10 хувь нь Халамж руу чиглэсэн байдаг. Тиймээс хүүхэд, өрхөд чиглэсэн хөтөлбөр бол Хөгжлийн төлөө юм. Гэтэл иргэд 10 хувийн халамжийг хараад ямар нэг материаллаг зүйл хүртэхийн тулд манайд харьяалагдахыг хүсдэг.

 Халамж, хөгжил хоёр өөр. Бидний үйл ажиллагааны 90 хувь нь Хөгжил, 10 хувь нь Халамж руу чиглэсэн байдаг.

Бид гэнэтийн болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд бага зэргийн халамж өгдөг. Харин цаашид хэрхэн биеэ дааж амьдрах вэ, эрсдэлд өртөхгүйн тулд өрх юунд бэлэн байх ёстой вэ, хүүхдийн эрх, хамгааллын төлөө юу хийж чадах вэ, гэр бүлийн боловсрол яагаад миний амьдралд чухал вэ гэдгийг ойлгох, ойлгуулахад манай байгууллагын үйл ажиллагаа чиглэгдэж байдаг.

Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хийж буй ажлын 90 хувь нь өрх, хувь хүн, хүүхэд, улс орны хөгжлийн төлөө байдаг. Хөгжил бол өөртөө байхгүй зүйлийг бий болгох, цаашид бусдын төлөө ямар нэгэн сайн зүйлийг хийх чадалтай болох тухай л ярьж байгаа юм. 

Хөгжил бол өөртөө байхгүй зүйлийг бий болгох, цаашид бусдын төлөө ямар нэгэн сайн зүйлийг хийх чадалтай болох тухай л ярьж байгаа юм. 

-Гэхдээ нийгэм та нарыг халамжийн байгууллага гэж хардаг шүү дээ?

- Тийм ээ. Гэхдээ манайхыг илүү сайн мэддэг хүмүүс нь өөрөөр хардаг. Дийлэнх нь тэгэж хардаг. Харин одоо үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

-Нэгэнт тогтсон хандлагыг өөрчлөхөд хэцүү байдаг. Ялангуяа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан танай байгууллага Хүүхдийн хөгжлийн төлөө ажилладаг гэж одоо хэлэхэд ойлгох болов уу? Тусламж, дэмжлэг хайсан хүнд биш, Мэдлэг, боловсрол хайсан өрх, хувь хүнд тусалдаг гэдгээ яаж ойлгуулах вэ?

- Бид анхнаасаа олон нийтэд хүргэх мэдээлэлдээ биш, ажлын амжилт үр дүн рүүгээ хэтэрхий анхаарсан нь бидний буруу ч байж магадгүй. Өөрсдийгөө нийгэмд зөв ойлгуулахын төлөө мэдээлэл бэлтгэсэнгүй. Энэ бидний алдаа байх. Одоо халамжийн биш хөгжлийн байгууллага гэж хэлээд ч иргэд ойлгохгүй байна.

Ойлголтын энэ зөрүү заримдаа ажилд маань тээг болдог. Өнгөрсөн хугацаанд гадна, дотны сайн туршлага, аргуудыг Монголын хөрсөнд буулгалаа. Амжилттай хэрэгжсэн зүйлүүд бий. Гэхдээ л бид туршлага хуримтлуулсан. Туршлагаас хуримтлуулсан мэдлэгээ ойлгуулах хэрэгтэй байгаа.

Мөн цаашид Дэлхийн Зөнгийн үйл ажиллагааг хэнд шилжүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө Төр ажиллах уу, иргэд үү эсвэл өрх гэр үү ? Энэ бидний дараагийн зорилт.

-Тэгвэл 90 хувийн Хөгжлийнхөө талаар яриач ?

-Бид олон улсын хөгжлийн аргачлалууд дээр үндэслэж монголын нөхцөлд тохирсон хөтөлбөрөө боловсруулдаг. Жишээ нь 10 –аад жилийн өмнө “Гэр” аргачлал гэж хийсэн. Үүнийг амжилттай хэрэгжүүлсэний үндсэн дээр засгийн газраас Зорилтот Өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр боловсруулагдсан. Мөн өрхийн даван туулах “Төгсөлт” гэдэг аргачлал байна. Энэ нь гурван жилийн хугацаатай. Энэ хугацаанд өрхийн амьжиргааны түвшин дээшилж “амьдралын сургуулийг” төгсөнө гэсэн үг юм.

-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж ярьвал олон зүйл хэлэх байх. Дэлхийн Зөн Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та бодож байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн тодорхой орон зайг бид нөхөж яваа.Төрийн байгууллага болон хэн нэгний хийгээгүй орон зайг нөхөж, дүүргэсэн гэж бодож байна. Одоо энэ орон зайг иргэдээр өөрсдөөр нь дүүргэх зорилт тавьж байгаа. Тодруулбал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Харин үр дүнгийн талаар ярьвал их зүйл бий.

Монгол Улсын хөгжлийн тодорхой орон зайг бид нөхөж яваа.

-Жишээ нь Эрдэнэт хот, хувь хүний хөгжил, өрх гэрт ямар өөрчлөлт бий болгов?

-Хүүхэд гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах ёстой. Бид хүүхэд бүрийн амьдрал, хөгжлийн төлөө анхаардаг. Хүүхдийг анхаарахын тулд гэр бүл, эцэг, эх, өрх гэрийн эдийн засгийн чадавхи хамааралтай байдаг.

Иймд гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулсан. Жишээ нь гэр оронгүйгээс шалтгаалж өрхийн гишүүд тал, тал тийшээ таран амьдран тохиолдол олон байдаг, энэн асуудлыг шийдэхийн тулд “Гэрээр бэлэг баръя” төсөл хэрэгжүүлж ОРХОН АЙМГИЙН 400 ГАРУЙ ӨРХИЙГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОСОН. 500 гаруй өрх амьдрах нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг болгож байшин барих материалаар хангасан. Мөн эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хэд хэдэн өрхийн эмнэлгүүдийг байгуулах, хэрэгцээт тоног төхөөрөмж, арга зүйгээр хангах, хүүхдийн боловсролын асуудлыг дэмжих зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ч барьж байгуулсан нь олон. Усны асуудлыг шийдэхийн тулд гэр хороололд олон гүний худгуудыг бий болгосон.

Мөн урлагаар дамжуулж нийгэмшүүлэх зорилгоор хүүхдийн найрал дууны хамтлаг, зургийн дугуйлан, бусад хөгжүүлэх дугуйлан, клубуудыг хичээлүүлсэн. Хүүхдийн сэтгэлийн хямрал, гэмтлийг эмчлэх зорилгоор урлагийн боловсрол олгож эхэлсэн. Үүний үр дүнд хүүхдүүд бусдыг хайрлах, өөртөө итгэх, авъяас чадвараа нээж байна. Түүнээс гадна сургууль завсардан хүүхдүүдийг Албан бус боловсролоор дамжуулж боловсрол олгох төслийг анх эхлүүлсэн. Энэ төсөл нь одоогийнАЛБАН БУС, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВ”-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ суурийг тавьсан байдаг.

Хүүхэд, гэр бүлийн асуудлыг хэзээ ч тусад нь авч үзэж болохгүй. 

Энэ зөвхөн Эрдэнэт хотод хийгдсэн ажил биш. Монгол Улсын хэмжээнд салбараараа дамжуулж хийсэн ажил байгааг бас ойлгох хэрэгтэй. Жишээ нь Монгол Улсад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага бий болсон. Гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь салгаж авч үзэж болдоггүй гэдгийг төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчдад ойлгуулж чадсан нь Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсийг буюу Төрийн Нэгдсэн Институтийг бий болгоход хувь нэмрээ оруулсан. Хүүхэд, гэр бүлийн асуудлыг хэзээ ч тусад нь авч үзэж болохгүй. 

-“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн санаачилга танай байгууллагаас гарч байсан гэж сонссон юм байна?

-Бид 20 гаруй жил хүүхэд, гэр бүлийн асуудлыг шийдэх гэж ажилласан. Энэ хугацаанд Монголын хууль, журам учир дутагдалтай байсан. Иймд гэр бүлийн үндэсний чуулган зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмж, санаачилгаар дамжуулан “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЖ, БАТЛУУЛЖ ЧАДСАН. Мөн хүүхдийн оролцоог бий болгох зорилгоор олон удаа зөвлөгөөн, чуулган, нөлөөллийн ажил хийснээр төрийн бодлогод Хүүхдийн оролцооны тухай асуудал туссан. Түүнээс гадна ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 ДУГААРЫН УТСЫГ “ДЭЛХИЙН ЗӨН” АНХ САНААЧИЛСАН. Ингэснээр хүүхдийг эрсдэлд өртөхөөс хамгаалах, шаардлагатай арга хэмжээ авах тогтолцоо бий болж улмаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн суурийг тавьсан.

-МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙГ ӨӨРЧЛӨХ МАШ ХЭЦҮҮ-



-“Дэлхийн Зөн” ОУБ 1995 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Энэ үед монголын эдийн засаг, нийгэм, хүүхэд, гэр бүл тэр чигтээ бөөн “асуудал” байлаа.

-Тиймээ. Тухайн үед тэнэмэл хүүхэд, тэдний эрүүл мэнд, амь нас, боловсрол гээд шийдэх олон ажил байсан. Үүнийг шат дараалалтайгаар хийснээр дараа, дараагийнхаа төсөл, хөтөлбөр, хандлага, өөрчлөлт рүү чиглэж байсан. Жишээ нь тухайн үед таваас доош насны хүүхэд хоол тэжээлийн дутаглал, өсөлт хоцрогдол, хүнд нөхцөл дэх хүүхэл, гудамжны тэнэмэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд олон байсан. Үүнийг манай байгууллагаас хийсэн ажлууд цэгцэлсэн.

2000-аад оны үед боловсролын чиглэлээр бичиг үсэггүй, сургуулиас завсардсан хүүхдийг боловсролтой болгосон. Өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургалт явуулах, ажлын байраа өөрсдөө бэлтгэх зэрэгт өрх гэрийг сургасан. Ойрын жишээ гэхэд, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Орхон аймагт хүлэмжийн аж ахуйн төсөл амжилттай хэрэгжсэнээр олон хүн ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэгдүүлж чадсан.

-Цаашид цэгцэлмээр, өөрчилмөөр ажил юу байна вэ?

-Асуудал олон байна. Одоо идэвхтэй буюу ӨӨРИЙНХӨӨ БОЛОН БУСДЫН ТӨЛӨӨ БҮТЭЭЛЧ, ХҮЧТЭЙ БАЙЖ ЧАДАХ ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ БИЙ БОЛГОХ нь бидний дараагийн зорилт. Хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргааны түвшинг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлуудад илүү анхаарах хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо, сайн дурын ажил хийх нь маш чухал. Түүнээс биш төр, олон улсын байгууллага ажиллаад, ажиллаад үүнийг шийдэж чадахгүй.

- Товчхондоо, та “аминдаа арчаатай хүн, өрх”-ийн талаар яриад байна аа даа. Ийм хүн олон болж байна уу?

-Шууд хэлэхэд, арчаагүй хүний амьдрал дорой байдаг. Хүний сэтгэлгээ бүх зүйлийг бэлэнчлэх. Энэ сэтгэхүйг өөрчлөх маш хэцүү. Өөрчлөхийн тулд олон хүн хамтран, өөр хандлагаар ажиллах нь чухал.

-Өөрчлөлтийг хаанаас эхлүүлэх нь зүйтэй вэ?

-Гэр бүлээс. Нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж нь гэр бүл. Гэр бүл ямар байхаас хүүхдийн хүмүүжил, цаашлаад улс орны хөгжил ямар байх шалтгаалдаг. Иймд гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор манай байгууллага мэдлэг, хандлагын сайжруулах чиглэлээр нөлөөллийн ажлуудыг явуулж байна. Ингэснээр гэр бүлийн үүрэг, хариуцлага нэмэгдэх юм.

-Монгол хүүхдэд учирч болох эрсдэл олон байна уу?

- Ер нь хүүхдийн эрсдэл байсаар байгааг олон судалгаа, мэдээллээс харж болно. Өнгөрсөн жил Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Олон жилийн дараа л хүүхдээ хамгаалах хууль нь илүү боловсронгуй болж байна шүү дээ.

 Хүүхдээ үл хайхрах, сонсохгүй, анхаарахагүй байх хүчирхийлэл манайд түгээмэл байдаг.

Хүүхдийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Зөвхөн хүүхдийн хүчирхийллийн асуудлыг авч үзье. Хүүхдээ үл хайхрах, сонсохгүй, анхаарахагүй байх хүчирхийлэл манайд түгээмэл байдаг. Мөн Монгол хүний сэтгэхүйд хүүхдээ зодож шийтгэснээрээ хүмүүжүүлж байна гэх уламжлалт хандлага байдаг. Энэ бол хүчирхийллийн бас нэг ноцтой хэлбэр юм.

Манай монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэхээр аав, ээж нь архичин, салсан гэр бүлд илүү тохиолддог юм шиг ойлгоод байна. Магадгүй та ингэж бодож байгаа бол хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байгаа юм биш биз гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

-Хүүхдийн хөгжил, хамгаалалд өрхийн эдийн засгийн чадвахи чухал биз?

Арай гэж амьдралаа босгоод дээшлүүлж байтал гэнэтийн гал түймэр, гамшиг ослын үед өрх гэрээ сүйтгүүлж дахин эхнээс нь эхлэх шаардлагатай болдог.

-Манайх хүүхдийн байгууллага. Тэгсэн хэрнээ яагаад насанд хүрэгчдэд хандаж үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэж олон хүн асуудаг. Бидний бүх ажлын гол бай нь ХҮҮХЭД. Өрхийн даван туулах чадавхи гэдэг нь эцэстээ хүүхдийн асуудал дээр л буудаг. Тухайн өрх гадна болон дотоод эрсдэлд бэлэн байх нь хүүхдээ хамгаалж буйн нэг илрэл юм. Жишээ нь байгалийн гэнэтийн гамшиг ослын үед өрх гэр тэсч үлдэх нь гадаад нөхцөл, өрхийн эдийн засгаа нэмэгдүүлж орлого, зарлагаа зөв хуваарилж, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээгээ хангаж чаддаг байх нь дотоод нөхцөл юм. Ийм чадвартай гэр бүлийг бий болгох гэж бид зорьж байгаа. Арай гэж амьдралаа босгоод дээшлүүлж байтал гэнэтийн гал түймэр, гамшиг ослын үед өрх гэрээ сүйтгүүлж дахин эхнээс нь эхлэх шаардлагатай болдог.  Их харамсалтай. Давхар сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ч хохирдог. Ийм байдал үүсгэхгүй л байх, ийм зүйлд бэлэн байдлаа хангах нь чухал юм.

- МИНИЙ АЖИЛ 100 ХУВЬ ХАНДЛАГА ШААРДДАГ-



-Та англи хэлний багш мэргэжилтэй. Багшаас заах арга зүй ур чадвар шаардагддаг бол “Дэлхийн Зөн”-ийн ажилтан, зохицуулагчид ямар ур чадвар шаардлагатай байдаг вэ?

-Ямар ч ажил ур чадвар, мэдлэг шаардагддаг. Харин сүүлийн үед хандлага их чухал болжээ. 1 хувийн чадвар 99 хувийн хандлага гэж ярьж байна. Харин Дэлхийн Зөнгийн ажил бол 100 хувь сэтгэл, хандлага шаарддаг ажил юм.

-Та Дэлхийн Зөнтэй хэзээнээс холбогдсон бэ?

- 2010 оноос ажиллаж байна. Хамгийн доод шатны ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Анх “Дэлхийн Зөн”-ийн талаар ямар ч ойлголтгүй байсан. “ Дэлхийн Зөн”-ийн хийж байгаа ажил бүр утга учиртай, үнэ цэнэтэй байсан. Ажлаараа дамжуулж бусдад тусалж болохыг олж харсан.

Дэлхийн Зөн”-ийн хийж байгаа ажил бүр утга учиртай, үнэ цэнэтэй байсан. Ажлаараа дамжуулж бусдад тусалж болохыг олж харсан.

-Таныг анзаараад байхад байгууллагынхаа нэршлээр их ярих юм. Жишээ нь танай төсөл, хөтөлбөр, уриа их сонин нэртэй юм билээ . Энэ нь монгол хүний ойд шууд буухгүй юм. Та нар хэзээнээс энгийн байдлаар ярьж өөрсдийгөө зөв ойлгуулж эхлэх бол? Магадгүй ийм хэллэг та нарыг Хүүхдийн хөгжил рүү чиглэж ажилладаг гэдгийг чинь ойлгохгүй байх шалтгаан юм болов уу гэж би харж байна.

-Инээв. Бидэнтэй ойр ажилладаг хүмүүс сайн ойлгодог. Ажил мэргэжлийн онцлог хаана ч яригддаг. Бид багийн иргэдтэй их ойр ажилладаг. Тэдэнтэй энгийн хэллэгээр л ярьдаг.

- Хувийн чанартай зүйл асууя. Өнгөрсөн хугацаанд та бүхэн Монголын тогтворгүй, хайхрамжгүй улс төрийн нөлөөллөөс яаж ангид байж чадав аа. Эсвэл би анзаарсангүй юу? Улс төрчид сонгууль дөхөхөөр нийгэмд амжилттай яваа төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр дээр хамтарч өөрсдийн нэр төрөө өсгөж байгаа харагддаг.

-Бидний үйл ажиллагааны чиглэл улс төр, хувийн ашиг сонирхлоос ангид байдаг. Манайх ашгийн бус байгууллага. Гэхдээ бид манай шаардлагад нийцсэн хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байдаг. Бидний хамгийн ойр хамтрагчид бол төрийн бүхий л шатлалын байгууллагууд байдаг. Улс төрийн болон ашиг олох зорилгоор хамтарч ажиллах саналыг хүлээж авдаггүй ээ.

-Та байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар дүгнээд эцэст нь хэлбэл?

- Нэгд. Хүүхдийг 0-5 нас хүртэл нь эрүүл мэнд, 6-12 нас хүртэл нь сурч боловсрох, 13-18 нас хүртэл нь амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхэд нь илүү анхаарах ёстой байдаг. Үүнийг бүрэн утгаар нь хийж чадвал хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.

Хоёрт. Хүмүүс хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангасныгаа сайн аав, ээж гэж өөрсдийгөө боддог. Гэтэл хүүхдийн хэрэгцээ бидний бодсоноос эсвэл бодоогүй байснаас ч бага хэмжээний зүйл байдаг. Өрх гэрийн халуун дулаан уур амьсгал тэдний номер нэг хэрэгцээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж чаддаг иргэн, аав, ээж илүү олон илүү байгаасай гэж хүсэж байна.

Гуравт. Одоо бид өөрсөддөө, Монголчууд Монголчууддаа туслах, дэмжих цаг нь болсон. Хэн нэгний гар харалгүйгээр өөрсдийнхөө болон өрөөл бусдад туслах нь бидний улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм.

-Монголын мянга, мянган хүүхдийн төлөө ажиллаж байгаа танай хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.



БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ

ДЭЛХИЙН ЗӨН ОУБ- ДЭЛХИЙД : 1950 онд АНУ-ын сэтгүүлч Боб Пийрс Өмнөд Солонгос руу сурвалжлага хийхээр явах үедээ дайны хөлд нэрвэгдсэн хүүхдүүдийг хараад ихэд өрөвджээ. Хүүхдүүд хэнд ч “харьяалагдахаа” больж, эцэг, эхгүй, өнчин болохын сацуу сэтгэл зүйн хувьд тогтворгүй, айдастай, томчуудыг үзэн ядах сэтгэлтэй болсон байна. Тэрээр АНУ-д буцаж очоод дайнд нэрвэгдсэн бяцхан хүүхдүүднд туслах ажлыг эхлүүлсэнээр “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын үндэс суурь тавигдсан.

Ийнхүү хүнд нөхцөл дэх хүүхдэд туслах, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдгөө 100 гаруй оронд салбартай болжээ.

ДЭЛХИЙН ЗӨН ОУБ- МОНГОЛД : 1993 оны Бичин жилийн зуднаар Монгол Улсад 1.6 сая мал хорогдож малчдын амьдрал доройтон хүнсний хомсдол үүсч, хүүхдүүд сургууль завсардах зэрэг олон сөрөг үр дагавар бий болсон энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Зөн ОУБ-т ханджээ.

Дэлхийн Зөн-ийн анхны тусламж Говь-Алтай аймагт ирж 1995 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн байна. Өдгөө Монгол Улсад 28 салбар “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” –өө хэрэгжүүлж байна.

ДЭЛХИЙН ЗӨН ОУБ- ЭРДЭНЭТЭД:

2001 онд хөтөлбөрийн газраа нээн анхны зорилтот баг нь Говил багыг сонгож үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 3 хүнтэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хуучнаар Баян-Өндөр сумын ЗДТГ-н байранд байрлаж байсан. Анхны хэрэгжүүлж байсан төслүүд нь

- Хүнсний аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх

- Хүүхэд ивээн тэтгэлэг

- Боловсролд дэмжлэг үзүүлэх

- Өрхийн амжиргааг нэмэгдүүлэх (ногоожуулах)

- Хүүхдийн өсөлт, жингийн алдагдлыг бууруулах, халдвар өвчний эсрэг төслүүд

- Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах гэх мэт

Одоогоор гэр хорооллийн 15 багт үйл ажиллагаагаа төслүүдээрээ дамжуулан явуулж байна.

Гол төслүүд нь хүүхэд ивээн тэтгэлэг, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, гэр бүлийн сайн сайхан, өрхийн даван туулах чадвахийг сайжруулах, гамшгийнэрсдэлийг бууруулах. Нөлөөлөл, олон нийтийн оролцоо, сайн дурын үйл ажиллагаа

/ 2017-04-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц