- Банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан хүн гэнэт хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллах болсон нь ихээхэн сонирхолтой санагдаж байна. Энэ асуултаар яриагаа эхлэе?
- Хоол үйлдвэрлэлийн салбарт орсон түүх минь их дурсамжтай. Гэр бүлийн найз маань рестораны бизнес рүү орох шийдвэр гаргаж байгаагаа хэлж, хамтран ажиллах санал тавьсан юм. Хотоос “Сакура” рестораны ахлах тогооч ирж ажиллах боломжтой, санхүүгийн мэдлэгтэй хүний хувьд чамтай хамтаръя л гэсэн л дээ. Банк санхүүгийн байгууллагад олон жил ажилласан болоод ч тэр үү, би эрсдэлээ түрүүлж хардаг, хайрцаглагдсан хүн байлаа. Ингээд найзынхаа саналыг шууд хүлээж аваагүй, тооцоолол хийж үзье, судалъя гэсэн хариуг өгсөн. Ахлах тогоочийг хотоос ажлын байртайгаа танилцахаар ирэхэд нь материал татан авалт, хоолны материалын өртөг тооцоо, ажиллах хүний нөөцийн тоо гэх мэт нарийн зүйлсээ тодруулсны үндсэн дээр рестораны санхүүгийн бүтэн жилийн бизнес төлөвлөгөөг хийж үзээд, орлогоо хамгийн багаар хийхэд, наанадаж 6 сарын дараа оруулсан мөнгөө олох юм байна гэдэг тооцоолол гаргасны үндсэн дээр найзынхаа тавьсан саналыг хүлээн авсан. Энэ төсөөлөл маань ч хол зөрөөгүй ээ. Эрсдлээ түрүүлж тооцдог хүний хувьд муугаар бодоход 100 хувь алдагдал хүлээхгүй, 50 хувь алдах юм даа гэж бодож анх бизнесийн салбарт хөл тавьж байлаа. Хамтын бизнес маань 3-4 жил тогтвортой үйл ажиллагаатайгаар Анир ялдам гэдэг нэрээр хэдийнээ үйлчлүүлэгчдийнхээ дунд хоногшсон бизнес болж чадсан. Гэр бүлийн найзууд тул жил, жилээр ээлжлэн бизнесээ авч явж ирсэн. Анх 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ресторанаа нээж байсан. Нээлт хийгээд 2 дахь өдрөө ид бужигнаж байтал ковид цар тахлын онцгой үе таарч, улсын хэмжээнд онцгой байдал зарласан тул хаалгаа барихаас аргагүйд хүрсэн дээ. Хэцүү цаг үед нээгдсэн маань магадгүй бизнесийн салбарт үлдэх үү, үлдэхгүй юу гэдгээ шийдвэрлэх анхны том сорилт байж, өдий хүртэл оршин тогтнохын үндсэн суурь болж өгсөн юм болов уу даа. Магадгүй энэ үе биднийг илүү хурцалсан байх.
- “Анир ялдам” нэрээр нь Эрдэнэтчүүд сайн мэддэг байсан шүү дээ. Саяхан “Мико суши” рестораны франчайз эрхийг эзэмшиж, дахин шинэ өнгө төрхтэй нээлтээ хийлээ. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
- 2024 оны 03 сард бизнесийн хамтрагч нар маань компанид эзэмшдэг өөрсний хувиа худалдахаар манайд санал тавьсны дагуу компаниа 100 хувь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Компаний хувьцааг 100 хувь эзэмшиж, дангаараа шийдвэр гаргах боломж бий болсон тул өөрийн гэсэн дахин давтагдашгүй амт, үйлчилгээтэй гоё ресторан бий болгоё гэж зорьсон юм. Юуны түрүүнд дэлхий дахинаа хамгийн эрүүл зөв хоол гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Япон хоолны соёлыг Эрдэнэтийн ард иргэддээ амт чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд СУШИны МИКО гэдгээрээ алдаршсан Монголдоо Япон хоолны мэргэжлийн ур чадвараараа номер 1 гэгддэг Мэнджаргал мастертай очиж уулзаад надад Франчайз эрхээ зараач гэж санал тавьсан. Өмнө нь Мэнджаргал мастертай Хүннү Калм рестораны 5 жилийн ойн баяр дээр суши хийхээр уригдан ирээд ажиллаж байхад нь танилцаж утсаа солилцсон байсан л даа. Мэнджаргал мастер маань франчайз салбар өмнө нь нээж байгаагүй, ганц удаа л арга хэмжээн дээр тааралдаж танилцсан бүсгүй гэнэт Эрдэнэтээс зорьж очиж уулзаад франчайзаар хамтарч ажиллая гэсэн саналыг тавихад сэтгэл нь их хөдөлсөн гэж нээлт хийсний дараа хуучилж байсан. Саналыг маань маш гоё хүлээж авч, зоригтой мундаг бүсгүй байна, хамтарна аа гээд л бид 2 шууд гэрээний ажилдаа орж байсан. Бид хамтарснаар Эрдэнэт хотынхоо иргэдэд Япон хоолны соёлыг утгаар нь нэвтрүүлэх боломж бүрдсэн гэх үү дээ. Улмаар рестораныхаа үйл ажиллагааг бүтэн дөрвөн сарын турш зогсоож, 04 дүгээр сарын 01-нээс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийж, тавилга тоног төхөөрөмжүүдээ бүрэн шинэчилсэн. Банк бус байгууллагын болон даатгалын компанийн салбарын захирлын албан тушаалыг ажлуудаа хүлээлгэн өгч, ресторандаа 100 хувь өөрийгөө дайчлахаар шийдвэрлэсэн. Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг дээ. Миний энэ насны амьдралд тохиосон сонирхолтой, гайхалтай, үнэ цэнтэй бүхэн одоо л эхэлж байна.
- Хүний амьдралд олон сонголт бий. Харин тэрхүү сонголт зөв үү, буруу юу гэдэг үр дүнг харахад урт хугацаа шаарддаг. Таны хувьд сурсан мэдсэн салбараа орхиж, эрсдэлтэй бизнест хөл тавиад удаагүй байхдаа ковид цар тахалтай нүүр тулжээ. Хаалгаа барих үед ямар мэдрэмж төрсөн бол?
- Тухайн үед би хувийн бизнес эрхэлж үзээгүй байлаа. Гэтэл яг үнэндээ хувийн бизнест хөл тавьж, рестораны үйл ажиллагаа хариуцаад ирэх үед аз жаргалыг мэдэрсэн. Ковидын үед нээгдсэн тул сул зогсолт явагдаж, ажилчдынхаа цалин хөлсийг яах вэ гээд хэцүү байсан ч “Энэ олон хүнийг цалинжуулаад, тэдний гэр бүлийн ачаанаас үүрэлцэж байгаа шүү” гэдэг мэдрэмж үнэхээр гоё байсан. Миний хувьд рестораны бизнесээсээ гарч чадахгүй, бүр ахьсан түвшинд ажиллахаар сэтгэл шулуудсан шалтгаан нь “Хоол өөрөө хайр” гэдгийг гүн гүнзгий ухаарсан явдал. Хүн хамгийн хайртай бүхэндээ чин сэтгэлээсээ өөрийн гараар хоол хийж өгдөг. Рестораны бизнес бол хайрын бизнес гэж би боддог. Анх ресторанаа нээхдээ ашгийн төлөө байсан. Гэхдээ 2, 3 жил бизнесийн үйл ажиллагаа явуулаад ирэхэд ашиг гэхээсээ илүү үнэ цэн чухал болохыг ойлгосон. Үнэ цэнийг бусдад түгээх, хамт олноо хайрлан халамжлах нь нэн тэргүүний зүйл болж хувирсан. Ажилчид маань хамгийн гол нь ажлаа хийж байхдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх нь чухал юм. Амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлж байгаа хоёр дахь гэртээ аз жаргалтай, сэтгэл ханамжтай байж чадвал тэр хэмжээгээрээ ажлаа сайн хийж, үйлчлүүлэгч нараа ч сэтгэлд хүртэл үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Ажилтан болон үйлчлүүлэгч аль аль нь сэтгэл ханамжтой байвал ашиг орлого аяндаа өсдөг дөө. Одоо ашиг харахаасаа илүүтэй өөрийн гэсэн онцлогтой, үнэ цэнтэй үйлчилгээний брэндийг бий болгох юмсан гэж зорьж ажиллаж байгаа. Зорилго маань ийм болохоор байнгын үйлчлүүлэгч олонтой болсон. Манайх хоол зардаг газар биш, харин үйлчилгээ борлуулдаг газар гэдгийг хамт олондоо байнга хэлдэг. Үйлчилгээгээр дамжуулж хоолоо дагуулж өгдөг. Хүн орж ирж хоол идэхэд ходоод нь цадна. Гэтэл тэр хүний сэтгэл бас цадаад гарах ёстой гэж боддог.
- Танай ресторанаар үйлчлүүлэхэд шинээр ажилд орсон нэг зөөгч байсан юм. “Би шинээр ажилд орсон юм, битгий загнаарай” гэж үйлчлүүлэгчдэд хэлж байсан нь их тод санагддаг. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, би энэ газар тэнцэхгүй бол яах вэ, би чадахгүй бол яах вэ гэж эмээхгүйгээр ажиллаж байсан. Та хүний нөөцийн хувьд ямар бодлого, зарчим баримталдаг вэ?
- Миний хувьд ажилчдаа чанга хатуу барих гэхээс илүүтэйгээр өөрийнхөөр нь ажиллуулах сонирхолтой. Тэгж байж ямар ажилтан хүн биеэ барихгүйгээр, өөрийнхөөрөө ажиллах боломж бүрдэнэ гэж ойлгодог. “Анир ялдам” ресторан ажиллаж байх үед 3 удаа ажилдаа буцаж орж, 4 удаа ажлаасаа гарсан нэг зөөгч байдаг юм. Оюутан хүүхэд байсан л даа. Сургуулиа төгсөөд манайд менежерээр дахин ажиллаж байсан. Оюутан байсан болохоор амралтаараа ийш тийш явчихна, хичээл орохоор хүрээд л ирнэ. Үйлчилгээ сайтай учраас аваад л ажиллуулдаг байлаа. Тэр хүүхэд маань, “Ресторандаа ажиллахаар гэртээ байгаа юм шиг тухтай, ах эгч нартайгаа хамт байгаа юм шиг их гоё” гэж хэлж байсан. Энэ үг одоо ч надад тод санагдаж, дулаахан мэдрэмж төрүүлдэг. Ер нь хамт олонтойгоо найз шиг, эгч дүү шиг байхыг хүсдэг.
- Танай ресторан хамгийн тансаг, олон төрлийн дарстай гэдгээрээ алдартай. Шинэ жилийн оргилуун дарсны час хийсэн сонголт зөвхөн танайд байгааг онцолмоор санагдлаа?
- Манайх анх Эрдэнэт хотод зарагддаггүй Итали дарстай нээгдэж байсан. Хотын томоохон ресторан, 4-5 одтой зочид буудлуудаар зарагддаг 38 төрлийн вино, дарс одоо ч манайд бий. Шинэ жилийг тохиолдуулан рестораныхаа онцлох бүтээгдэхүүнээр оргилуун дарсаа нэрлэмээр байна. Итали улсын Тускон мужид үйлдвэрлэгдсэн энэхүү оргилуун дарс маань байгалийн зэрлэг усан үзмээр нэрж гаргасан, гүзээлзгэний амттай гэдгээрээ онцлогтой. Аманд орохдоо гүзээлзгэнэ амтагдаж, үнэртэж, мэдрэгддэг. Шинэ жилээр ёсыг бодож оргилуун дарс задлаад шилэнд үлдсэн үлдэгдлээ асгачихдаг байсан чинь “Танай дарсыг авдаг болсноос хойш ёроолыг нь үзэх юмаа” гэж манай үйлчлүүлэгчид хэлдэг дээ. Энэ нь ч үнэн. Нэг амталсан хүмүүс амтанд нь орчихдог гэх үү дээ. Манай дарснууд зөвхөн шинэ жил гэлтгүй жилийн дөрвөн улирлын туршид төрсөн өдөр, номын нээлт, байгууллагын ой, одонгийн найр гэх мэт бүхий л тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолуудад түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Мөн хамгийн үнэ цэнтэй бэлэг болж чаддаг. Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дүгнэснээр “Маш гоё дарс” юм. Шинэ жилээр бид оргилуун дарсны захиалгандаа дарагддаг. Шууд манайд ирээд худалдан авалт хийх болон хүргэлтээр авах боломжтойг энэ дашрамд дуулгая.
- Зогсолтгүй, тууштай хөдөлмөрийн үр шимийг ярилцаж суух сайхан байна. Хуучин оноо дүгнэн, шинэ оныхоо төлөвлөгөөг гаргаж байгаа танаас ирэх оны зорилгыг тань сонсмоор санагдлаа?
- Өнгөрсөн 2024 он маш их ололт амжилттай жил байлаа. “Бизнесээ арай өөр түвшинд гаргах юмсан” гэж бодож байсан өөрийнхөө зорилгыг биелүүлсэн. Ресторандаа их засвар хийж, тавилга, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Мөн “Мико Франчайз”-ын гэрээг авч чадлаа. Эрдэнэтчүүддээ сушины соёлыг утгаар нь түгээн дэлгэрүүлье гэж бодож явсан мөрөөдлийнхөө захаас атгасан байна. 2024 онд өөрийнхөө хувьд бизнестээ маш өндөр амжилт гаргалаа гэж дүгнэсэн бол 2025 онд хийж бүтээх ажил илүү их байгаа. 2024 оны эцэст BNI олон улсын байгууллагад “Miko Sushi House” маань ресторан, зоогийн газрын ангиллаар орж Driver Member болсон. Ингэснээр орон нутагтаа маш олон байнгын хамтрагч үйлчлүүлэгчидтэй болж байгаагаас гадна Улаанбаатар хотоос, Хөвсгөл аймгаас, Дархан хотоос гэх мэт олон байгууллагаас ирэх 2025 онд хамтран ажиллах санал хүлээн авсан нь бизнесийн салбарт маш том дэмжлэг болж байна. Хүн зориод хийж чадвал бүтэхгүй зүйл үгүй юм. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд ямар нэг бизнесийн санаа гаргахдаа зоригтой байх хэрэгтэйг сануулъя. Алдвал туршлага болно. Оновол амжилтанд хүрнэ. Гол нь тасралтгүй урагшаа багаараа явах хэрэгтэй. Ирээдүйд гарааны бизнесүүдийг дэмжихийг, тэдэнд сургалт зөвлөгөө өгөхийг хүсдэг. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүстээ 2025 онд таны юу санасан есөн хүсэл нь биелж, хором мөч бүрээсээ аз жаргалыг мэдэрч байхын ерөөлийг өргөе.
Ярилцсан танд баярлалаа.