© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-31-НД НИЙТЛЭГДСЭН
БОЛОВСРОЛД бүгдийг багтааж болно
БОЛОВСРОЛД бүгдийг багтааж болно
“Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Н.Энхтайвантай ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хоногт “Ээжийн бүүвэйтэй дууны хорвоо” дуун цэнгүүнийг зохион байгууллаа. Анх энэ санаа яагаад төрөв?

-Хүн амьдралдаа зарим зүйлийг хожуу ухаардаг юм болов уу. Сургууль, боловсрол, ажил гэсээр нэг л мэдэхэд ээжийгээ асрах, хайрлах ажлаа миний хувьд хойш нь тавьчихжээ. Ээж “Намайг ойлгож байгаа юм чинь яахав ээ” гэсэн байдлаар ханддаг байж. Ээжийгээ асарсан уу, ээжийнхээ ачийг хариулсан уу гэх бодол хожим хойно бодогдох юм. Энэ хорвоо дээр үрийнхээ төлөө амь насаа хайрлахгүй зүтгэдэг хүн бол ээж. Бурхан бурханаас төрдөггүй. Бурхан ээжээс л төрдөг. Энэ хорвоогийн бүх амьд амьтан бүхэн ээжээс л төрдөг.
Бурхан бурханаас төрдөггүй. Бурхан ээжээс л төрдөг. Энэ хорвоогийн бүх амьд амьтан бүхэн ээжээс л төрдөг
Ээж хүн болгон тэнгэрийн хүн. Тиймээс тэднийг алдаршуулах, баярлуулах үйлсийг хийх ёстой гэсэн зорилго надад байсан. Ингээд өнгөрсөн онд “Ээжийн тухай дууны уралдаан”-ыг Эрдэнэт хотдоо анх удаа зохион байгуулсан. Уралдааны дараа “Миний бурхан ээж” нэгдсэн концертыг зохион байгуулж, 1000 ээжийг урилгаар энэ арга хэмжээнд оролцуулсан. Сая “Ээжийн бүүвэйтэй дууны хорвоо” тоглолт хийлээ. Тоглолтод олон хүүхэд төрүүлсэн алдарт 1000 ээжүүдээ хүндэтгэн урьсан. Сэтгэл, хайр, зүтгэл шингэсэн болохоор тоглолт маань их сайхан болсон. Тоглолт үзэж сонирхсон ээжүүд маань сэтгэл өндөр, зарим нь нүдэндээ нулимстай байсан. Олон ээжүүдэд би үнсүүллээ. Тэнгэрийн орноос ээж маань энэ сайхан тоглолтуудыг үзээд баярлаж байгаа даа гэж бодож байна. Ээжүүдийн минь өргөсөн сүүн цацлаар Эрдэнэт хот маань хөгжиж дэвжиж улам сайхан болж байгаа.

-Ээжийнхээ ачийг та өөрийгөө хариулсан гэж боддог уу?

-“Шүүдрийн дуслыг түүж цай чанаж ээжийдээ уулгасан бол нэг шөнө босож мөөмөө хөхүүлсэн ачийг нь хариулдаг” гэж манай ард түмэн ярьдаг. Тэгэхээр эх хүний ачийг хариулж дуусашгүй гэдгийг ардын үнэн үг хэлж байна. Харин эх хүн үр хүүхдээсээ “Миний ачийг хариулсан” уу гэж хариу хэзээ ч нэхдэггүй. Хүү нь өсөж том болоод сайн сайхан амьдарлаа авч явааг нь хараад ээжүүд баярладаг. Энэ хорвоод ирээд өндөр боловсрол мэргэжил эзэмшээд, сайн ажилтай, хамт олонтой, сайхан гэр бүлтэй, улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулан зүтгэж яваа минь, бусдын сайн сайхны төлөө өөрийн зүгээс тодорхой хэмжээгээр туслаж дэмжин яваа минь ээжийнхээ ачийг тодорхой хэмжээгээр хариулж байна гэж боддог. Бид эхээсээ наймуулаа. Бүгдийнх нь ажил, амьдрал сайхан яваа. Энэ утгаараа бид ээжийнхээ ачийг тодорхой хэмжээгээр хариулжээ гэж бодож байна.

-2014 онд “Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын зүгээс ямар ажлыг зохион байгуулав? Энэ дундаас аль ажил нь оны 9 алдартан болоход нөлөөлөв?

-Өнгөрсөн онд би Эрдэнэт хотдоо “Ном эрдэм – Хөгжил ирээдүй” нэртэй 10 мянган номын үзэсгэлэнгээ анх удаа гаргасан. Энэ бол миний 20 жилийн хөдөлмөр. Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа оюутан сурагчид, иргэд ирж үзээд талархсан, бахархсан сэтгэлээ илэрхийлсэн. “Ном цуглуулах, номонд дуртай байх нь ямар сайхан юм бэ, үзсэн хүн бүр сэтгэл хангалуун гарч байгаа болохоор 20 жил зүтгэж ном цуглуулсаны үр дүн гарч байна даа”гэж бодсон. Эрдэнэтээ хөгжүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр зорьж байгаа.
Эрдэнэтийн хөгжлийн асуудлаар илтгэлийн уралдаан зарласан. Эрдэнэтчүүд маань Эрдэнэт хотоо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээх юмсан гэсэн итгэл зүтгэлээр дүүрэн байдаг нь эндээс харагдсан
Үүний нэг нь “Дэлхийн соёл Эрдэнэтийн хөгжил” сарын аян юм. Энэ аяныг 3 хүрээнд явуулсан. Эрдэнэт хотод өндөр боловсролтой, гадагшаа явж суралцсан хүмүүс маш олон байдаг. Тэдний явсан газартаа авсан тэр зургаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Энэ ажилд Эрдэнэтчүүд идэвхтэй оролцсон. Үүний зэрэгцээ оюутан залуусын дунд “Эрдэнэт хотоо хөгжүүлье” зохион бичлэгийн уралдаан зарласан. Мөн эрдэмтэн, багш, судлаачдын дунд Эрдэнэтийн хөгжлийн асуудлаар илтгэлийн уралдаан зарласан. Эрдэнэтчүүд маань Эрдэнэт хотоо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээх юмсан гэсэн итгэл зүтгэлээр дүүрэн байдаг нь эндээс харагдсан. Эдгээр хүмүүсийн бүтээл болон зохиолтой танилцаад сэтгэл их хөдөлж, Эрдэнэт хот маань цаашдаа улам их хөгжинө гэсэн итгэлийг эндээс олж харсан. “Гоё лиг” сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг ивээн тэтгэж, Говил багийн ахмадуудыг “Аглагийн бүтээлийн хийд”-тэй танилцах аялалыг зохион байгуулсан. Орхон аймгийн залуучуудын “Алхам бүрийн амт” арга хэмжээг дэмжиж ажилласан.

-Та 2014 онд хэлний чиглэлээр нэлээд сонирхолтой ном, тохимолуудыг хийсэн байсан?

-Би хэлний хүн биш л дээ. Би эдийн засагч мэргэжилтэй. Гадаад эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр ГХЯ, Элчин сайдын яам, Худалдаа, үйлдвэрийн яам гээд төрийн байгууллагуудад олон жил ажилласан. Өнгөрсөн онд би 6 ном гаргасан. Англи хэл сурах хөзрөн ном гаргасан. Үүнийг хүүхэд залуучууд их дуртай хүлээж авсан. Мөн Англи хэлний100 захидал ном гаргасан. Энэ 100 захидлыг цээжилсэн хүн англи хэлний шалгалтад ороход боломжийн оноо авчих хэмжээнд бодож өөрийнхөө амьдралын туршлага дээр тулгуурлаж хийсэн.
 Монгол-англи-хятад хэлний толь бичиг гарсан. Энэ бол миний олон жилийн хөдөлмөр.
Мөн “Ээжийн бүүвэйтэй дууны хорвоо” ээжийн тухай сэтгэлд хүрсэн дуунуудыг багтаасан ном эмхэтгэн гаргалаа. Энэ номыг энэ жил 2 дахь удаагаа шинэчлэн гаргасан. Монгол-англи-хятад хэлний толь бичиг гарсан. Энэ бол миний олон жилийн хөдөлмөр. Нэг толь бичиг бүтээхэд их хугацаа шаарддаг юм билээ. Удаах ном нь “Амжилтад хүрэх ийм амархан гэж үү” ном хятад хэлнээс орчуулсан. “Монгол орноор аялах хөтөч” гэдэг номыг хятад хэл дээр гаргасан. Үнэнийг хэлэхэд хятадууд манай орны талаар муухан мэддэг. Эх орноо, түүх соёлоо, ёс заншлаа хятадуудад мэдүүлэхийн тулд энэхүү номыг гаргасан юм. Энэ ондоо багтаад 3-4 ном гаргахаар ажиллаж байгаа.

-Өнөөгийн залуусаас та юуг хүлээж байна вэ? Одоогийн залуусын боловсрол өндөр гэж боддог уу. Зарим тохиолдолд шүүмжлэлтэй ханддаг уу?

-Би боловсролыг Монгол Улсын тусгаар тогтнолтой холбож ойлгодог. Тухайн орон өндөр боловсролтой ард иргэдтэй байж гэмээнэ тусгаар тогтнол тэр хэмжээгээр баталгааждаг. Өөрөөр хэлбэл, боловсролтой байвал тухайн орон хөгжилтэй, эдийн засгийн чадавхи боломж өндөр байна. Эдийн засгийн чадавхи боломж өндөртэй байж хэн нэгнээс, аль нэгэн орноос хамааралгүй байж чадна. Энэ утгаараа боловсрол бол тусгаар тогтнолын баталгаа. Мөн хувь хүний амьдралын хамгийн найдвартай баталгаа. Амьдрал дээр боловсролтой хүнийг хэн ч дээрэлхэж чаддаггүй. Харин боловсролгүй мөртлөө дарга болсон хүнийг хүмүүс хүндэлдэггүй.
Өөрөөр хэлбэл, боловсролтой байвал тухайн орон хөгжилтэй, эдийн засгийн чадавхи боломж өндөр байна
Монголын залуучууд өндөр боловсрол эзэмшиж, гадаад дотоодод их сурч байгаа. Боловсролыг дэмжих тодорхой ажлууд төр засгийн түвшинд хийгдэж байгаа. Гэхдээ энэ хангалтгүй. Боловсролыг хөгжүүлэхийн тулд хийх ажил их байгаа. Үүнд хувь нэмрээ өөрийнхээ хэмжээнд оруулахын төлөө зүтгэж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа 3 дээд сургууль, 4 ерөнхий боловсролын сургуульд боловсрол, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн талаар лекц яриа хийсэн. Хүн бүр өөрийнхөө түвшинд боловсролын талаар олж авсан мэдээлэл туршлагаа бусдад түгээх нь бидний зүгээс эх орныхоо хөгжилд оруулж чадах хамгийн энгийн хувь нэмэр билээ.

-Цаашид таны бодож, төлөвлөж байгаа ажлын талаар сонсоё?

-Би нийгмийн бүх л салбарт аль болох хүрэх бодлого барьдаг. Ахмадууд, дунд үе хүүхэд залуучууд, түүн дотор эмэгтэйчүүд. Мөн урлаг, спортынхон гээд нийгэмд ийм чиглэлээр өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Иймээс өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцлох 10 ажил дээрх салбаруудад хүрэхийн төлөө чиглэсэн. 
Энэ 4 сарын 11-нд Эрдэнэтийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд математикын олимпиад зохион байгуулна.
Эдгээр салбар чиглэл дотроо би боловсролыг хамгийн түрүүнд чухалчилдаг. Улс орны хөгжлийг эдийн засаг гэдэг утгаар нь биш боловсрол гэдэг утгаар нь харж чадах хэрэгтэй. Боловсролд бүх зүйлийг багтааж болно. Боловсрол дотор эрүүл мэнд, урлаг, хүний мөн чанар, ёс суртахуун бүгдийг багтааж болно. Энэ жил олон ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Сая 1000 ээж нартаа зориулаад хүндэтгэлийн концерт зохион байгууллаа. Яг одоо гадаадын дуу дуулаачдын уралдааныг Арт интертэймэнт студитэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ 4 сарын 11-нд Эрдэнэтийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд математикын олимпиад зохион байгуулна.

-Хүн чанарын тухай яръя. Нийгэм хөгжлөө дагаад хүний мөс чанар өөрчлөгддөг гэдэгтэй санал нийлэх үү? Хүн чанар гэж таны бодлоор юу вэ?

-Хүн чанар бага насанд нь тогтдог гэж ойлгодог. Ээж, ааваасаа авсан хүмүүжил, насан турш хүнд хэрэг болдог. Тэр нь амьдралыг нь зааж чиглүүлдэг гэж боддог. Миний аав “Миний хүү тусалж чадах бүх зүйлээрээ хүнд тусал. Бүх зүйлд сэтгэл зүрхээ шингээ. Чадахгүй байсан ч түүнд сэтгэлээрээ ханд” гэж захидаг байсан.
Хүн чанар гэдгийг аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ хандахыг хэлнэ
 Хэдий чинээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ тэр хэмжээгээрээ бусдад тус дэм болж чадна. Чадах зүйлээрээ туслах, аливаа зүйлд сэтгэл гаргах гэдэг нь хүний үнэт чанар юм болов уу. Энэ захиас миний тархинд мөнхөд хадгалаастай байдаг. Хүн чанар гэдгийг аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ хандахыг хэлнэ. Би хувьдаа амьдралдаа 5 зарчим баримталдаг. Үүнийгээ л байнга мөрдөж амьдардаг.

-Эрдэнэт хотын Морин жилийн 9 алдартны нэгээр тодорч өргөмжлөл гардаж байх тэр мөчид танд юу бодогдож байсан бэ?

-Шагнал шагналын дотроос ээжийн минь үнсэлтээс илүү сайхан шагнал гэж үгүй гэж нэгэн нэртэй хүн хэлсэн байдаг. Нутгийн минь энэ сайхан шагнал ээжийн минь үнсэлттэй адилхан сайхан байсан. Нутгийн ардын захисан захиас, хүлээлгэсэн итгэл хамгийн хүндтэй, бүхнээс эрхэм байдаг. Энэ шагнал надад захиасаа хэлсэн Эрдэнэтчүүдийн шагнал гэж ойлгож байна.

-Та Эрдэнэтийн хүүхэд. Хүүхэд насны сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг 8 настай байхад манайх Завхан аймгаас Эрдэнэтэд шилжиж ирсэн. Анх шилжиж ирээд тухайн үед гэр хороололд сургууль байхгүй гэрт анх хичээлээ хийдэг байлаа. Гэрт хичээллэхэд хөгтэй тохиолдол зөндөө гарна. Ялангуяа өвлийн улиралд гэрт гал түлж, утаа их гардаг. Өглөө ээлжээр ирж галаа түлдэг. Утаа их гарахаар бүх сурагчид нь гэрийн хөшигний араар орчихдог. Хүүхдүүдийн нүд утаанд хорсоод багш хичээлээ заах боломжгүй үе байсан. Би Эрдэнэтийн 3 дугаар 8 жилд наймдугаар ангиа төгссөн. 4 дүгээр 10 жилд 10 дугаар ангиа төгссөн. Гэр хороололд хүүхэд нас маань өнгөрсөн. Гэр хороололд усны машин ирэхгүй, худаг байхгүй байсан үе л дээ. Урагшаа бидний нэрлэдэгээр баастын гол руу чарга чирч мөс хагалж, хоолныхоо устай залгадаг байлаа. Түлээгээ хөрөөднө, чулуугаар байлдана. Энд өнгөрүүлсэн хүүхэд насны минь эдгээр дурсамж миний амьдралын сайхан дурсамжуудын нэг хэсэг.

-Эрдэнэтийн гэж нэрийддэг хүмүүс оюунлаг, аливаа зүйлд манлайлагч байдаг гэж би ойлгодог. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Ер нь Монголын еврейчүүд Эрдэнэтэд цугларсан гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, хамгийн хөдөлмөрч, оюунлаг хүмүүс Эрдэнэтэд байгаа. Харин Эрдэнэтийн энэ том хүчийг илүү боломжоор нээж өгөх ёстой. Ганц “Эрдэнэт” үйлдвэрээ бараадах биш өөр олон үйлдвэр, ажлын байрыг бий болгох ёстой.Эрдэнэтэд ажлын байр байхгүй, ажилгүй гэдэг зүйл байх ёсгүй. Монгол улсын, магадгүй дэлхийн хэмжээнд ажилгүйдлийн асуудлыг бүрэн шийдсэн хот гэдгээрээ дэлхийд “брэнд” болж үлгэр жишээ болох боломж манай Эрдэнэтчүүдэд байгаа. 1980-1990-ээд онд их бүтээн байгуулалт өрнөж, Эрдэнэтийн хамгийн сайхан өнгө үзэмжтэй барилгууд сүндэрлэсэн. Биднийг хүүхэд байхад Эрдэнэт хот маань цэвэрхэн хот байсан. Ер нь Эрдэнэт хотоо улам төлөвлөгөөтэй хөгжүүлэх шаардлага байгаа гэдэгтэй хүмүүс санал нэгдэх байх.Эрдэнэт хотоо Улаанбаатар шиг утаатай хот болгочихмооргүй байна.Эрдэнэт хотдоо залуучууд руу чиглэсэн залуучуудын хөгжлийн төв, кино театр гээд хийх зүйлүүд их байна. Биднийг сурагч байхад 2000 онд гэхэд Эрдэнэт гэргүй хот болно гэдэг байсан. Гэргүй хот биш юм гэхэд утаагүй хот болох ёстой. Ер нь хийх зүйл их байна.

-Та бидний ярилцлага өндөрлөж байна. Төгсгөлийн асуултыг танд үлдээе.

-Хүн бүр мөрөөдөлтэй байдаг. Эрдэнэтчүүд минь, иргэн бүр мөрөөдөлтэй байгаа. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүн бүр боломжоороо хичээн зүтгэж байгаа. Эрдэнэт хотын минь ард иргэдийн энэ гэрэл гэгээтэй сайхан мөрөөдөл биелэх болтугай гэж хүсэн ерөөе. “Шинэ мэдээ” сонины уншигчдын мэлмий тунгалаг, гэрэл гэгээтэй хөгжилтэй, сайн сайхан бүх мэдээллийг авч байгаасай гэж хүсье. Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд сэтгэлээсээ оролцож, намайг тусалж дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“ШИНЭ МЭДЭЭ” СОНИНЫ
СЭТГҮҮЛЧ Б.ТУЯА
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-03-31
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц