© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-09-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Идэрсайхан: 14 жилийн дараа эрэгтэй баг түрүүллээ
Б.Идэрсайхан: 14 жилийн дараа эрэгтэй баг түрүүллээ
2015 оны залуучуудын УАШТ-ний үеэр Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн чөлөөт бөхийн багш, спортын мастер Б.Идэрсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Танай эрэгтэй бөхчүүд багийн дүнгээр түрүүлсэнд баяр хүргэе...?

Баярлалаа, би өөрөө ч баяртай байна, хүүхдүүд маань ч бүгдээрээ баяртай байна. Орхон аймгийн залуучуудын эрэгтэй баг 2001 онд залуучуудын УАШТ-нд багаараа түрүүлж байсан, тэгээд 14 жилийн дараа манай сургуулийн баг нэгдүгээр байр эзэллээ, шавь нартаа бүгдэд нь талархаж байна. 8 хүүхэд барилдаад 5 нь медаль авлаа. 84 кг-ын жинд Д.Төгс-Эрдэнэ, 96 кг-ын жинд Г.Төрмөнх нар түрүүлж өнгөрсөн жилийн мөнгөн медалиудынхаа өнгөө сайжрууллаа. 96 кг-ын жинд Б.Бямба-Эрдэнэ мөнгө, 66 кг-ын жинд Б.Эрдэнэ-Очир, 74 кг-ын жинд М.Цогтгэрэл хүрэл медаль авлаа. 96 кг-ын жинд манай хоёр хүүхэд шувтаргын барилдаанд өрсөлдлөө. Эмэгтэй бөхчүүд маань ч итгэл алдсангүй, 59 кг-ын жинд Х.Болортуяа мөнгө, Э.Оюун-Эрдэнэ хүрэл, 44-ын жинд Б.Хонгорзул хүрэл медаль авсан. Манай сургууль төгсөөд өнгөрсөн жил “Хангарьд” клубт шилжин очсон Б.Нямгэрэл маань залуучуудын УАШТ-нээс 5 дахь алтан медалиа хүртлээ.

Урьд нь Хүүхдийн спортын наадам, өсвөр үеийн УАШТ-нээс тус бүр алт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-нээс алтан медаль авсныг нь нийлүүлбэл УАШТ-нээс 8 дахь алтан медалиа авсанд нь шавьдаа баяр хүргэж байна. Цаашид илүү их амжилт гаргана гэдэгт нь итгэж байна.

-Б.Нямгэрэлийн тухай дэлгэрэнгүй яриач, хэзээнээс барилдаж эхэлсэн, ямар амжилтууд гаргав, ямар дархан мэхтэй гээд л...?

-2007 оны намар аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын спартакиад болж тэр үед би дасгалжуулагч болохоор барилдчихмаар охид харж явлаа. Гэтэл урт гартаа, биерхүү охин нүдэнд содон тусахаар нь танилцаад барилдах уу гэлээ, гэсэн ямар бөх гэж асуулаа. Чөлөөт бөх гэхэд аавтайгаа ярилцаж байж шийдье гэсэн. Гурав хоногийн дараа аав нь дагуулан ирж чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийх болсон. Тэр үед 12 настай байсан. Ярилцаад байх нээ аав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул, сумын заан цолтой гэж хэлэхэд нь, ямартай ч бөхийн удамтай юм байна гэж их олзуурхсан. Тэр цагаас хойш бараг найм дахь жилдээ барилдаж байна.Өнгөрсөн хугацаанд Б.Нямгэрэл маань Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс 2011 онд Тайланд улсын Бангкок хотод хүрэл, өсвөрийн ДАШТ-нээс 2011 онд Унгар улсын Зомбаттелли хот, 2012 онд Азербайжан улсын Баку хотод хүрэл, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд Тайланд улсын Пукет хотод хүрэл, 2014 онд Улаанбаатар хотод мөнгө, 2014 онд Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн.

Эх орондоо болдог “Mongolia Open” олон улсын тэмцээнээс хошой хүрэл медаль бас авсан юм байна. Энэ жил залуучуудын тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс юм дуулгах байх гэж горьдож байна.Б.Нямгэрэл хоёр гартаа их бяртай, мөрөндөө бас бяртай. Энэ давуу байдлаа ашиглаж барилддаг, давхар хамах мэхэндээ гаршиж байгаа, баруун хөл шайгаар авдаг, зүүн хөл тойрч авдаг, сугадаж тахимдаад дэвжээнээс түр гаргах мэхийг сайн хийдэг, толгой уургалж барилдах их дуртай. Хэвтээ барилдаанд дэвжээтэй шахаж эргүүлэх мэх хийнэ, заримдаа хөлийг хэрээслэн барьж эргүүлэх мэх хийнэ. Одоо мэхнээс мэхэнд түргэн шилжилт хийх, хоёроос гурван угсраа мэх хийж сургахад анхаарч байна. Хав барьцаас алдаа гаргачихдаг, үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд казахстаны бөхийн дархан мэхэнд орж харамсалтай ялагдсан...?

-Тийм явдал болсон, насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн өсвөрийн 3, залуучуудын 2 удаагийн аварга Е.Ларионова гэдэг шилдэг бөхөөс 4 оноо илүү явж байсан. Тэр үед шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, манай Ч.Раднаабазар багш бид хэд наад Казахстаны бөх чинь зүүн гар уургалж шиддэг, зүүн гараараа сугадаж болохгүй шүү гэж хэлээд байлаа, гэтэл зүүн гараараа сугадаж барьсанд нь орж шидүүлж ялагдсан. Би тэр үед их харамссан ч бөх хүн ялалтаас илүү ялагдлаас их юм сурдаг гэж дотроо бодоод өнгөрсөн. Би тэр алдаанд өөрийгөө буруутгадаг, тэр барилдаанаас хойш барилдааны төгсгөлд оноо илүү үед, оноо тэнцүү үед, оноо дутуу үед ямар тактиктай барилдах талаар сургалтдаа онцгой анхаардаг болсон Тэр барилдаан Б.Нямгэрэлд гашуун сургамж болсон гэж болдог. Тэр тэмцээнээс хойш өрсөлдөгчдөө мэх хийдэг барьцыг нь өгөхгүйг хичээдэг болсон байна лээ.

-Та хэд дэх жилдээ дасгалжуулагч хийж байна вэ?

Булган аймгийн хүн, 1982 онд аймгийн төвд төрсөн, 1999 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд арван жилийн дунд сургууль төгсөөд “Аврага” биеийн тамирын дээд сургуульд элсэж 2005 онд дүүргэсэн. Дараа нь Орхон аймгийн “Хангарьд” клубд туслах дасгалжуулагч, аймгийн Засаг даргын газрын Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч хийж байгаад 2009 онд манай сургууль нээгдэхэд багшаар ирээд ажиллаж байна. Одоо чөлөөт бөхийн төрлөөр 33 хүүхэд, түүний дотор 6 эмэгтэй хүүхэд суралцаж байна. Аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх чөлөөт бөхийн дугуйланг хариуцан хичээллүүлдэг, нийтдээ жараад хүүхэдтэй ажиллаж байна.Яагаад чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн бэ гэхлээр, 1997 онд Гавьяат тамирчин Ц.Нацагдорж багшийн шавь болж барилдаж байлаа.

Залуучуудын УАШТ-нээс мөнгө, хүрэл, Бүх ард түмний спартакиадаас 2008 онд, З.Ойдов гуайн нэрэмжит олон улсын тэмцээнээс 2003 онд тус тус хүрэл медаль авч байсан, спортын мастер цолтой. Насанд хүрэгчдийн УАШТ-нд дөрвөн удаа хүрэл медалийн төлөө барилдаж ялагдаад Бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль авч маш их баярлаж явсан. Ц.Нацагдорж багш маань эхлээд БНХАУ-д, дараа нь АНУ-д явж би дасгалжуулагчгүй болоод чөлөөт бөх барилдахаа больсон. Идэр залуу байхдаа тив, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаж медаль авна гэж мөрөөддөг байлаа, тийм болохоор мөрөөдлийг маань шавь нар маань биелүүлэх байх гэж найддаг. Эхнэр Б.Мягмарсүрэн маань уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг, охин маань дунд сургуульд сурдаг, хүү маань цэцэрлэгт явдаг.

-Таны цаашдын ажил төрөлд амжилт хүсье.

Ярилцсан Д.Өлгийсайхан
Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
/ 2015-03-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц