Тэргүүлэгчдийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэв

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, аймаг орон нутаг, цаг үеийн 13 асуудал хэлэлцэв.

Хуралдааны эхэнд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл орон нутгийн өмчид эд хөрөнгө олж, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах журам батлах тухай, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай журмыг танилцуулж хэлэлцүүллээ. Журмын төслүүдийг хэлэлцээд, Тэргүүлэгчдээс гаргасан саналыг тусган тогтоолыг баталлаа.

"Хөх монгол" цогцолбор ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийг батлав

"Хөх монгол" цогцолбор ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва ажиллах ба бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Д.Мөнхбат, Д.Дэлгэрбаяр, Д.Батбаяр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дашравдан, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, ОНӨГ-ын өмчийн бүртгэл, хяналт хариуцсан ахлах мэргэжэлтэн Ц.Эрдэнэчимэг, нарын бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Хуулийн зөвлөх, хүний нөөц хариуцсан ажилтан П.Одгэрэл нар ажиллахаар болжээ.

Ундны усны эх үүсвэр эрүүл ахуйн бүсийг тогтоов

Манай аймагт ундны усны эх үүсвэр бүхий гүний 10 худаг байдаг. Монгол улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.1.2, 17 дугаар зүйлийн 17.4, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Баян-Өндөр сум, Жаргалант сумын ундны ус хангамжийн эх үүсвэрүүдийн эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалах бүсийг 200 метрээс багагүй зайд байхаар шийдвэрлэв. Үүнээс гадна Эрдэнэт хотын ундны усны эх үүсвэр 7а хорооллын ойролцоо байдаг ч өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй барилга байгууламж баригдсан байдаг. Тиймээс энэ орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг оруулж ирэхийг холбогдох мэргэжилтнүүдэд даалгалаа.

Төрийн шагналд уламжлав

Аймгийн эрүүл мэнд, боловсрол, гааль, хяналт, зэвсэгт хүчин, зам тээвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв.

Үүнд: "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолоор 1, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор 5, "Алтан гадас одон"-оор 21, "Цэргийн гавьяаны одон"-оор 1, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 25 хүнийг тус тус шагнуулахаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Нэрэмжит сарын аяны төлөвлөгөөг баталлаа

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлын V сард хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Ирэх сарын ажлыг Б.Отгонбат даргатай аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо зохион явуулах бөгөөд аймгийн ИТХ-аас Төсөв, санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн явц байдалтай танилцах, Төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд дүгнэлт хийх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр батлагдлаа

“Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 9.1.4. 9.1.9-д “Багийн ажлын албаны ажиллах нөхцөлийг сайжруулан, баг хөгжүүлэх, иргэдтэйгээ ажиллах хөтөлбөртэй болгон ажиллуулна”, “Сум баг хөгжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн онцлогтой холбон гаргаж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсний дагуу “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулан өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

“Сүүлийг жилүүдэд манай аймгийн хүн ам өсч 2016 оны 4-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд суурин хүн ам 101.9 мянга, өрх 28.2 мянгад хүрсэн нь 2015 оныхоос хүн амын тоо 3.2, өрхийн тоо 0.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна улсын хэмжээнд засаг захиргааны 1 анхан шатны нэгжид дунджаар 554 өрх, 1985 хүн ам ноогдож байгаа бөгөөд манай аймгийн тухайд 1 багт дунджаар 1175 өрх, 4246 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас өрх, хүн амын 2.1 дахин их байгаа нь багийн хөгжлийг бодитой дэмжих нэг үндэслэл болж байна. Иймээс ч төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхижүүлэн, иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино” гэдгийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ дарга Ш.Ганболд хэлж байлаа.

"Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав.

Видео мэдээ:


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй